Ардчилсан намаас /АН/ цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.12.30/ мэдээлэл хийлээ.
АН-ын дарга асан С.ЭРДЭНЭ:
-2021 онд хүний эрх ноцтой зөрчигдсөн. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь хүний заяагдмал эрх. Харамсалтай нь энэ чиглэлээр эрх баригч нам маш хангалтгүй ажиллаж ирсэн. Ардчилсан Монгол Улсын хувьд байж боломгүй хүний эрхийг зөрчсөн алдаа, дутагдал олон гаргасан гэдгийг онцолж хэлье. Өнөөдөр эрх баригч нам хүний эрхийн талаар гоё сайхан зүйл ярьж байгаа боловч бодит амьдрал дээр хүний эрхийг хангасан бодит алхмыг хийхгүй байна. Тиймдээ ч жагсаал цуглаан зохион байгуулах, хүчний байгууллагуудын иргэдтэй харьцах харилцаа, иргэдийн эрх чөлөөг хамгаалах тал дээр явуулж байгаа төрийн бодлого алга. Харин эсрэгээрээ иргэний эрх, эрх чөлөөнд халдсан үг хэлэх эрх чөлөөг нь хязгаарлах чиглэл рүү явж байна. Зарим хууль хүчний байгууллагуудын удирдлагууд хүний эрхийн асуудлыг үүрэг хариуцлагатай нь холбож мушгин гуйвуулж тайлбарлаж байна.
Тиймээс АН-аас УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хуулийн төслийг шилжүүлэн өгч байна. Энэ хуулийн төсөлтэй танилцаад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүрэн эрхийн хүрээнд хуулийг боловсруулж УИХ-д өргөн барьж хэлэлцэж батлуулна гэдэгт итгэлтэй байна.
Дээрх хуулийн төсөл нь олон улсад жишиг болсон хууль юм. Аливаа иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг нь хуулиар хамгаалдаг. Харин хууль сахиулах байгууллагууд иргэний үзэл бодлоо илэрхийлэх, жагсч цуглах эрхийг хангах чиглэлд ажилладаг. Гэтэл өнөөдөр Монголын хууль хүчний байгууллагууд үгээ хэлж, жагссан иргэдийн эрхийг хязгаарладаг болсон. Шуудхан хэлэхэд эрх баригчдыг хамгаалах бодлого явуулж байна. Харин Арчилал хөгжсөн бусад улсад үзэл бодлоо илэрхийлж жагсаал цуглаан зохион байгуулсан иргэдийн аюулгүй байдлыг хангадаг.
Үүнээс гадна УИХ Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн эасагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгахаар боллоо. Нийгэм эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийг арилгах төрөөс бодит дэмжлэг хэрэгжүүлэх чиглэлээр явуулах бодлогыг АН дэмжинэ. Харин иргэний эрх чөлөөг хязгаарласан, үгээ хэлэх, зорчих, бизнес эрхлэхийг хязгаарласан чиглэлээр Цар тахлын хуулийг ашиглахыг дэмжихгүй. Бизнесүүдийг төрийн дарамтаас арилгах, бизнес чөлөөтэй эрхлэх нөхцөл бүрдүүлэх замаар ажлын байрыг дэмжих төрийн бодлого явуулах нь илүү үр дүнтэй. Ер нь Цар тахлын хуулийг зайлшгүй сунгах шаардлагатай байсан гэж бодохгүй байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ:
-Иргэний эрх чөлөөний тухай хуулийг яаралтай батлуулахаар ажиллана. Энэ хууль өнөөгийн нөхцөл байдалд ус, агаар шиг хэрэгтэй хууль. Энэ онд иргэдийн эрх чөлөө олноор зөрчигдсөн. Гэхдээ бид харж суугаагүй хамт тэмцсэн. Эрүүл орчинд амьдрах иргэдийн эрх Улаанбаатарт зөрчигдөж байна. Хамтарч зүтгээд Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө эдлэх боломж байна.