Тэрэлжид сүндэрлэсэн "Мөсөн хотхон"

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

Тэрэлжид сүндэрлэсэн "Мөсөн хотхон"

Тэрэлжид сүндэрлэсэн "Мөсөн хотхон"

Идэр есийн жавар тачигнаж, эрээн саа, гэрлээр чимэглэсэн сүлд модод ирэх он айсуйг сануулна. Агаарын бохирдол хүний хөлөөс зайтай газарт хүмүүс тухтай амрахыг хүсч, хотоос холгүй байрлах амралтын газруудад баярын өдрүүдэд байрлах захиалгаа өгчээ. Амрагчид тухтай амрахад дулаан байр, халуун хоол хангалттай биш. Учир нь амралтын газрын орчин нөхцөл нь ихэд анхаарал татдаг болсон байна. Тиймээс бид цахим хуудаст иргэдийн эерэг сэтгэгдэл илэрхийлсэн амралтын газруудаас хамгийн их хандалт авсан газарт очлоо. Элдэв чимэггүй тансаг байгаль. Хадат уулын өвөрт байрлах орчин. Гэр, байшин, хүлээн авалтын заал гээд орчин үеийн сонгодог шийдэлтэй. Түүгээр ч зогсохгүй олны анхаарлыг татаж буй нэг зүйл бол мөсөн хотхон. Хүүхэд гэлтгүй эцэг, эхчүүд ч хараад шохоорхох орчинд хүмүүс эрхгүй татагдана. Ой модонд байрлах амралтын газарт мөсөөр амьтад болоод тоглоомын талбай урласан нь хүмүүсийн хэлдгээр “хөөрхөн” харагдав. Амрагчдадаа бэлэг болгож мөсөн хотхон хийлгэжээ. Энэ нь ч оносон шийдэл байлаа. Хүмүүс сошиалаас зар харж үргэлж залгана. Амралтын газар гэхээр л албан байгууллага, айл өрхөөрөө ирээд буцдаг гэхээс илүүтэй нүд, сэтгэлээ ч баясгах орчинг бүрдүүлэхийг зорьжээ.

Туул голын хажууд цагаан гэр, шаргал байшинг хослуулсан байх бөгөөд цас бударч, хүүхдийн инээд шуугин угтлаа. Бүх нийтийн амралтын өдөр учир өдрөөр агаар салхинд гарах гэр бүл олон байв. Хүүхдээ салхинд гаргаж өөрсдөө ч амралтаараа тухтай байхыг эрмэлзжээ.

Тэрэлжид байрлах “Мөсөн хотхон” гэх хайлтаар олж ирсэн гэх хүмүүс. Ирсэндээ талархан буцах амрагчдын цуваа. Энэ бүхэн нээгдээд удаагүй амралтын сайн маркетинг болсон нь тодорхой.

ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙГ НЬ ХӨГЛӨСӨН ЧАРГА ХӨЛӨГЛӨХ ЦАА БУГАНУУД

Өвлийн өвгөнд итгэдэг үү? гэх асуултад мөсөн хотхоны цаа буганы дэргэд зогсох жаал яг ийм чарга хөлөглөсөн цаа буга миний зүүдэнд орсон. Тэгээд би чарга дээр нь суугаад өвлийн өвөө рүү очих гээд нисч байсан. Тиймээс би өвлийн өвөө хүүхдүүдийн хүслийг биелүүлдэг гэдэгт итгэдэг. Энэ чарга дээр суухад буганууд гэнэт амилах юм шиг санагдсан гэв. Хүүхдийн хүсэл мөрөөдөл гэдэг хязгааргүй. Түүнийг хөглөнө гэдэг ч амаргүй. Тув тунгалаг мөс шиг цагаан сэтгэлтэй хүүхдийн сэтгэл, хөөрөн баясах итгэл гээд л өөлөх өөгүй хүүхэд нас. Хотод хичээлээ өдөр бүр хийгээд ядарсан. Амралтаар гэрийн даалгавар их өгсөн болохоор гадаа тоглох ч зав байдаггүй. Өнөөдөр үнэхээр жаргалтай байна гэх ах дүү гурав энэ хотхоныг бүхэлд нь үлгэрийн ертөнц болгожээ.

Мөсөөр урласан бүтээлүүдээс хамгийн сонирхолтой нь бугатай сүйх тэрэг. Мөн томчууд ч гулсаж болох гулсуур байлаа. Үүнээс гадна үлгэрийн баатрууд, амьтдыг урласан харагдана.

"Энийг хар аа, тэрийг та очиж үз дээ" гээд л ээж, эмээгээ хөтлөн гүйгээд л цаг өнгөрч, гадаа хүйтэн болж байгааг ч анзаарахгүй байсаар гадаа хоёр цаг тогложээ. Мөсөн хотхоныг хийгээд илүү гарсан мөсийг амралтын нэг буланд овоолжээ. Хүүхдүүд тэр мөснөөс өөрсдийн даах хэмжээгээр авч өөрсдийнхөө бүтээлийг урлана. Тун ч нямбай мөсөн баримал хийхийг хичээж буй хүү ирээдүйд зураач болох хүсэлтэй гэнэ. Ээж, аавтайгаа амралтад ирсэн. Өмнө нь очиж байсан газар ийм олон мөсөн бүтээлгүй байсан. Нэг гулсуураас өөр зүйлгүй байсан учраас би амралтад очих тийм ч дуртай байгаагүй. Харин энд талбайгаас гоё мөсөн барималтай учраас тоглоод л баймаар санагдсан. Мөсөн гулсуур дээрээс чаргаар гулгах үнэхээр гоё байсан гэлээ. Хүүхдүүдэд бол энэ хотхон хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх орчин болжээ. Зөвхөн хүүхдэд ч гэлтгүй эцэг эхчүүд нь мөсөн гулсуураас гулгаж байгаа нь сонирхол ихэд татав.

ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ ДУРСАМЖИЙГ ХАЙРТАЙ ДОТНЫ ХҮМҮҮСТЭЙГЭЭ БҮТЭЭЖ БАЙНА

Тэрэлжид байрлах энэхүү мөсөөр урласан бүтээлүүд амрагчдын байрлах байшингийн дунд байх амралтын талбайд учир цонхоор цас будрахтай зэрэгцэн харах мөч юутай ч зүйрлэшгүй тансаг аж. Хүүхдүүдээ тоглохыг хараад эцэг эхчүүд нь савлуур дээр сууж, мөсөөр урласан бүтээлүүдийн хажууд зургаа даруулна. Хэзээ ч мартахгүй дурсамжийг хүмүүс гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ бүтээх нь хэчнээн сайхан.

Цар тахлаас шалтгаалж иргэд үйлчилгээний байгууллага, амралтын газруудад өнгөрсөн жил баяр ёслол тэмдэглэж, агаар салхинд ч гарах хориотой байсан. Тэгвэл энэ жил ихэнх хүн хотоос зайдуу шинэ жилээ угтахыг хүсчээ. Арга ч үгүй биз. Агаар салхинд гарахад амрах ая тухтай орчин нөхцөл чухал.

Хүн бүрийн дуртай баяр хаяанд иржээ. Хүмүүсийн сэтгэл шинэ оноо угтах гэж хөөрч буй мэдрэмж яг л хүүхэд мэт догдлол өндөр байдаг. Тэр хүслийг хөгөлж, хүүхэд насных нь дурсамжийг сэргээсэн мөсөн баримлуудыг харах, хараад зогсохгүй тоглоно гэдэг сонирхолтой. Талбай дээрх үзүүлэн болсон баримлуудыг энд утгаар нь бодит мэт ашиглаж, амьлуулж байгаад сэтгэл өндөр байлаа. Уран сийлбэрчдийн бүтээл, уйгагүй долоон хоногийн шаргуу хөдөлмөр мөсөн хотхоныг ийнхүү байгуулжээ. Тэгээд ч зогсохгүй байгаль дээр амралтын газарт бүтээсэн нь мөсөн баримал, бүтээлийг бүр ч илүү тансаг болгосон харагдлаа.

Тус амралтын газарт очихыг хүссэн амрагчид олон байгаа төдийгүй нээгдээд хоёр долоо хонож буй мөсөн хотхоныг нь үзэхээр, хүүхдүүдээ тоглуулахаар өдрөөр зорин очих хүмүүс ч нэмэгджээ.

Гэрэл зургийг Н.Дорждэрэм

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж