"Челси аварга болж чадна гэж бодох нь тэнэг хэрэг"

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

"Челси аварга болж чадна гэж бодох нь тэнэг хэрэг"

"Челси аварга болж чадна гэж бодох нь тэнэг хэрэг"

Английн Премьер лигийн 20 дугаар тойргийн тоглолтууд орон нутгийн цагаар өчигдөр/2021.12.29/ боллоо. Аваргын төлөө өрсөлдөж буй хоёр баг болох Челси болон Манчестер Сити багууд энэ тойрогт ээлжит тоглолтоо хийсэн. Челси талбайдаа Брайтоныг хүлээн аван тоглож, Ромелу Лукакугийн 28 дахь минутад оруулсан гоолоор үндсэн цаг дуустал тэргүүлэв. Гэвч шүүгчийн сунгасан 90+1 дэх минутад цагтаа Английн шигшээд дуудагдаж явсан Данни Уэлбек гоолдож, тоглолт 1-1 гэсэн харьцаатай өндөрлөлөө.

Харин Манчестер Сити Брентфордын талбайд зочлон тоглож, Фил Фодены 16 дахь минутад оруулсан гоолоор ялалт байгуулж, Челсигээс найман оноо илүү лигийг итгэл төгс тэргүүлж эхлэв.

Саяхан л лигийг тэргүүлж явсан Челси сүүлийн хэдэн тойрогт олон хэрэггүй тэнцээ авч тэргүүллээ алдсан. Брайтонтой хийсэн тоглолтын тус багийн ахлах дасгалжуулагч Томас Тухель “Манай долоон тоглогч Covid-19-ийн халдвар авлаа. Тав, зургаан тоглогч маань зургаа болон түүнээс дээш долоо хоног талбайд гарах боломжгүй байна. Ийм байхад бид яаж цомын өрсөлдөөнд багтах юм бэ? Бүрэн бүрэлдэхүүнтэй, бүрэн хүчин чадлаараа бэлтгэл хийж буй баг л энэ лигт амжилт үзүүлнэ. Covid-19, бэртэл гэмтлийг үл хамааран лигт түрүүлж чадна гэж бодох нь тэнэг хэрэг. Бэртэл гэмтэлгүй, эрүүл 23 тоглогчгүй үүнийг хийнэ гэвэл тэнэг болж харагдана” гэжээ.

Түүнээс сэтгүүлч Премьер лиг багуудад ижил тэгш хандаж байна уу? гэж асуужээ. Учир нь лигийн удирдлагууд Covid-19-ийн халдварт өртсөн зарим багуудын тоглолтыг хойшлуулж, тэдэнд боломж олгож байгаа аж. Гэвч халдварт өртсөн Челсигийн нэг ч тоглолтыг хойшлуулаагүй гэнэ.

Үүний хариуд Тухель “Бодит байдал ийм л байна. Бид ийм л байна. Бид үүссэн нөхцөл байдалдаа дасан зохицох хэрэгтэй. Би өнөөдөр Брайтоныг хожихын тулд байдгаа л шавхлаа. Би тоглогчдоосоо бие бялдар, эрч хүч ер нь юу хүсч байгаагаа мэдэхгүй байна. Бид хэзээ ч ийм зүйлтэй учирч байгаагүй тул хэн ч мэдэхгүй байна. Бид туршилт хийж, алдаа гаргаж юу ч чадахаа л харж байна” хэмээн хариулжээ.

Мөн Тухель VAR-ийг шүүмжилж “Пулисич дээр 100 хувь торгуулийн цохилт байсан. Харин Маунт дээр тэнцээний гоол орохоос өмнө эргэлзээтэй шийдвэр гаргасан. Бид VAR-аар дахин нягтлах шаардлагатай байсан. Шүүгч Майк Дин өөртөө итгэлтэй байсан уу? эсвэл тоглолтыг энэ чигээр үргэлжлүүлэхийг хүссэн үү? Торгуулийн цохилт байсан шүү дээ. VAR-ийг ашиглахгүй байгаа нь хоржоонтой юм” гэв.

20-р тойргийн дараах байдлаар Манчестер Сити 50 оноотой лигийн тэргүүлж байгаа бол тэдний араас 42 оноотой Челси, 41 оноотой хэдий ч нэг тойргийн тоглолт дутуу Ливерпуль, мөн нэг тойргийн тоглолт дутуу 35 оноотой Арсенал зэрэг багууд удаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж