Эрх мэдлийн тулаан дунд цар тахалтайгаа тэмцэх нь!

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Эрх мэдлийн тулаан дунд цар тахалтайгаа тэмцэх нь!

Эрх мэдлийн тулаан дунд цар тахалтайгаа тэмцэх нь!

Covid-19-ийн цар тахалтай нүүр тулж, тэмцсээр бид 2022 оныг угтаж байна. 2019 оны арванхоёрдугаар сарын дундаас эхлэн БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдэж эхэлсэн цар тахалд нэрвэгдээгүй улс, өртөөгүй хүн тун ховор болжээ. Өнөөдөр нь covid-19-ийн цар тахал олон янзын хувилбарт шилжиж, мутацлагдсан ч хүн төрөлхтөн үүний эсрэг авч хэрэгжүүлж буй хамгийн том арга хэмжээ бол вакцижуулалт. Дэлхий даяар вакцинжуулалт өндөр байгаа ч шинээр мутацлагдах covid-19-ийн цар тахлын өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөсдөхгүйн тулд шинжлэх ухаандаа найдаж сууна. Хамгийн чухал нь хүн нэг бүрийн халдвар хамгааллын дэглэм сахих хариуцлага чухал гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сануулж байгаа ч дэлхий нийтээрээ шинжлэх ухаан тэр дундаа эрүүл мэндийн шинжлэх ухаанд анхаарал хандуулж, зөв менежменттэй, өндөр хөрөнгө оруулалттай байх ёстойг сануулсан тахал байлаа.

Монгол Улсын хувьд ч covid-19-ийн цар тахалтай бүтэн хоёр жилийн хугацаанд тэмцэж байна. Энэ хугацаанд зөвхөн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, хөл хорио тогтоох, вакцинжуулах, халдвар хамгааллын дэглэмээ сахих гэсэн зарчмаар өнөөдрийг хүрч байгаа ч 1987 иргэнээ энэ тахлаар алдав. Улсын хэмжээнд халдварын тоо буурч байгаа ч “Омикрон” хувилбар дахин давлагаалан тархах эрсдэл өндөр байгааг албаныхан сануулсаар байна.

Харин Монгол Улсын нийт хүн амын 69.7 /2,266,151/ хувь нь I тунд, 66.5 /2,164,925/ хувь нь II тунд, дархлаа сэргээх тун буюу III тунд 28.2 /917,048/ хувь нь хамрагджээ.

“Омикрон” хувилбар өнөөдөр дэлхийн олон оронд бүртгэгдэж, цар тахал анх эхэлж байсан үе шиг давлагаалж байгаа энэ үед Монгол Улс агаарын хилээ нээж, зарим аяллын нислэгүүд сэргээд буй. Яг ийм үед гадаадаас ирсэн иргэдээс бүртгэгдэж буй халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь айдас дагуулж эхэллээ. "Энх саран" сувилалд хариуцлага алдсан шиг гадаадаас ирж байгаа иргэдийнхээ шинжилгээ, оношлогоог сайн хийж, тусгаарлалтын дэглэмээ сахиулахад анхаарлаа хандуулах шаардлагатай. Тэгж чадвал бид “Омикрон” хувилбарыг дотооддоо алдахгүй байх боломжтой. Бүтэн хоёр жилийн хугацаанд үүнд л хамаг цаг, мөнгөө зарцуулсан учир шүү дээ.

Ийн цар тахалтай тэмцэх Засгийн газрын ажил үргэлжлэх ч түүнтэй зэрэгцэн эрх баригч нам дотор “эрх мэдлийн” өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй байна.

Учир нь шинэ оны босгон дээр Үндсэн хуулийн Цэцэд “захиалсан” хурлаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэнэт хойшлуулсан нь эрх мэдэлд тухлахаар тэмүүлсэн МАН-ынхны сэтгэлийг гонсойлгосон. Гэвч Цэцийн хуралдаан болдгоороо болж, шийдвэрээ гаргана. “Захиалгын” дагуу “давхар дээл”-тэй сайд цөөн байх нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гарч, УИХ хүлээж авна. Түүний дараа эрх баригч нам доторх эрх мэдлийн тулаан өрнөж, Засгийн газрынхаа бүтцийг дахин шинээр зурах нь, Л.Оюун-Эрдэнэ. Мэдээж түүнд шинэ бүтэц амаргүй. Эрх мэдэлд шунасан, фракц хоорондыг хэрхэн тохируулахаас олон зүйл шалтгаална. Үнэндээ эрх баригч нам дотор эрх мэдэл рүү тачаадсан, хүлээсэн олон хүн, олон фракц бий. Намын гишүүдийн зүгээс Цэцийн хуралдааныг яаравчлах хүсэлтэй байгаа ч намын даргад бодсон бодол бий. Тэр бодлын биелэлт цар тахлаас ч илүү "үнэтэй",  улс төрийн халуурал бий болгож магадгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж