Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2021.12.30/ Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг хийж байна. Нийт 18 оролцогч бүртгүүлж, 10 оролцогч иржээ. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Д.Ганбат нар оролцож байна.
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа:
-ХЭҮК-ын одоогийн бүрэлдэхүүн бүрэн эрхээ хэрэгжүүлээд 13 сар өнгөрсөн байна. Энэ хугацаанд нийслэл хот, хөдөө орон нутагт зохион байгуулсан жагсаал цуглаан, суулт, өлсгөлөн зэрэг нийтийн эзэмшлийн талбайд үзэл бодлоо илэрхийлсэн 30 гаруй арга хэмжээ, жагсагчид хууль сахиулагчдын хооронд өрнөсөн зөрчил маргаантай асуудлыг ХЭҮК-ын гишүүд өөрсдийн санаачилгаар болон иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хянаж, ойроос ажигласан. Ингэхдээ тодорхой үйл явдалд хууль зүйн дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ үйл явдлыг үзэгдэл болох талаас нь тогтолцооны хувьд дүгнэхийг зорьсон. Монгол Улсад тайван жагсаал цуглаан хийх суурь шалтгаан хэврэг байгаа шалтгаан нь ялангуяа улс төрийн шинжтэй, төрийн бодлого үйл ажиллагааг шүүмжилсэн жагсаал цуглаанаас жийрхэх, цэрвэх, төрийн албан хаагчийн нийгмийн хандлага гэж үзсэн. Зүй нь ардчилсан улсын нийгмийн амьдралын хэвийн хэсэг байж, эсрэг тэсрэг үзэл бодлын уралдаан шүүмж нь эрх мэдлийг хянах боломжийг бодлого үйл ажиллагааг сайжруулах алдаагаа засах боломжийг төрд олгодог. Жагсаал цуглааныг ардчилсан нийгмийн үзэгдэл гэж хүлээж авах ойлголт төлөвшөөгүйн улмаас эрх зүйн зохицуулалт ч, хуулийг хэрэглэж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа ч жагсаал цуглааныг дэмжихэд биш намжаахад чиглэж байна гэсэн дүгнэлтийг ХЭҮК-ын дэд хорооны хэлэлцүүлэгт илэрхийлж байсан.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-1994 онд батлагдсан Жагсаал цуглаан хийх тухай хууль 27 жилийн дараа цаг үеэс хоцорсон, хууль хоорондын хэрэглээний зөрчил гаргадаг хууль болжээ. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд 14 дүгээр зүйлд цагдаагийн албан хаагчид Засаг даргын шийдвэргүйгээр тараах мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан цагдаагийн байгууллага жагсаал цуглааныг албадан тараахын өмнө энэ шийдвэрийг тухайн оролцогчдод уншиж танилцуулна гэсэн заалтуудыг хэрэгсэхгүй тараагаад байна. Цагдаагийн албан хаагчийн шаардлагууд жагсаал цуглаан хийх эрхтэй нийцэхгүй байна.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Гурван байгууллагын мэдээлэлд сүүлийн жилүүдэд жагсаал цуглааны тоо нэмэгдэж байгаа мэдээллийг өгч байна. Энэ юуг хэлж байна вэ гэхээр эрхийнхээ төлөө үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх илэрхийлэл илүү сайжирч байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож болно. Жагсаал цуглаантай холбоотой сүүлийн үед гарч буй асуудлууд сая тодорхой кейс дээр асуусан асуултад ЦЕГ-ын удирдлагууд хариулт өгөх нь зөв байх. Өнөөдөр бодит байдалд хууль эрх зүйн ямар шинэчлэл үгүйлэгдэж байгааг өнөөдрийн сонсголоор илүү их ярина. УИХ-ын 37 гишүүн гарын үсэг зурчхаад 10 хүрэхгүй гишүүн сонсголд оролцож байгаа нь харамсалтай байна. Уг хуульд гурван өөрчлөлтийн асуудал явж байгаа.
Уг хуульд гурван өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа. Нэг нь, УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ХЗДХЯ санал дүгнэлтээ гаргаад өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Н.Учрал гишүүний өргөн барьсан хуулийн төсөл Засгийн газрын санал дүгнэлтийг нэгтгэн танилцуулаад УИХ-д хүргүүлэх шатанд явж байна. Хоёрдугаарт, ирэх оны эхээр Зөрчлийн тухай хуулийг шинэчилсэн найруулга хэлбэрээр оруулж ирэхээр төлөвлөж байна. Бодит амьдрал дээр Зөрчлийн тухай хуулийн 5.9 дахь зүйлээр жагсаал цуглаан зохион байгуулагчдад торгууль шийтгэл ногдуулж байна. Энэ нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийг нарийвчилж тодорхойлж өгөөгүй. 2015 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулиар хуулийн санкцуудыг нэгтгэж батлуулсан. Үүнээс шалтгаалж, зарим зүйл давхарддаг, үйлдэл нь юу байх ёстойг нарийвчлан зааглаагүй байсныг сая ХЗДХЯ бүтэн жил сууж Зөрчлийн тухай хуулийг бүхэлд нь шинэчилсэн найруулга байдлаар оруулж ирж байгаа.
Улс төрийн соёл илүү тогтох ёстой. Гэхдээ тайван замаар жагсаал цуглаан хийх эрхийг хадгалж хангах тал дээр Хууль зүй, дотоод хэргийн яам цаг ямагт энэ чиглэл рүү бодлого баримталж байна. Д.Сарангэрэл гишүүнтэй олон зүйл дээр санал нэг байна. “24 цаг гэж өөрчлөхгүй болохоор жагсаал цуглаан нийгэмд тодорхой хэмжээнд үүссэн бухимдлыг гаргах гэж буй хүмүүс 72 цаг хүлээнэ” гэдэг нь төвөгтэй. Жагсаал цуглаан хийгчдийн үндсэн үүрэг бол та жагсаалаа хэзээ ч хийж болно. Ингэхдээ хамгийн гол нь эрх бүхий байгууллагад мэдэгд. Тайвнаар жагсаал цуглаан хийх үүргээ би хүлээж байгаа нь чухал юм.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Х.Нямбаатар сайд аа, Зөрчлийн тухай хуульд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эмх замбараагүй байдалтай холбоотой мэдээллийг нэвтрүүлээгүй бол торгоно гэдэг зүйл оруулах гэж байгаа юм байна. Энэ бол Монголд байгаа ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл хувийн хэвшилд байгаа учир хэвлэл мэдээллийн байгууллага руу хандах нь хэр зүйтэй байх юм. Олон нийтийн радио телевизийн хувьд ийм үүргийг хүлээх ёстой байх. Хэвлэлийн тухайд эргэж ярилцах нь зүйтэй байх.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Д.Сарангэрэл гишүүн ээ, Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Зөрчлийн тухай хуулийн 5.9-т гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих гээд ерөнхий орсон юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тэр хүн ямар үүрэг хүлээснээ яаж биелүүлээгүйг хуульд нарийвчилж бичиж өгөөгүй.
Дөрөв хувааж зааглаж өгсний нэг нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх түүнийг таслан зогсоохтой холбоотой мэдээллийг эрх бүхий байгууллагын хүсэлтээр үнэ төлбөргүй яаралтай нийтэлж нэвтрүүлээгүй бол хуулийн этгээдийг 500-1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөрөөр торгоно гэж заасан. Гол нюанс нь гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоохтой холбоотой мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд нэн яаралтай нийтлэх ёстой. Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн тохиолдолд иргэдэд урьдчилж мэдээлэл өгдөг. Нэг удаа тухайн үед нь мэдээ дамжуулж өгөөч ээ гэдгийг хэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Эхлээд анхааруулъя. Ирц 50 хувьд хүрэхгүй байна. Өглөөнөөс хойш ингэж ярьж байна. Ингэж хариуцлагагүй байж болохгүй. Та өөрөө санал гаргаж бид даргын дэргэдэх зөвлөл дээр энэ хурлыг хойшлуулъя гэдгийг ярилцсан. Өчигдөр Монгол Улс тусгаар тогтнол сэргээн мандуулсны 110 жилийн ойг тэмдэглэлээ. Тусгаар тогтнол ардчиллын баталгаа нь иргэд, Үндсэн хууль, хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдэн орсон явдал юм. Хүний эрхийг дээдлэх, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх нь жам ёсны эрх. Тэрийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Гэтэл үүний эсрэг байгаа хуулийг ямар ч хүн биелүүлэхгүй байх үүрэгтэй. Иргэд үзэл бодлоо илэрхийлж байхад тэрний эсрэг хууль байвал түүнийг дагаж мөрдөхгүй байх үүрэгтэй. Үндсэн хуулиараа. Энийг ойлгодог улс байна уу. Тохирсноороо энэ сонсголыг хойшлуулж иргэдийн оролцох эрхийг хангая.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Хүний эрхийн төлөө жагсагчид хаана байна вэ. Үнэхээр хүний эрхийн төлөө санаа зовниж байгаа бол орж ирээд үгээ хэлээч ээ. Оролцогчид орж ирээд асууж болно. Эрхээ эдэлж байгаа бол үүргээ хүлээ. Төрийн ордонд гишүүд цуглаж байхад өөрсдөө ирэхгүй байна. Бид ажил хэрэгчээр хандаж байна. Өөр яаж боломжийг хангаж өгөх юм бэ.
ЦЕГ-ын дарга Ж.Болд:
-ЦЕГ хууль тогтоох байгууллагаас баталж өгсөн хуулийг хэрэгжүүлж ажилладаг. Хүний эрхийг ноцтой зөрчсөн илт хуулийг миний тушаалаар хэрэгжүүлж буй асуудал байхгүй. Нээлттэй хэлэлцүүлэгт 1994 оноос явж буй Жагсаал цуглааны тухай хуульд алдаа оноотой зүйл байвал саналаа хэлж холбогдох яамаар дамжуулаад явж байгаа. Цагдаагийн байгууллага санаатайгаар хүний үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэж жагсаал цуглаан хийхэд хууль бусаар ажилласан зүйл байхгүй.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Дургүйд хүчгүй гэдэг шиг боллоо. УИХ-ын 30 гаруй гишүүний нээлттэй сонсгол хийхээр болсонд баярласан. Гэхдээ та нар асуудлыг ингэж гурилддаг. Өнөөдөр УИХ-ын чуулгантай өдөр. Ингэж хүний эрх ярьдаг юм уу.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Хүний эрх чөлөөний асуудал бол зөвхөн Монгол Улсын асуудал биш. Хүн төрөлхтний анхаарлыг татдаг асуудал. Тайван жагсаал цуглаан хийх, үгээ хэлэх, асуудал ямархуу байгааг УИХ авч хэлэлцэж, дүгнэлт хийж, Жагсаал цуглаан хийх тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна гэж ойлгож байгаа. УИХ-ын гишүүд хариуцлагатай байх ёстой. Энд намын бодлого яриагүй. Энд хүний эрх чөлөөний асуудлыг ярьж байгаа юм. Иргэд цар тахал, Засгийн газраас явуулж буй зарим алдаатай бодлого, эдийн засгийн хүндрэлийг ажрахгүй байгаа ч хүний эрх зөрчигдөж байгаа, хууль шүүхийн өмнө тэгш байх асуудал зөрчигдөж байгаад бухимдалтай байна. Хуульд өөрчлөлт оруулж, энийг өргөн хүрээтэй авч үзэх ёстой. Жагсаал цуглааныг янз бүрийн байдлаар зохион байгуулж байгааг харж байна. Цагдаа нарыг буруутгах арга байхгүй. Тэд нийгмийн амгалан байлгахын тулд хуульд заасан үүргээ биелүүлж байна. Нээлттэй боломжоор хангах нь төрийн үүрэг байх ёстой.
Иргэн Б.Батдэлгэр:
-Жагсаал цуглаан хийх тухай хуулийн шинэчилсэн найруулга орох ёстой юм байна. Жагсаал хийгчид Засаг даргад бүртгүүлэх биш мэдэгддэг хувилбар явж байгаад баяртай байна. Цаашид тодорхой болгох зүйлүүд байна. Жишээ нь нэг хоногийн өмнө, мэдэгдэх хэрэгтэй гэж байгаа. Хоёрдугаарт, мэдэгдээгүй жагсаал цуглааныг яах вэ. Гуравдугаарт, эрх үүргийг нарийвчилж, оролцогчдын эрх үүргийг хэрхэн хангах вэ. Тайван жагсаал цуглааныг будлиантуулдаг хүмүүсийг яах вэ. Суултыг тодорхой болгох хэрэгтэй. Суултыг нарийвчилж зохицуулах хэрэгтэй. Хуулийн шинэчилсэн найруулга бий болтол хүний эрх зөрчигдөөд байх уу. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг нарийвчилж өгөх хэрэгтэй. Миний хувьд 21 удаа жагсаал хийх хүсэлт өгч байхад 11-ийг нь зөвшөөрсөн. Шүүхэд хандах эрхийг байлгаж өгөөч ээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Хэлэлцүүлэг цаг үеэ олоогүй байна. Санаачилга гаргасан иргэний хөдөлгөөнийхөн оролцохгүй байгаа нь харамсалтай. Манай нийгэмд үүргээ умартсан иргэдээр дүүрчхээд байна. Жагсаал цуглаан бол ардчилсан нийгэмд энгийн үзэгдэл. Хамгийн ноцтой нь жагсаалыг улстөрчид, зохион байгуулалттай хийвэл түүнээс үүдсэн хор хохирлыг хэн хариуцах вэ. Энэ дунд цагдаагийн байгууллагынхан хөөрхийлөлтэй болж ирлээ. Бурууг цагдаа нар үүрч байна. Зохион байгуулсан дарга нар ямар ч хариуцлага хүлээдэггүй уснаас хуурай гардаг. Улс орон бухимдалтай, дарга нар хариуцлагаас мултардаг, авлигатай нийгэмд жагсаал цуглаан өндөр байдаг. Иргэдийн шаардлагыг албан тушаалтан гараад авчхаар тийм хэцүү байдаг юмуу.
Иргэн н.Ариунболд:
-Сүхбаатарын талбай дээр үгээ хэлэх индрийг байгуулах санал гаргаж байна. Хөшөөний хойно, урд очихоор тог байхгүй гэдэг асуудал ярьдаг. Байнгын индэр байвал зүгээр юм уу. Жагсаал цуглааны итгэл үнэмшил иргэдийн дунд унасан. Ашиг орлого олох зорилгоор жагсдаг хүмүүсийг энэ хуулиар хорих хэрэгтэй. Жагсаал цуглаан хийж буй хүмүүсийн эрхийг хамгаалах ёстой. Гаднаас согтуу хүн оруулаад “эрүүлээр” жагсах гэж байсан хүний эрхийг зөрчдөг. Энэ асуудлыг нарийвчлан заахгүй бол жагссан хүний буруу болоод өнгөрдөг. Цагдаагийн байгууллагад оногдуулах санкцийг оруулах нь зүйтэй.
Холбоотой мэдээ