Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн цагдаагийн алба бод мал хулгайлсан гэмт хэргийг илрүүлжээ. Тодруулбал, тус аймгийн харъяат П, Д, Б, Т нар бүлэглэн, энэ оны арванхоёрдугаар сард Түнэл, Төмөрбулаг, Арбулаг сумын нутаг дэвсгэрээс 22 тооны бод малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан байна. Тус гэмт этгээдүүдийг айлын өвөлжөөн дээр хулгайлсан малаа нядалж байх үед нь баривчилжээ. Иймээс малчид, иргэдэд малаа хулгайд алдсан тохиолдолд яаралтай Цагдаагийн байгууллагад хандахыг анхаарууллаа.
Мал хулгайлах гэмт хэргийн улмаас иргэдэд зөвхөн өнгөрсөн оны байдлаар хоёр тэрбум 468 сая 239 мянга 868 төгрөгийн хохирол учирснаас 760 сая 529 мянга 554 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Гэвч хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого багатай хүмүүс болохыг Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэн. Тус газраас энэ төрлийн гэмт хэргийн талаар гаргасан судалгаагаар, улсын хэмжээнд 2020 оны байдлаар мал хулгайлах 263 хэрэгт 420 хүн эрүүгийн хариуцлага хүлээжээ. Үүнээс 205 хүн буюу 49 хувь нь хорих ялаар шийтгүүлсэн байна.
Хорих ялыг хугацаагаар нь авч үзвэл, 198 хүнд зургаан сараас таван жил хүртэл, зургаан хүнд 6-8 жил хүртэл, нэг хүнд есөн жилээс дээш хорих ял шүүхээс оногдуулсан байна. Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг хүйсээр нь авч үзвэл, 577 буюу 98.2 хувь нь эрэгтэй, 10 буюу 1.7 хувь нь эмэгтэй байна. Өөрөөр хэлбэл, 20 гаруй эмэгтэй малын хулгайн гэмт хэрэг үйлджээ.