Бага насны хүүхдийн гэрлэлт гэж юу вэ? Шууд утгаараа 18-аас доош насны хүүхдийг хүсээгүй байхад нь хүчээр гэрлүүлэх явдал юм. Дэлхий даяар нийт хүн амын 21 хувь нь насанд хүрээгүй байхдаа гэрлэсэн байдаг аж. Энэ жил гэхэд 12 сая насанд хүрээгүй хүүхэд албан шаардлагаар гэрлэжээ.
“UNICEF” мэдээлснээр дэлхий даяар 650 сая орчим насанд хүрээгүй хүүхэд гэрлэсэн гэв. Улсаар нь авч үзвэл, тэргүүн байранд Нигер улс ордог бол Энэтхэг дэлхийд 47 хувийн үзүүлэлттэйгээр долдугаар байранд ордог байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 25 сая хүүхэд цагдаа, тусламжийн байгууллагын оролцоотойгоор хүсээгүй гэрлэлтээс аврагдсан гэж “UNICEF” мэдээллээ.
Тэгвэл энэ сарын 16-нд /2021.12.16/ Нарендра Моди болон Энэтхэгийн засгийн газар улс оронд нь тулгамдаад буй асуудлыг хэлцэн, насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийг хуульчилж, 21 нас хүрч байж гэрлэлтийг зөвшөөрүүлэх төсөл санаачиллаа.
Насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлт хэд хэдэн шалтгаантай байдаг ба нэн түрүүнд уламжлалт ёс заншилаас үүдсэн байдаг. Удаах шалтгаан нь ард иргэдийн амьжиргааны түвшин, ядууралтай нэн холбоотой. Энэтхэгийн Холбооны засгийн уг саналыг зөвшөөрч, 2006 оны Бага насны хүүхдийн гэрлэлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан УИХ-д өргөн дэвшүүлэв. Ирэх оны эхээр УИХ хуралдаж уг хуулийн төслийг батлах юм байна.
Санал болгож буй хуулийн төсөлд эмэгтэй хүний гэрлэх насыг 21 болгосноор гэрлэлтийн насны тэгш байдлыг бий болгоно. Учир нь насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийн дийлэнх хохирогч нь эмэгтэй хүүхэд байгаа юм. Гэр бүлийн ёс заншил, амьжиргааны түвшнээс харгалзан ахимаг настай эртэй гэр бүл болдог байна. Хуримын инж болгон үхэр, мөнгө зэргийг өгнө. Энэ нь нэг ёсондоо эмэгтэй хүүхдийг нь худалдаж авч байгаагаас ялгаагүй гэж Энэтхэгийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагаас дурдав.
Хууль зүйн хорооноос 2008 онд Энэтхэг улсын гэрлэлтийн насыг эрэгтэй, эмэгтэй хүн 18 хүрсэн байх ёстой гэж гаргаж байв. НҮБ-ын Ерөнхий Ассемблей хүртэл 1989 онд Энэтхэг улсад хуулиар хориглохыг зөвлөж байжээ.
Энэтхэгийн хүүхэд эмэгтэйчүүдийн сангийн сайд Смрити Ирани хэлэхдээ “Манай улсын эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг гэрлэлтийн наснаас харах хэрэгтэй гэж хэлмээр байна. Өөр өөр төрлийн шашин шүтлэгээс хамаарсан гэрлэлтийн асуудлуудыг хуулийн төслөөр өөрчилмөөр байна” гэлээ.
Уг хуулийн төслийг сөрөг хүчнийхэн эсэргүйцэж байгаа юм. Энэтхэгийн конгресс уг төслийн цаад утга санаанд эргэлзэж байгаа бол зүүн намын үзэж байгаагаар эмэгтэйчүүдийн бие даасан байдалд нөлөөлөх болно гэв. Энэ нь эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүндлэх хүндлэлд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж. Лалын шашинтнуудын нам, бүлгүүд үүнийг мусульманчуудын хуулийг зөрчих оролдлого гэж үзэж байна.
Өөр нэг асуудал тулгарч байгаа нь засгийн газар дэд бүтэц, захиргааны дэмжлэггүй хууль батлаад л эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж чадах болов уу гэж шүүмжлэгчид асууж байна. Үүнд, Модигийн засгийн газар залуу эмэгтэйчүүдийн цогц, эрүүл хөгжлийг дэмжинэ гэж мэдэгджээ. Эмэгтэйчүүдийн гэрлэх насыг 21 болгосноор бага насны жирэмслэлт болон төрхийн хүндрэлийг багасгана. Үүгээрээ эрүүл мэндийн хамгаалалтыг нь нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Гэвч одоогийн байдлаар засгийн газар эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хатуу танаад буй. Иргэдэд үйлчлэх улсын эмнэлэгээс илүү хувийн эмнэлэг рүү ард иргэд зорьж байна. Шүүмжлэгчид нөхөн үржихүйн эрүүл мэнд нэрийдлээр эрүүл мэндийн салбараа хязгаарлаж байна гэж эсэргүүцжээ.
Конгрессын ахлах удирдагч П. Чидамбарам эмэгтэйчүүдийн гэрлэх насыг 18-аас 21 болгон нэмэгдүүлэх саналыг дэмжихийн зэрэгцээ уг төслийг зөвхөн 2023 онд хэрэгжүүлэхийг уриаллаа. Учир нь засгийн газар эмэгтэй хүүхэд 21 нас хүрээд гэрлэснээр ямар ач холбогдолтой, эмэгтэй хүүхдийн сэтгэл зүйн байдалд хэрхэн эерэг үр дүн гарах талаар ард иргэд, улс орон даяар зааж сурган, ойлгуулах хугацаа шаардлагатай гэж үзэж байна.
Санал болгож буй хууль тогтоомжийг “шал утгагүй” гэж “Бүх энэтхэгийн мажлис иттехадул муслим”-ийн ерөнхийлөгч Асадуддин Овайси үзэв. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “ Эрэгтэй , эмэгтэй хүүхэд хоёулаа 18 нас хүрээд гэрлэж болно. Аль хэдийн насанд хүрэгчдэд тооцогддог атал яагаад гэрлэж болохгүй гэж.” хэмээн жиргэв. Дараа нь цуврал жиргээндээ засгийн газрыг хэтэрхий “эцэг үзэлтэй” гэж шүүмжиллээ.
Гэрлэлтийн насны хуулийн төсөл цаанаа улс төрийн гүнзгий агуулгатай юм. Учир нь саяхан Лалын шашинтнууд гэр бүл салалтын хуульд өөрчлөлт оруулсан. Удалгүй засгийн газар гэрлэлтийн доод насыг нэмэгдүүлсэн нь энэ аж.
Хэрвээ олон нийтийн цахим сүлжээгээр “Child marriage victim” гэж хайгаад үзвэл нүд халтирам дүр зураг болон хохирогч болсон хүүхдүүдийн амьдралыг харах болно. Амьжиргааны түвшин тааруугаасаа болж эцэг эх нь бага насны хүүхдээ ганц үхрээр сольсон тохиолдол ч бий. Мөн Энэтхэг улсад гэр бүлийн хүчирхийлэл их байдаг. Хүчирхийлэлд өртөж, нөхрийнхөө зодуурыг дааж чадалгүй өөд болсон бага насны охид, эмэгтэйчүүд жилд мянга даваад байна.
Насанд хүрээгүй гэрлэсэн охид бүрэн дунд боловсрол эзэмшээгүй байдгаас үүдэн бичгийн чадвар муу тул улсын үйлчилгээнд тэр бүр хамрагдаж чаддаггүй. Иймэрхүү асуудалтай охид эмэгтэйчүүдэд туслах төрийн бус байгууллага хэд хэд байдаг аж. Сайн дурын байгууллагууд жирэмсэн үеийн хичээл болон төрхийн хүндрэлээс хамгаалах арга зам заадаг гэнэ. Хэрэв хүчирхийлэлд өртсөн охид эмэгтэйчүүд байвал цагдаагийн газартай хамтран үйл ажиллагаа явуулдаг байна.
Эх сурвалж: Diplomat
Холбоотой мэдээ