Өвлийн улиралд хамгийн тав тухгүй орчин бол нийтийн тээвэр. Цонх нь цантаж, зорчигчдын хөлөөр шороо бургиж, жихүүдэс хүрэм хүйтэн орчинд 10 буудал бүү хэл хоёр буудал явахад ч багагүй тэвчээр шаарддаг. Олон нийтэд үйлчилдэг гэдэг утгаараа автобус, троллейбус цэвэрхэн байх ёстой ч эсрэгээрээ бохирын “уурхай” болоод уджээ. Үүнд иргэд ч бас хамаатай.
Автобусны суудал дээр зорчиж буй залуухан хоёр бүсгүй хөлөө жийгээд цэвэрхэн суудлын бүрээсийг халтардуулж байгаа нь цахим орчинд шүүмжлэл дагуулсан нь саяхан. Олон нийтэд ил болж цацагдсан нь л энэ болохоос өнөөгийн XXI зууны метрополис хотынхны автобусанд зорчдог нийтлэг төрх нь энэ. Нэгэнт нүдэнд дасал болоод удсан энэ хандлага иргэдийн ухамсар, соёлоос хамаарна.
Автобусанд ганцаараа явж байгаа юм шиг утсаар чанга чанга ярихаас авхуулаад хоорондоо хэрэлдэх нь энүүхэнд. Суудлын бүрээс цэвэрхэн, бохир байх эсэх нь хамаагүй хөгшин залуугүй хөлөө жийн тухлахаас гадна хогийн сав шиг үзэх нь бий. Хүүхэд хүртэл бусдыг дуурайн чихрийн цаасаа хаяж, найзууд нэгэндээ хогоо автобусанд хаяхыг зөвлөх. Энэ мэтчилэн зажилсан бохь, чихрийн цаас, ундааны сав, амны хаалт гээд харсан хүний ой гутмаар. Уг нь автобусны хаалганы урд хэсэгт хогийн сав байдаг ч иргэд хогоо зориулалтын саванд хаяхаас илүү суудал дээр ундааны сав, чихрийн цаасаа хаяхыг илүүд үздэг хандлагаа өөрчлөх ёстой. Нийтийн тээврийн бохирыг гайхан сэжиглэж, жолооч нарыг шүүмжлэхээсээ урьтаж өөрсдөө соёлтой зорчиж бусдадаа шаардлага тавихаас л нийтийн тээврийн соёл эхэлнэ. Мөн бусдын хүндэлж, хөдөлмөрийг ч үнэлэх учиртай.
Хөл хорионы үед нийтийн тээвэр хүнгүй шахам болж нэг хэсэгтээ л ариун цэврийг сахисан. Ажилтнууд өдөрт хоёр удаа автобусыг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг ч сайн хийж байв. Харин ажил амьдрал жигдэрч, нийслэлийнхний хөл хөдөлгөөн ихсэх үед халдваргүйжүүлэлтийн багийнхантай хамт ариун цэвэр сахих нь ч сарнисан гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл жолооч нар автобусны суудлын бүрээсийг долоо хоногт гурван удаа угааж цэвэрлэдэг байна. Энэ талаар "Блюбус" компанийн Зунжин-ДЦС-4 чиглэлийн нийтийн тээврийн жолооч О.Гантөмөр хэлэхдээ “Өвлийн улиралд автобус цэвэрлэх нь хамгийн хэцүү ажил. Орой нь бааз дээр очиход хүмүүсийн хаясан хог хаягдлыг цэвэрлэнэ. Ундааны сав, чихрийн цаас битгий хэл хэрэглэсэн амны хаалтаа ил задгай хаячихна. Тэр дунд архины шил ч бий Өглөө нь угааж цэвэрлэж хийсэн суудлын бүрээсийг хөлөөрөө халтардуулж, гэртээ байгаа юм шиг л хүмүүс хөлөө жийдэг. Зарим нь шүлсээ нулимдаг. Бид шаардлага тавьж, хэрүүл хийгээд ямар ч нэмэргүй. Бид автобусны суудлын бүрээсийг долоо хоногт гурван удаа угааж цэвэрлэдэг, орой нь автобусандаа чийгтэй цэвэрлэгээ хийнэ. Өдөр цэвэрлэх боломжгүй. Ер нь олон нийттэйгээ зохицож амьдрахаас өөр аргагүй” гэдгийг хэлж байлаа.
Түүний хувьд 10 гаруй жил нийтийн тээвэрт ажиллаж байгаа аж. Уг нь нийтийн тээврийн зорчигчдод тавих шаардлагад “Зорчигч нь нийтийн тээврийн эд зүйлст ариг гамтай хандах” гэж заасан байдаг ч хэрэгждэггүй. Харин ч эсрэгээрээ. Мөн холбогдох мэргэжлийн хүмүүс автобусны эцсийн буудал бүрт их цэвэрлэгээ хийдэг гэж ярьдаг ч мөн л энэ ажил биелдэггүй. Мэргэжлийн хяналтын байгууллага уг нь нийтийн тээврийн эрүүл ахуйн орчныг хянах учиртай. Гэвч хүмүүсээс гомдол, санал ирсэн тохиолдолд л хянадаг гэсэн тайлбар хэлдэг.
Хүн амынх нь дийлэнх төвлөрсөн 1.6 сая иргэнтэй Улаанбаатарт 929 том оврын автобус нийтийн тээвэрт үйлчилж байна. Их хотын иргэд өөрсдөө хандлагаа өөрчилж, үйлчилгээний соёлд суралцах цаг хэдийнэ болжээ.
Холбоотой мэдээ