Г.Цолмон: Улаанбаатарт нисдэг тэрэг хөөрч, буух 11 тавцан бий

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

Г.Цолмон: Улаанбаатарт нисдэг тэрэг хөөрч, буух 11 тавцан бий

Г.Цолмон: Улаанбаатарт нисдэг тэрэг хөөрч, буух 11 тавцан бий

ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийн албаны дарга, инженер-нисгэгч Г.Цолмонтой ярилцлаа.


МОНГОЛ УЛСАД БҮХИЙ Л БОЛОМЖИТ НИСЛЭГИЙГ ҮЙЛДЭХ БОЛОМЖ БОЛОЛЦОО БҮРДСЭН

-Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр баталснаас хойш даруй гурван жил өнгөрчээ. Энэ хөтөлбөр үр дүнгээ өгөв үү? Хууль эрхзүйн орчин хангалттай бүрдсэн үү?

-Юуны өмнө Та бүхэндээ шинэ оны баярын мэнд хүргэе. Шинэ оны эхний босгон дээр учран золгож байгаад баяртай байна.

Тэгэлгүй яах вэ, Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 120 дугаар тогтоолоор Үндэсний хэмжээний хөтөлбөр болгон батлуулсан. Тус хөтөлбөр нь үндсэн долоон зорилтоос бүрдсэн байдаг. Нэг дэх зорилтод эрх зүйн орчныг бүрдүүлэхээр арга хэмжээг тодорхойлсон байдаг. Дээрх зорилтын хүрээнд Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаатай холбоотой Иргэний нисэхийн багц дүрмүүдийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар 2019, 2021 онуудад тус тус шинэчлэн батлуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Тус дүрмүүдийн хүрээнд төр, хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчид болон хувь хүн өөрийн хэрэгцээндээ агаарын хөлөг эзэмшиж, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж, Монгол Улсад бүхий л боломжит нислэгийг үйлдэх боломж бололцоо бүрдсэн.

Мөн Монгол Улсын агаарын зайг шинэчлэн тогтоох тухай баримт бичгийг шинэчлэн боловсруулан, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 119 дүгээр тоот тушаалаар батлуулж, хяналттай агаарын зайгаас бусад агаарын зайд 6150 метрийн өндөр хүртэлх агаарын орон зайг хяналтгүй агаарын зай болгон чөлөөлж өгсөн. Товчоор хэлбэл, олон улсын болон орон нутгийн нисэх буудал орчмын бүс, хот суурин газар, цэргийн байгууламж бүхий объект гэх мэт цөөхөн хориотой бүсээс бусад агаарын зайг чөлөөлж, Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас нислэг үйлдэх зөвшөөрөл авахгүй байх зохицуулалт бүрдсэн. Ингэснээр чөлөөт нислэгийн үйл ажиллагаа буюу хувь хүн өөрийн хэрэгцээндээ агаарын хөлөг ашиглах, аялал жуулчлалын, геофизикийн, ан амьтны тооллого, судалгаа шинжилгээ, хөдөө аж ахуйн болон агаарын спорт, эйр такси гэх мэт маш олон нислэгийн үйл ажиллагаа хөгжих боломжууд бүрдсэн.

Цаашид бид Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, батлуулахаар системийн хэмжээнд хүн бүр өөрийн оролцоог ханган ажиллаж байна. Тус хуулийг хамгийн сүүлд 1999 онд шинэчлэн батлуулсан байдаг. Алдах эрхгүй салбар, цусаар бичигдсэн хуультай гэж ахмад үеэс сургамжилсан байдаг. Тийм учраас хурдацтай хөгжиж байгаа өнөөгийн шинэ техник технологи, хөгжил дэвшлийг шингээсэн хамгийн гол нь найдвартай, нислэгийн аюулгүй ажиллагааг хангахад чиглэсэн, олон улсын туршлагыг суулгасан хуулийн төсөл боловсруулж, энэ онд батлуулахаар зорьж байна.

-Мэргэжилтнүүд “Монгол Улс өргөн уудам газар нутагтай, хүн ам таруу суурьшдаг онцлогтой тул бага, жижиг оврын нисэх онгоц маш тохиромжтой” гэж үздэг. Энэ төрлийн нислэг манай улсад хөгжиж байна уу?

-Тийм ээ, мэргэжилтнүүдийн байр суурьтай 100 хувь санал нийлж байна. Монгол Улсад ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх нь стратегийн өндөр ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд Ерөнхий зориулалтын нисэхийн талаар нийгэмд маш их мэдээ мэдээлэл гарч, ойлголтын зөрүү нэг төвшинд хүрч, хэрэгцээ шаардлага тулгарч байгааг амьдрал дээр харуулж байна. Дэлхий даяар үйлдэгддэг нислэгийн 90 орчим хувь нь ерөнхий зориулалтын нислэг байдаг бөгөөд 400 мянга гаруй агаарын хөлөг, 1.3 сая нисгэгч энэ салбарт харъяалагдаж байна. Харьцуулбал, арилжааны нислэгт ердөө 50 мянга гаруй агаарын хөлөг нислэг үйлдэж, 600 мянга гаруй нисгэгч ажиллаж байна. Монгол Улсад нислэг үйлддэг гадаад, дотоодын бүртгэлтэй 49 агаарын хөлөг байна. Үүнээс нислэгийн зорилгоос хамааран ерөнхий зориулалтын нисэхийн чиглэлээр 30 орчим агаарын хөлөг нислэг үйлдэж байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал ерөнхий зориулалтын агаарын хөлгийн тоо, үйлдэх нислэгүүд маш ихээр нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Цаашдаа ч багагүй нэмэгдэх хандлагатай байна.

-Хөгжүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээл учирч байна уу?

-Саад бэрхшээл гэхээсээ илүү тус салбарыг цаашид илүү ихээр хөгжүүлэх боломж бололцоо маш их байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэмжээнд боловсруулж байгаа Зам, тээврийн салбарт баримтлах бодлогыг “Эдийн засгийн болон дэд бүтцийн хөгжлийн зорилтот хөтөлбөр”-ийн төсөлд Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх талаар өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн алсын харааг тодорхойлон зорилтуудыг тусгахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Саяхан Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга цаашид авч хэрэгжүүлэх бодлого шийдвэртээ Иргэний нисэхийн салбарт “Эрүүл эрх зүй”, “Чөлөөт агаарын зай”, “Хөх тэнгэр”, “Дэлхийн хүн”, “Дүүлэн нис”, “Сэтгэл татам нисэх буудал” гэсэн зургаан бодлогоос бүрдэх “Хил хязгааргүй нисэх” бодлогыг хэрэгжүүлэхээр Ерөнхий зориулалтын нисэхийн хөгжилд илүү их анхаарч ажиллахаа танилцуулсанд баяртай байна. Монгол Улс Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын гишүүн орон тул бид өөрсдөө хичээх л юм бол хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах, туршлага суулгах асар их боломж бололцоо бий.

ХАНДГАЙТ ЗУСЛАНГИЙН ОЙРОЛЦОО НИСДЭГ ТЭРЭГНИЙ ХӨӨРЧ, БУУХ ТАВЦАН БАЙГУУЛАХААР АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА

-Ерөнхий зориулалтын нисэхийн хөгжилд цар тахлын нөлөө их байв уу?

-Цар тахлын хор хохирлыг амсаагүй салбар ховорхон. Агаарын тээврийн салбар нь эдийн засгийн өсөлт, бууралтыг хамгийн түрүүнд мэдэрдэг маш эмзэг салбар. Яагаад гэвэл зорчигч тээврийн хөдөлгөөн нь эдийн засгийн эргэлтийн прогнозоос шууд хамааралтай байдаг. Хөл хорио тогтоож, хөдөлгөөн хязгаарлаж, эдийн засгийн хэмнэлтийг төр, хувийн хэвшлийн байгууллагууд бүгд дор бүрнээ барьж, хичээн ажилласан. Мэдээж хор хохирлын хэмжээ асар их байлаа. Алдсан цаг хугацаа, боломжийг засахаар Иргэний нисэхийн салбарын ажилчид бүгд хичээн ажиллаж байна.

-ИНЕГ ерөнхий зориулалтын нисэхийн салбарыг хөгжүүлэхээр Улаанбаатар хотод нисдэг тэрэгний нийт хичнээн хөөрч, буух зурвас барьж байгуулсан бэ? Түүнээс тогтмол ажиллаж байгаа нь хэд байна вэ?

-Улаанбаатар хотод нийт нисдэг тэрэгний хөөрч, буух тавцан 11 ширхэг байна. Үүнд:

Чингисийн талбай /Төрийн ордны хашаа/, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Хүрхрээгийн ам АСЕМ вилла, Их тэнгэрийн ам 1, 2, Улсын 2 дугаар эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Олон улсын сургууль, Success rider building /дээвэр/, Сити товер /дээвэр/.

Эдгээр талбайг нислэгийн захиалга ирсэн тохиолдолд буюу шаардлагатай үед ашиглах боломж бүрдсэн. Мөн цаашид Улаанбаатар хотын бүсэд ирэх жилүүдэд нисдэг тэрэгний хөөрч, буух тавцан нэмэгдэж, байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Жишээлбэл, одоогоор Хандгайт зуслангийн ойролцоо нисдэг тэрэгний хөөрч, буух тавцан байгуулахаар ажил өрнөж байна.

-Сэлэнгэ, Баянхонгор, Дорнод, Говь-Алтай гээд хөдөө орон нутагт бага оврын агаарын хөлөг хөөрч, буух зурвасууд байгуулсан. Цаашид нийт 21 аймгийн 116 суманд ийм зурвасууд байгуулахаар төлөвлөн ажиллах зорилго тавьжээ. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил хаана хаана хэдэн хувьтай өрнөж байна вэ?

-Жил бүр Зам, тээврийн хөгжлийн сайд 21 аймгийн засаг дарга нартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулдаг. Сүүлийн хоёр жилд тус санамж бичигт бага оврын агаарын хөлгийн хөөрч, буух зурвас байгуулах ажлыг зохион байгуулах зорилтууд орсон. Тус санамж бичгийн хүрээнд өнгөрсөн жилүүдэд бид Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Баянхонгор, Говь-Алтай, Төв, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Дархан, Дорнод, Хэнтий аймгуудад нийт 68 байршилд бага оврын агаарын хөлөг хөөрч, буух зурвас талбай байгуулахаар сонгож, координатуудыг баталгаажуулаад байна. Үүнээс долоон байршилд хашаа хамгаалалт бүхий бага оврын агаарын хөлөг хөөрч, буух зурвас байгуулсан. Яг одоо Ховд аймгийн Чандмань, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумдад зурвас байгуулах төсөв тухайн аймгийн 2022 оны төсөвт суугдаж, засварын ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Цаашид үе шаттайгаар сонгогдсон координатад засварын ажил үргэлжлэн, бүхий л хэрэгцээ шаардлагын хүрээнд 500 байршилд бага оврын агаарын хөлөг хөөрч, буух зурвас байгуулахаар төлөвлөж байна.

-Социализмын үед ийм зурвас хангалттай байсан гэдэг юм билээ. Бүгдийг сэргээх боломж байна уу?

-Социализмын үед Монгол Улсын 300 гаруй суманд АН-2 агаарын хөлгийн хөөрч, буух зурвас байсан. Ихэнх сумдад эдгээр зурвасуудыг сэргээх боломжгүй гэсэн судалгаа гарсан. Яагаад гэвэл хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр орон нутгийн хөгжил тэлж, хуучин байсан зурвасуудад айл, хороо их буудалласан байдаг юм билээ. Мөн өндөр хүчдэлийн сүлжээ сум болгонд баригдаж, өндрийн хиймэл саад үүссэн байдаг тул сэргээх боломжгүй, газрыг шинээр дахин сонгох шаардлага тулгардаг.

-Бага оврын нисдэг тэрэг хөөрч, буух зурвас байгуулахад хэр хэмжээний зардал шаардлагатай байдаг вэ? Санхүүжилт улсын төсөвт суугддаг уу?

-Бага оврын нисдэг тэрэг хөөрч, буух тавцанг хаана барьж байгуулахаас шалтгаалдаг. Жишээлбэл, Монгол орны өнцөг булан бүр дэх газрын онцлог, өөр хоорондоо адилгүй, засварын ажил хэр их хэмжээнд хийгдэхээс шалтгаалж үнийн дүн өөр өөр байдаг. Стандарт хэмжил зүйн газрын даргын 2019 оны 44 дүгээр тушаалаар Нисдэг тэрэгт тавигдах ерөнхий шаардлага MNS батлагдсан. Тус стандарт шаардлагын дагуу өндөр барилгын дээвэрт болон хот суурин газарт байгуулагдах, нисдэг тэрэгний тавцан барьж байгуулах ажлын даалгавар, үнийн дүн төлөвлөгддөг. Одоогоор санхүүжилтийг улсын төсөвт суулгадаггүй. Төр, хувийн хэвшлийн түншлэл, дэмжлэгийн хүрээнд нисдэг тэрэгний хөөрч, буух тавцан байгуулагдаж байна.

МОНГОЛ УЛСАД 33 ШИРХЭГ БАГА ОВРЫН АГААРЫН ХӨЛӨГ БҮРТГЭЛТЭЙ БАЙНА

-Сүүлийн үед цөөнгүй монгол хүн хувьдаа нисдэг тэрэг худалдаж авчээ. Энэ бүртгэл танай дээр байдаг уу? Өнөөдрийн байдлаар хувь хүн болон улсын хэрэгцээнд хичнээн бага оврын агаарын хөлөг бүртгэлтэй байна вэ?

-Монгол Улсад нислэг үйлдэж байгаа бүх агаарын хөлгүүд Иргэний нисэхийн ерөнхий газарт бүртгэлтэй байдаг. Энэ мэдээлэл ч ил тод нээлттэй gov.mn сайтад байрладаг. Яг одоо Монгол Улсад 33 ширхэг бага оврын агаарын хөлөг бүртгэлтэй байна.

-Бага оврын нисдэг тэрэг жолоодох боловсон хүчин хангалтгүй байдаг гэж дуулсан. Нисгэгч нарыг хэрхэн бэлтгэж байна вэ?

-Тийм ээ, Монгол Улсад нисдэг тэрэгний нисгэгч гэлтгүй инженер, техникийн ажилтан маш дутмаг байдаг. Одоогоор гаднын улс оронд суралцаж, төгссөн цөөхөн мэргэжилтнүүд ажиллаж байна. Сайхан мэдээ дуулгахад, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар “Монголын нисэхийн академи” байгуулагдаж, нарийн мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэж эхэлж байгааг дуулгахад таатай байна. Цаашид гаднын нисэхийн сургалтын байгууллага Монгол Улсад салбараа нээх хүсэлтээ илэрхийлж, гэрээ хэлцлийн ажил үргэлжилж байна. Гол саад бэрхшээл нь цар тахлын нөлөөллөөс их шалтгаалж байна.

Гадны зарим орноос нисгэгч нар урьж авчирч ажиллуулж байгаа гэсэн мэдээлэл бий. Гадаадын нисгэгч нарын дундаж цалин хөлсний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ талаар нарийн мэдээлэл бидэнд байхгүй ээ.

-Монголд нисгэгчээр ажилд ороход тодорхой шалгуур бий. Тухайлбал, МИАТ компани доод тал нь 1500 цаг нислэг үйлдсэн байх шаардлага тавьдаг юм билээ. Бага оврын нисдэг тэрэг жолоодох жолоочийн шалгуурт юу юу багтдаг вэ?

-Тийм ээ, бүх улс орон өөрийн Иргэний нисэхийн тухай хууль, дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, тодорхой шалгуур тавьдаг. Гэхдээ сүүлд шинэчлэн боловсруулж, батлуулсан Иргэний нисэхийн багц дүрмүүдийн ерөнхий шаардлага олон улсын жишгийн дагуу хялбаршуулсан уян хатан заалтууд тусгагдсан. Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын шаардлагад хувийн нисгэгчийн үнэмлэх зэрэглэл эзэмшихэд 40 блок цагийн нислэг үйлдсэн байх ёстой. Коммерийн нисгэгчийн үнэмлэх зэрэглэл эзэмшихэд 110 блок цагийн нислэг үйлдсэн байх ёстой гэсэн үндсэн шаардлага тавьдаг. Мэдээж үнэмлэхийн зэрэглэлээс шалтгаалан эрүүл мэндийн I, II зэрэглэл шаарддаг. Дүрмийн хүрээнд бүхий л шаардлагыг энд мэдээж ярих боломжгүй. Хэрвээ сонирхсон хувь хүн, хүүхэд, залуучууд байвал Иргэний нисэхийн багц дүрэм 61 “Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл”-ийг нарийн судалж үзэх хэрэгтэй.

-Нисдэг тэрэгний дундаж үнийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нисдэг тэрэгний овор жин, маягаас шалтгаалан өөр хоорондоо адилгүй үнэ ханштай. Автомашинд дундаж үнэ ханш байдаггүйтэй адил шүү дээ (инээв.сурв). Гэхдээ автомашинтай адилтгаж авч үзвэл нислэг үйлдэж байсан хуучин агаарын хөлгүүдийг худалдаалах нь олон улсын зах зээлд элбэг байдаг. Гэхдээ агаарын хөлөг маш нарийн шалгуураар хэмжигддэг, хөдөлгүүрийн ашиглалтын цаг буюу бүх эд анги хатуу цагийн хуваарьтай, үзлэг шалгалт хийх чанга норм, стандарттай байдаг.

-Бага оврын нисдэг тэргээр үйлчилгээ үзүүлэхэд аюулгүй байдлын ямар стандарт журам мөрддөг вэ?

-Нисдэг тэрэг гэлтгүй хэт хөнгөн агаарын хөлгөөс бусад бүх агаарын хөлөг нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгогдсоны үндсэн дээр сая нислэгт гардаг. Үйлдвэрлэгчээс олгосон паспортын дагуу үзлэг шалгалт хийж, Иргэний нисэхийн багц дүрмийн хүрээнд тавигдсан үндсэн шаардлагуудыг хангасан агаарын хөлгүүд Монгол Улсын хөх тэнгэрт нислэг үйлдэж байна. Эцэст нь хэлэхэд Агаарын тээврийн салбар бол хамгийн аюулгүй, найдвартай сонголт гэдэг н олон статистик судалгаанаас харагддаг.

-Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж