Чихэр, жимс, тамхи, бохь гэхчилэн ширхэглэн зарж болох бүх барааг гудамж талбайд ил задгай газарт гар дээрээс худалдан наймаалах болсоор удаж байна. Ийн гар дээрээс худалдаа хийхийг хориглосон журам байдаг ч хэрэгждэггүй. Уг журмыг хэрэгжүүлэх үүднээс саяхан Нарантуул худалдааны төвд ил задгай худалдаа үйлчилгээ явуулж байгаа иргэдийг шалгасан байна. Гар дээрээс худалдаа хийж буй 86 иргэнийг худалдаа үйлчилгээ эрхлэх бичиг баримттай эсэх, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байдал, худалдан борлуулж буй бүтээгдэхүүний чанар зэргийг нь шалгаж нягталжээ. Шалгалтын явцад 114 зөрчил илрүүлэн зохих арга хэмжээг авсан байна. Түүнчлэн гар дээрээс шорлог, хуушуур, чанасан өндөг зарж байсныг болиулсан байна. Намрын цагт их хэмжээгээр дэлгэрдэг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс хүмүүс гар дээрх худалдаагаар үйлчлүүлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.
Д.Цээнэ