Хятадын эмч Ли Вэнлианг өнөөдрөөс яг хоёр жилийн өмнө Ухань хотод уушгины хатгалгаа үүсгэгч шинэ төрлийн вирус дэгдсэн талаар олж мэдэж, бусад эмч нартаа анхааруулах шүгэл үлээж байв. Түүнээс хойш яг хоёр жилийн дараа тэр өдрийг эргэн дурсч, хүмүүс эмч Ли Вэнлианы цахим хаяг руу мянга мянга зурвас илгээжээ.
Ли нь Ухань хотын эмнэлгийн нүдний эмч юм. Тэрбээр анх 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд өөрийнх нь ажилладаг эмнэлэгт Sars-Cov-2 буюу бидний нэрлэж заншсанаар шинэ Covid-19-ийн тохиолдол батлагдсан тухай эмнэлгийн дүгнэлтийг олж харсан байна. Улмаар “Weibo” хуудас дээрээ энэ талаар нийтэлжээ.
Уг нийтлэл нь цахим сүлжээнд тарсны улмаас Ли цагдаагийн газраас сануулга авсан байна. Гэвч цар тахал түүнийг тойрч гарсангүй. Тэрээр нэгдүгээр сарын 12-нд эмнэлэгт хэвтэж, 2020 оны хоёрдугаар сарын 7-нд нас баржээ.
Тухайн үед халдвар дөнгөж дэгдэж эхлэхэд хүмүүс сандралдаж, эрх баригчид Ли зэрэг мэдээлэгчидтэй тэмцэж байсан. Тиймээс түүнийг нас барахад цахим мэдээллийн хэрэгслээр эмгэнэлийн сэтгэгдэл хөвөрч байв.
Тэр үеийг бодвол Хятадад цар тахлын нөхцөл байдал харьцангуй дээрдээд буй хэдий ч хүмүүс одоог хүртэл Лигийн цахим хаяг руу зурвас илгээсээр байна. Баярын мэнд хүргэсэн, талархал илэрхийлсэн, хоёр жил хэчнээн хурдан өнгөрсөн тухай зэрэг олон олон зурвасыг түүний цахим хаяг руу хүмүүс бичсээр байгаа аж.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ