Монголын волейболын тэгш тоглогч Т.Хангал

Хуучирсан мэдээ: 2021.12.31-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Монголын волейболын тэгш тоглогч Т.Хангал

Монголын волейболын тэгш тоглогч Т.Хангал

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор волейболын үндэсний дээд лигт “Натур Мед Ноён” багийнхаа хамтаар түрүүлсэн Т.Хангалыг онцолж байна. Сэтгэл судлалаар суралцаж буй тэрбээр үндэсний дээд лигийн “Шилдгийн шилдэг тэгш тоглогч”-оор тодорсон юм. Түүнтэй танилцъя.


Тамираагийн Хангал

2002.07.27

Төгссөн сургууль:

Олон улсын хөтөлбөртэй “Шинэ эрин” лаборатори сургууль

МУИС /Одоо суралцаж буй/

Мэргэжил:

Сэтгэл судлал/Одоо суралцаж буй/

“Натур Мед Ноён” багийн тамирчин

Сошиал хуудас:

Khangal Tamiraa/facebook/, kh2ng2l/instagram/

ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН АВАРГА БОЛСОН СЭТГЭГДЭЛ 

-2011 оноос хойш лигийн тэмцээн завсарлаад, 2019 онд эргэн ирсэн. Өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдаж, энэ жил боллоо. Ноён клуб маань 2011 оноос хойш 10 жилийн дараа лигтээ эргэн орлоо. Өмнө нь манай клубын эрэгтэй, эмэгтэй аль ч баг нь лигийн алтан медаль хүртэж үзээгүй байсан. Тиймээс анхны алтан медалийг хүртсэндээ баяртай байна.

ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ

-Дөрөв, таван настайдаа аавыгаа дагаад, Багануур дүүрэгт амьдарч байлаа. Аав маань тэнд спорт хорооны дарга хийж байсан болохоор Багануурт л бага нас өнгөрсөн дөө. Өвөл, зуныхаа амралтаар эмээ, өвөө дээрээ Хэнтий, Говь-Алтайд очиж, амардаг байлаа. Анх 2008 онд нэгдүгээр ангид Баянгол дүүргийн тэргүүний 47-р сургуульд элсэн орж, 5А анги хүртэл н.Пүрэвжаргал багш дээрээ сурсан. Харин зургадугаар ангидаа шалгалт өгч, “Шинэ эрин” лаборатори сургуульд орж байлаа.

Багадаа мяраалаг, бондгор хүүхэд байсан. Аав, ээж хоёр минь хоёулаа волейболын спортын хүмүүс болохоор тэмцээнд нь дагаж явж, аавынхаа дасгалжуулж буй багийн ах, эгч нартай байнга бөмбөгөөр харилцдаг, хөдөлгөөнтэй хүүхэд байсан.

АНХ СПОРТТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ

-Өвөө маань хөнгөн атлетик, тэшүүр, бөхийн багш дасгалжуулагч, гавьяат багш Д.Ренчин гэж Хэнтий аймгийн хүн бий. Эмэгтэй шавийнх нь тогтоосон Монгол Улсын өндрийн харайлтын рекорд одоог хүртэл эвдэгдээгүй. Манай авга ах, авга эгч, аав гурав багадаа хөнгөн атлетикаар хичээллэж байгаад хожим нь волейболын спорт руу орсон. Аав, ээж хоёр минь оюутан ахуй насандаа волейболын багш дасгалжуулагч мэргэжлээр суралцаж байхдаа танилцсан. Ээж маань “Эрчим” клубт, аав маань “Ноён” клубтээ тоглодог байсан. Төрөхөөсөө л бөмбөгтэй харьцсан гэж хэлж болно доо.

АНХНЫ АМЖИЛТ

-Хамгийн анх гуравдугаар ангидаа Баянгол дүүргийн мини-волейболын аварга шалгаруулах тэмцээнд гурван ахтайгаа оролцож, алтан медаль хүртэж байлаа. Ер нь л түрүүлж эхэлсэн дээ. Анхны тэмцээн дээрээ их сандарч байсан. Ямар дугаартай тоглохоо ч мэдэхгүй. Аав гурав дугаартай тоглодог байсан учир аавынхаа дугаарыг авч, хуучин өмсч байсан өвдгөвч, тохойвчийг нь хэрэглэж байлаа. Тэмцээн гадаа болсон учир их салхитай, нартай, хүндрэлтэй орчинд тоглож байсан даа.

ЧУХАЛ ТОГЛОЛТУУДЫН ӨМНӨ ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ БЭЛДДЭГ ВЭ?

-Тоглолтын өмнөх шөнө тархи их ажиллаад, сайн унтаж чаддаггүй юм аа. Маргаашийн тоглолт дээрээ юу хийх вэ, ямар үед ямар шийдвэр гаргах вэ гээд л боддог. Яг тоглолтын өмнө ямар нэгэн сандрал байдаггүй ээ.

ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ ТАМИРЧИН

-Ааваасаа их үлгэр жишээ авдаг. Мөн авга ах, “Хосбар” багийн тамирчин Р.Хангай, багийнхаа ахлагч М.Цэрэнбаатар ах нараасаа үлгэр дуурайлал авдаг. Харин гадаадын тамирчдаас Оросын, солгой Виктор Полетаев гэж тамирчин бий. Бид хоёр хоёулаа нэг өдөр төрсөн. Тиймээс их бэлгэшээдэг.

ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ ТЭМЦЭЭН

-Саяхан болж өнгөрсөн лигийн тэмцээн л хамгийн дурсамжтай нь юм даа. Аавынхаа хүртэж чадаагүй медалийг хүртэж, амжилтад хүрсэн болохоор их л дурсамжтай. Ялангуяа аварга болчихоод, аав дээрээ очсон мөч л хамгийн дурсамжтай мөч болж үлдсэн.

СПОРТТОЙ ХОЛБОГДООГҮЙ БАЙСАН БОЛ ӨӨР ЯМАР ЧИГЛЭЛЭЭР ЯВАХ БАЙСАН БЭ?

-“Шинэ эрин” сургуульд сурч байхдаа би волейболоос гадна сагсан бөмбөг, хөлбөмбөгөөр давхар хичээллэж байсан л даа. Хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээнд оролцож байсан. Гэхдээ хөлбөмбөг гэхээсээ илүүтэйгээр сагсан бөмбөгтөө илүү дуртай. 2012 онд Кливленд хотноо болсон “Challenge Cup”-д оролцож байлаа. Хэрэв волейбол биш байсан сагсан бөмбөгөөр л дагнан хичээллэх байсан байх.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Ихэвчлэн бэлтгэл сургуулилалттай байж таардаг. Чөлөөт цаг гарвал аль болох гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ л хамт байхыг илүүд үздэг. Тэдэнтэйгээ ярилцаж, цагийг өнгөрүүлж, тэмцээний стрессээ тайлдаг.

ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

-Манай аавыг ОУХМ Р.Тамираа гэдэг. Урьд нь “Ноён” клубт тоглодог байсан бол өдгөө тус клубын дасгалжуулагчаар ажиллаж байна. Ээжийг минь Д.Наранцэцэг гэдэг. Волейболын спортын мастер цолтой. Би хоёр охин дүүтэй. Том дүү Т.Эмүжин маань одоо Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуульд, харин бага дүү Т.Дари маань “Логарифм” сургуульд сурдаг.

СЭТГЭЛ СУДЛАЛААР СУРАХ БОЛСОН ТАЛААР?

-Өөрөө спортын тамирчин хүн учир ахлах сургуулиа төгсөхдөө аавтайгаа зөвлөлдөн, спортын чиглэлээр цаашдаа суръя гэж бодсон. Монголын спортын салбарт сэтгэл зүйч дутмаг, спортод сэтгэл зүй гэдэг чухал гэж аав хэлсэн. Тиймээс л сэтгэл судлалаар суралцах болсон.

Лигийн цувралын гурав дахь тоглолтын хоёр дахь ээлжийн тоглолтод манайх 23-21 гээд хоёр оноогоор манайх хожигдож байсан. Айл хожиход хоёр оноо, манайх тэнцэхэд хоёр оноо. Тэр үед миний давуулалт таарсан. Өөртөө “Би шийдсэн л юм хийхгүй бол сул давуулалт хийвэл айл оноо болгоно. Шийдсэн л юм хийх хэрэгтэй" гээд хүчтэй дараалсан давуулалтуудаа оноо болгож, 25-23 гэсэн харьцаатай ялалт байгуулсан.

Тухайн цувралд дөрвөн тоглолт гарсан. Манай баг хоёр дахь ээлжийн тоглолтод маш муу тоглож байсан. Яг тэр тоглолтын өмнө бид багаараа ярилцаад, заавал хоёр дахь ээлжийн тоглолтод хожно шүү гэж зорьсон.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Биеэ хөгжүүлэх, масс нэмэх төлөвлөгөөтэй байна.

АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ

-Мөрөөдлөө саяхан биелүүлж, Монгол Улсын шигшээ багт дуудагдлаа. Дараагийн мөрөөдөл зорилгоо тодорхойлчихоод байна. Ирэх зун болох Азийн наадамд амжилттай оролцох, тэр тусмаа медаль хүртэхийг хүсч байна.

ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРАА ДУРСААЧ!

-2020-2021 онд шилжих шинэ жил л хамгийн дурсамжтай юм уу даа. Манай багийн ивээн тэтгэгч “Натур Мед” эмнэлэг дээр гэр бүлээрээ арванхоёрдугаар сарын 31-ний өдөр байж байх үеэр Монголын волейболын холбооноос 2020 оны “Шилдэг эрэгтэй тамирчин” хэмээх том шагнал гардуулж байлаа. Тэр л хамгийн дурсамжтай.

УЛИРАН ОДОЖ БУЙ 2021 ОНЫГ ДҮГНЭВЭЛ

-Оны өмнө төлөвлөсөн зорилгууддаа ер нь хүрсэн шүү. Лигийн аварга болохыг хүссэн, боллоо. Мөн Монголын спортын корпорацид яг спортын чиглэлээр дадлага хийж, ажиллаж эхэллээ. Карантины үеэр манай багийнхан гуравдугаар сард Өвөрхангайд бэлтгэлд гарч, зургадугаар сараас аравдугаар сар хүртэл тасралтгүй бэлтгэл хийсэн.

Бэлтгэл сургуулилалт хийхгүй удвал бие амархан сулбайчихдаг. Хөл хорионы үеэр гэртээ л ойр зуурын дасгал хөдөлгөөн хийж байсан. Заал, танхим хаалттай учир гадаа их гүйдэг байсан даа. Өнгөрөгч зун МУБИС-ийн багш А.Амгалангийн удирдлага дор хөнгөн атлетикийн бэлтгэл түлхүү хийж, лигийн шинэ улиралдаа бэлдсэн дээ.

ҮЕИЙН ЗАЛУУСТАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Спортоор хичээллээрэй гэж уриалъя. Спортоор хичээллээд буруудах зүйл байхгүй. Зөв төлөвшил сууна. Ялангуяа багийн спортоор хичээллэвэл багаар ажиллаж сурна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
113
ЗөвЗөв
14
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж