Хүүхдүүд чарганаас унаж бэртэх тохиолдол их байна

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд чарганаас унаж бэртэх тохиолдол их байна

Хүүхдүүд чарганаас унаж бэртэх тохиолдол их байна

Шинэ оны амралтын өдрүүдэд иргэд цэвэр агаарт салхилж, хүүхдээ цана, чаргаар тоглуулж байна.  Хөл хорио, дөрвөн хананы дунд хавчигдсан хүүхдүүд энэ жил чөлөөтэй агаарт гарч, уулын уруу уралдан гүйж, уушгиа баярлуулж буй нь харагдав. Гэвч анхаарал, болгоомжгүйн улмаас  чарганаасаа унаж, гар хөлөө бэртээх зэргээр гэмтлийн эмнэлгийг зорих тохиолдол цөөнгүй гарч байгаа ажээ.

Эрүүл мэндийн яам, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс нэгтгэн гаргасан мэдээллээр, 2021 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд нийт 1578 хүн цана, чарганаас унаж бэртжээ. Цана, чарганаас унаж бэртсэн нийт 1578 хүний 567 нь том хүн байгаа бол 1011 нь бага насны хүүхэд байна.

ЗОРИУЛАЛТЫН БУС ХУВАНЦАР МАТЕРИАЛТАЙ ЧАРГА ХАГАРЧ, БУТРАН ХҮҮХДИЙН БИЕД ЗООГДОХ ЭРСДЭЛТЭЙ

Ням гаригийн 14.00 цагийн орчимд Хандгайтын уулын хормойгоор машины зогсоол нь дүүрч, хөл гишгэх зайгүй хүүхдүүд гулсан тоглоно. Хашааных нь хаалгаар орвол үүдэнд нь хувийн чаргатай хүмүүс 5000 төгрөг төлөхийг сануулжээ. Хүмүүс ид бужигнаж, хүүхдүүд уул руу уралдан гулгана. Зарим нь хамаг хурдаараа гулсч, хаа сайгүй шидэгдэн унаж байлаа. Энд тэндгүй холдоорой гэж анхааруулж, сануулах хүмүүс.

“Холдоорой, гулслаа шүү” гэх хүүгийн дуу бусдаасаа тодхон сонсогдлоо. Түүний хойно дөрвөн хүү чарган дээрээ багтаж ядан сууцгаажээ. Хөвгүүдэд анхааруулж сануулах хүн байсангүй. Тэд бушуухан л гулсахыг хүсч буй илэрхий байлаа. Харамсалтай нь, доошоо хэсэгхэн гулсангуутаа бөөндөө давхралдан унах нь үзэгдэв. Гэвч, тэнд очсон хүмүүсийн хувьд байдаг  үзэгдэл мэт тэднийг "хүүе, хаая" гэх хүн байсангүй.

Өндөр уулын оройгоос тавхан настай балчир хүүхдээ ганцааранг нь чаргаар гулгуулж, араас нь инээд хөөр болж, баясах аав, ээжүүд цөөнгүй байв.   Уулнаас доошоо гулсаж байгаад машин мөргөх эсвэо хувацар чарга нь хагарснаас болж хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирсон олон жишээ бий ч энэ мэт бодлогогүй үйлдлээс нь болж, хүүхдийнх нь амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүйг тэнд анхаарч буй хүн маш цөөхөн бололтой.

Цаг агаар дулаахан болоод ч тэр үү Хандгайтыг зорих хүмүүсийн тоо нэмэгдсээр байлаа. Гэвч, тэнд очсон эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал тавилгүй, зөнд нь орхих нь энүүхэнд. Гулгахаар ирсэн хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд харагдана. Эрүүл мэндийн байгууллагаас хүүхдээ бэхлэх суудлын бүс, дэмжигч нуруутай, чарга түлхэх бариултай зэрэг стандарт хангасан цана, чарга ашиглахыг холбогдох байгууллагаас сэрэмжлүүлэх болсон. Тухайлбал, зориулалтын бус хуванцар чарга нь хагарч хөлдөн, гулгах явцад цуурч, хүүхдийн биед шигдэх, зоогдох тохиолдол гардаг аж. Гэтэл гулгаж буй хүүхдүүдийн дийлэнх нь хуванцар чаргатай байх. Хэрэв хүүхдүүдээ гулгуулахаар уул руу авч яваа бол өөрийн болон өрөөлийн хүүхдийн аюулгүй байдлыг бодож хүүхдийн гулгах замаас автомашинаа холдуулж, бусдын адил парклаж тавих хэрэгтэй.

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ХҮҮХДЭД ГУЛСАХАД  ЗОРИУЛЖ ХИЙМЭЛ УУЛ БҮТЭЭЖЭЭ

Хандгайтаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орвол мөн л хөл ихтэй байв. Тус цэцэрлэгт хүрээлэн хүүхдүүдэд зориулж хиймэл уул бий болгожээ. Хиймэл уулыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Ү.Оюунзул санаачилж, хотын захиргаанаас тоглоомуудыг босгож өгчээ.

Ү.Оюунзул “Өнгөрсөн өвөл хүүгийн маань ангийн охин гол дээр чаргаар гулгаж байгаад хүнд гэмтсэнийг сонсоод, сэтгэл их эмзэглэсэн. Эцэг эхчүүд гол дээр хүүхдүүдээ машинаараа чирч, чаргаар гулгуулан гэмтээсэн тухай мэдээнүүд их гардаг. Тэр үед “Би юу хийж чадах вэ, ямар боломж байна вэ” гэж бодож эхэлсэн. Ингээд намар хамт олноороо ярилцаад, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд машины зогсоолтой ойрхон талбайд гадна, дотнын туршлага харж, судалж байгаад хүүхэд аюулгүй гулгах хиймэл уул бүтээхээр шийдсэн. Өдгөө хүүхэд багачуудын тоглож, наадах дуртай инээд хөөр цалгиж, эрүүл агаар сэнгэнэсэн хөөрхөн ажил болсон. Сайн үйл бүтэхдээ ч амар юм. Дахиад нэгээс хоёр байршилд хамт олонтойгоо ярилцаад, хиймэл уул байгуулна" гэжээ.

Эцэг эхчүүд нь уулын дээр зогсож, зарим нь “Энэ том зай талбай байхад хүүхэд шахлаа” хэмээн бухимдах.  Энэ мэтчилэн хүүхдүүд хацартаа улаа бутартал тоглож, эцэг эхтэйгээ агаарлаж байна. Хандгайттай харьцуулахад хүүхдүүд унаж бэртэх нь бага байлаа.

ЧАРГААР ГУЛГАЖ БЭРТСЭН ХҮМҮҮС ИХЭВЧЛЭН  ҮЕ МӨЧ БУЮУ ГАР ХӨЛ, ТОХОЙ, НУРУУНДАА ГЭМТЭЛ АВСАН БАЙДАГ

Эмч, мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар зориулалтын бус чаргаар гулгах нь эрүүл мэндээрээ хохирох төдийгүй амь насаа алдах эрсдэлтэй. Энэ асуудлаар ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн эрхлэгч Б.Эрдэнэболд хэлэхдээ “Чаргаар гулгаж байгаад ихэвчлэн үе мөч буюу гар хөл, тохой, нуруундаа гэмтэл авч байна. Хосолсон хэлбэрийн гэмтэл байгаа нь аюултай. Өөрөөр хэлбэл, үе мөчдийн болон цээж, тархиндаа бэртэл авч байна. Магадгүй амь насаа алдахыг ч үгүйсгэхгүй. Өндрөөс чаргаар их хурдтай гулсч байх үед зогсоох боломжгүй байдаг. Тиймээс л автомашинд мөргүүлэх, хад, чулуу мөргөж, чарга нь хагарах, нүх рүү унах зэрэг осол их гарч байна. Харин цанын баазад хүүхэд бэртсэн, хүний амь эрсэдсэн тохиолдол байхгүй. Цанын бааз нь автомашины тусгай зогсоолтой, чаргаар гулгах зориулалтын замтай, хараа хяналт, зохион байгуулалттай болохоор тэр. Тиймээс иргэд аль болох зориулалтын газарт хүүхдээ чаргаар гулсуулахыг зөвлөе” гэлээ.

Өвлийн улиралд чөлөөт цагаа өнгөрүүлдэг зориулалтын цанын бааз хомс тул иргэд Богдхан уул, Хандгайт, Богинын ам, Нисэх, Яармагийн орчмын уул руу гарч, хүүхдүүдээ цана, чаргаар гулгуулдаг. Улаанбаатарт стандартад нийцсэн ганцхан цанын бааз байдаг нь "Скай резорт". Гэхдээ харьцангуй өндөр үнэтэй учир иргэд аль ойр байрлалтай уулын амыг барааддан агаарладаг нь худлаа биш. Харсан зүгтээ, хүссэн ууланд гарч, цана чаргаар гулгадаг энэ байдлыг хянаж, хорьж, зохицуулах газар байхгүйгээс Гэмтлийн эмнэлэг чарганаас унаж, бэртсэн хүнээр дүүрээд байгаа нь харамсалтай.  Иймд чанарын баталгаагүй чарга, дуртай газартаа гулгахгүй байхыг эмч нар зөвлөж байна.

ЧАРГААР АР АРААСАА ДАРААЛАН ГУЛГАХГҮЙ БАЙХ, ЗЭРЭГЦЭЭ ЭГНЭЭНЭЭС ГУЛГАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА 

Цана, чаргаар гулгахдаа анхааралтай байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. Тодруулбал:

  • Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах.
  • Замын голд зогссон бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй зам чөлөөлөх.
  • Чаргаар гулгахдаа байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх.
  • Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй.
  • Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх.
  • Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах.
  • Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй байх.
  • Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй.
  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж