Цагдаагийн газарт 2343 дуудлага ирж, 388 хүн ГССҮТ-д ханджээ

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

Цагдаагийн газарт 2343 дуудлага ирж, 388 хүн ГССҮТ-д ханджээ

Цагдаагийн газарт 2343 дуудлага ирж, 388 хүн ГССҮТ-д ханджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн болон санамсар болгоомжгүйгээс хэчнээн гэмт хэрэг, осол гарч бүртгэгдсэн талаар холбогдох газруудаас тодрууллаа.

ЦЕГ: 1918 ГОМДОЛ ИРЖ, 236 ХҮНИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛСЭН

Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн баярын өдрүүдэд бэлэн байдалд ажиллажээ. Тухайлбал, гудамж талбайн эргүүл нэмэгдэж, 10 гаруй мянган алба хаагч улсын хэмжээнд баярын өдрүүдээр ажилласан байна.

Нэгдүгээр сарын 1, 2-ны өдөр цагдаагийн 102 тусгай дугаарт нийт 1918 гомдол мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй 64, хүний биед халдсан 61, гэр бүлийн хүчирхийллийн 209, согтуугаар автомашин жолоодсон 105, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 87 дуудлага бүртгэгджээ.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад баярын өдрүүдэд цар тахалтай холбоотойгоор гэмт хэргийн зөрчил буурсан үзүүлэлттэй байгаа аж. Харин архидан согтуурсантай холбоотой гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өнгөрсөн өдрүүдээс нэмэгдсэн байна.

ОБЕГ: АХУЙН ГАЛ ТҮЙМЭР, АВТОМАШИН ШАТСАН ТОХИОЛДЛЫН ДУУДЛАГА ИРСЭН

Онцгой байдлын газарт иргэдийн санамсар болгоомжгүйгээс болж гарсан галын дуудлага мэдээлэл бүртгэгдэх нь нэмэгджээ. Тухайлбал, өчигдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09:57 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид иргэн Б-ын 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ.

Мөн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 2-ны 17:25 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид иргэн Б-ийн “Си-Арви” загварын суудлын автомашин шатаж байсныг таван минут ажиллаж унтраажээ.

Нийслэлд төдийгүй орон нутагт санамсар болгоомжгүй гал алдах явдал ихэссэн байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн дөрөвдүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 3-ны өдрийн 00:03 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид иргэн М-ын 5х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан байна.

Амралтын өдрүүдэд автомашин болоод нийтийн тээврийн үйлчилгээний автобус шатсантай холбоотой дуудлага мэдээлэл ч бүртгэгджээ. Тухай бүрд нь холбогдох газрууд арга хэмжээ авч, цагдаа болон хамаарах албанд нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн өнгөрсөн шөнө 00:13 цагийн үед Сүхбаатар дүүргийн газар нутагт 15 давхар орон сууцны цонхноос эмэгтэй хүн үсрэх гэж байгаа талаарх дуудлага холбогдох байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход 32 настай эмэгтэй Н согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, цонхны тавцангаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгасан байна. Түүнийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэст хүлээлгэн өгчээ.

ТЦА: БАЯРЫН ӨДРҮҮДЭД ЗАМ ТЭЭВРИЙН 313 ОСОЛ БҮРТГЭГДЭЖ 14 ХҮН ГЭМТСЭН

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс амралтын өдрүүдэд нийт 425 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 313 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний ес нь нийслэлд, тав нь орон нутагт бүртгэгджээ.

Тодруулбал, нийслэлд зорчигч мөргөсөн найман осол бүртгэгдэж, найман хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байсан аж. Харин орон нутагт онхолдсон гурван осол бүртгэгдэж, дөрвөн хүн гэмтжээ.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчил бүртгэгдсэнээс нийслэлд 108, орон нутагт 60 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ. Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдтэй харьцуулахад 18.8 хувиар буурсан байна.

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурга төлөвтэй байх тул иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

ГССҮТ: 388 ХҮНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ, 9 ХҮНД ЯАРАЛТАЙ ХАГАЛГАА ХИЙВ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн төв өчигдөр /2022.1.2/ 388 хүнд тусламж үзүүлжээ. Баяртай холбоотойгоор архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэртэж, гэмтсэн болон чаргаар гулгаж байгаад бэртсэн тохиолдол нэмэгдсэн байна.

Тодруулбал, өчигдөр тус эмнэлэгт хандсан 388 хүнээс 336 хүн нь нийслэл, 52 нь орон нутгийн харъяат иргэн байжээ. Эдгээрээс есөн хүнд яаралтай мэс засал хийсэн байна.

Тус төвөөс мэдээлснээр хоногт дунджаар 380 гаруй хүн эмнэлгийн яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлдэг аж. Эмнэлгийн тусламж авч буй иргэдийн тухайд, гэр бүлийн хүчирхийллийн улмаас бэртэж гэмтсэн, зам тээврийн осолд өртсөн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдсон, бусдад зодуулсан, ахуйн осолд өртсөн зэрэг олон шалтгаантай аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж