МАН амласан ёсоор хоёр оны зааг дээр хүний эрхийг өвдөг шороодуулав. Намнах өрсөлдөгчгүй болсон тэд ХХХ их хурлаараа хүний эрхийг амлаж авснаа тунхагласан билээ. Эхлээд өрсөлдөгчөө толгойгүй болгож, араас нь хүний эрхийг дэвслэхийг хүссэн тэд түүнийг хамгаалагчид руу нь довтолсон нь энэ байв. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ийнхүү хийв.
“Нийтийн” нэртэй энэхүү сонсгол нидэр дээрээ МАН-ын сонсгол болов. Дөчин хувийн ирцтэй эхэлсэн гэх энэ сонсголд иргэдийг төлөөлөн МАН-ын гишүүд суусан төдийгүй оролцогчдод шөнийн гурван цагт мессэж явуулж, заримд нь эхэлсэн хойно ирэхийг мэдэгджээ.
Анхнаасаа ийм хөгийн зохион байгуулалтаар тавьсан учраас УИХ-ын гишүүн Н.Учрал “Хүний эрхийн төлөө жагсагчид хаана байна вэ. Үнэхээр хүний эрхийн төлөө санаа зовниж байгаа бол орж ирээд үгээ хэлээч ээ. Оролцогчид орж ирээд асууж болно. Эрхээ эдэлж байгаа бол үүргээ хүлээ. Төрийн ордонд гишүүд цуглаж байхад өөрсдөө ирэхгүй байна. Бид ажил хэрэгчээр хандаж байна. Өөр яаж боломжийг хангаж өгөх юм бэ” гэж бах таваа хангаж суух. Хэлсэн үг шигээ эрх, үүргийнхээ зааг ялгааг мэдэрсэн бол энэ үгнээсээ ичих байв. Гэвч тэгсэнгүй. Давхар стандарт үнэхээр бий болжээ. “Гишүүд” гээд бүр тусдаа давхарга болсон гэдгийг Н.Учрал нотлон “Төрийн ордонд гишүүд цуглаж байхад өөрсдөө ирэхгүй байна” гэснээрээ хэлчих шиг. Ойлгосонгүй. УИХ-ын гишүүд Төрийн ордонд ажилладаг бишсэн бил үү? Тэрбээр өөрт нь өгсөн хүсэлтийг ирээгүй гэж мэлзэхээс эхлээд олон талаар хүний эрхээс огт өөр зүйлийн талд зогссон харагдсан.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Оюутолгой"-н гэрээний асуудлаас эхлээд хүний эрхийг уландаа гишгэлж ирсэн цар тахлын хуулийн хэрэгжилтийг зургаан сараар сунгах гээд улс оронд шууд нөлөөтэй хуулийн төслүүдийг хэлэлцсэн. "Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно" гэгчээр УИХ-ын гишүүд ч хоёр тийшээ гүйн, хэлэлцсэн асуудал нь хярамцаг болсон.
Баярын бялуугаа хайсан иргэд энэхүү сонсголд анхаарах сөхөөгүй байхыг урьдчилан анхааруулж, хойшлуулах хүсэлт гаргасан ч бүдүүн бүлэг улайм цайм зүтгүүлсэн нь энэ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Дургүйд хүчгүй гэдэг шиг боллоо. УИХ-ын 30 гаруй гишүүний нээлттэй сонсгол хийхээр болсонд баярласан. Гэхдээ та нар асуудлыг ингэж гурилддаг. Өнөөдөр УИХ-ын чуулгантай өдөр. Ингэж хүний эрх ярьдаг юм уу?
Тийм ээ, ингэж хүний эрх ярьдаг хэрэг үү? Хүний эрхийг бүдүүлгээр зөрчөөд буйг эсэргүүцсэнийхээ төлөө яллуулсан тэмцэгчид оролцоогүй, оролцоог нь хангаагүй, олон нийтэд ойлгуулахыг хүсээгүй ийм нэгэн сонсгол болсон учраас Хууль зүй, дотоод хэргийн сайд нь дураараа нэг талын өнцгөөс харлуулж, хүссэнээрээ дүгнэж, хүний эрхээр доог тохуу хийж амжив.
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “Жагсагчид хууль сахиулагчдын хооронд өрнөсөн зөрчил маргаантай асуудлыг ХЭҮК-ын гишүүд өөрсдийн санаачилгаар болон иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хянаж, ойроос ажигласан. Ингэхдээ тодорхой үйл явдалд хууль зүйн дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ үйл явдлыг үзэгдэл болох талаас нь тогтолцооны хувьд дүгнэхийг зорьсон. Монгол Улсад тайван жагсаал цуглаан хийх суурь шалтгаан хэврэг байгаа шалтгаан нь ялангуяа улс төрийн шинжтэй, төрийн бодлого үйл ажиллагааг шүүмжилсэн жагсаал цуглаанаас жийрхэх, цэрвэх, төрийн албан хаагчийн нийгмийн хандлага гэж үзсэн” гэх үгнээс хангалттай харж болно. Товчхондоо хүний эрхийг зөрчигч нь төр, түүнийг эсэргүүцэгч нь жагсагчид, төрийг жагсагчдаас хамгаалагч нь төрийн албан хаагч болжээ.
Тиймээс “Зүй нь ардчилсан улсын нийгмийн амьдралын хэвийн хэсэг байж, эсрэг тэсрэг үзэл бодлын уралдаан шүүмж нь эрх мэдлийг хянах, бодлого үйл ажиллагааг сайжруулах алдаагаа засах боломжийг төрд олгодог. Жагсаал цуглааныг ардчилсан нийгмийн үзэгдэл гэж хүлээж авах ойлголт төлөвшөөгүйн улмаас эрх зүйн зохицуулалт ч, хуулийг хэрэглэж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа ч жагсаал цуглааныг дэмжихэд биш намжаахад чиглэж байна” гэсэн дүгнэлтийг ХЭҮК-ын дэд хорооны хэлэлцүүлэг дээр хэлжээ.
МАН-ын судлуулсанчлан монголчуудын олонх нь хүний эрхийн талаар хөлийн чигчий хуруу шиг мэдлэгтэй байна. Тиймээс эрх баригчид түүнийг нь шороотой хутгаад, дээр нь бүжиглэхийг хүсч байна.
Борооны түрүү шороо, боохойн түрүү хэрээ гэдэг шиг сонсголыг хийсэн нь эхний удаад барьц алдуулах үйлдэл байлаа. Нэгэнт барьц алдуулсан болохоор уулгалан дайрах нь тодорхой болов.
Шинэ оны босгон дээр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч хүний эрхийн тухай нэг ч үг ганхийгээгүй бол УИХ-ын дарга “Улсын Их Хурал хүний эрхийг эн тэргүүнд эрхэмлэхээ зарласан. Монгол хүн Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлж байх ёстой. Монгол хүний эрх хаана ч зөрчигдөх ёсгүй. Тиймээс Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг Ази тивд анх удаа батлан гаргалаа. Иргэдийнхээ эрхийг хангаж чадах эсэх нь ардчилсан ёс, ардчилсан Монгол Улс оршин тогтнох, эсэхтэй эн тэнцүү амин чухал асуудал юм” гэж хэлсэн нь бэлгэдлийн шинжтэй гэхээс өөр сэтгэгдэл төрүүлсэнгүй. Учир нь дээрх сонсголыг түүний аппарат зохион байгуулсан шүү дээ.
Анзаарсан бол Засгийн газар цахилгааны хөнгөлөлтийг дахин үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Гэхдээ баярлах болоогүй байна, үүний төлөөсөнд таны эрхийг хязгаарлах, дураараа дургих цар тахлын үед хэрэгжүүлэх хуулиа бас сунгасан.
Ганц ойлгомжтой зүйл гэвэл Ерөнхийлөгч, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд “Эвийн хүч”, “Эв нэгдэл” гэх үгсийг он солигдоход маш их давтав. Гэхдээ тэдний яриад буй эв нэгдэл Монголынх уу, намынх уу?
“Эх орон маань хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсч байна” гэж 100 жилийн өмнө ч хэлж л байж. Одоо ч хэлж байна. Хөгжөөгүй юм бүхэн гараандаа байх нь гарцаагүй. Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга “Шинэ сэргэлтийн бодлого” гээчээ УИХ-ын чуулганд танилцуулна лээ. Ганцхан үсэг гээгдэхэд “Шинэ Эргэлийн бодлого” болно. Энэ бодлого монголчуудад гэгээнээс илүү гашуун дурсамж, цус, нулимстай түүх үлдээсэн билээ.
Холбоотой мэдээ