НЬЮС агентлаг 2021 онд Монгол Улсад өрнөсөн “Оны онцлох 5 үйл явдал”-ыг нэрлэж байна.
ЦАР ТАХЛЫГ ДАВАН ТУУЛАХ ГАРЦ НЬ ВАКЦИНЖУУЛАЛТ БАЙВ
Цар тахлын эсрэг вакцинжуулалтыг Монгол Улс цаг алдалгүй эхлүүлсэн нь энэ оны онцлох үйл явдлыг нэг яах аргагүй мөн юм. 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс вакцинжуулалтыг албан ёсоор эхлүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхний тунг хийлгэн салхийг нь хагалж байлаа. Тэрбээр “Вакцинжуулалт энгийн амьдралын хэв маягт шилжих, эдийн засгийн “цусны эргэлт”-ийг хурдасгах ганц боломж” болохыг дурдаж байв. Учир нь, хүн төрөлхтөн цаашдаа цар тахалтай зэрэгцэн оршихоос өөр аргагүй болсон юм.
Улсын хэмжээнд Covid-19 халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамралт 96.1 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 91.8 хувь, гуравдугаар тунгийн хамралт 46.9 хувьтай байна. Тодруулбал, нийт хүн амын нэгдүгээр тун 69.6 хувь, хоёрдугаар тун 66.5 хувь, гуравдугаар тун 28 хувь нь тус, тус хамрагджээ.
Цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдах иргэдийн идэвхийг сэргээх үүднээс Монгол Улсын Засгийн газраас вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүн болгонд 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон.
Монгол Улсын хувьд вакцины нөөц хангалттай, бүүстэр тунд иргэдээ хамрагдуулж буй цөөхөн орны нэг. Дэлхийн зарим улс орнуудад вакцины хүрэлцээ муу, иргэддээ тодорхой төлбөртэйгөөр хийж байгаа бол Монгол Улсын нөөцөд хоёр сая орчим тун “Файзер”, 800 гаруй мянган тун “Вероселл” бий. Эхний ээлжинд ирсэн вакцины хадгалах хугацаа 2021 оны арваннэгдүгээр сард дуусах байсан ч 60-90 градуст хадгалж чадвал автоматоор гурван сараар хугацаа нь сунгагдаж буйг үйлдвэрлэгч компани болон ДЭМБ-аас зөвлөж байлаа.
Монгол Улс вакцинжуулалтаараа өндөр үзүүлэлттэй байгаа нь нэгдүгээрт, хүн ам цөөн, хоёрдугаарт, вакцин олж ирэхэд Засгийн газар идэвхтэй ажилласан гэж хэлж болно.
Бүх нийтийг дархлаажуулах кампанит ажлыг дагаад вакцины эсрэг суртал ухуулгууд ч хүчтэй өрнөсөн. Засгийн газрын зүгээс иргэдээ урамшуулах болон зарим нэг албадлагын шинжтэй арга хэмжээ авсны хүчинд цар тахлын өмнө барьц алдаж, багагүй алдаа гаргасан ч хүн амынхаа ихэнхийг вакцинд хамруулж чадлаа. Ингэснээр аж ахуйн нэгжүүд ч үүд хаалгаа нээж, амны хаалтыг эс тооцвол монголчууд хөл хорионоос гарч энгийн амьдралдаа эргээд орж байна.
ЯЛАГЧ НЬ ТОДОРХОЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ
2021 оны улс төрийн онцлох гол үйл явдал нь Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль. Найм дахь удаагийн, зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд намуудын нэр дэвшигчид тодорсон цагаас ялагч нь хэдийнэ тодорхой болсон гэж ажиглагчид дүгнэж байв. Өөрөөр хэлбэл, МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхийг өрсөлдөгчдөө “захиалсан” гэх хардлага ч дагалдаж байсан юм.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс нэр дэвших эрхгүй болсон учраас 10 жил Төрийн тэргүүн байх гэсэн Х.Баттулгын амбиц талаар болж, нөгөөтэйгүүр цар тахлын үеийн хорио цээрийн арга хэмжээнүүд У.Хүрэлсүхийг “босоо” ялалт байгуулах боломжийг олгосон гэхэд буруудахгүй.
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр МАН-аас нэр дэвшиж, өрсөлдсөн У.Хүрэлсүх сонгогчдын олонхын санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан юм.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 2.151.329 сонгогч санал өгөхөөр бүртгүүлснээс 1.206.858 сонгогч саналаа өгсөн.
Ерөнхийлөгчийн сонгуульд:
- Монгол Ардын Намаас У.Хүрэлсүх /823,326 хүний санал авсан/
- Ардчилсан Намаас С.Эрдэнэ /72,832 хүний санал авсан/
- “Зөв хүн электорат” эвслээс Д.Энхбат /246,968 хүний санал авсан/ нар өрсөлдсөн.
У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил. Эрх баригчдын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгодог байх зохицуулалтын дагуу У.Хүрэлсүх 2027 он хүртэл Монгол Улсын Төрийн тэргүүнээр ажиллана. 100 жилийнхээ ойн дээрээ, 12 жилийн дараа МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нь энэ удаагийн сонгуулийн бас нэг онцлог нь байлаа.
Гэвч, тэр бас ард түмнээс сонгогдох сүүлчийн Ерөнхийлөгч байхыг үгүйсгэхгүй. Учир нь эрх баригч нам Үндсэн хуульд ахин нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж, Ерөнхийлөгчийг ард түмнээс бус парламентаас сонгодог байх, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийг тогтолцоог холимог болгох зэрэг заалтыг нэмж оруулахаар зэхэж эхэлсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Хэрэв энэ өөрчлөлтийг хийж чадвал У.Хүрэлсүх ард түмнээс сонгогдох сүүлчийн Ерөнхийлөгч, зургаан жилээр сонгогдсон анхны Ерөнхийлөгч гэж түүхэнд бичигдэнэ.
ЭДИЙН ЗАСАГТ ЦОХИЛТ ӨГСӨН ЭКСПОРТ, ИМПОРТЫН ГАЦАА
Цар тахлын нөлөөгөөр Монголын экспорт, импорт тэг зогссон нь энэ жилийн хамгийн муу мэдээнүүдийн нэг байлаа. Өнөөдөр ч экспорт, импортын гарц “хаалттай”, Эрээний хил хэзээ онгойхыг хүлээсэн монголчуудын хувьд ёстой л “Бухын дордохыг харж үнэг турж үхнэ” гэгч болох нь холгүй байгаа юм.
Цагийн сайханд өдөртөө 4000 орчим нүүрс тээврийн автомашин хилээр гарч байсан бол өдгөө дөнгөн данган 50-100 машин нүүрс урагшаа гаргаж байгаа нь харамсмаар тоо. Монгол Улс 2021 оны төсвийн тодотголоор 28.6 сая мянган тонн нүүрс экспортлохоор төлөвлөвлөсөн. Энэ оны 11 сарын байдлаар 15 сая мянган тонныг борлуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8 хувиар буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Эндээс харвал дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн алтан боломжийг ашиглаж чадсангүй, Монгол Улс.
Улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг нүүрсний экспорт хумигдаж, орлого тасарснаас гадна импортын бараа Эрээний хил дээр “түгжигдсэн” гол шалтгаан нь Монголын төрийн албан хаагчдын хариуцлагагүй үйлдэл. Хятадын талаас халдвар хамгаалалтын дэглэмээ хангаж чадах юм бол бид үүд хаалгаа нээхэд бэлэн болохоо байнга л сануулсаар.
Эрээнд Covid-19-ийн халдвар тархаж, аравдугаар сарын 14-өөс хилээ хаагаад хоёр сар шахам болж буй агаад Монголд нарийн ногоо, эм тарианаас эхлээд түлшний шуудай, бялууны хайрцаг гэх зэргээр бараа таваарын хомсдол хэдийнэ нүүрлэж, үнэ нь өдрөөс өдөрт тэнгэрт хадсаар байна. Энэ нь Монгол Улсын хувьд экспортын төмөр замаа яаралтай барьж дуусгахаас гадна боомтын хүчин чадлаа сайжруулахын том сануулга боллоо.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Хятадын тал өнгөрсөн хавраас хилийн хяналтаа чангаруулснаар Тяньжин боомтод Монголын хаягтай 5000 гаруй чингэлэг хэдэн сар сул зогсож буй. Энэ бараа хэзээ Монголд ирэхийг бурхан ч таашгүй.
Түүнчлэн Оросын талаас өнгөрсөн есдүгээр сард шатахууны цоргоо гэнэт хааснаар ШТС дээр монголчууд хонон өнжин дугаарлаж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмсэн. Энэ мэт гацаа, түгжрэл, хорио, хомсдлоос болж эдийн засаг 4.6 хувиар агшсан дүнтэй байна.
“РИО ТИНТО”–ГИЙН БУУЛТ БА КОЙНЫ ЭРЭЛТ
Монгол Улсын эдийн засгийн салбарт 2021 онд өрнөсөн онцлох үйл явдлуудаас “Оюутолгой”-н хэлэлцээний үр дүнг онцолж байна. Бүрэн хүчин чадлаараа үйлдвэрлэл явуулж эхлэх үед дэлхийн гурав дахь том уурхай болох “Оюутолгой”-н хэлэлцээ амжилттай болж чадах эсэхийг монголчууд төдийгүй хөрш орнууд ч анхааралтай ажиглаж байгаа юм. Талууд энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд анх хэлэлцээрийн ширээний ард сууснаас хойш хэд хэдэн удаа уулзаж, хамгийн сүүлд “Рио Тинто” компаниас захидал ирүүлж, Монголын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх санал тавьж, “буулт” хийснээр арван жилийн турш үргэлжилсэн өр, авлагын тухай хэрүүл цэглэгдсэн.
Хөрөнгө оруулагчийн зүгээс “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг төлөвлөсний дагуу үргэлжлүүлж, Улаанбаатартай харилцаагаа сайжруулах зорилго бүхий таван санал тавьсан агаад маргаан дагуулсан санхүүжилтийн гэрээг цуцлах, олборлолтыг эхлүүлэх хүртэл буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хариуцахаа амалсан юм. “Рио Тинто”-гийн “буулт” буюу гэнэтийн энэхүү шийдвэр жижиг хувьцаа эзэмшигчдийг Монгол Улсын Засгийн газартай барьцахад хүргэв. “Рио Тинто” ийн буулт хийсэн далд уурхайн бүтээн байгуулалтыг цаг алдалгүй эхлүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсонтой холбож болно.
Өдгөө УИХ-аар хэлэлцэж буй Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас “Оюутолгой” ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгасан. Үүнд:
-“Оюутолгой” төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;
-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;
-“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;
-“Оюутолгой” төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
-“Оюутолгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;
-Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх багтжээ.
Энэхүү тогтоолын төслийг хэлэлцэн баталснаар“Оюутолгой” ордоос Монгол Улсын хүртэх үр ашиг нэмэгдэнэ.
“Рио Тинто”-гийн дуулиант “буулт”-аас гадна ар, араасаа мэндэлж буй койнууд буюу цахим мөнгөний арилжаа 2021 оны эдийн засгийн онцлох үйл явдлын нэг мөн.
Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар 8 орчим их наяд төгрөг цахим мөнгөний зах зээл дээр эргэлдэж байна гэсэн тооцоо бий. Монгол Улсад өдгөө таван криптовалют болон токен хосолсон криптобирж нэгэнт бий болсон. Гэвч сөрөг тал нь хяналтаас ангид, хэн нэгэн иргэн хохирсон тохиолдолд, хохирлыг нь барагдуулах боломжгүй юм.
Статистикаас харвал насанд хүрэгчдийн 30 хувь, ажил эрхлэгчдийн 50 хувь ямар нэгэн крипто койн, токеныг худалдаж авчээ. Энэ нь дэлхийн аль ч улстай харьцуулахааргүй, түүхэнд дахин давтагдах боломжгүй хэт халуурал бий болсныг илтгэж байна. Монголын койны хөөс хагарах нь хагарна, гэхдээ хэзээ гэдгийг эдийн засагчид, зах зээлийн шинжээчид хэлж чадахгүй байгаа юм.
УИХ энэ сарын 17-ны өдөр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталснаар Монгол Улс виртуал хөрөнгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ. Хууль санаачлагчдын хэлж буйгаар, уг хууль батлагдсанаар Монгол Улсад гаднын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг солонгоруулах чухал алхмын үүд хаалга нээгдэж, технологийн шинэ эрин үеийг авчран, бусад салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах суурь тавигджээ.
КОВИДИЗМ ДАРАНГУЙЛАЛ, ХҮНИЙ ЭРХИЙН ХЯМРАЛ
Covid-19-ийн халдвар авсан эмэгтэйг идэр гурван есийн хүйтэнд ХӨСҮТ рүү нүцгэн "шалдан" зөөсөн явдал хүний эрхийг удаа дараа хязгаарлсан эрх баригчдын эсрэг гудамжинд жагсахад хүргэв. Эх орондоо ирэх гэж гадуурхагдсан иргэд тусгаарлалтын байр нэртэй “шоронд” хоригдож, тэндээс халдвар авсан ч хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Ул суурьгүй УОК-ын шийдвэрээс үүдэн анх 21 хоног тусгаарлаж байсан бол оны төгсгөл гэхэд гуравхан хоног тусгаарладаг болох хүртэл 9 удаагийн үйлдлээр журмаа өөрчлөн ямар ч үндэслэлгүйгээр, хууль бусаар иргэдийн эрхийг зөрчиж байсан нь тогтоогдов. Засгийн газар нь ийнхүү иргэдийнхээ эрхийг хууль бусаар зөрчиж байсныхаа төлөө огт хариуцлага хүлээсэнгүй.
Халдвар хамгааллаа баримтлахыг эрх баригчдаас шаардсан иргэд торгуульж, баригдаж, хоригдох болов. Албан тушаалтнуудын судалгаагүй шийдвэрээс болж ойр дотныхонтойгоо салах ёс хийж чадахгүйгээр эцсийн замд нь үдсэн бол улаан бүсэд албан тушаалтнууд ойр дотныхон дураараа орж, гардаг давхар стандарт үйлчлэх болов.
Халдвар авсан иргэдийн мэдээллийг олон нийтэд ил тод зарлан үзэн ядуулж, жигшүүлэх ажлыг төр засгийн зүгээс хийж, иргэдийнхээ амьд явах, асран хамгаалуулах эрхэнд халдсаар ирлээ.
Гэтэл төрийн байгууллага халдвар хамгааллын дэглэмээ зөрчин шоу зохион байгуулж, Засгийн газрын тэргүүн өөрөө түүнийг өөгшүүлэх мэт оролцсон ч хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Давхар стандартын эсрэг тэмцсэнийхээ төлөө Зон олны намын дарга Э.Одбаяр баривчлагдаж, эмнэлэг, цагдаагаас өөр газар зорчих эрхгүй “улс төрийн хоригдол” болсон бол Д.Монголхүү, Д.Амартүвшин нарын иргэд баривчлагдаж, торгуульсан юм.
Цар тахлын үед хэрэгжүүлэх хуулийг удаа дараа сунгаж, хоёр жилийн хугацааны хүний эрхийн асуудалд ямар нэгэн байдлаар хандсаар ирэхдээ Хүний эрхийн үндэсний Комиссын даргыг томилохгүйгээр даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй байлгасан нь сонголтыг нь луйвардсан хэмээн эрх баригчдын эсрэг жагссан 2008 оны долдугаар 1-ний үймээний үеэр ЦЕГ-ын даргыг томилоогүй байсантай агаар нэгэн явдал байлаа.
Иргэд үзэл бодлоо илэрхийлбэл Зөрчлийн хуулиар торгож, эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулан дарамтладаг болсон эрх баригчид хүний эрхийн талаар судалгаа хийлгэсэн төдийгүй эрхэнд нь халдаад буйг мэдэх мэдлэггүй байгааг тогтоосон тухайгаа зарлав.
Цар тахлаас илүү ковидизмын дарангуйлал тогтож, хүний эрхийг хөсөрдүүлсэн жил болов.
NEWS TEAM
Холбоотой мэдээ