Хоккейн залуучуудын дэлхийн аваргад оролцох гэж Канадад ирсэн Орос болон Чехийн тамирчид Калгари-Франкфурт чиглэлийн онгоцноос хөөгджээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн энэхүү нислэгээр тамирчид Франкфуртыг зорих байсан ч Оросын тамирчид онгоцонд амны хаалт зүүх шаардлагыг эсэргүүцэж, тамхи татаж, үймээн дэгдээсэн аж. Калгари хотын цагдаагийн газраас эхэндээ энэхүү хэргийн талаар нууцалж байсан бөгөөд онгоцонд эвдрэл гарсан тул нислэг хойшилсон гэсэн мэдэгдэл хийжээ. “Air Canada” компаниас ч дээрх хэргийн талаар мэдээлэл өгөхийг хүсээгүй аж.
Хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Канад улсын Эдмонтон болон Ред Дир хотуудад зэрэг эхэлсэн юм. Гэвч цар тахлын улмаас тэмцээн зогсч, энэ оны сүүлээр үргэлжлэн явагдахаар болсон. Ийнхүү тэмцээн нь удаан хугацаанд завсарласан учир баг тамирчид нутаг буцаж байжээ.
Оросын багийн дасгалжуулагч Сергей Зубов “Известия” сонинд өгсөн тайлбартаа “Чех болон Оросын баг амны хаалтны дэглэм зөрчсөн учир нислэгээс хөөгдсөн. Маш хатуу дүрэм зөрчсөн” гэжээ. Харин Чехийн багийн менежер Отакар Чернигийн хэлснээр, Оросын баг тамирчид үймээн дэгдээж, тэдэнтэй адил саарал цамцаар жигдэрсэн байсан Чехийн тамирчид онгоцноос буусан аж. Черни ярихдаа “Air Canada" компани биднээс уучлалт гуйж, нэг өдрийн зочид буудлын зардал, Франкфурт нисэх нислэгийн төлбөрийг төлсөн. Мөн тэд биднийг Оросын багтай хамт нисгэхгүй гэдгээ хэлсэн” гэжээ.
Орос, Чехийн тамирчидтай нэг онгоцонд суусан зорчигч Ион Кеннигийн хэлснээр, түүний хажууд суусан Оросын багийн нэгэн төлөөлөгч нислэгийн бүхээгт утаат тамхи татаж, ам, хамраа хаасан амны хаалт зүүхээс татгалзжээ.
Онгоцны үйлчлэгч Оросын төлөөлөгчид удаа дараа шаардлага тавьсан ч тэрбээр огт тоогоогүй аж. Кенни Канадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэр орос эр утсан дээрээ нутгийнхаа рок хөгжмийг чанга тавьчихсан байсан. Онгоцны үйлчлэгчид дууг нь унтраах гэж хичээсэн ч чадаагүй. Би тэднийг согтуу байсан гэж бодож байна” гэв. Мөн түүний хэлснээр, Оросын нэг тамирчин онгоцны арын хэсэгт үймээн дэгдээжээ.
Холбоотой мэдээ