2021 оны ХАМГИЙН ХАМГИЙН

Хуучирсан мэдээ: 2021.12.31-нд нийтлэгдсэн

2021 оны ХАМГИЙН ХАМГИЙН

Хуанлийн хуудсан дээр оны сүүлчийн өдрийг зааж байна. Шинэ он гарахад хэдхэн цаг үлджээ. Улиран одож буй хуучин оны хуучин дурсамжууд буюу хөгжилтэй, сонирхолтой, гунигтай үйл явдлуудаас сонирхуулъя. Ямар ч байсан улстөрчид маань улс орноо урагш нь хөгжүүлэхгүй ч ард түмнээ уйдаалгүй нэг жилийг үдэж байна.

ОНЫ “ШИЛДЭГ” ҮГ

Энэ оны хамгийн шилдэг үгийн номинацид УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын “Хэрвээсээд байх юм байхгүй" гэж, өөрөө өөртэйгөө хэрэлдэж буй үг зүй ёсоор өрсөлдөж байна. Үүний дараа “Хэрвээ, хэрвээсээд байх юм байхгүй” гэсэн давлагаа олон нийтийн сүлжээнд трэнд болж байлаа.

https://www.facebook.com/watch/?v=373172704694024

Түүнтэй энэ тэнцүү өрсөлдөж буй нэгэн өрсөлдөгч бол УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн “Хүн болох багаасаа хүүхэд болох унаганаасаа” гэх зүйр үг. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэл үе үе халтирах нь бий. Тэрбээр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Халтмаагийн Хүрэлсүх гэж хэлсэн хэмээн олон нийтийн сүлжээнд багагүй баалуулж байлаа.

https://m.facebook.com/watch/?v=311393697561202&_rdr

Л.Халтар сайдын хэлсэн “Дарханы замаар инээгээд алхах өдөр ирнэ” гэх шог үгийг гүйцэх хүн даанч алга даа. Тэрбээр “Дарханы замын бүтээн байгуулалтын ажил удааширч, ажил нь бүтэмжгүй байгаасай гэж боддог цөөн хүн байдаг юм шиг байна билээ. Бид 2022 оны аравдугаар сард хатуу хучилттай замын хөдөлгөөнөө нээхийн төлөө зорьж байна. Бухимдал байгааг ойлгож байгаа ч замаар инээгээд алхах өдөр ирнэ” гэж байв.  Мөн сайд асан Д.Сарангэрэлийг “Корона нэг тархахаар ялгахгүй юм билээ” гэх үг ч шилдэгт тооцогдох нь зүйн хэрэг.

ОНЫ ШИЛДЭГ ЖҮЖИГЧИН

Олимпийн аварга Н.Түвшинбаяр энэ төрөлд нэр дэвших нь гарцаагүй. Тэрбээр сайн найзаа үхлүүт болтол зодсоны дараа “Интермэд” эмнэлэгт нүүрээ боолгуулаад хэвтэж буй зургаа сошиалд тавьснаар хэр жүжигчин болохоо таниулсан юм. Түүнтэй энэ зэрэгцэхүйц өрсөлдөгчөөр таеквондогийн тамирчин залуу нэрлэгдэж байна. Түүнийг н.Бадар-Ууган гэдэг агаад, комедиан Д.Амартүвшинд зодуулаад унаж буй бичлэг нь Холливудын жүжигчдийг ардаа орхихоор байсныг нуух юун. Түүнийг МАН-ын амьд тролл гэж харах, хардах хүмүүс цөөнгүй байлаа.

ОНЫ ШИЛДЭГ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ

Автобусанд явж байсан залууг Covid-19 туссан гэж хөхөө өвлийн хүйтэнд гурван цаг гадаа зогсоосон цагдаа нарын үйлдэл оны хамгийн шилдэг хэлмэгдүүлэлтээр тодрох биз. Өөрөөр хэлбэл, Таваншар чиглэлийн автобусанд явж байсан залууг халдвар авсан гэж зорчигчид нь буруутган, автобусны цаана ганцааранг нь “хорьсон” явдал монголчуудын цар тахалтай хэрхэн тэмцсэн гашуун түүхийн нэгээхэн баримт болж үлдэх нь гарцаагүй.

 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Оны шилдэг  бүтээн байгуулалтаар Замын-Үүдэд барьсан ногоон буюу ариутгагч хаалга өрсөлдөгчгүйгээр тодорч байна. Замын-Үүдийн түгжрэлийг газар дээр нь шийдэхээр очсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эл бүтээн байгуулалтыг хараад “уулга алдах”-д хүрсэн билээ. Уг хаалганы санхүүжилт 160 сая төгрөг. Ерөнхий сайд үүрэг болгосноор уг хаалгыг сольсон байдаг. Алдарт “ногоон” хаалгыг Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын дарга асан Г.Батмөнх хариуцан хийлгэсэн ч тэрбээр хариуцлага хүлээх нь бүү хэл харин ч тушаал дэвшсэн байдаг.

ОНЫ ШИЛДЭГ НУРААЛТ БА БОСГОЛТ

Мэдээж "Андлалын хөшөө" зүй ёсоор орно. Хэнтий аймгийн Батноров суманд хоёр тэрбумаар босгосон “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” хэмээх түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгууламжийн бүтээн байгуулалт олны хэл ам дагуулсан тул нурааж, дахин шинээр босгосон. Уг хөшөөг “Хос санаа” компани барьсан нь ардаа ёстой хос хардлага ч дагуулсан. Нураасан хөшөөний буурин дээр А.Очирболдыг баримал сүндэрлэсэн ч “Андлалын хөшөө”-ний түүх төсвийн мөнгө уйлдаггүйн бодит жишээ болж үлдэх биз ээ.

ОНЫ ӨЛСГӨЛӨН

Энэ номинацид УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн өлсгөлөн зүй ёсоор дэвшиж байна. Иргэдийнхээ төлөө ганц үг ганхийлгүй явсан АН-ын бүлгийнхэн Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг өрсөлдүүлсэнгүй гэж талбай дээр долоо хоног өлсгөлөн зарласан. Удалгүй “гэнэт” өлсгөлөнгөө зогсоосон тэдний улс төрийн сонирхлын ард Х.Баттулга байсан агаад талбай дээр гарч ирж, өлсгөлөн зарлагчдыг бүртгээд явсан удаатай.

 

ОНЫ ШИЛДЭГ АМЛАЛТ

УИХ-ын дарга Г.Занданшатарын Япон лугаа хөгжинө гэсэн үг нэгээр бичигдэж байна. Түүнтэй зэрэгцээд МАН-ынхны амалсан задарснаа засаглаж, ядарснаа хамгаална гэх үг эн тэнцүү өрсөлдөх биз. Ямар ч байсан энэ жил Япон лугаа хөгжиж чадсангүй, ирэх онуудад хөгжих эсэхийг Г.Занданшатар өөрөө ч таашгүй юм.  Тэрчлэн иргэд МАН хэзээ ядарснаа хамгаалж, задарснаа засаглахыг нь хүлээсээр л. Гээд “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэгч болчихгүй биз ээ.

 

ОНЫ ШИЛДЭГ ДАБЛЬ СТАНДАРТ

Шадар сайд С.Амарсайханы гэр бүл энэ номинацийн эзнээр өрсөлдөгчгүй тодорч байна. Энгийн иргэн "улаан бүс"-ээр орж, гарах нь бүү хэл хэвтэх эмнэлэггүй эмнэлгийн гадаа нас барж байхад Шадар сайдын эхнэр эмнэлэг голж гүйсэн мэдээ хэвлэлээр цацагдсан. Үүний дараагаар хүүгийнх нь авсан оюутны тэтгэмж ил болж, С.Амарсайхан сайдын хувьд суудал өнцөгдсөн жил байлаа.

Энэ мэтээр монголчууд 365 хоногт дуулиангүй өнгөрөөсөн цаг минут алга. Хөмөрсөн тогоо, хөл хорион дотроо хэдүүлээ хөгжилдсөн шигээ шинэ оноо угтаж байна. "Манай монголчууд бүткүү ээ, бүткү” гэж хэлсэн эгчийн үг үнэн билээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж