Эрүүл мэндийн салбарын онцлох инноваци

Хуучирсан мэдээ: 2021.12.31-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарын онцлох инноваци

   БИД БИОТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ГАЙГҮЙ ЧАДАМЖТАЙ УЛСУУДЫН       ТҮВШИНД ХҮРСЭН…

-Эрүүл мэндийн салбарын шилдэг инновацийг нэвтрүүлэгч шагнал гардсанд тань баяр хүргэе. Юу шинээр нэвтрүүлсэн бэ гэдэг асуултаар ярилцлагаа эхлүүлье?

-Энэ бол “Монгол геном” төслийн баг хамт олны болон биднийг дэмжиж тусалдаг нийт хүмүүсийн шагнал юм. Монгол Улсад биотехнологийн салбарын хөгжил удаашралттай байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ салбарын хөгжлийг хурдасгахад бид багагүй хугацаа болон хөрөнгө оруулалт хийсэн юм. Үүний үр дүнд 2019-2021 онуудад хүний генийн дарааллыг бүтнээр нь тодорхойлох технологийг амжилттай нэвтрүүлж, анхны судалгаануудаа хийж, үр дүнгаргаж амжилттай ажиллалаа.

Энэ төсөл хаана хийгдсэн бэ? "Хаппи Веритас" эмнэлгийн дэргэд гэдэг нь ямар учиртай вэ?

-Аливаа инновацийг нэвтрүүлэхэд санхүүгийн тусламж нэн шаардлагатай байдаг. Санхүү мөнгөгүйгээр шинэ инноваци гарах боломжгүй юм. Тэр утгаараа "Хаппи Веритас" эмнэлэг энэхүү шинэ инновацийг дэмжиж, хөрөнгө оруулалт хийсэн. Өөрөөр хэлбэл, "Хаппи Веритас" эмнэлгийн лабораторийг түшиглэж, энэхүү инноваци маань гарч ирсэн гэсэн үг. Цаашдаа мэдээж санхүүгийн хувьд бүрэн бие даах учиртай. "Хаппи Веритас" эмнэлгийн хувьд хавдрын генетикийн нарийн шинжилгээ болон төрөлхийн гажгийн генетикийн шинжилгээнүүдийг нэвтрүүлэхэд бид хувь нэмрээ оруулах боломжтой. Тиймээс ч биднийг дэмжиж, урьдчилж хөрөнгө оруулалт хийсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл генетикийн шинжилгээний төрөлд "Хаппи Веритас" эмнэлэг эх орондоо тэргүүлэх боломж нээгдсэн.

-Генийн дарааллыг тодорхойлох нь ямар ач холбогдолтой вэ. Үүнийг тодорхойлсноор монгол хүний ямар чадамж нэмэгдэх вэ?

-Хүний эрүүл мэндэд ач холбогдолтой хэд хэдэн чиглэл байдаг. 1-рт, тухайн хүний генетикийн онцлог, бодисын солилцооны онцлогууд гарч ирдэг. Жишээлвэл, хүний төрөлхийн генетикийн мөн чанараас шалтгаалаад тэр хүн ямар өвчинд нэрвэгдэхмагадлалтай, ямар бодисын солилцооны онцлогтой, ямар эм тарианд мэдрэг байх, ямар хорт бодист тэсвэрлэх чадвар муутай байх вэ гэдгийг тодорхойлно. Тухайлбал, генетикийн онцлогоос шалтгаалаад архи гэдэг хорт бодисыг хоргүйжүүлэх чадвар хэр байна гэдгийг тогтоож болдог. Бүр цаашилбал зарим төрлийн эмчилгээ тухайн хүнд үр дүн өгөх үү, үгүй юу гэдгийг маш нарийн гаргадаг тал бий. Тэр бүү хэл хүний насжилтын ген ч гэж бий. Тухайн хүний урт наслах чадвар хэр вэ гэдгийг генетикийн өгөгдлөөр мэдэж болдог. Өндөр хөгжилтэй орнуудад ойрын ирээдүйд хүүхэд төрөнгүүт л генетикийн шинжийг тодорхойлоод цаашид юунд анхаарах вэ гэдгийг тогтоодог болох нь. Хоёрдугаарт, төрөлхийн гажиг: Одоогоор хүн төрөлхтөнд бүртэлтэй 25,000 гаруй төрөлхийн генетикийн гажиг, өвчнүүд бий. Бид өнөөдөр 20-30 нь л оношилж чадаж байна шүү дээ. Гуравдугаарт, хорт хавдар: Хорт хавдрын дархлааны эсийн эмчилгээ хийхэд мөн л хавдрын эсийн генийгнарийвчилж унших шаардлагатай. Бид чадаж байгаа бил үү? Одоо чаддаг болноо! Мөн цус ойртолтыг маш өндөр түвшинд тодорхой боломжтой.

Бусад салбарт: Эдийн засгийн өндөр өгөөжтэй мал, ургамлын үүлдэр бий болгож байж хөдөө аж ахуй маань илүү үр ашигтай болно. Ховордсон амьтан ургамлынхаа генийг уншиж хадгалж, дэлхийд бүртгүүлэх боломж бүрдэнэ. Үүнээс гадна хүнсний салбарт маш чухал. Бид цаашид генийн өөрчлөлттэй хүнсийг нарийн илрүүлж, тодорхойж чаддаг болно. Бидний хүнсний аюулгүй байдалд том эргэлт гарна.

-Яагаад генетикийн шинжлэх ухаан Монголд хөгжих шаардлагатай вэ?

-Яагаад гэвэл энэ бидний ирээдүй юм. Энэхүү шинжлэх ухаан нь Монгол Улсад зайлшгүй хөгжих учиртай шинжлэх ухаан юм. Бид үргэлж хөгжлийн араас хоцорч явах албагүй биз дээ? хөгжлийн өмнөөс, зарим тохиолдолд өндөр хөгжилтэй орнуудтай хөл зэрэгцээд явах нь чухал юм. Бид нэг жил хөгжлөөс хоцорсноороо ирээдүйн эрүүл мэндийн салбарын хөгжлөөс 20, 30 жилээр хоцордог тал бий. Анх "Хаппи Веритас" эмнэлгийг байгуулах үед бид эх орондоо элэгний В, С вирусийг тоолж чаддаггүй байсан. Бид тэр үед вирус тоолох технологи нэвтрүүлж чадснаараа монголчуудын гадаад руу урсах асар их мөнгөний урсгалыг зогсоож чадсан шүү дээ. Бид олон хүний эрүүл мэндэд хувь нэмрээ оруулж эх орондоо вирусээ өөрсдөө эмчилдэгболсон. Үүний ачаар ирээдүйн олон мянган хорт хавдар болон элэгний хатуурлаас урьдчилан сэргийж чадсан. Үүнийг дагаад элэгний үндэсний хөтөлбөр хэрэгжсэн дээ.  Өнөөдөр түүх давтагдаж байна. Бид ковидын шинэ төрлийн вирусыг яаж тодорхойлдог вэ? Өнөөгийн хүн төрөлхтний орших уу? эс орших уу? зөвхөн энэ технологиос шалтгаалж байгааг та өөрөө гэрчилж байна. Уг нь вирусын генийн дараалал тогтоох нь дэндүү амархан, дэндүү жижиг асуудал л даа. Манайхан л цаг алдаад байгаа болохоос. Ковидын генийн дараалал хүний генийн дарааллаас 100,000 дахин жижигхэн эд шүү дээ. Товчхондоо “Монгол Геном” төсөл хэмжиж баршгүй боломж, дэвшил, үр шим бидэнд бий болгож байгаа юм.

– Энэ технологи юугаараа шинэлэг вэ?

-Бид биотехнологийн мэдлэг, чадварыг хуримтлуулж байж генетикийн шинжилгээгээр мал ургамал, олон төрлийн биологийн организмын генийг бүтнээр нь унших боломжтой. Саяханыг хүртэл бид хүний генийн жижигхээн хэсгийг (1000-2000 дарааллыг) уншдаг байсан бол одоо бүтнээр нь 3,200,000,000 дараалал уншдаг боллоо. Хүний биеийн удамшлын мэдээллийг тайлахад ийм тооны кодыг тайлах шаардлага гардаг. Хэр их ялгаа байна?

-Бидний хувьд төсөөлж чадахгүй том тоо байна.

-Эх орондоо хүний геномыг бүтнээр унших технологийг нэвтрүүлсэн цөөхөн хэдэн улс орнууд байдаг. Бид биотехнологийн салбарт гайгүй чадамжтай улсуудын түвшинд хүрсэн гэсэн үг юм. Энэ бол асар том дэвшил л дээ. Гол нь боломжийг хэрхэн ашиглаж чадах вэ гэдэг нь бидний хоорондынболон дотоодын хамтын ажиллагаа, хүний болон хөрөнгийн нөөцөө хэрхэн зөв хуваарилах зэргээс шалтгаалах юм. Загас өгөхөөр, загас барих аргыг нь заагаад өг гэж үг байдаг байхаа. Бид алийн болгон бэлэн загас идэх юм бэ? Өөрсдөө загас барьж суръя л даа.

-Энэхүү генийг бүтнээр нь уншиж эхэлснээрээ Монгол Улсын аль салбарт нэн тэргүүнд нэвтрүүлэх хэрэгтэй вэ?

-Нэн түрүүнд анагаах ухааны салбар, хүн судлал, түүх судлал, биологи, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт маш их хүлээгдэж байсан инноваци л даа.

-Бүрэн хэрэгжих хүртэл хэдий хэр хугацаа хэрэгтэй вэ?

-Бид хоёр хүний генийг уншаад, боловсруулаад эхэлчихсэн явж байна. Тухайлбал, 37 настай эрэгтэй хүний геномыг уншиж, өөрчлөлтийг тодорхойлсон. 3 сая гаруй SNP шинээр илрүүлсэн. Монгол хүн дээр эх орондоо анх удаа л явагдаж байна. Нэг л хүний ген дээр 3 сая гаруй SNP өөрчлөлтийг илрүүлсэн. 200 гаруй мянган генийнзарим хэсэг нь дутах зарим хэсэг нь илүүдэх INDEL хувилбаруудыг илрүүлсэн байна. Энэ бол манай улсын түүхэнд байгаагүй нээлтүүд. Бид эх орондооөөрсдөө хийж чаддаг болсон гэдэг нь маш том давуу тал.

-Өмнө нь монгол хүний генийг бүтнээр нь унших тохиолдол гарч байгаагүй юм уу?

-2017 онд 175 монгол угсаатны геномыг бүтнээр нь уншсан тохиолдол бий. Харамсалтай нь, Монгол Улсад бус Хятад улсад хийгдсэн л дээ. Энэ судалгаанд Монгол Улсын иргэд ч хамрагдсан байдаг. Бид цаашдаа гадныхны гарыг харах шаардлагагүй эх орондоо хүн судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, анагаах ухааны салбарыг мөн хөдөө аж ахуйн салбараа ч хөгжүүлэх боломж нээгдэж байна гэсэн үг юм. Мөн байгаль орчны салбарт ч олон өсөлтүүдийг хийх боломж нээгдэж байна. Жишээ нь, ховордсон амьтан, ургамлын ген фондыг үүсгээд хэрхэн ашиглах талаар ярилцах хэрэгтэй байна. Генийн инженерчлэлийн салбарт шинжлэх ухааны шинэ нээлтийг хийх эсвэл нээлтүүдийг баталгаажуулаад зарим нэгийг нь зөв ашиглах тал дээр ахиц гаргах боломж гарч ирж байна. Энэ боломжийг ашиглавал дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжтой.

-Энэхүү салбарыг хөгжүүлэхэд хүний нөөцийн чадамж хэр байгаа вэ?

-Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хоёр чиглэлээр хүний нөөцөө бэлдээд явж байгаа. Нэгдүгээрт, биоинформатик буюу уншсан генээ хэрхэн ойлгох, яаж боловсруулалт хийх вэ гэдэг тал дээр хүний нөөцөө бэхжүүлж байна. Нөгөө салбар нь молекул биологийн лабораторийн хүний нөөцийг бид бэлдээд явж байгаа. Ер нь биоинформатикийн чиглэлээр хамгийн багадаа арваад шинэ эрдэмтэн хэрэгтэй байна.

-Нууц биш бол танай багт хэдэн хүн ажиллаж байгаа вэ?

-Одоо байгаа болон өмнө нь ажилласан нийлээд 12-13 хүн байна. Бүгдэд нь баяр хүргэе! Баярлалаа! Бид хамтдаа чадлаа. Цаашид улам өндөр амжилт гаргаарай, бидний ажил дөнгөж эхэлж байна шүү гэж багийн гишүүддээ хэлье.

-Та бүхэн бусадтай хэрхэн хамтарч ажиллах боломжтой вэ?

Бидэнтэй судалгаа, эрдэм шинжилгээ, биотехнологи, мал аж ахуй, хүн судлал, анагаах ухааны чиглэлээр хамтарч ажилллахад нээлттэй. Ирээд саналаа хуваалцаарай. Манайх шиг бага хүн амтай оронд эрдэмтэд маань зарим нөөцөө дундаа ашиглах нь эдийн засаг, үр ашгийн хувьд зөв гэж хараад байна.

                                                                                       Ярилцсан Э.ОМАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж