Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдэгдэл гаргажээ. Үүнд, шинэ жилийн баяр, амралтын үеэр иргэдийг хүний бөөгнөрлөөс зайлсхийж, цахим худалдан авалт хийн Covid-19-өөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг хүссэн байна.
Хүний бөөгнөрөл гэхээс илүүтэй хариуцлагагүй ажиллаж байгаа удирдах нэгжүүдээс болж халдвар тархах эрсдэл өндөр байгааг иргэд хэлж буй.
Улсын онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн гадаадаас ирж буй иргэдийг цар тахлын мутаци хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр тусгаарлах байранд гурав хоног тусгаарлахаар болсон. Энэ асуудал эхнээсээ асуудал дагуулж эхлэв. Учир нь иргэдийг зочид буудалд тусгаарлахад 10 гаруй цаг хүлээлгэх, хуваарилсан буудал нь бохир заваан байгаа талаар иргэд гомдоллож байна.
Энэ талаар УОК нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах явцад алдаа гарсан байна. Иргэдийг чирэгдүүлж, алдаа дутагдал гарсныг засч залруулахаар ажиллана. Албаны шалгалт хийж байна. Зохион байгуулалтын явцад алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцно.
Иргэдээсээ уучлалт хүсье. Хил дээр зохион байгуулж байгаа хяналт шалгалтын хүрээнд арваннэгдүгээр сарын 26-наас хойш Монгол Улсад нийт 300 гаруй тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн. Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал гээд цааш хөвөрнө. Тиймээс омикрон хувилбараас сэргийлэхийн тулд тусгаарлалтын ажил зохион байгуулах шийдвэрийг УОК-оос гаргасан.
Нийт 19 зочид буудалд иргэдийг тусгаарлахаар нэрсийг нь УОК-оос гаргасан. Өмнө нь тусгай үүргийн онгоцоор иргэдийг татан авч тусгаарлахад 27-28 буудал ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар 16 буудалд 730 хүнийг тусгаарласан. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тусгаарлалтын журмаар ажиллах байсан зочид буудлууд хамтарч ажиллахаас татгалзсан.
Нийслэлд 300 гаруй зочид буудал бий. Тусгаарлалтын шаардлага хангасан 30 орчим буудал байна. Энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн 120 гаруй цэргээс Covid-19 илэрсэн. Омикрон хувилбар мөн эсэхийг судалж байна" гэсэн юм.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:
-Гадаадаас ирж байгаа зорчигч бүр эрсдэлтэй байна. Онгоцны буудал дээр шинжилгээ авахад сөрөг байсан мөртлөө 3-4 хоногийн дараа дахин шинжилгээ өгөхөд эерэг илэрсэн хүмүүс зөөвөрлөгдсөн тохиолдлын 50 хувийг эзэлж байна. Тиймээс гадаадаас ирсэн иргэдийг зайлшгүй тусгаарлах шийдвэр гаргасан. Мөн гадаадаас ирээд, гэртээ тусгаарлагдаад, 3-4 хоногтоо шинжилгээ өгөх хүмүүсийн дөнгөж 30 хувь нь өгсөн. Өөрөөр хэлбэл, үлдсэн 70 хувь нь ирсэн өдрийнхөө маргаашаас эхлээд гадуур явж байна. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд Турк улсаас ирсэн 30 жуулчин, Тайландаас ирсэн 12 жуулчин Covid-19-тэй нь тогтоогдсон гэх хариулт өгч байлаа.
Ямартай ч халдварын тархалтын дараагийн оргил үе он гараад болохыг эрдэмтэд, УОК сануулж байгаа билээ.
Холбоотой мэдээ