УОК-ын Нэгдсэн шуурхай штаб ажлаа хий!

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

УОК-ын Нэгдсэн шуурхай штаб ажлаа хий!

УОК-ын Нэгдсэн шуурхай штаб ажлаа хий!

Улсын Онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын уялдааг хангах зорилгоор өнгөрсөн аравдугаар сард нэгтгэж удирдлагаар нь бригадын генерал Б.Ууганбаярыг томилсон. Иргэдийн хувьд хоёр жилийн өмнө гаргасан том алдаагаа давтахгүй нь гэх итгэл төрсөн нь нууц биш. Гэвч “сахил хүртээд шал дордов” гэгч нь  болов. 

Учир нь УОК-оос омикрон хувилбараас урьдчилан сэргийлэхийн тулд арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлахаар болсон. Ингэхдээ 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50 мянга, 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөг байхаар тогтоосон.

Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн энэ тусгаарлалт хоёр жилийн өмнөхөөс ялгарах зүйл огт байсангүй. Ямар ч зохион байгуулалтгүй. Хүний эрхийг хангах талаар бүр яриад ч хэрэггүй.  Халдвар хамгаалал сахиулах бус иргэдээс зөвхөн мөнгө л хурааж авдаг штаб боллоо. 

Тухайлбал, БНСУ-аас залуу гэр бүл эх орондоо иржээ. Автобусанд суусан иргэд хаашаа очихоо мэдэхгүй, жолооч нь ч мэдэхгүй зөвхөн цагдаагийн машин дагаж явсаар "Сүнжин гранд"зочид буудлын гадаа иржээ. Тус буудал нь ганц ресепшинтэй байсан учраас бүх хүний регистрийн дугаарыг шалгаж, нягтлах гэсээр өрөөндөө орох гэж  гурван цаг гаруй дугаарласан байна. Урт дараалалд зогссон хүмүүс  зочид буудалдаа арай гэж орсон ч өрөө нь ариун цэврийн шаардлага хангахгүй, хоол нь хүйтэн, бас уух усгүй байж. Өөр нэг жишээ. 19.30 цагт нисэх буудалд буусан иргэдийг шөнийн 01.40 цагт МҮИС-ийн дотуур байранд аваачжээ. Тусгаарлан ажиглах байр болгосон тус байр нь бохир заваан цагаан хэрэглэл, халуун хүйтэн усгүй цахилгаан хэрэгслүүд нь ажилладаггүй гэх зэргээр хүний наад захын хэрэгцээг хангахгүй байгааг иргэд шүүмжилж байна.

Нийслэлд 300 гаруй зочид буудал байгаагаас тусгаарлалтын шаардлага хангасан 30 гаруй зочид буудал бий. Өмнө нь тусгай үүргийн онгоцоор иргэдийг татан авч тусгаарлахад 27-28 зочид  буудал ажиллаж байжээ. Зарим зочид буудлууд тусгаарлалтын журмаар ажиллахаас татгалзсан учраас  өнөөдрийн байдлаар 19 зочид буудалд иргэдийг тусгаарлаж буй. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах явцад алдаа гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрч холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно” гэдгийг мэдэгдсэн.

Шадар сайд С.Амарсайханы  тушаалаар байгуулагдсан УОК-ын Нэгдсэн шуурхай штаб ийнхүү чихнээс нь хонх уяад эхэлсэнд тэрбээр  ихэд уурссан. Аргаа барсандаа түүний  ажлын хэсэг  Эрүүл мэндийн сайд, ОБЕГ-ын дарга, УОК-ын нэгдсэн шуурхай штабын дарга нарыг өмнөө суулгаад загинаж буй бичлэгийг нь цахим хуудаснаа тараасан. Зорилго нь мэдээж иргэдээс оноо авахыг хүссэн биз. Ямартай ч Шадар сайд яриандаа онцлох хэд, хэдэн зүйлс хэлсэн. Тэрбээр, “Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлалтын буудалд хүргэхээс өмнө та нар түрүүлж очоод ажилдаа сэтгэлтэй хандсан бол ийм асуудал гарахгүй байсан. Иргэдийг буруутгах шаардлагагүй. Насаараа төрд ажилласан хүмүүс яагаад ийм наад захын зохион байгуулалт хийж чадахгүй байгаа юм. Бүх зүйлд Ерөнхий сайд, Шадар сайд оролцох ёстой юм уу.  Чадахгүй бол ажлаа өгөөд чаддаг ажлаа хийгээд явцгаа. Та нар арай дэндэж байна” гэв.

Үүнээс гадна  УИХ өнгөрсөн Мягмар гаригт Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн эасагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгахыг дэмжсэн.

Энэ байдлаас харахад  бид хоёр жилийн өмнөх рүүгээ буцаж байна. Эрх баригчид цар тахлын хуулийг  сунгачихлаа.  УОК нь хуримтлуулсан туршлага, алдаанаасаа суралцсан зүйлгүй.

Covid-19 халдвар дотоодод бүртгэгдсэн цагаас хойш дарга нарын амнаас “хариуцлагатай бай” гэх үг гарах болсон.  Мэдээж энэ хүнд үед бидэнд хариуцлага хамгаас чухал. Гэлээ гээд өөрсдөө хариуцлагатай байж чадаагүй байж иргэдээс хариуцлага шаардахаасаа ичмээр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж