News.mn агентлаг 2019 оноос “Аврал эрсэн Гоожингийн өндөр” сурвалжлагаараа түүхэн дурсгалт барилгын асуудлыг хөндөж ирсэн. Ад шоо үзэгдсэн энэ "балгас"-ыг нэн даруй авран хамгаалах шаардлагатайг судлаачид хэлж, сануулж буй. Гэтэл хотын дарга Д.Сумьяабазар өчигдөр /2021.12.29/түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамжийг баталснаа зарлав.
Ингэснээр хувийн эзэмшилд очсон газар эзэмших эрхийг нь цуцалж, шүүхээр түүхэн барилгын үнэлгээг эцэслэн тогтоохоор болжээ.
"ГООЖИНГИЙН ӨНДӨР"-ИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ, МУЗЕЙ БАЙГУУЛНА
"Гоожингийн өндөр"-ийн асуудлаар саяхан нийслэлийн Засаг даргын орлогчтой уулзаж ярилцаад, түүхэн барилгын асуудлыг шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Өмнө нь 2018 онд бүх материалуудыг нь судалж, цуглуулаад, шүүхээр шийдвэрлэх гэж байтал хотын удирдлагууд дахин солигдож, шууд худалдаж авахаар болсон. Тухайн үед газар эзэмшигчдийн хэлсэн өндөр мөнгөн дүнг төлж чадаагүй. Тиймээс энэ удаа шударгаар шүүхийн шатанд энэ барилгын асуудлыг шийдвэрлэхээр болсон нь зөв гэж харж байна. Тухайн үед энэ барилгыг хэдэн төгрөгөөр худалдаж авч байсныг тогтоосноор одоогийн үнэлээд буй тэрбум төгрөгөөс ч буурах боломжтой болно" гэдгийг Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр хэлсэн юм.
"Гоожингийн өндөр" түүхэн барилгыг өмнө нь нүүлгэн шилжүүлж, сэргээн засварлах боломжтой талаар судлаачид хэлж байсан. Тэгвэл энэ шийдвэрийн хүрээнд эхний ээлжинд байгаагаар нь сэргээн засварлаж, Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн гэр музей хэлбэрээр ашиглалтад оруулах гэнэ.
"БИДЭНД ЗААВАЛ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГААР ЯВАХ СОНИРХОЛ АЛГА"
"Миний хувьд энэ газрын хамтран эзэмшигч. Бидний зүгээс хотын удирдлагуудын шийдвэрийг 2014 оноос хойш хүлээж сууна. "Гоожингийн өндөр"-ийн газрыг эзэмших эрхийг цуцална, тайлбар өгөөрэй гэдэг албан бичиг ирсэн. Бид "Олон жил энэ газрын асуудал гацаатай байна. Шийдвэрлээд өгвөл сайн байна" гэдгээ хэлсэн. Газар нь нийслэлийн өмч бөгөөд 15 жилээр сунгаж эзэмшдэг. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Хэчнээн газрыг нь эзэмшиж байгаа ч дээр нь түүхэн дурсгалт барилга бариатай байгаа учраас шууд нурааж болохгүй байна. Тиймээс нийслэлийн удирдлагуудын шийдвэрийг өдийг хүртэл харж сууна.
Төр засгаас та бүхнийг хохиролгүй болгоно гэвэл заавал шүүхийн байгууллагаар явах сонирхол алга. Бидэнд айхтар ашиг сонирхлын зөрчил алга. Бидэнтэй уулзаж, тохиролцоогүй. Нийслэлийн зүгээс газрын эзэмших эрхийг цуцлах эрхтэй. Гэхдээ шийдвэр гаргахдаа "Энэ газрыг зориулалтаар нь ашиглаагүй" гэсэн. Гэтэл газар дээр нь түүхэн барилга бариатай байгаа учраас газрыг ашиглах ямар ч боломжгүй байдаг. Одоо төр засгийнхаа шийдвэрийг л дагана" гэдэг байр суурийг газар эзэмшигчдийн зүгээс илэрхийллээ.
Хамгийн сүүлд 2013 оны нэгдүгээр сард иргэн н.Үеэлэнгээс 521 мкв хувийн орон сууцны зориулалттай “Гоожингийн өндөр”-ийг Б.Мөнх-Эрдэнэ гэх иргэн худалдан авч, эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулжээ.
"Гоожингийн өндөр"-ийг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Эдийн засгийн коллежийн захирал Р.Амаржаргал гаргаж байсан. Уг тушаалд 58500 төгрөгийн үнэтэй "Гоожингийн өндөр" гэх есөн айлын хоёр давхар сууцыг актлан, данснаас хасч, түүхийн дурсгалт барилгын хувьд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд тухайн үед өмчөөр бүртгэж аваагүй. Одоо газар эзэмшигчдийн зүгээс тэрбум төгрөгөөр газрыг үнэлж буй юм.
Холбоотой мэдээ