Улаанбаатар хот 382 жилийн түүхтэй ч хотынхон өнөөдрийг хүртэл суурин амьдралд дасаагүй л байна. Хүн амын тоогоор метрополис хотын хэмжээнд хүрсэн ч нийтээрээ гудамжинд хогоо хаядаг хэвээр. Хаа таарсан газраа шүлсээ хаяж, зам дээр түгжрэхдээ ундааны лаазаа шидэж, тамхины ишээ сурамгай гэгч хаях нь бараг тэмцээн зохиох хэмжээнд хүрсэн гэлтэй. Иймд энэ оны нэгдүгээр сараас эхлэн ундааны сав, тамхины ишээ машиныхаа цонхоор гаргаж шиддэг иргэдэд хариуцлага тооцож эхлэх нь.
Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын иргэд хогоо ялгах, ангилах соёлд төдийлөн суралцаагүй. Биеэ авч явах, нус цэрээ гудамжинд хаях, нийтийн эзэмшлийн талбайд хүнд, хөнгөнөөр бие засахаас эхлээд хотын иргэний гаргаж болохгүй үйлдлүүд гаргадаг. Хотын иргэн хотын стандарт дүрэм журамд хашигдаж амьдрах ёстой. Цаашид иргэдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлнэ.
Хөдөө орон нутгаас ирж байгаа иргэдээ хотжих соёлд сургана. Соён гэгээрүүлэх ажил хийнэ. Ундааны сав, тамхины ишээ машиныхаа цонхоороо гаргаж шиддэг иргэдэд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлнэ. Нийслэлд тодорхой эрх мэдлүүд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар шилжиж ирж байна” гэж байв.
Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхтэй холбогдуулан ийнхүү мэдэгдэж байсан юм.
Тэгэхээр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд дээрх арга хэмжээг авч эхлэх бололтой. Энэ оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн уг хуулийн хүрээнд хогоо цонхоор хаясан иргэний “бүдүүлэг” үйлдэлд хэрхэн хяналт тавих нь одоогоор тодорхойгүй.
Хэдийгээр уг хуулийн 32 дугаар зүйлийн иргэний хүлээх үүргийн 32.2.4-д "Нийтийн эзэмшлийн эд зүйлийг зохистой ашиглах, орчныг цэвэр байлгах” гэж заажээ. Гэвч засч залруулахаар гаргасан хууль, журам нь цаасан дээр л жирэлзээд байхаас хүмүүсийн тархинд суухгүй байгаад гол учир оршино. 2017 оны зунаас /2017.07.01/ хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуульд хотын ахуйн болон нийгмийн соёлыг нийтээр дагаж мөрдүүлэх үүрэгтэй хэд хэдэн заалт орсон. Тэдгээрээс 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт ахуйн наад захын соёлыг мөрдүүлэх заалт хэрэгжээгүй. Иргэд бараг л чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Хэрэгжүүлэх, хяналт тавих субъект нь ч иргэдэд тодорхой бус. Гэвч хуулийн хэрэгжилтийг чангаруулахыг Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан холбогдох байгууллагад үүрэг өгч байв. Энэ дагуу мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажилласан ч өнөөдөр “замхарчээ”.
Тухайн үедээ л цагдаагийн байгууллага гудамжинд нус цэр, шүлсээ хаясан иргэнийг камерын тусламжтай илрүүлэх боломжтой. Зөрчил гаргасан иргэнийг зурагтай нь баримтжуулж, цагдаагийн байгууллагад мэдээлэхийг иргэдэд уриалж байв. Тэр бүү хэл, эргүүлийн ажилтан хүртэл гаргаж байсан нь ердөө л хоёр жил гаруйн өмнөх боловч үр дүнтэй байсан эсэх нь эргэлзээтэй.
Торгож, хариуцлага тооцлоо гээд нийслэл гэнэт цэвэрхэн хот болохгүй нь тодорхой. Уг нь бол их хотын иргэд жаахан хичээхэд шийдвэрлэчих асуудал. Харин Улаанбаатараас бусад, Швед, Австри зэрэг улсад хогийн савны гадна нэг ширхэг ч хог харахгүй л болов уу.
Тэр дундаа хог хаягдлаа дахин боловсруулж, улсынхаа эдийн засагт хөрөнгө оруулалт хийж байна. Жишээ нь, Швед улсын хог хаягдлаас нэг хүрэхгүй хувийн хаягдал гардаг. Тэр бүү хэл хог хаягдлыг дахин боловсруулж, түүнээсээ цахилгаан, эрчим хүч гарган авч, иргэдийнхээ өдөр тутмын хэрэглээнд зарцуулдаг. Тиймээс ч иргэдийнх нь ухамсарт хогийн савнаас бусад газар хог хаях, угаалтуураас өөр зүйлд шүлсээ хаях гэсэн ойлголт байдаггүй. Нэг ёсондоо улсаас хэрэгжүүлж буй бодлого иргэдийн санаа бодолтой нэгдсэнээр хот хөгжиж, иргэд ч хотын соёлд суралцаж, ухамсартай болж байгаа юм.
Холбоотой мэдээ