Хадгаламжийн хэмжээ 1.6 их наяд төгрөгөөр өсчээ

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

Хадгаламжийн хэмжээ 1.6 их наяд төгрөгөөр өсчээ

Хадгаламжийн хэмжээ 1.6 их наяд төгрөгөөр өсчээ

Улсын хэмжээнд 2020 оны арваннэгдүгээр сард нийт хадгаламжийн хэмжээ 17.2 их наяд төгрөг байсан бол 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар 18.8 их наяд төгрөг болж, даруй 1.6 их наяд төгрөгөөр өсчээ. Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг аянуудыг дүгнэсэн арга хэмжээг нээхдээ энэ талаар онцлов.

Тэрбээр "Энэ нь нэг талаар бидний ажлын үр дүн юм. Хуримтлал өссөнөөр эдийн засагт дархлаа бий болдог бол банкны секторт эх үүсвэр нэмэгдүүлдэг. Эх үүсвэр хүрэлцээтэй байх нь зээлийн санхүүжилтийг өргөтгөх бололцоо олгодгийг бид мэднэ. Хадгаламж өссөнөөр түүний төлөөх өрсөлдөөн буурах, улмаар зээлийн хүүг бууруулах эерэг талтай. Энэ аянд арилжааны банкуудын оролцоо, санаачилга чухал гэдгийг онцолмоор байна” гэж тодотгосон юм.

ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛДЭГ АЯНУУДАД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН БАЙГУУЛЛАГУУДЫГ ТОДРУУЛАВ

Монголбанкнаас банкны салбарын хэмжээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг “Ятгах тусам нягтал-2021”, “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аянуудад идэвхтэй оролцсон байгууллагуудыг тодруулж, талархлаа илэрхийлэв.

Залилах болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Ятгах тусам нягтал-2021” аяныг Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо, арилжааны банкууд хамтран 2021 оны долдугаар сарын 19-нөөс аравдугаар сарын 31-нд амжилттай хэрэгжүүлсэн.

Энэ хүрээнд тус аянд идэвх санаачилгатай оролцсон дараах байгууллагуудыг тодруулж, шагнав. Тухайлбал, Арилжааны банкуудаас: Тэргүүн байр: ХААН банк, Монголбанкны орон нутгийн хэлтэс, салбараас: Тэргүүн байр: Дорноговь аймаг дахь Монголбанкны салбар, Дэд байр: Архангай аймаг дахь Монголбанкны салбар, Гутгаар байр: Өмнөговь аймаг дахь Монголбанкны хэлтэс Цагдаагийн байгууллагуудаас: Тэргүүн байр: Увс аймгийн Цагдаагийн газар, Дэд байр: Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2-р хэлтэс шалгарав.

ГОЛОМТ БАНК ТЭРГҮҮЛЖ, ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК УДААЛЖЭЭ

Мөн 2012 оноос хойш тэмдэглэж буй “Дэлхийн хуримтлалын өдөр” аяныг энэ жил Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Бүгдээрээ хуримтлуулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн.

Аяны хүрээнд жил бүрийн аравдугаар сарын турш арилжааны банкууд болон Монголбанкны орон нутаг дахь салбар, нэгжүүд хуримтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг болох “тэмээ”-г сурталчлах зэрэг олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг.

“Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аянд идэвх, санаачилгатай оролцсон дараах байгууллагуудыг тодруулж, шагнав. Тухайлбал, Арилжааны банкуудаас: Тэргүүн байр: Голомт банк, Дэд байр: Худалдаа, хөгжлийн банк, Гутгаар байр: Богд банк. Монголбанкны орон нутгийн хэлтэс, салбараас: Тэргүүн байр: Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар, Дэд байр: Өвөрхангай аймаг дахь Монголбанкны хэлтэс, Гутгаар байр: Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбар шалгарчээ.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж