Биткойны үнэ 70 мянган ам.доллар хүрч, мемекойнууд хэчнээн тэрбумаар үнэлэгдэж, “Wallstreet”-ээс Хятадын бизнесүүд шахагдах болсон зэргээр 2021 он бол криптовалютын хувьд түүхэн жил болж өнгөрлөө.
Дижитал хөрөнгө гэдэг нь үндсэндээ том, жижиг хөрөнгө оруулагчдаас орж ирсэн бэлэн мөнгөний төвлөрөл юм. Биткойн болон бусад ижил төстэй цахим валютууд нь төдийлөн олны анхаарлын төвд өртдөггүй байсан бол 2021 онд юу болсон талаар товч мэдээлэл хүргэе.
Биткойн тэргүүн байраа алдахгүй байсаар
Үргэлж олны хэл амны бай болсоор ирсэн ч жинхэнэ криптовалют болох биткойн нь тэргүүн титмээ алдаагүй. Өнгөрч буй оны хувьд биткойны үнэ нэгдүгээр сарын 1-нээс 120 хувиар өсч, дөрөвдүгээр сард бараг 65 мянган ам.доллар хүрснээр тухайн үедээ дээд амжилт тогтоосон. Улмаар “Tesla”, ”Mastercard” зэрэг томоохон корпорациуд, “Wallstreet”-ийн банкуудад хүлээн зөвшөөрөгдсөн.
Гэсэн хэдий ч тавдугаар сард 35 хувиар буурч, харьцангуй тогтворгүй төлөвт байв. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сард Европ болон АНУ дахь инфляцийн нөлөөгөөр, 69 мянган ам.долларт хүрч, бүх цаг үеийн шинэ дээд амжилтаа тогтоов.
Мемекойны сэргэн мандалт
Хөрөнгө оруулагчид биткойнд дөнгөж хуруугаа дүрж эхлэв үү, үгүй юу энэ салбарт бусад олон тооны токен орж ирэв. Мемекойн гэдэг нь төрөл бүрийн цахим соёлоос улбаатай олон төрлийн зоосны цуглуулга юм. Жишээлбэл, “dogecoin” нь 2013 онд анх гарсан хэдий ч 2021 оны тавдугаар сард 12 мянган хувиар өсч, бүх цаг үеийн дээд амжилт тогтоов. Гэвч арванхоёрдугаар сарын дунд үед бараг 80 хувиар унасан. “Shiba inu” буюу Японы нэг төрлийн нохойны үүлдрийн нэртэй, нохойны зураг бүхий койн топ 10 дижитал валютын тоонд багтжээ.
“NFT”
“NFT”-д дижитал хэлбэрийн урлагийн бүтээл, бичлэг, тэр байтугай жиргээ хүртэл ордог. Энэ төрлийн бүтээлүүд 2021 онд криптовалютын салбарт тэсрэлт боллоо. Тухайлбал, гуравдугаар сард АНУ-ын зураач Биплийн дижитал бүтээл 70 сая ам.доллараар зарагдсан нь амьд сэрүүн буй зураачийн дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй гурван бүтээлийн тоонд багтжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ