А.Ариунзаяа: Нийгмийн халамжид 483 тэрбум төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

А.Ариунзаяа: Нийгмийн халамжид 483 тэрбум төгрөг зарцуулна

А.Ариунзаяа: Нийгмийн халамжид 483 тэрбум төгрөг зарцуулна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хоёр орон сууцтай, хаустай, машинтай, мянгат малтай айл өрх хүнсний талон авч байгааг танай яамныхан илрүүлсэн. Энэ нь халамж яг зорилтот бүлэгт, хэрэгтэй хүнд очиж чаддаг уу гэх эргэлзээг олон хүнд үлдээсэн. Тэгэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд танаас асууя, Монгол Улсад хэрэгжиж буй халамжийн бодлого хавтгайрсан уу?

-Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа. Энэ нь халамжийн бодлогыг бууруулах, халамжийг багасгах тухай биш юм. Харин халамжийг чанартай болгох тухай асуудал. Халамжийн мөн чанарыг эхлээд харах ёстой. Төрөөс халамж авах үнэхээр хэрэгцээ, шаардлагатай хүндээ хүрч байгаа бол тэр халамж мөн. Энэ тохиолдолд халамж үр дүнтэй, чанартай байх тухай яригдана. Харин төдийлөн хэрэггүй хүнд очоод байгаа бол тэр халамж биш. Тогтолцооны гажуудал. Засах хэрэгтэй. Халамж хавтгайрсан гэдэг шүүмжлэл бий. Энэ бол бид энэ тогтолцоонд зарим өөрчлөлт хийх шаардлагатай болсныг харуулж байна. Энэ нь халамжийг бууруулах бус, халамж хүртэгсдийн хүрээг хумих тухай юм. Халамж хэрэгтэй хүндээ очих ёстой, үр дүнтэй байх ёстой гэсэн бодлогыг мөрдлөг болгоно. Бид журмаа шинэчилж энэ асуудлыг цэгцэлж байна. Тухайлбал, 200-аас дээш малтай өрхийг хүнсний талон олголтоос хассан. Угтаа халамжаас шууд хасахдаа гол нь биш, халамжлах ёстойгоо халамжилж, хөдөлмөрлөх чадвартай, өөрийгөө аваад явах боломжтой иргэдээ үүрэгжүүлж, хариуцлагажуулж байгаа юм. Нөгөө талаар энэ дэмжлэгийг авч байгаа хүмүүст тодорхой болзол, шаардлага тавьсан. Нэгдүгээрт, хоёр жилийн хугацаатай болгосон. Энэ хугацаанд бид таныг хоёр удаа сургая, ажилд зуучилъя. Та нэг удаадаа ур чадвар болон бусад зүйлээс шалтгаалж татгалзаж болно. Дараагийн удаа дахиад сургая, ажлын байр санал болгоё. Тэр үед дахин татгалзвал төр ч гэсэн үүрэг хүлээхгүй. Хүнсний талон олгохгүй. Та өөрөө хичээж ажил хөдөлмөр эрхлэх ёстой. Гэхдээ үүнийг ялгаж харах  хэрэгтэй. Хүнс тэжээлийн дэмжлэг, төрийн халамж үйлчилгээ авах шаардлагатай ахмад, өнчин хүүхэд зэрэг хөдөлмөрийн чадваргүй зорилтот хүмүүстээ тусламж үйлчилгээгээ үзүүлнэ. Хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийн хариуцлагыг нэмэгдүүлнэ.

-Халамжаар амьдардаг эмзэг бүлгийн иргэд яг хэд байдаг вэ. Тэдэнд загас барьж өгөхөөсөө илүү загас барих аргыг хэр зааж өгч байна?

-Хүүхдийн мөнгө, цалинтай ээж, насны хишиг, одонтой эхийн тэтгэмж зэрэг амьжиргааны түвшин харгалзахгүй нийтлэг байдлаар мөнгө олгож байгаа хөтөлбөрүүд нийт зардлын 60 хувийг эзэлж байна. Үлдсэн 900 мянга орчим иргэн халамжийн чиглэлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээнд хамрагдаж байгаа юм. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх журмыг бид энэ жил шинэчилж олгох арга хэлбэрийг нь ил тод, нээлттэй болгосон. Шинэ журам хэрэгжсэнээс хойш  5700 гаруй өрхийн 33.6 мянган хүн хүнс  тэжээлийн дэмжлэгээс хасагдсан. Одоогийн байдлаар 35 мянга орчим өрхийн 192 мянга гаруй хүн хүнс тэжээлийн дэмжлэг авч байна.

ХНХЯ-наас Нийгмийн халамжийн багц хуулийг шинэчлэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, улмаар УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа. Хуулийн шинэчлэл халамжийн хөтөлбөрүүдийн нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгох, халамжийг зорилтот бүлэгт хүргэх үндсэн агуулгад чиглэж байгаа юм. Нөгөө талаар нийгмийн халамж болон хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлогын зааг ялгааг тодруулахыг зорьж байна.

УЛ СУУРЬТАЙ ХАНДААГҮЙ ГЭНЭТИЙН ӨӨРЧЛӨЛТ БОГИНО НАСТАЙ, ҮР ДҮНГҮЙ БАЙХ НЬ БИЙ

-Таны хувьд Засгийн газарт сайдаар ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд таниар овоглох  ямар реформ хийв?

-Өмнө явж ирсэн тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдлаа сайн муугаар нь тунгааж, бодитой дүгнэхийг чухалчилж байна. Хаана юу болж байна, хаана юу болохгүй байна гэдгийг зөв оношлох нь дараагийн алхмаа зөв хийх, зөв өөрчлөлт рүү хөтлөх эхний нүүдэл болно. Тэр утгаараа юу юугүй эрс өөрчлөлт хийхийг бүхний түрүүнд тавихгүй байгаа. Бодлогоо, тогтолцоогоо огцом эргүүлээд донсолгож болдоггүй салбар л даа. Олон талын хүчин зүйл бүхий тэнцвэр дээр тогтож байдаг. Гэхдээ дундыг бариад нүдэн балай чихэн дүлий явна гэсэн үг биш. Болохгүй байгааг нь засаж залруулаад явахад нэг хоног ч алгуурлаж болохгүй. Нэг талд асуудал байгаа бол нөгөө талд шийдэл нь байж л байдаг. Энэ зарчмаар өөрчилсөн, сайжруулсан олон асуудал байна. Зах зухаас нь та бид хоёр сая ярилцлаа. Энэ жижиг өөрчлөлтүүд нийлж байж бодлогын том өөрчлөлт хийх суурь болно. Ул суурьтай хандаагүй гэнэтийн өөрчлөлт богино настай, үр дүнгүй байх нь бий.

-Хөдөлмөрийн тухай хууль мөрдөгдөж эхэллээ. Уг хуулийн онцлох өөрчлөлтийн талаар та мэдээлэл өгөөч?

-Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд анх орсон болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтнаас иргэний үнэмлэх, боловсролын бичиг баримт, мөнгө, эд зүйлийг нь барьцаанд авахыг хориглосон. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд аливаа дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан зөрчлийг шийдвэрлэх заалтуудыг тусгасан. Мөн ажил олгогч нь хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэхээр заасан. Ажилтныг долоо хоногт 56 цагаас илүү цагаар ажиллуулахыг хязгаарласан. Шөнийн цагаар ажилласан ажилтанд 1.2 хувиар нэмэгдүүлж цалин олгоно. Тухайн ажилтан ажилд орсноос хойш зургаан сарын дараа ээлжийн амралтаа авах эрх нь үүснэ. Хүүхэд нь мэндэлсэн аавд ажлын 10-аас дээш хоногийн цалинтай чөлөө олгоно. Мөн албан бус салбарт ажиллаж байгаа олон мянган хүн хуулийн хамгаалалтад орох нөхцөл бүрдсэн. Тухайлбал, туслах малчин болон гэрийн үйлчилгээний ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулна. Тэдэнд ээлжийн амралт олгоно. Туслах малчин өөрөө зөвшөөрсөн бол түүний цалингийн 30 хүртэлх хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болно гэх мэт олон заалтыг дурдаж болно.

-Ядууралтай тэмцэх хамгийн чухал ажил бол халамж гэхээсээ илүү иргэдийг ажил орлоготой болгох. Тэгэхээр танай яам, танай Засгийн газар ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх, иргэдийг ажил орлоготой болгоход чиглэсэн ямар ажил хийж байгаа вэ?

Нийгмийн халамжийн тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Хуулийн төсөлд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцааг зорилтот бүлэгт чиглүүлэх, нийгмийн халамж авч байгаа хөдөлмөрийн чадвартай хүнийг хөдөлмөр эрхлүүлэх зохицуулалтыг тусгана. Үүнээс гадна сүүлийн 20 жилийн турш хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоо буурч, төрөөс эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого тодорхойгүй байна. Иймд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлнэ. Тухайлбал, Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эргэн нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зайнаас буюу цахимаар ажиллах ур чадвар олгох сургалт, дэмжлэгт хамруулах болон хүүхэд харах үйлчилгээний арга хэмжээг зохион байгуулах замаар тэднийг ажилтай болгож орлогыг нь нэмэгдүүлэх болно.

Мөн ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр орон нутагт ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх хүрээнд ногоон хөгжлийн болон нийтийн төлөөх ажилд ажилгүй иргэдийн оролцох боломжийг хангаж, ажлын байр бий болгоно. Ажилгүйдлийг бууруулах, орлогын дэмжлэг үзүүлэхэд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдийг оролцуулахад онцгойлон анхаарч ажиллана. Томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төслүүдэд зорилтот бүлгийн иргэдийн ур чадвар, онцлог хэрэгцээг тодорхойлж, ажиллах хүчний нөөцөөр богино хугацаанд бэлтгэн татан оролцуулах болно.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ОНЫ ӨМНӨХӨН УИХ-Д ӨРГӨН БАРЬСАН

-Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл бол байнгын яригддаг, хөндөгддөг сэдэв. Тэтгэврийг өвлөгддөг болгох хэрэгтэйг иргэд ярьдаг, бичдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг оны өмнөхөн УИХ-д өргөн барьсан. Энэ долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь шийднэ. Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, нэмэлт тэтгэвэр олгох, өвлүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахаар боловсруулсан. Одоогийн тэтгэврийн тогтолцоо нь зөвхөн улсын менежмэнттэй байгаа бол ирээдүйд хувийн болон улсын олон давхаргат, олон тулгуурт тэтгэврийн тогтолцоотой болох юм. Ингэснээр иргэд зөвхөн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авахаас гадна хувийн нэмэлт тэтгэврийн сангаас тэтгэвэр авах хууль эрх зүйн нөхцөл бий болно. Одоогийн байдлаар 30 гаруй улс орон Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо буюу тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжээд байна.

-Энэ оны төсөвт хамгийн өндөр төсөвтэй яамдын нэгд танайх багтсан. Үүний хэд нь ажлын байрыг хамгаалах, нэмэгдүүлэхэд, хэд нь халамжид зарцуулагдах вэ?

-Энэ оны төсөв 1.2 их наяд төгрөг батлагдсанаас нийгмийн халамжийн санд 483 тэрбум төгрөг зарцуулна. Харин Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд Нийгмийн даатгалын санд 2.84 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 2.75 их наяд төгрөгийн төсөв зарцуулахаар тусгасан. 2022 онд салбарын хэмжээнд хэд хэдэн томоохон төсөл арга хэмжээ, барилга байгууламжийг төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ. Тухайлбал, Хөвсгөл аймагт байгуулах Олон улсын хүүхдийн "Найрамдал-2" зуслан цогцолбор барихад 30 тэрбум төгрөг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн барилга барихад 13.4 тэрбум төгрөг, Олон улсын хүүхдийн найрамдал зуслангийн их засвар, шинэчлэл хийхэд 8.3 тэрбум төгрөг зарцуулна.

-Ярилцсанд баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж