Чуулган: Цар тахлын хуулийг 6 сараар сунгалаа

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Цар тахлын хуулийг 6 сараар сунгалаа

Чуулган: Цар тахлын хуулийг 6 сараар сунгалаа

УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Пүрэв /2021.12.30/ гаригийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд,

  • “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/
  • “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэнэ.

 

 

12 : 44
2021-12-30

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төмөр замаа яаралтай ашиглалтад оруулна  

Дараа нь Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар  хэлэлцлээ. Төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

-Засгийн газраас Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, "Алсын хараа-2050" хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг хэрэгжүүлэх шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолын төслийг өргөн барьж байна. Шинэ сэргэлтийн бодлого нь

  • Боомтын сэргэлт
  • Эрчим хүчний сэргэлт
  • Аж үйлдвэржилтийн сэргэлт
  • Хот хөдөөгийн сэргэлт
  • Ногоон хөгжлийн сэргэлт
  • Төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан багц асуудлаас шийдвэрлэнэ.

Тогтоолын төсөлд эхний ээлжид  зайлшгүй өргөн барих шаардлагатай 28 хуулийн төслийг хавсаргалаа. Дэлхий даяар цар тахлаас үүдэн экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн нэн хүнд үед эдгээр асуудлын үндсэн шийдэл болсон  Шинэ сэргэлтийн бодлогын талаар хэлэлцэж байна. Монгол Улс 1992 оноос хойш цар тахлын нөлөөгөөр эдийн засаг 5.3 хувь хүртэл агшлаа. Цар тахал хэчнээн их хувьсан өөрчлөгдөхийг ДЭМБ тодорхойлж чадахгүй байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт, омикрон вирусийн тархалт ирж буй 2022 оны томоохон сорил болно гэдгийг дэлхийн банк санхүүгийн байгууллагууд онцолж байна. Цар тахлын нөхцөл байдал ер бусын нөхцөл байдал учраас мөн ер бусын шийдлийг ч эрэлхийлж байна. Монголчууд бид энэхүү сорилтоос  гарах цор ганц арга зам нь экспортын өсөлт болж байна. Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйл болсон суурь дэд бүтцийн засаглалын асуудлыг шийдвэрлэхэд эхний ээлжид 57 их наяд, бүрэн шийдвэрлэхэд 100-120 их наяд шаардлагатай. Манай улс хуурай замын 42 боомт, агаарын замын нийт дөрвөн боомттой. ОХУ-тай 29, БНХАУ-тай 13 боомтоор хиллэдэг. Одоогоор автозамаар долоо, төмөр замаар гурав, агаар замаар нэг боомт холбогдож байна. Боомтын хүчин чадлаар дэлхий 160 жагсаалтаас 130-т жагсч байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Засгийн газраас ирэх онд Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ашиглалтад оруулна. Ханги, Бичигт, шивээ хүрэн, Арцсуурь боомтыг ашиглалтад оруулахаар энэхүү хөтөлбөрт тусгалаа. Ингэснээр 5600 км урттай төмөр замын сүлжээтэй болж Ерөнхийлөгчийн дэвшүүлж байгаа транзит Монгол Улс болох ёстой. Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлуудыг Алтанбулаг Замын-Үүд боомтуудыг холбосон 989 км хурдны зам барихаас эхлэх боломжтой гэж үзэж байна. Боомтуудын өрсөлдөх чадвар нэвтрэх урсгалыг сайжруулж эдийн засагт түшиглэсэн шинэ хотуудыг байгуулах шаардлагатай байна. Шинэ нисэх буудлыг Ази Европыг холбосон дамжин өнгөрөх бааз болгон өргөжүүлж дэлхийн хэмжээний иргэний болон ачаа тээврийн компаниудтай нээлттэй харилцан ашигтай түншлэн ажиллах шаардлага байна.

Шинэ нисэх буудлыг Ази Европыг холбосон дамжин өнгөрөх бааз болгон өргөжүүлж дэлхийн хэмжээний иргэний болон ачаа тээврийн компаниудтай нээлттэй харилцан ашигтай түншлэн ажиллах шаардлага байна. Боомтын боомтыг тайлах нь цар тахлын хөгжлийн суурь болох юм. Бие даасан улсын нэгэн салбар нь эрчим хүчний салбар. Гэтэл эрчим хүчний салбар эрчээ алдаж дулааны шугамын асуудлыг бүрэн шийдвэрлэхгүйгээр газар дээрх бүтээн байгуулалт хийх боломжгүй. 1986 онд ДЦС-4 бариснаас хойш нэг ч цахилгаан станц шинээр барьсангүй. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хоёр улсыг холбосон агаарын шугам сүлжээ барихаар тусгасан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг дуусгаж Эгийн голын цахилгаан станцыг дуусгах шаардлагатай. ОХУ-аас БНХАУ руу өнгөрөн байгалийн хий байгуулах төслийн Шинэ сэргэлтийн бодлогод тусгалаа. ДЦС-3 өргөтгөл Тавантолгой, Амгалангийн цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Ингэж чадвал аж үйлдвэрийн бүтээн байгуулалт хийх суурь нөхцөл бүрдэх юм. Бид хийж чаддаггүй зүйлээ сурахаас илүүтэй чаддаг зүйлээ сэргээх нь тулгамдсан асуудал болжээ. Мал аж ахуйн орон атал жилд 15 сая арьс шир боловсруулж чадахгүй хаяж байна. Аж үйлдвэржилтийн сэргэлт бол улс орны бие даасан байдлыг илэрхийлэх тул Шинэ сэргэлтийн бодлогод тусгалаа. Дарханы арьс шир боловсруулах төв болон татан авах төвүүдийг 2024 оноос өмнө ашиглалт оруулах шаардлагатай. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж шатахууныг дотооддоо үйлдвэрлэхийг энэ хөтөлбөрт тусгалаа. Суусан Улаанбаатарыг алхаатай Улаанбаатар болгох нь нэн тэргүүний зорилт болоод байна. Улаанбаатар хот дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг дангаараа бүрдүүлж байна. Нэг үгээр хэлбэл, Улаанбаатар нэг улсын дайтай болсон. Нийслэлийн түгжрэл өнгөрсөн 30 жилийн тогтворгүй байдал, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын арчаагүй байдлын төлөөс юм. Шулуухан хэлэхэд өвчний голомтыг бүрдүүлж буй зарим асуудлыг багахан өвдөлт өгөхөөр шийдвэрлэхийг үгүйсгэхгүй. Хотоос хөдөө рүү нүү гэхэд хэн ч очихгүй нь ойлгомжтой. Тогтолцооны томхон шинэчлэлт бидэнд хэрэгтэй. Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний шинэ суурьшлын бүсэд Хархорин хотод байгуулах судалгааг тусгасан. Аймгийн төвүүдийг бие даасан хотууд болгох, орон нутгуудийн эрх мэдэл үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, экспортлогч улс болохын төлөө шинэ хоршоо хөдөлгөөнийг байгуулах шаардлага үүсч байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, гурван чиглэлд 40 км барих ажлыг ирэх онд багтаан барих шаардлагатай. Богдхан уулыг тойрсон 136 км төмөрзамтай болсноор худалдааны томоохон төвүүдийг үе шаттай нүүлгэх суурь нөхцөл бүрдэнэ. Ирэх оноос Баянхошуу, Сэлбэ төвийг холбосон 76 км зам барих ажлыг эхлүүлнэ. Ногоон хөгжлийн зорилтыг одоо л тодорхойлохгүй бол болохгүй нь. Төсвийн орлогоо нүүрсээр бүрдүүлдэг манай улсын хувьд хүндхэн сорилт юм. Байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдсээр байна. Дэлхийн дулаарал сүүлийн 100 жил нэг хэмээр нэмэгджээ. Иймд тэрбум мод цаг үеэ олсон чухал шийдвэр гэж үзэж байна.Энэхүү хөдөлгөөнд нэгдсэн аж ахуйн нэгжүүдийг дэмжих, байгаль орчныг хамгаалах хог хаягдлыг цэвэрлэх зэрэг асуудлыг ажлын үнэлгээнд тусгасан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөх морь хөтөлбөрийг хэрэгжүүлж ширгэсэн гол мөрнүүдийг сэргээх зэрэг цөөнгүй ажлыг хийнэ. Нийслэл, аймаг орон нутагт хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг байгуулах төслийг Шинэ сэргэлтийн бодлогын хөтөлбөрт тусгалаа. Улсын хөгжлийг боомилж буй гол хүчин зүйл төр өөрөө болжээ. Төр аж ахуйн нэгжүүдийг боомилох биш дэмжих учиртай. Энэ цаг үеийн шинэ сэргэлтийн бодлого алдаа дутагдлаа засч төрийн бүтээмжийн хурдыг сайжруулахад чиглэж байна. Ийм лбайх ёстой гэж дассан олон хэвшсэн сэтгэглгээнүүдийг даван гарна. Улсын төсөв арваннэгдүгээр сард батлагддаг, тендер сонгон шалгаруулалт шүүхийн маргаан гэж явсаар намартай золгодог. Яагаад зун намрыг бүтээмжтэй ашиглаж болохгүй гэж. Шүүхийн маргааны үйл явцыг ил тод болгож чадахгүй гэж. Иймд төр иргэн аж ахуйн нэгж хамтран шийдэл олох нь нэн чухал. Цахим үндэстэн хөтөлбөрийг яаравчлах нэн шаардлагатай. Төрийн хяналт шалгалтын давхардсан тогтолцоог багасгаж, аж ахуйн нэгжүүдийн үр ашгийг сайжруулж олон нийтийн хяналт руу шилжүүлнэ. Авлигатай хийх ажлыг эрчимжүүлнэ.  Төрийн албан хаагчид орлогоосоо давсан тансаг хэлбэрийг чангатна. Авлига албан тушаалтны хэргийг чангатгана. Батлагдсан хууль заавал хэрэгждэг байх ёстой. Төр хөгжлийг гацаагч удаашруулагч биш дэмжигч хурдасгагч байж үйлчлэгч төр байх ёстой. Эдийн засгийг богино хугацаанд сууриар нь тэлж, ,шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадвал 2025 онд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр хангагдхад чухал нөлөө үзүүлнэ. Эдийн засаг хоёр дахин томрох боломжтой. Эрүүл мэнд боловсролын хүрээ сайжирч, чинээлэг дундаж давхарга тэлж амьдралын чанар сайжирна гэдэгт итгэж байнха. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь эдийн засгийн шинэ бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Цар тахлын нэн хүнд сорилттой тулгарсан энэ цаг үед та бид ажиллаж байна. Шүүмжилж гомдолллож талцаж маргалдаад энэ хямралыг давж чадахгүй. Эв нэгдэлтэй байж эдийн засгаа сэргээж энгийн амьдралаа эргүүлэн амьдрах ганцхан боломж бий. Ардын намын Монгол, Хүн намын Монгол гэж байхгүй. Монгол Улсын төлөө нэгэн эрх ашигтай билээ. Монголчууд бид хүнд үедээ эвлэлдэн нэгдэж хүндрэл бэрхшээлийг даван туулдаг ард түмэн билээ.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцууллаа.

-Засгийн газраас энэ оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр УИХ-д нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг эдийн засгийн Байнгын хороо 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Төсөл санаачлагч цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, урт хугацааны хөгжлийн бодлого тусгажээ. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр Монгол Улсын Алсын хараа-2050, хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилтуудад хүрч эдийн засаг зургаан хувьд хүрч, цар хүрээ тэлсэнээр ажлын байр нэмэгдэж, Монгол хүний цалин орлого өсч, чинээлэг дундаж давхарга тэлэх, иргэдийн амьдрах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчийн зүгээс үзсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар дээрх тогтоолын төслийг хэлэлцэх явцад Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар  Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдүгээр хавсралтад 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм гэж тодорхойлсон ч хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.6.5-т заасан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилго, зорилт, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа бүхий тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх гэсэн шалгуурыг хангаагүй, мөн хуулийн 5.5.2-т заасан тодорхой зарчмууд болох судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх зорилго зорилтод хэмжигдэхүйц байх, төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн байх, шалгуур үзүүлэлт нь зорилготой нийцэж байх, оролцогчдын хариуцлагын зарчмыг тус тус баримтлаагүй энэ нь хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 9.9.2-т заасан УИХ, Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1 дэх хэсгийг 7-д заасан хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор энэ хуульд заасан зарчмыг баримтлаагүй, шаардлага хангаагүй хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн төслийг УИХ хэлэлцэн батлахгүй байх гэснийг зөрчихөд хүрч байгаа талаар анхааруулж тогтоолын төслийг боловсруулсан ажлын хэсгээс өргөн мэдүүлсэн төсөл, хуульд нийцүүлж буй талаар асуулт асууж хариулт авсан болно. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

-Шинэ сэргэлтийн бодлого нь эдийн засгийг урт хугацаанд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө гэж харж байна. Энэ бодлогыг дэмжиж байгаа ч санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэх вэ. Маш их хэмжээний санхүүжилт шаардлагатай гэж харж байна. Хоёрдугаарт, орон нутгийн бодлогыг уялдуулмаар байна. Эрчим хүчний хувьд хараат бус байх тухай яригдаж байна. Орон нутагт зарим аймагт эрчим хүчний туйлын хүнд байна. Сэлэнгэ аймаг дахь дулааны цахилгаан станцын асуудлыг хоёр дахь жилдээ би ярьж байна. Улсын бодлого хэлэлцэж байхад эсэргүүцдэг асуудал газар авч байна. Үүнийг цэгцлэх ёстой. Энэ асуудалд арга хэмжээ авах ёстой.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Энэ удаагийн тогтоолын төсөл нь таван хавсралттай. Үүний гуравдугаарт, энэ бодлогыг дэмжих, зорилтуудад хүрэх 20 төсөл бий. Эдгээр төслийг эхний ээлжид хэрэгжүүлэхэд 50-87 их наяд шаардлагатай бол нийт 100-120 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэж Ерөнхий сайд илтгэлдээ тусгалаа. Энэ их хөрөнгийг төсөв дийлэхгүй. Иймд иргэн аж ахуйн нэгж төрийн хамтын ажиллагаа, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа шаардлагатай. Үндсэндээ төр засуул хийнэ гэсэн үг.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

-Эрчим хүчний чиглэлээр Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтын хүрээнд 7 эх үүсвэрт дулааны эх үүсвэр барихаар есөн бүс нутгийн хэрэглээг шинэ эх үүсвэрүүдтэй холбох магистрал шугамуудыг шинээр барьж ашиглалтад оруулахаар тусгагдсан. Эрчим хүчний салбарыг шинэчлэх шаардлагатай олон ажил байгааг ангилсан. Орон нутгийн шинж чанартай эх үүсвэрүүдийг төсвийн хөрөнгөөр хийхээр төлөвлөж байна. Сэлэнгэ Энерги дулааны цахилгаан станцын тухайд энэ жил орон нутгийн өмчтэй халаалтын зууханд өгдөг засварын ажлын мөнгийг тусгасан байгааг та мэднэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймагт дулааны эх үүсвэр барьж өргөжүүлнэ. Цаашид 10 аймагт барих  дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Нэг аймгийн эх үүсвэр шүүхийн маргаантай байна. Мөн нэг аймагт дулааны цахилгаан станц барих ажлын тендерийг ирэх оны нэгдүгээр сард зарлана.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж байна. Төсвийн орлогыг бүрдүүлэх нь зөвхөн Сангийн сайдын ажил биш. Ялангуяа эдийн засгийн чиглэлийн Уул уурхай, зам тээврийн хөгжлийн яам, хүнс хөдөө аж ахуй, эрчим хүчний сайд нарын томхон ажил. Уг нь сайд нар орлого нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар жилийн өмнөөс ярьж байсан бол өдийд үр бүтээлтэй байх байлаа. Цаг хугацааны хувьд, хуулийн төслүүдийг 2022 оны нэгдүгээр сараас өргөн барьж, хууль хэрэгжих гэсээр байтал 2022 оныг алдах вий гэхээс болгоомжилж байна. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих вэ. Татвар нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулиар бизнес эрхлэгчдэд ямар дэмжлэг ирэх вэ. Хууль батлагдах хүртэл бизнес эрхлэгчид юуг бэлдэх ёстой вэ. Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт байгаа юу. Ямар бараа бүтээгдэхүүнд НӨАТ-ын татвараас чөлөөлөх вэ. Ажлын байрыг хэр ир дэмжих вэ?

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа

-Нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөлт чөлөөлөлт сайн өгсөн. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл банк санхүүд байршуулаагүй сангийн нөхцөл хүнд байна. 2020 оны дөрөвдүгээр сараас 2021 оны долдугаар сар хүртэлх хугацаанд 38.9 мянган аж ахуйн нэгж байгууллага 580 мянган даатгуулагч 813.8 тэрбумын шимтгэлийн хөнгөлөлт чөлөөлөлтийг нийгмийн даатгалын сан дааж гаргасан байна. Энэ хугацаанд мөн 44 тэрбумын нийгмийн даатгалын шимтгэл торгууль алдангийг чөлөөлсөн. Үйл ажиллагааг нь зогсоосон, борлуулалтын орлого нь буурсан 7.2 мянган ажил олгогчийн 80 гаруй мянган даатгуулагчийн 44.1 тэрбумын хөнгөлөлтийг ажилгүйдлын даатгалын сангаас олгосон. Цаашид нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх ёстой байсан хуваарийг хүртэл цуцалж, тэтгэврийн шимтгэлийг 17 хувьд тогтоосон нөхцөл байдалтай байгаа цаг үед дахин нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх, чөлөөлөх ойрын болон  хэтийн төлөвлөгөө энэ бодлогын хүрээнд байхгүй. Харин Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд нийгмийн даатгалын чөлөөт сангийн үлдэгдлийг арвижуулах, хэрхэн яаж хөрөнгө оруулалт хийх вэ, хөрөнгийн зах зээлд эргэлдүүлэх боломжийг нээлттэй болгож өгснөөр тухайн нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдөд өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Энэхүү төсөлд зөвхөн эдийн засаг, засаглал гэдгээр нь хязгаарлах нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. Бид аливаа асуудалд эх үүсвэр байхгүй, нийгмийн асуудлаа шийдье, тойрогтоо жаахан төсөв нэмье гэх зэргээр суурь асуудлаа шийдэхгүй сүүлийн 30 жил өнгөрчээ. Бид эрчим хүчний доод эх үүсвэртэй холбоотой хэрэв 39 градусаас илүү хүйтэрвэл нийслэл эрчим хүч дулаан тэг зогсоно. Бидний хувьд үнэ чөлөөлөхгүй, эрчим хүчний салбар ямар ч хөрөнгө оруулалтгүй явжээ. Иймд зөвхөн 20 төслийн хүрээнд аж үйлдвэржилтийн төслөөр хэрэгжүүлье гэж бодсон юм. Бусад асуудлыг шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өөр хөтөлбөр гаргаж болно. Гагцхүү энэ бол орлого олох тухай л төсөл. Хэрэв эдийн засаг сууриараа тэглэвэл одоогийн 50 их наядын эргэлт 100-д хүрвэл эдийн засгийн өсөлт 6-7 хувьд хүрч, экспортыг нэмэгдүүлбэл Монгол гэдэг айл орлоготой болж эдийн засаг  илүү тэлнэ гэсэн үг. Эдийн засаг суурь бүтцээрээр тэлбэл жижиг дунд үйлдвэрлэгчдэд том дэмжлэг болно. Энэ нь татвар, төсөв болно. Тиймээс эдгээр асуудлыг шийдэх нь одоогийн төсөл юм. Бид өнгөрсөн хугацаанд  бүх асуудлыг зэрэг эхлүүлэх гэж оролдсоор юу ч хийгээгүй. Том төслүүдээ хар. Таван жилийн өмнө эхлүүлсэн Гашуунсухайтын төмөр замын төсөл одоо ч дуусаагүй байна. Уурхайн аман дээрээс 60 ам.доллараар авч хилийн цаана 200 ам.доллар болгох боломжоо талцаж маргасаар байгаад Гашуунсухайтын боомт хаагдлаа, улсын төсөв шууд тасрахаар байгаа учраас Сангийн сайд өглөө бүр нүүрсний мэдээ авдаг. Ийм л нөхцөл байдалд Монгол Улс байна. Хүнс нь нэг боомтоос хамааралтай. Үүнийг л шийдэх ёстой. Гашуунсухайт-Ханги Мандалын боомтод шинээр төмөр зам ашиглалтад орох ёстой. Төмөр замаа холбоё. Бичигтийн боомтыг шинээр оруулъя, ачаа тээврийн эргэлтийг нэмье. Ядахдаа Алтанбулаг-Замын-Үүдийг хурдны замаар холбоё. Бусад зүйлүүд нь аяндаа шийдэгдэнэ. Ингэснээр цар тахал болон инфляцын том давалгааг шийдэх боломжгүй. Халамж тараагаад төсөв дийлэхгүй болсон. Халамжийн асуудлаа цэгцлэхгүй бол ажил хийх хүн олдохгүй болсон. Төмөр замаа шийдэхгүй бол автозамын төслүүд гацаж эхэлсэн. Хэчнээн их зүйл эх орондоо үйлдвэрлэсэн ч далайд гарцгүй, агаарын тээвэр үнэтэй. Төмөр замаа холбохгүй бол эдийн засгийн хараат байна. Тиймээс илүү их зорилтот төвлөрлийг шаардна гэж УИХ-аар батлуулах гэж байгаа юм. Энэ хууль батлагдсанаар 47 хуульд нэмэлт өөрчлөлт орно. Үүнд бид хамтдаа ажиллах хэрэгтэй. Бидний хувьд хөгжлийн чөдөр тушаа болж байгаа бол цэгцлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Хууль болж батлагдвал хөтөлбөр хэлбэрээр орж ирэх юм байна. Хуулийн зорилго сүүлийн 10 жил тогтмол байсан эдийн засгаа хөгжүүлье гэж ойлгож байна. Ойрын хугацаанд эдийн засгаа хэрхэн хөгжүүлэх юм. Богино хугацаанд чөдөр болж буй тээвэр логистикийн асуудлыг цэгцэлнэ гэж ойлгож байна. Хэрэв тээвэр логистикийн асуудлыг шийдвэр экспортын хэмжээ хэр их нэмэгдэх юм. Төрийн өмчит компаниудын 30 их наядын хөрөнгийг үр ашигтай зарцуулбал өгөөж гарах байх гэж тооцож байна. Нийт хөрөнгө нь хэр их байна.  Үр өгөөжийг хэрхэн харж байна вэ. Тоон үзүүлэлт бий юу? Хоёрдугаарт, Завханд үйлдвэрлэл явуулах найдвартай эх үүсвэр байхгүй. Тосонцэнгэлд 30мв эрчим хүчний үйлдвэрлэл барья гэж байна. Үүнд төр ямар дэмжлэг үзүүлэх вэ. Уул уурхайн сайд Г.Ёндонгоос асуухад, орон нутагт уул уурхай ашиглалтын олон лиценц бий. Том төслүүдээ хөдөлгөхөд тусгай зөвшөөрлийг төслийн хүрээнд яаж хөдөлгөх юм. Компаниудыг хувьчилж санхүүжилтийн эх үүсвэр гарах болов уу. Ард түмэнд халамжийн оронд хувьцаа өгье.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Шинэ сэргэлтийн бодлого нь дунд хугацааны хөтөлбөр юм. Бүтээн байгуулалтад эхний таван жил, цаашид эдийн засгийн үр өгөөжүүд нь гарах ёстой. Богино хугацаанд төсвийн бодлогоор эдийн засгийн тэлэлт хөгжлийг баталдаг. 2022 оны төсөвт эдийн засгийн суурийг тэлэх, бүх сувгуудийн тэлэлтийг дэмжих суурь бодлогууд төсвийн бодлогод шингэсэн. Энэ нь богино хугацааны бодлого юм. Боомтын тухайд, боомтуудын өнөөгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд 20 төслийн зургаад тусгасан. Эдгээр  нь томоохон төслүүдэд чиглэсэн. Өөрөөр хэлбэл, боомтуудын зангилаа нь дотоод эдийн засаг, дэд бүтцээр холбогдсоноор экспортыг дэмжих төсөл болно. Иймд боомтын хүчин чадлыг хамгийн багадаа хоёр дахин нэмэгдүүлнэ гэж тооцож байна. Монгол Улс жилд экспортоос долорн тэрбумын орлого олдог. Боомтоос шалтгаалж байгаа нь экспортын орлогын 80 гаруй хувийг эзэлж байна. Эдгээр төслүүд амжилттай хэрэгжвэл экспортын орлого хоёр дахин буюу 10-14 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлснээр ДНБ-ий хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм. Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд нийт баланс одоогоор 32 их наяд бий. Үүний дотор "Оюутолгой", "Эрдэнэт" үйлдвэр багтаж байна. Хамгийн чухал нь, төрийн өмчийн үйлдвэрийн газруудын үр өгөөжийг нэмэгдүүлэх. Энэ нь мөн л төрийн бүтээмж дотор багтсан хөгжлийн асуудал. Эдгээр төрийн өмчийн газруудын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд арга хэмжээ авч эхэлсэн. Энэ хүрээнд дэд бүтцийн өөрчлөлт хийнэ. Стратегийн чухал ач холбогдол бүхий 32 аж ахуйн нэгжийг үлдээж бусдыг нь засаглалыг сайжруулах замаар бирж рүү гаргах, шаардлагагүй бол татан буулгана. Тиймээс 2022 оны төсөвт тодорхой суулгасан. Эдгээр арга хэмжээг ирэх онд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

-Баруун бүсийн эрчим хүчний цахилгаан хангамжийг шийдэхэд зургаан эх үүсвэрийг шинээр барьж ашиглалтад оруулахаар тусгасан. Эдгээр зургаан эх үүсвэр нь бүгд сэргээгдэх эрчим хүчний төсөл. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 90 мв, дунд, бага чадлын нар салхины эх үүсвэрүүд байгаа. Нийлбэр хүчин чадал нь, бодлогын бичгийг баримтад тусгаснаар 145 мВт-ын эх үүсвэрийн хүчин чадал баруун бүсэд нэмэгдэх боломж бүрдэнэ. Завхан аймгийн хувьд цахилгаан эрчим хүчний чанар хангалтгүй байгаа нь эрчим хүч дамжуулах дэд бүтцийн шугам хэт урт, ашиглалтын түвшин хангалтгүй байгаатай холбоотой. Иймд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахтай холбогдуулан Завхан руу Эрдэнэбүрэн Мянгат, Улиастай мянгат гэсэн 440 км урт 220 кв хүчин чадалтай цахилгаан станц барьж ашиглалтад оруулахаар бодлогын бичиг баримтад тусгасан. Бүс нутгийн тухайд цахилгаан хангамжийн төслүүд хэрэгжснээр бүрэн сайжрах боломжтой. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, гадаадын донор орнуудын хөрөнгө оруулалттай орон нутгийн шинж чанартай агаарын шугамыг шинэчлэхээр дэд бүтцэд тусгасан. Дэлхийн банкны санхүүжилтээр зургаан суманд цахилгаан хангамжийг шинэчилнэ. Энэ жил улсын төсөвт 12 тэрбумаар сумдын нам дунд хүчдэлийн  хэмжээг сайжруулахаар тусгасан. Эндээс тодорхой сумдыг оруулна. Тосонцэнгэлд баригдах дулааны эх үүсвэрээс эцсийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Харамсалтай нь, өнөөдрийн үнэ цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглэгчийн үнэ үйлдвэрлэлийн үнээс бага байгаа. Иймд бодлогын бичиг баримтад яаралтай цахилгаан дулааны эрчим хүчний бодлогыг тусгасан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Гашуунсухайтын төмөр замыг энэ намарт багтаан ашиглалтад оруулахад бид шахуу ажиллана. Монгол Улсыг айлаар зүйрлэвэл экспортоо нэмэгдүүлж л орлого олно. Хэчнээн ч хууль баталж болох ч хэрэгжүүлэх мөнгө байхгүй. Санхүүжилтэд хэрэв төр гай болохгүй бол санхүүжилт босгох боломжтой. Зүүнбаянгийн төмөр зам Гашуунсухайттай холбогдвол зэсийн ордууд өрсөлдөх чадвартай. Барья гэсэн аж ахуйн нэгжүүдтэй хамтран төмөр замын асуудлаа шийдэх хэрэгтэй.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Өрийн менежментийн алдааг давтаж болохгүй. Чингис бондыг бид төлж барагдуулж дууссан. Төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд богино хугацаанд өндөр хүүтэй бонд босгохгүй. Зээлжих зэрэглэлээ сайжруулбал төрийн хамгийн том дэмжлэг. Бид өр үүсгэж бонд авчирч буруу төсөлт хийхээс айх ёстой. Өр авчирч бонд босгож зөв төслүүдээ санхүүжүүлэх нь чухал.

12 : 31
2021-12-30

Чуулган: Covid-ийн хуулийг 6 сараар сунгалаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар covid-19-ийн цар тахлын тухай хуулийн хугацааг зургаан сараар сунгах эсэх хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Монгол Улсад covid-19-ийн цар тахал эхэлсэн цагаас молекул биологийн лабораторийг нийслэл болон орон нутагт өргөжүүлж, боловсон хүчнүүдийг бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, нийслэлийн 16 байршилд молекул биологийн лаборатори байгуулсан. Манайх дотооддоо омикрон хувилбарыг бүрэн оношлох боломжтой. Энэ долоо хоногийн сүүлээр эхний хариунууд гарч эхэлнэ. Ирэх 7 хоногийн эхээр Монголд Улсад ямар хувилбар тархаж байгааг зарлана. Манай улс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 90 гаруй судалгааны ажлуудыг хийсэн. Үүнээс 20 орчмыг цааш үргэлжлүүлээд явж байгаа. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд Шадар сайд анхаарч, хяналтаа тавьж ажилламаар байна. Төргийн албаны нөөцөд маш олон хүн бүртгэлтэй байхад гаднаас хүмүүс авчирч томилоод байгаа нь иргэдийн бухимдлыг үүгэж байна. Тиймээс Шадар сайд С.Амарсайхан төрийн албаны томилгоонд хяналт, шаардлагаа тавьж, төрийн албаны нөөцөөсөө томилгоо хийх ёстой шүү.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Хууль батлагдаад 2022 оны зургадугаар сарын 30 хүртэл хэрэгжих хугацаанд ЗГХЭГ, яамдууд ажлаа сайжруулмаар байна. Томилгооны асуудлаа хуульд нийцүүлэх, Монголоор нэг үүрэг гүйцэтгэгч нэртэй хүмүүсээ цэгцэл. Хууль тогтоомжоо хэрэгжүүлэхэд одоо анхаарахгүй бол мөнхөд цар тахлын хууль байх юм шиг явж болохгүй шүү. .

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Цар тахлын хуулийг сунгах нь зүйтэй. Дэлхий нийтийг хамарсан цар тахал маш хурдтай тарж байгаа энэ үед төсвийн захиран зарцуулагч нарт эрхийг нь олгохгүй бол ажлаа хийхэд хүндрэлтэй байна. Хүн бүрийг хардаж, ажлыг нь явуулахгүй байх нь хэнд хэрэгтэй юм бэ. Бидний байгуулсан Засгийн газар учраас итгээд, хуулийг сунгаад явах нь зөв болов уу. Удахгүй чуулган завсарлах учраас төсөв захиран зарцуулах эрхийг нь олгоод явах нь зөв гэж бодож байна. УИХ-ын гишүүд энэ томилгоон дээр их ярьж байна. Бид энэ Засгийн газраа байгуулсан байж араас нь шүүмжлээд байх юм. Эсвэл нэр устай баримттай яримаарг байна, гишүүд ээ. Дээрээс нь Засгийн газар халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэхэд онцгой анхаарч, хяналтаа тавьж ажилламаар байна. Хавтгайрсан халамж нь эзнээ олохгүй, байгаа онохгүй байна. Түүнээс гадна аж ахуй нэгжүүдийг нээлттэй байлгаж, үйл ажиллагааг нь дэмжиж, эдийн засгаа идэвхжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна шүү.

Ингээд хуулийн төслийг эцэслэн батлав. Ингэснээр covid-19-ийн цар тахлын үед хэрэгжих хууль 2022 оны зургадугаар сарын 30-н хүртэл үргэлжлэхээр болж байна. 

12 : 06
2021-12-00

Чуулган: Оюутолгойтой холбоотой тогтоолын төслийг батлав

УИХ-ын чуулганы хуралдаанаар "Оюутолгой"-той холбоотой тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР:  

-Байнгын хорооноос “Оюутолгой” ХХК-д хувьцаа эзэмшигчид болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх гэж оруулахаар аж ахуйн нэгж учраас цаашид үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт татах, зээл авах зэрэг асуудал нь төсөл батлагдснаар хаалттай болох уу. Хэрэв ийм нөхцөлд “Оюутолгой” ХХК цаашид хэрхэн хөрөнгө оруулалт авч үйл ажиллагаа явуулах вэ?

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын асуултад хариулъя. Хөрөнгө оруулалтын гэрээгээр “Оюутолгой” ХХК анхны хөрөнгө оруулалт хийснээс хойш үйл ажиллагааны орлогоор дараагийн бүтээн байгуулалтаа хийх ёстой. 2010 оны ТЭЗҮ-гээр 5.1 тэрбумын хөрөнгө оруулалтын 11 тэрбумын зардал гарна гэж тооцсон. Өөрөөр хэлбэл, 5.1 тэрбумаас бусдыг нь үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлэх ёстой. Гэхдээ Засгийн газартай зөвшилцөж үйл ажиллагааны орлогоор 2000 онтой харьцуулахад үнийн зөрүүгээр энэ жил нэг тэрбумын орлого олж байна. Дансанд нь 600 сая ам.доллар байгаа. Гэтэл 1.4 тэрбум ам.доллараар далд уурхайг ашиглалтад оруулах шаардлагатай гэж байгаа юм. Уг нь нэг тэрбум нь байхад манайхан тэдний өмнөөс санаа зовоод байна. Өөр нэгэн боломж нь өр үүсгэхгүй байх саналыг авсан нь форвард гэрээ хийх, урьдчилгаа борлуулалт хийх энэ бүгдийг нээж байна. Ингэснээр борлуулалтаар тодорхой хэмжээний урьдчилсан гэрээ байгуулж, өр үүсгэж санхүүжилт хийх боломж нээгдэнэ. Хоёрдугаарт, үйл ажиллагааны орлого, гуравдугаарт, хувьцааны ханш өссөн тул төрийн санг нэмэгдүүлэх, хувьцааны санхүүжилт хийх нь нээлттэй. Ийм гурван боломж бий. Ер нь анхны гэрээгээр бол үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлэх юм билээ. Гэтэл Дубайн гэрээ гэж өндөр хэмжээний зээлүүд авснаас болж, 2023 онд авах ёстой ногдол ашиг 2037 он болж хойшилсон. Одоо гуравдагч этгээдийн зээлийн тухай яривал 2051 он болно. Нийт 4.3 тэрбум ам.доллар шаардлагатай. Монгол Улс үнийн өсөлтийн рояльти төлдөггүй учраас энэ жил нэг тэрбум ам.доллар болж байна. Өөрөөр хэлбэл, 2020 онтой харьцуулахад борлуулалт нэг тэрбумаар илүү байгаа юм. Үнийн өсөлтөөс шалтгаалж байна.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Монголын ногдол ашиг хүртэх хугацаа наашлах уу үгүй юу. Анхны хэлэлцээрт 2023 оноос хүртэх ёстой гэж байсан. Дубайн гэрээгээр хугацаанд өөрчлөлт орж 2037 он болсон гэсэн. Одоо Дубайн гэрээ хүчингүй болчихлоо. "Рио Тинто" компани "Оюутолгой"-н 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэхээр боллоо. Тэгэхээр бидний ногдол ашиг хүртэх хугацаа наашлах уу?

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Ногдол ашиг хойшлуулсан асуудал бол Дубайн гэрээний 4.1 тэрбум ам.долларын зээлтэй холбоотой шүү дээ. 2023 он байсныг 2037 он болгосон. Хэлэлцээрийн явцад 4.1 тэрбум ам.долларын зээлийн өрийг яах вэ гэдгээс л шалтгаална. Манайх ашиглаагүй гэж үзэн аудитын дүгнэлтээр зээлүүдээс тэглэх боломж гарвал ногдол ашиг хүртэх боломж нь наашилна.

УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН:

-Зээл авахгүйгээр төслийг үргэлжлүүлэх гурван хувилбарыг хэллээ. Нэгдүгээрт, компанийн өөрийнх нь мөнгөн урсгалаар үйл ажиллагааг үргэлжлүүлэх тохиолдолд зэсийн үнэ өссөн энэ үед мөнгөн урсгал сайн байх нь ойлгомжтой. Уг нь бид өсөн нэмэгдэх рояалтиг хийснээр төгс болно. Одоогоор үнэ нь нэмэгдэх рояльти байхгүй, үнийн өсөлт байвал борлуулалт нэмэгдэж борлуулалтын орлогоор санхүүжилт хийж болох хувилбар байгаа юм. Гэтэл үнэ унавал яах вэ? Бидэнд Чалкогийн гашуун түүх бий. Хоёрдугаарт, бүтээгдэхүүний урьдчилгаа бол маш их үнэтэй шийдвэр. Чалкод 350 сая ам.долларын өрөнд орсон гашуун туршлага байгаа. Тэгэхээр бүтээгдэхүүнээ урьдчилж зарах уу аль эсвэл өөр хувилбар байх бололцоо бий юу. Гуравдугаарт, хувьцаа нэмж гаргаж болох ч хоёр талаас хувьцаа эзэмшигчдийн хувьцаа багасгавал зохицуулалтыг бүтэн олж харсан уу. 92 дугаар тогтоолоор хувилбарууд боловсруулах чиглэл өгсөн. Тэгэхээр хувилбаруудын харьцуулалт байна уу?

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Өөрөө 2023 он хүртэлх гэдгийг хараагүй бололтой. Наана чинь далд уурхайн бүтээн байгуулалтын ашиглалт дотор гэж бий. Тэгэхээр хоёр жилийн л асуудал яригдаж байна. Энэ хугацаанд зэсийн үнэ унахгүй. Яагаад гэвэл, цахилгаан машины хэрэглээ өсч байна, нүүрснээс татгалзаж сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа учраас зэсийн борлуулалтыг асар өндөр үнэд хүргэж байна. Бид олон улсын биржүүдийн санхүүгийн байгууллагуудын судалгаагаар зэсийн үнэ өндөр байна гэсэн тооцоо бий. Одоогоор ТЭЗҮ-гээр зэсийн  үнийг нэг тонныг 4500-аар тооцсон. Л.Энх-Амгалан гишүүний хэлдэг нь үнэн. Одоогийн нөхцөлд асар өндөр ашгаа зээл рүү шилжүүлчхээд байна. Өмнө нь 2013, 2014 онд нэг тэрбум ам.долларын олсон ашгаа хувьцаа нийлүүлэгчийн 980 сая ам.долларын зээлийг төлсөн. Гэтэл 500 сая ам.доллараар далд уурхайн бүтээн байгуулалтыг хийх ёстой атал хашрууд 500 сая ам.долларыг зээлийн төлбөр болгон хувиргасан. Одоо дахиад энэ түүхийг давтах гэж байна. Олсон ашгаа зээлийн төлбөр болгосноор ногдол ашиг 2050 он болж хойшлохоор байна. Бүтээгдэхүүний урьдчилгааны тухайд, одоо бидний авч буй 6.5 нэмэгдэхээс өндөр өртөгтэй байж чадахгүй. Энэ нь улирал тутамд тооцож байгаа, өндөр торгуультай. Ер нь зэсийн үнэ өндөр учраас бүтээгдэхүүний урьдчилгаа өгөх санал их байна. Зэс бол стратегийн бүтээгдэхүүн. Үүний дотор алт ч багтана. Зөвхөн зэсийн үнэ төдийгүй алтны үнэ ч өндөр байгаа. Гадаадын дуу хоолой нь болж болохгүй. Хэлэлцээрүүд амжилттай болбол жижиг хувьцаа эзэмшигчдийн итгэл ч бас сэргэнэ. Яагаад гэвэл, орлого олж буй голлох компаниа өрийн далайд живүүлэхэд жижиг хувьцаа эзэмшигчид төдийгүй бид ч ногдол ашиг олж чадахгүй. Өнгөрсөн хугацаанд 4.1 тэрбум ам.долларын зээл авсан. Гэтэл 5.8 тэрбум ам.долларын зээл, зээлийн хүүг төлсөн байгаа юм. Тэгэхээр “Оюутолгой” ХХК 4.1 тэрбумаар хөрөнгө оруулалт хийх боломжтой байсан. Зээл төлөгч болгож байгааг юунд нь дэмжиж, гадаадын талд үйлчилж байгаа юм. Монголд төрж өссөн бол ард түмний төлөө байх ёстой.

Тогтоолын төслийг эцэслэн баталсны дараа, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр, 

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулж нийт 23 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Түр хороо байгуулагдсан цагаасаа 11 удаа хуралдсан бөгөөд Засгийн газарт нийт дөрвөн удаа чиглэл өгч ажилласан. Түр хороо “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийн нөхцөлүүдийг тохирох, эцэслэсэн хувилбаруудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан амжилттай хамтран ажилласан гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Батжаргал, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн нар үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

-“Оюутолгой” 2009 оноос хойш шүүмжлэл дагуулсан нь үнэн. Попорч байгаад нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий. Нөгөө талд хүлээж авахгүй бол яах вэ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Өнөөдрийн тогтоол гарч байгаа нь тухайн үед эрх баригчдын алдааг засах зорилготой. Тиймээс “Эрдэнэт” шиг рояльти авахгүй. Цаашид рояльти авах ёстой. Дубайн гэрээ гэж ярьж байгаа ч үнэндээ Улаанбаатарын гэрээ. Дубайн гэрээний дараа УИХ-ын чуулганаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулахад гарын үсэг хүрээгүй. Хэрэв бид огцруулсан бол ийм асуудал яригдахгүй байлаа. Попорч байна гэж хэлсэн УИХ-ын гишүүд гарын үсгээ харамласан шүү дээ. Ногдол ашгийг 2037 он гэж яригдаж байгаа ч 2047 он юм билээ шүү. Сангийн сайдаа хэзээ ч ашиг авахааргүй зүйл хийсэн. Тэгэхээр үнэн үг хэлсэндээ попорсон юм биш, үнэнд гүйцэгдэж байгаа нь энэ. Монгол Улс хүлцэнгүй хонь шиг байж болохгүй.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Covid-19-ийн тухай хуулийн тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

 

10 : 20
2021-12-30

Түр хорооны санал дүгнэлтийг танилцуулав

“Оюутолгой” ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Энэ талаарх Монгол Улсын эрх ашгийг хамгаалах тухай УИХ-ын хурлын 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тухай шаардлагатай бол санал дүгнэлт боловсруулах үүрэг болгох түр хорооны санал дүгнэлт бүхий дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцуулав. Тэрбээр,

-УИХ-ын дарга, эрхэм гишүүдээ, Монгол Улсын Засгийн газраас 2021 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн УИХ-д өргөн мэдүүлсэн Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр түр хороонд шилжүүлсэн билээ. Түр хороо энэ оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Оюутолгой”-н ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны Дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасныг баримтлан тогтоолын төслийн 1.4 дэх дэд заалтын “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх гэснийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, “Оюутолгой” ХХК-д хувьцаа эзэмшигчид болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх гэж өөрчлөхөөр саналын томъёолол боловсруулсныг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналаар дахин санал хураалгах шаардлагатай гэсэн горимын санал гаргасныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны Дэгийн тухай хуулийн 42.2.3 дахь заалтыг баримтлан санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 нь дэмжсэн. Иймд тогтоолын төслийн 1.1 дэх дэд заалтын хувьд гэснийг “Эрдэнэс Оюутолгой”-д гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналыг томъёоллыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Түр хороо нэгдсэн хуралдааны олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төслийн холбогдох заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, найруулгын шинжтэй засварыг хийж эцсийн хувилбарт бэлтгэн тогтоолын төсөл болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг та бүхэнд тараасан болно. УИХ-ын эрхэм гишүүдээ “Оюутолгой” ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хувилбарын төслийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх төсөлд “Оюутолгой” ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах талаарх төслийн 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатай бол санал боловсруулж дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг хэлэлцэн шийдвэрлэж тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье.

УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсгийн гишүүдийг танилцуулав. Үүнд, Ажлын хэсгийн дарга Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Хуульз үйн дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ХЗДХЯ-ны Хуульзүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нар багтжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж