Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААНД ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙ ТҮРҮҮЛЭВ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан Лхагва гаригт /2021.12.29/ 14:00 цагаас эхэлсэн. 2011 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн энэхүү барилдаан өнгөрсөн жил цар тахлын улмаас завсарласан байна.
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий нь Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын гарьд Бадарчийг давж түрүүллээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа хүртэж, хадгалан үлдэх гурав дахь хүн боллоо.
Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны хоёрын даваанд П.Бүрэнтөгс аварга аймгийн заан Э.Мөнхжаргалд, улсын арслан Ц.Содномдорж аймгийн заан Ц.Бямба-Отгонд тус тус өвдөг шороодсон юм.
"100 ЖИЛ 10 ЗОРИЛТ" ХӨГЖЛИЙН САНААЧЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ"
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхт 110 жилийн ой өнгөрсөн Лхагва гаригт тохиосон. Энэ түүхэн ойг тэмдэглэх хүндэтгэлийн чуулган Засгийн газрын ордны “Их хуралдай” танхимд болов. УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд болон Улсын ерөнхий прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд оролцлоо.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ "Түүхийг бүтээсэн Монгол Улсын баатруудаа эргэн дурсаж, гавьяа зүтгэлийг нь алдаршуулж, үйл хэргийг нь мөнхжүүлэх нь үр хойч бидний эрхэм үүрэг ажээ. Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдал нь зөвхөн газар нутаг, хил хязгаарын аюулгүй байдлаар хэмжигдэхгүй. Шинэ зуунд эх орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлж, тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлаа улам бататгах шаардлагатай. Энэ тэргүүнд цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ улам сайжруулж, ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалж, улс орныхоо эдийн засгийг сэргээн, хохирол багатай даван туулахад онцгой анхаарах ёстой.
Энэ эх үйлсийн эхлэл бол халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалт, импортоос экспортод шилжих суурь реформыг хэрэгжүүлэх явдал юм. Энэ хүрээнд Монгол төрийн тэргүүний дэвшүүлсэн "100 жил 10 зорилт" хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй. Үүнд:
- Эх орноо эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, эрчим хүч экспортлогч улс болох,
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахууныг эх орондоо үйлдвэрлэдэг болох нефт, химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх,
- Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг болох,
- Хүнд ба хөнгөн үйлдвэрийг барьж байгуулан алт, зэс, төмөр бусад байгалийн баялагыг эх орондоо эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, экспортолдог орон болох,
- Агаарын болон авто зам, төмөр зам, байгалийн хий зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээг барьж байгуулах, олон улстай холбогддог транзит орон болох,
- Цахим үндэстэн, дижитал Монгол болох,
- Түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх
- Банк санхүү, хөрөнгө оруулалтыг хөгжүүлж, эдийн засгийн идэвхтэй тоглогч орон болох,
- Хот хөдөөгийн хөгжлийг хурдасган, улс орноо бүсчлэн хөгжүүлэх,
- Эх дэлхийгээ хайрладаг ногоон Монгол болно гэв.
ЧУУЛГАН: ЦАР ТАХЛЫН ХУУЛИЙГ 6 САРААР СУНГАЛАА
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Пүрэв /2021.12.30/ гаригт хуралдав. УИХ-ын чуулганы хуралдаанаар Сovid-19-ийн цар тахлын тухай хуулийн хугацааг зургаан сараар сунгах эсэх хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авахад Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өгөв.
Тэрбээр "Монгол Улсад Сovid-19-ийн цар тахал эхэлсэн цагаас молекул биологийн лабораторийг нийслэл болон орон нутагт өргөжүүлж, боловсон хүчнүүдийг бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, нийслэлийн 16 байршилд молекул биологийн лаборатори байгуулсан. Манайх дотооддоо омикрон хувилбарыг бүрэн оношлох боломжтой. Энэ долоо хоногийн сүүлээр эхний хариунууд гарч эхэлнэ. Ирэх долоо хоногийн эхээр Монголд Улсад ямар хувилбар тархаж байгааг зарлана. Манай улс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 90 гаруй судалгааны ажлуудыг хийсэн. Үүнээс 20 орчмыг цааш үргэлжлүүлээд явж байгаа" гэв.
Ингээд хуулийн төслийг эцэслэн батлав. Ингэснээр Сovid-19-ийн цар тахлын үед хэрэгжих хууль 2022 оны зургадугаар сарын 30-н хүртэл үргэлжлэхээр болж байна. Мөн "Оюутолгой"-той холбоотой тогтоолын төсөл, “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.
"ГООЖИНГИЙН ӨНДӨР"-ИЙН ҮНЭЛГЭЭГ ШҮҮХЭЭР ТОГТООНО
News.mn агентлаг 2019 оноос “Аврал эрсэн Гоожингийн өндөр” сурвалжлагаараа түүхэн дурсгалт барилгын асуудлыг хөндөж ирсэн. Ад шоо үзэгдсэн энэ "балгас"-ыг нэн даруй авран хамгаалах шаардлагатайг судлаачид хэлж, сануулж буй. Гэтэл хотын дарга Д.Сумьяабазар өнгөрсөн Лхагва гаригт /2021.12.29/түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамжийг баталснаа зарлав.
Ингэснээр хувийн эзэмшилд очсон газар эзэмших эрхийг нь цуцалж, шүүхээр түүхэн барилгын үнэлгээг эцэслэн тогтоохоор болжээ.
"Гоожингийн өндөр" түүхэн барилгыг өмнө нь нүүлгэн шилжүүлж, сэргээн засварлах боломжтой талаар судлаачид хэлж байсан. Тэгвэл энэ шийдвэрийн хүрээнд эхний ээлжинд байгаагаар нь сэргээн засварлаж, Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн гэр музей хэлбэрээр ашиглалтад оруулах гэнэ.
ЗГ: АЙЛ ӨРХИЙН ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ ЗУРГАДУГААР САР ХҮРТЭЛ ТӨР ХАРИУЦНА
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна. Үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн төслүүдээс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн ар тахлын халдварын хариу арга хэмжээг эрчимжүүлэх, омикрон хувилбараас урьчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, Монгол Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн автозамын боомтын улсын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүд дэх гаалийн хяналтын талбай хүртэлх чингэлэг тээвэрлэлтийн үйл ажиллагаа, үнийн өсөлтийг тогтворжуулах хүрээнд нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах нийт 8.6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
Замын-Үүд дэх дундын бүсээс тээвэр логистикийн талбай хүртэл богино тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, түүнд шаардагдах зарим санхүүжилтийг шийдвэрлэсэн.
Э.ЭНХБАТ НАЧНЫГ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ
Улсын начин Эрдэнэбилэгийн Энхбат энэ сарын 25-ны өдөр таалал төгсч, Монголын ард түмэн эмгэнэл, харуусал илэрхийлсээр байна. Талийгаачийг өнгөрсөн Баасан гаригт /2021.12.31/ 05:40 цагт Спортын төв ордноос сүүлчийн замд нь үдлээ.
Монгол Улсын начин Э.Энхбат төрийн их баяр наадамд дөрвөн удаа шөвгөрсөн өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх чимэгтэй манлай начин байв.
Э.Энхбат агсан Булган аймгийн Могод суманд 1984 онд төржээ. Бага наснаасаа бөхийн спортыг сонирхон хичээллэж, 2005 онд Булган аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн нь түүний амжилтын гараа байжээ. Улмаар 2009 оны Үндэсний их баяр наадамд тав даван шөвгөрч, “Улсын начин” цол хүртсэнээс хойш 2012, 2013, 2019 оны баяр наадамд дахин гурван удаа, төрийн наадамд нийт дөрвөнтөө шөвгөрсөн өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх чимэгтэй манлай начин, алдартай бөх байлаа.
Холбоотой мэдээ