Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр /2021.12.30/ болж, “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгах шийдвэр гаргажээ.
Улаанбаатар хотод анх удаа “Агаарын дүүжин тээвэр” нэвтрүүлнэ хэмээн Шадар сайд С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байх үедээ танилцуулахдаа "2021 оны зургадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4 дүгээр хороолол чиглэлд ашиглалтад орно" хэмээн хэлж байв.
Дээрх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байх талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр мэдээлсэн.
Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан билээ.
Түүнээс хойш сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох "Пома" групп рүү 16.2 тэрбум төгрөг "Эжис рэйл" ХХК руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн мэдээлэл "Шилэн данс" системд байршсан байдаг.
НИТХ-ын хуралдаанаар,
- Нийслэлийн өмчийн бүртгэлээс Баянгол дүүргийн 25 дугаар хорооны “Май таун” орон сууцны хорооллын 108 дугаар байрны 181 тоотод байрлах 67.9 мкв талбайтай гурван өрөө сууцыг хасч,
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга шинээр барихаар болсонтой холбогдуулан тус төвийн балансад бүртгэлтэй хоёр барилга, байгууламжийг төрийн өмчид шилжүүлж,
- Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн балансад бүртгэлтэй барилгыг 89 дүгээр сургуулийн балансад шилжүүлсэн байна.
- Мөн улс, нийслэлийн хөрөнгө оруулалт болон төрийн өмчийн концессын “зураг төсөл боловсруулах, буулгах, барих, шилжүүлэх” төрлөөр Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дөрвөн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авч,
- “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК байгуулахыг тус тус дэмжсэн байна.