2022 оны нэгдүгээр сарын 1-5-ны өдрийн тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргажээ.
Урьдчилсан төлөвөөр нэгдүгээр сарын 2, 3-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна.
Цасан шуурганы үеэр салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Хугацааны эхээр хүйтэн байх боловч, 3-наас өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байна. Тодруулбал, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус байна.
Мөн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус байна.
Харин цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ