Сэтгэлд хоногшсон зул сарын кинонууд

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

Сэтгэлд хоногшсон зул сарын кинонууд

Сэтгэл догдлуулам шинэ жилийн баяр айсуй. Баярын өдрүүдийг шинэ жилийн киногүйгээр төсөөлөх аргагүй. Үзэгчдийн сэтгэлд хоногшсон шилдэг кинонуудыг жил бүр үздэг мөртлөө хэзээ ч уйддаггүй. Энэ жилийн баяраар гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ дуртай киногоо үзэж, дурсамжаа сэргээхийг санал болгож байна. 


  1. Home Alone 1

“Гэртээ ганцаараа” кино нь 1990 онд анх дэлгэцнээ гарч байв. Гол дүрийн жүжигчин Макколи Калкинд тохиолдсон хамгийн агуу үйл явдал “Гэртээ ганцаараа” биш ч гэсэн, үзэгчдийн сэтгэл зүрхэнд хамгийн их хүрсэн, зул сарын сонгодог сонголт билээ. Энэ киног үзээгүй хүн бараг үгүй биз ээ. Хэрвээ үзээгүй хүн байвал өдий хүртэл хаана юу хийж явав аа.Кино найман настай Кевин хүү гэр бүлийнхэн нь Парис руу нисэхэд санамсаргүй байдлаар гэртээ ганцаараа үлдсэнээр эхэлдэг. Энэ хооронд хоёр хулгайч гэрт нь нэвтрэх гэж оролдох бөгөөд Кевин төрөл бүрийн хөгжилтэй аргаар гэрээ маш сайн хамгаалдаг.

"Гэртээ ганцаараа" кино дэлхий даяар 476.7 сая ам.долларын орлого олсон бөгөөд хамгийн өндөр орлоготой адал явдалт инээдмийн кино болжээ. Бүх дэлхийн хүүхдүүдийн хайртай уг кино нийт таван цувралтай. Хамгийн сүүлийн цуврал 2012 онд дэлгэцнээ гарчээ.

2.Elf

“Elf ” нь 2003 онд дэлгэцнээ гарсан Америкийн инээдмийн кино билээ. Киног бүтээхэд 33 сая ам.долларын төсөв зарцуулсан ч, 220 сая ам.долларын орлого олж дэлхийн сая сая үзэгчдийн дуртай зул сарын кино болсон. Үйл явдлын хувьд Санта Клаусын анахай буюу бидний нэрлэж заншсанаар элфүүдийн өсгөсөн Бадди хэмээх хүний тухай гардаг. Бадди өөрийн гарал үүслийн талаар мэдээд төрсөн эцэгтэйгээ уулзахаар Нью-Йорк хотыг зорьсон тухай өгүүлдэг. Гол дүрийн жүжигчин Уилл Феррэлийн элфэд тоглосон ур чадварыг үзэгчид маш өндрөөр үнэлсэн билээ. Нийтдээ есөн удаа кино шагналд нэр дэвшиж, “Top Box Office Films”, “Best Comedy” шагналуудыг хүртэж байжээ.

3.Love actually

“Love actually” нь зул сарын утга агуулгатай романтик инээдмийн кино юм. Уг кино нь 2003 онд дэлгэцнээ гарчээ. Зураг авалтыг ихэвчлэн Лондон хотод хийсэн бөгөөд хайр дурлалын олон өнцгийг 10 өөр дүрийн түүхээр илэрхийлэн харуулсан. Кино үргэлжлэхийн хэрээр тэдгээр 10 дүр нь өөр хоорондоо холбоотой байж таардаг. Гол дүрийн олонх нь Их Британийн жүжигчид юм. Жишээлбэл, та бидний сайн мэдэх Мистер Бен, Хью Грант, Кейра Найтли нар тоглосон байдаг. Уг кино нь Их Британи, АНУ, Францын кино компаниудын нэгдсэн уран бүтээл юм. 40-45 сая ам.долларын зардлаар бүтсэн хэдий ч дэлхий даяар олсон нийт орлого нь 246 сая ам.доллар хүрчээ.

4.How the Grinch Stole Christmas

“Гринч зул сарын баярыг хулгайлсан нь” кино 2000 онд нээлтээ хийсэн зул сарын зөгнөлт инээдмийн кино юм. Кино зохиолыг 1957 онд хэвлэгдсэн Доктор Сеуссын “Гринч зул сарын баярыг хулгайлсан нь” нэртэй номноос сэдэвлэн бүтээсэн. Гол дүрд монголчуудын сайн мэдэх Жим Кэрри тоглосон билээ. Кино шүүмжлэгчдээс янз бүрийн үнэлгээ авсан бөгөөд Жим Кэрригийн тоглолтыг сайшаахын зэрэгцээ зарим нэг хар бараан дүрслэлүүдийг шүүмжилж байсан. Гэсэн хэдий ч, дэлгэцэнд гарсан даруйдаа дөрвөн долоо хоног дарааллан АНУ-д шилдэг кино жагсаалтыг тэргүүлсээр байсан. 345 сая ам.долларын ашиг олсноор 2000 оны хамгийн өндөр орлоготой киноны зургадугаар байрт бичигджээ.

5.It’s a wonderful lifе

“It’s a wonderful life” киног 1946 онд бүтээсэн, бүх цаг үеийн хамгийн шилдэг зул сарын кино гэж тооцохуйц бүтээл юм. Кино зохиолыг 1943 онд хэвлэгдсэн “The greatest gift” богино өгүүллэгээс сэдэвлэжээ. Үйл явдлын хувьд бусдын төлөө гэсээр өөрийн хүсэл мөрөөдлөө мартаж орхисон нэгэн эр зул сарын баярын өдөр амиа хорлох тухай боддог. Гэтэл аврагч сахиусан тэнгэр үзэсгэлэнт бүсгүй гарч ирснээр түүний амьдрал өөрчлөгддөг. Тухайн үедээ уг кино төдийлөн амжилт олж чадаагүй бөгөөд ашиг олох нь байтугай 6.3 сая ам.долларын алдагдалтай ажилласан. Энэ нь кино бүтээсэн зардлыг даруй хоёр дахин нугалсан их тоо юм. Гэсэн хэдий ч үнэ төлбөргүйгээр цацагдаж, нийтийн хүртээл болсноосоо хойш уг кино бүх цаг үеийн турш хамгийн их үзэлттэй зул сарын кино болжээ.

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж