Хөлбөмбөгийн домогт тамирчин асан Диего Марадонагийн дүү Хьюго Марадона 52 насандаа зүрхний шигдээсээр таалал төгсчээ. Тэрээр ахын адилаар мэргэжлийн хөлбөмбөгчин байсан бөгөөд орон нутгийн цагаар өнгөрөгч Мягмар гаригт Италийн Неаполь хотын ойролцоох гэртээ амьсгал хураасан гэнэ.
Диего Марадона 1984-1991 оны хооронд Неаполь хотын Наполи багт тоглож байв.
Өнөөдрөөс 13 сарын өмнө Диего Марадонагийн зүрх зогсч, тэрээр 60 насандаа тэнгэрт дэвшиж, дэлхийн хөлбөмбөгийн фанатуудыг гуниглуулсан билээ. Түүний дүү Хьюгогийн хувьд тамирчин ахуйдаа Итали, Испани, Япон, Аргентин, Канад улсуудын багт тоглож байсан аж.
Хьюго 1987 онд ахыгаа даган Наполид нэгдсэн ч өөрийгөө хангалтгүй сайн харуулж чадаагүй. Тэрээр Японы Ависпа Фүкүока, ПЖМ Фүтүрэс зэрэг багуудад замналынхаа оргил үзүүлэлтийг үзүүлж, гол тоглогч нь байжээ.
Наполи багийн гаргасан мэдэгдэлд “Багийн ерөнхийлөгч Аурелио Де Лаурентис, дэд ерөнхийлөгч Эдоардо Де Лаурентис болон бусад багийн албаны хүмүүс, дасгалжуулагчийн баг, тамирчид, Наполийн багийн бүхий л хөгжөөн дэмжигчид Марадонагийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна” гэжээ.
Холбоотой мэдээ