“Дөрвөн тэрбум төгрөгөөр шүүхийн байрыг шинэчлэх боломжгүй"

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

“Дөрвөн тэрбум төгрөгөөр шүүхийн байрыг шинэчлэх боломжгүй"

“Дөрвөн тэрбум төгрөгөөр шүүхийн байрыг шинэчлэх боломжгүй"

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүн Н.Баасанжавтай ярилцсанаа хүргэж байна.  


-ШЕЗ-ийн бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдлоо. Таны хувьд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ. Нээлттэй сонсголын үеэр та  шүүхийн ариун цэврийн өрөөний асуудлыг хөндсөн нь олны анхаарлыг татсан шүү дээ. Тэгэхээр дээрх асуудлыг ажил хэрэг болгох байх гэж харж байна?

-Бид арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн УИХ-ын тогтоолоор томилогдсон. 2022 оны  гуравдугаар сарын 1-ний өдрөөс шинээр мөрдөж буй Шүүхийн тухай хуулийн дагуу анх удаа байгуулагдсан ШЕЗ иймд хуулийн дагуу шүүхийн дотоод эрх зүйн орчныг шинээр яаралтай бүрдүүлэхтэй холбоотой хүлээгдсэн, яаралтай шийдвэрлэх ажил их байна. ШЕЗ 10 гишүүнтэй. Зөвлөлийн хуралдаан ажил хийх,  асуудлуудыг шийдвэрлэх гол хэлбэр.  Ажлын гурван өдрийн өмнө хэлэлцэх асуудлаа гишүүддээ танилцуулахаар тооцохоор долоо хоногт нэг удаа зөвлөл хуралдахаар таарч байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал солилцох, ажлаа ярьж байх зөвлөлдөх уулзалтыг мөн хийх, энэ уулзалтыг гишүүүд нэрсийн дарааллаар ээлжлэн удирдаж явах, гишүүд дотооддоо саналаа нээлттэй, чөлөөтэй ярилцдаг хэлбэрээ ажиллах саналыг минь гишүүд маань дэмжээд явж байгаад баяртай байгаа.

Ариун цэврийн өрөөний асуудал зайлшгүй шийдвэрлэх асуудал мөн. Үүгээр шүүхийн байр, талбай нь зөвхөн шүүгч, захиргааны ажилтанд бус иргэдэд хамаатай болохыг мөн одоогийн нөхцөл их муу, хоцрогдсон байгааг хөндөхийг хүссэн.

Биднийг сонгогдоод ирэхэд ШЕЗ-ийн төсөв аль хэдийн батлагдсан байсан, хөрөнгө мөнгөний тал дээр гацахгүй бол дөрвөн жилийн хугацаанд мэдэгдэхүйц өөрчлөлт хийх төлөвлөгөөтэй. Бүх л шүүхүүд ариун цэврийн өрөөнд аяга, тавгаа угаадаг үүнийг бас нэг мөр шийдвэрлэх талаар ажиллах санаатай байгаа.

-Таны хувьд яагаад ШЕЗ-д нэрээ дэвшүүлэхээр болсон юм бэ?

-Практикт ажиллаж байсан хуульчийн хувьд, Хуульчдийн холбоо болон өөрийнхөө үндсэн өмгөөлөгчийн ажлаа хийхийн зэрэгцээ шинэчлэлт өөрчлөлт яваасай, иргэний шүүх хурал жижиг дүнтэй хэргүүдийг хурдан шуурхай шийдвэрлэдэг, бүх маргаан заавал гурван шатны шүүхээр явдаггүй байх зарчмыг зөв хэрэглээсэй, анхан шатанд хэргийг тал бүрээс сайтар дүгнэж шийддэг байгаасай гэж  бодож явдаг байсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, шүүхийн хуулийн шинэчлэлтээр ШЕЗ-ийн гишүүнд нэрээ дэвшүүлэх боломж гарахад нэрээ дэвшүүлсэн. Би өөрийн хүндэтгэж явдаг олон хуульчдад нэрээ дэвшүүлэхийг уриалсан ихэнх нь татгалзаж, намайг өөрөө нэр дэвшээч гэж байсан нь бас нөлөөлсөн.

-Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн даргаар томилох үйл явцыг хэр шударга болсон гэж та харж байна вэ. Зарим нь улс төрөөс хараат томилгоо хийлээ, шүүхийн шинэчлэл ухарлаа гэж шүүмжилж байсан?

-Би зөвлөлийн гишүүний хувьд дөрвөн жил энэ багаараа ажиллана шүү дээ. Дээрх асуудалд олон нийтийн шүүмжлэлийг харж, сонсч байна. Зөв, буруу гэх байр суурийг илэрхийлэхэд төвөгтэй. ШЕЗ-д ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа хүн дахин сонсогдохгүй гэдэг нь хуульд заасан журмын заалтаар УИХ-аар томилогдоод нэгэнт ирчихсэн байна. Шүүгээд ярих нь надад зохимжтой бус байна. Ер нь дотроо даргыг сонгох процесс долоон цаг үргэлжилсэн. Нууцаар санал хураалт явуулж, даргыг гишүүдийн дундаас сонгосон. ШЕЗ-ийн дарга бол нэг жилийн хугацаатай сонгогдсон гишүүн дарга юм. Өөрөөр хэлбэл асуудлыг ганцаар шийдвэрлэхгүй, ШЕЗ-ийг төлөөлөх юм. Дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд дөрвөн дарга ажиллана. Хуульдаа тэгж заасан.

Д.Зүмбэрэллхам даргын хувьд заавал ийм эрхийг авна гэсэн зүйл гаргаагүй байна. Бүгдээрээ л нээлттэй ажиллаж байна. ШЕЗ-ийн гишүүний хувьд “шүүхийн шинэчлэл явахгүй нь” гэж харахгүй байна.

-Шүүхэд нэн тэргүүнд хийх хэрэгтэй ажлыг юу гэж харж байна вэ?

-Практикт хуульч байсны хувьд шүүхийг үйлчилгээний байгууллага гэж хардаг. Иргэд шүүхийг очих ёсгүй байгууллага мэтээр төсөөлдөг. Гэтэл практикт иргэн хоорондоо санал зөрөөд шүүхэд очих хэрэгцээ гардаг. Захиргааны буруу шийдвэрийг шүүхээр залруулахаас өөр аргагүй байж болно. Амьдрал баян болохоор эрүүгийн хэрэгт холбогдох эсхүл хохирогч болох тохиолдол байна. Энэ бүх тохиолдолд шүүх аль болох хүндрэл, чирэгдэл багатайгаар асуудлыг шийдвэрлээд явуулдаг байх ёстой. Иймд шүүхийн байр нь наад захын шаардлага хангахаас эхлээд үйлчилгээ, үйл ажиллагаа нь түргэн шуурхай байхын тулд цахимжих шаарлагатай болж байна. Шүүхийг  цахимжуулах гэдгийг өргөн утгаар нь ойлгох хэрэгтэй. Хамгийн наад зах нь хэрэг хуваарилахдаа санамсаргүй аргаар хуваарилж байгааг иргэдэд яаж мэдрүүлэх вэ, нэхэмжлэл өгөхөд л дэлгэц дээр шүүгчийн нэр шууд гарч ирдэг байж болох уу гэх мэт.

Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах, шүүхийг наад захын шаардлага хангасан ариун цэврийн өрөө, аяга, тавгаа угаадаг тусдаа булантай болгох, шүүхийн шийдвэр, хэргийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг олон нийтэд ойлгомжтой хүргэдэг байх, шүүхийн захиргааны ажилтныг сургадаг, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх, чадвартай бөгөөд шүүгчийн зан төлөв, ёс зүйтэй нь  шүүгч болдог мөн  шат ахидаг байхад анхаарч ажиллана.

-ШЕЗ-ийн 2022  оны төсөв нэмэгдсэн.  Төсөв нэмэгдсэнээр шүүхийн байрууд шинэчлэгдэх болов уу?  

-Ирэх 2022 оноос эхлээд үе шаттайгаар шүүхийн байруудаа шинэчилж чадна гэж харж байгаа. Энэ удаад төсөв 83 тэрбум төгрөг болтлоо нэмэгдсэн. Үүний 79 тэрбум нь цалин, хүний нөөцийн зардал. Хамгийн олзуурхууштай нь шүүхийн туслах, нарийн бичгийн цалин нэмэгдэж байгаа. Шүүхийн захиргааны ажилчдын цалин бага, ажлын ачаалал өндөр, стресттэй ажил хийдэг. Урт хугацаанд нь харвал шүүхийн захиргаа гэдэг статус байх ёстой. Шүүхийн туслах, нарийн бичгийн цалинг шүүхийн хуулиар хоёр дахин нэмэгдүүлсэн, харин шүүхийн лавлагаа мэдээлэл зэрэг шүүхийн захиргааны 700 гаруй ажилтны цалин нь төрийн байгууллагын бусад ажилтны цалин шиг нэмэгдээгүй үлдсэн. Төрийн албан хаагч учраас итгэлцүүрийн дагуу адилхан өсөх учиртай. 2022 онд үүнийг шийдвэрлэх төсвийн эх үүсвэр нь байна, УИХ-ын тогтоол нь ч байна, гагцхүү Засгийн газрын шийдвэргүй тул яаж ч чадахгүй байна. Үүнийг нэн даруй шийдвэрлэхээс ШЕЗ-ийн ажил эхэлнэ.

Үлдсэн дөрвөн тэрбум төгрөгөөр шүүхийн байр, ариун цэврийн өрөөний асуудлыг шийдвэрлэж яагаад ч хүрэхгүй. Нэн түрүүнд түрээсийн байранд байгаа, өөрийн байргүй прокурор, орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамт байгаа шүүхүүдийг байртай болгоход анхаарахаас өөр аргагүй.

УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхдээ, шүүхийн хуулийг хэлэлцэн батлахдаа, биднийг сонгох нээлттэй сонсголын үеэр ч “шүүхийг ажиллах бүх бололцоогоор нь хангая. Та бүхнээс хараат бус ажиллах нөхцөлийг хүснэ” гэсэн зарчмаар хандаж байсан. Иймд  учраас тэр нөхцөлийг хангахад төсөв санхүүгийн байдлаар дэмжиж ажиллана гэж ойлгож байна.

Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг яаж сэргээх юм бол. Сүүлийн жилүүдэд иргэдийн хууль, шүүхэд итгэх итгэл алдарч байгаа мэт санагддаг?

Шийдвэрийг шүүх яаж гаргадаг вэ гэхээр шүүгч хэнээс ч хараат бусаар  хуульдаа захирагдан гаргадаг. Талуудад хэрэв эргэлзээ байвал тухайн шүүгчийг шалгуулахаар сахилгын хороо буюу шүүгчдээс хараат бус байгууллагад хандах боломж нээгдсэн. Шүүхэд итгэх илтгэл алдарсан гэж хэзээ их ярьж байна гэхээр олны анхаарал татсан эсвэл улстөрчдийн оролцсон маргаанууд, өндөр дүнтэй хэрэгт “тэдний” өөрийгөө хамгаалж хийсэн тайлбараар иргэд тэд хэлмэгдээд байгаа байна. Үүнийг иргэд шүүх хэлмэгдүүлээд байна гээд ойлгодог. Шүүхийн шийдвэр гарсны дараа иргэд яг шүүхийн шийдвэрийг уншсан уу, гэхээр уншаагүй байдаг. Эргэлзэж байгаа шүүгчээ Сахилгын хороонд шалгуулахад тогтоогдсон уу гэх зэргээр хуульд заасан аргаар шүүхийг, шүүгчийг буруутгах, шүүх ёстой. Иргэд шүүхээр үйлчлүүлэхэд хэрэв ийм сэжиг таамаг бодитой байгаа бол шууд шалгуулах хэрэгтэй.

Хэрэг шийдвэрлэсний төлөө шүүгчид буруудах ёсгүй. Зарим хэргүүд нууцын зэрэглэлтэй, хаалттай хэлэлцэж байгаа шүү дээ.

Шүүгч магадгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсхүл хууль хэрэглээний алдаа гаргасныг үгүйсгэхгүй, тэр тохиолдолд давж заалдах болон хяналтын шатны шүүхээр алдааг залруулж шийдвэрлүүлэх боломж нь нээлттэй. Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бизнес эрхлэгчдээс санал асуулга авах зэргээр гаргаж байгаад харин ихээхэн анхаарах хэрэгтэй. Шүүхэд итгэх итгэлийг хэмждэг хараат бус олон талт үндэсний хэмжүүртэй ч байж болох юм.

-Анхан шатны шүүхээс хэрэг буцдаггүй байх талаар Б.Энхбаяр тэргүүтэй  улстөрчид ярьж байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг хийснийг нотолж чадахгүй бол цагаатгах зарчимтай. Гэхдээ нотолж чадахгүй байхад нь заавал нотолж ир гээд буцаагаад байгаа юм уу эсвэл өөр шалтгаан байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Онол ном, олон улсын сайн, зөв практикыг дагах ёстой.  Сайн бодох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж