Оны хүн: ҮЗЭЛ САНААНЫ ТЭМЦЭГЧ

Хуучирсан мэдээ: 2021.12.31-нд нийтлэгдсэн

Оны хүн: ҮЗЭЛ САНААНЫ ТЭМЦЭГЧ

“NEWS” агентлаг 2004 оноос эхлэн жил бүр “ОНЫ ХҮН”-ийг тодруулж ирсэн билээ. Тухайн жил үг, үйлдэл, бодлого шийдвэр, үйл ажиллагаа нь олон нийтэд эерэг, сөргөөр нөлөөлсөн болон нийгмийн анхаарлын төвд байсан эрхмүүдийг энэхүү номинациараа онцолдог. Энэ жилийн буюу 2021 оны “ОНЫ ХҮН”-ээр Эрдэнийн БАТ-ҮҮЛИЙГ нэрлэж байна. Тэрбээр гурав дахь удаагаа “ОНЫ ХҮН”-ээр нэрлэгдэж байна.

“Монголын улстөрчид 90 оны ардчилсан хувьсгалаас өмнөх 300 орчим жилд Монголын хэрэг явдлыг Бээжин, дараа нь Москвад шийдэж, үгэнд ороогүй удирдагчдыг нь Бээжинд толгойг нь авч, Москвад буудан хороодог байсныг маш сайн мэднэ. Хамгийн сүүлд Цэдэнбалыг Москвад аваачин хөл хорьсныг мартаагүй байгаа. Монголын улстөрчдийг хооронд нь хагаралдуулан нэгийг нь нөгөөгөөр нь хэлмэгдүүлж байсныг санадаг. Удирдагчдыг Москвад, эсвэл Бээжинд аваачин хороодог бурангуй ёс эргэж ирэхийг яавч зөвшөөрөхгүй. Ерөнхийлөгч Хүрэлсүхийг Москвад, Ерөнхий сайд Оюун-Эрдэнийг Бээжинд аваачин цаазалж, Занданшатарыг Улаанбаатарт “Шинэ Коминтерн”-ын даалгавраар буудан хороож занданшуулдаг ёс эргэж ирэхийг яавч зөвшөөрөхгүй”.

Тэр ингэж бичжээ.  Харамсалтай нь, өдгөө шоронд сууж байгаа. Ардчиллын алтан хараацай орчин үеийн, хилс хэргээр яллагдсан Монголын улс төрийн хоригдлуудын нэг болжээ. Түүх давтагддаг гэж.

Гэр хорооллыг барилгажуулж, газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулах нь Э.Бат-Үүлийн мөрөөдөл байв. 2002 оны арваннэгдүгээр сард Сүхбаатарын талбайд “Трактортой цуглаан” зохион байгуулсан тэр өдрөөс хойш 19 жилийн турш гэр хорооллын иргэдийн хашааны газрыг хамгаалахын төлөө тэмцэж ирснээ тэрбээр шоронгоос бичсэн захидалдаа дурджээ.

Гэр хорооллын доор байгаа газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдээ сайн сайхан амьдруулахын тулд тэр Улаанбаатар хотыг удирдахаар шийдсэн юм. Унаган хотын хүү учраас зах замбараагүй олгогдсон газрын наймааг цэгцэлж, утаа, угаараар хөлжин баяжих олигархиудын эсрэг, Улаанбаатарыг хөгжүүлэхийн төлөө ажилласан, зүтгэсэн. Энэ нь их гүрнүүдийн “үл үзэгдэх гар”-т таалагдсангүй.

Э.Бат-Үүлийн хэргийг шалгасан АТГ-ын мөрдөгч Э.Оюунболд С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Сайханбилэг нарын хэргийг мөрдөж байсан гээд харах юм бол тохиодол гэхээсээ тохируулга байсан мэт. Үндсэндээ, Монголын төлөө ажил хийсэн болгоныг өнөөх “үл үзэгдэх” гар шоронд суулгаж, Ардчилсан намын нэртэй зүстэй болгоныг яллаж байна.  Тэр үзэл санааны хоригдлуудын төлөө, С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг өмөөрч хэнээс ч айхгүй бичсээр, үгээ хэлсээр байсан.

Эрдэнийн Бат-Үүл гэж буурал үстэй тэмцэгчийг монголчууд сайн танина. Учир нь, монголчууддаа өмчийг нь, хүний эрхийг нь, үг хэлэх эрх чөлөөг нь авчирсан болохоор тэр. Үүнийх нь төлөө түүнд хорсдог хүмүүс бий. Тэд бол коммунистууд ба их гүрнүүдийн “үл үзэгдэх гар”-ууд. Гэвч түүний хэлдэг үг нь “Намайг гүтгэх эрх чөлөөний чинь төлөө би үхэн үхтлээ тэмцэнэ.

Э.Бат-Үүлийн улс төрийн амьдал дардан байгаагүй. Тэр хөхөө өвлийн хүйтэнд эрх чөлөөний төлөө өлсгөлөн зарлаж явсан болохоос өөрийнхөө хувийн эрх ашгийн төлөө суулт хийж байгаагүй юм. Тиймээс “ачигдаад” явахдаа хүртэл түүний хэлсэн захиас нь “Дарангуйллын эсрэг, шударга ёсны төлөө, шуналт олигархиудын эсрэг, ардчилал, эрх чөлөөний төлөө НАМАА НЭГТГЭЭРЭЙ!” гэх үг. Ийм үг зөвхөн Э.Бат-Үүлээс л гарна.

Үнэндээ, ямар ч хатуу залхаалт цээрлэлийг давахад бэлэн байгаа үзэл санааны тэмцэгч тэрбээр харин хоёр хуваагдсан Ардчилсан намын эв нэгдэл, үнэт зүйлийн төлөө өнөөдөр шоронд шаналж байгаа. Бас Монголын ардчилал, эрх чөлөөний төлөө. Учир нь, Ардчилсан нам амьд байж ардчилал амьд үлдэнэ. Ардчиллал амьд үлдэж байж Монгол Улсын тусгаар тогтнол баталгаажина.

1990 оны хувьсгал монголчуудад жинхэнэ эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчирсан юм. Ардчилсан хувьсгалын ачаар “У.Хүрэлсүхийг Москвад, Л.Оюун-Эрдэнийг Бээжинд аваачин цаазалж, Г.Занданшатарыг Улаанбаатарт “Шинэ Коминтерн”-ын даалгавраар буудан хороож” чадахгүй болсон. Үүнийх нь төлөө Э.Бат-Үүлд баатар цол олгосон юм шүү дээ.

NEWS агентлагийн “ОНЫ ХҮН”

2004 он: Долгорсүрэнгийн ДАГВАДОРЖ

2005 он: Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

2006 он: Миеэгомбын ЭНХБОЛД

2007 он: Мөнхбатын ДАВААЖАРГАЛ

2008 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ

2009 он: Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

2010 он: Сүхбаатарын БАТБОЛД

2011 он: Доржсүрэнгийн БОЛД

2012 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ

2013 он: Ринчиннямын АМАРЖАРГАЛ

2014 он: Батхуягийн МӨНГӨНТУУЛ

2015 он: Зандаахүүгийн ЭНХБОЛД

2016 он: Доржсүрэнгийн СУМЪЯА

2017 он: Халтмаагийн БАТТУЛГА

2018 он: Ухнаагийн ХҮРЭЛСҮХ

2019 он: Хөх Монголын ХҮННҮ РОК

2020 он: Covid-19

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1279
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж