NEWS.MN: Спортын салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.29-нд нийтлэгдсэн

NEWS.MN: Спортын салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна

NEWS.MN: Спортын салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна

NEWS агентлаг улирч буй 2021 онд спортын салбарт олны анхаарлыг татсан гадаад, дотоодын онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.


НАРАН УЛСАД МАНДСАН ОЛИМПИЙН ТАВАН ЦАГИРАГ

Цэнхэр гаригийн таван тивийн хүмүүсийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимп энэ жил Токиод болов. Монгол Улс 10 спортын төрөлд 43 тамирчнаа илгээн Саид Моллаей мөнгө, Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг, Б.Болортуяа нар хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 71 дүгээр байрт орсон билээ. Мөн ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд анх удаагаа манай баг тамирчид оролцсоноос гадна хүндийн өргөлт, байт харваа, бокс, жүдо зэрэг төрлүүдэд Монголын шүүгчид, албаныхан ажилласан.

Монголчуудын хүсэн хүлээсэн алтан медалийг паралимпоос Э.Содномпилжээ хүртэн зон олноо баярлуулав. Манай нийт 11 тамирчин паралимпийн спортын зургаан төрөлд өрсөлдөж, бахдам амжилт үзүүлсэн.

Хүндийг өргөлтийн паралимпийн аваргатай болсон монголчууд оны төгсгөлд хүндийн өргөлтэй дэлхийн аваргатай болсон. Токиогийн олимпод дөрөвдүгээрт орсон М.Анхцэцэг хэдхэн хоногийн өмнө Ташкент хотноо болсон дэлхийн аваргад түрүүлж, дахин ард түмнээ баяруулсан билээ.

Багийн дүнгээр олимпод Америк 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл нийт 113 медальтай тэргүүлсэн бол тэдний араас Хятад 88 медаль, Япон 58 медаль, Их Британи 65 медаль, Орос 71 медальтай удаалжээ. Австралийн усан сэлэлтийн тамирчин Эмма Мккион Токиогийн олимпоос долоон медаль хүртснээрээ бүх тамирчдыг манлайлсан бол АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Каелеб Дрессель таван алтан медаль хүртсэн аж.

Энэ жилийн олимпод олон арван рекорд, амжилтууд эвдэгдсэнээс гадна нэг онцлог зүйл байсан нь ЛБГТТ тамирчид оролцов. Шинэ Зеаландын хүндийн өргөлтийн трансжендер тамирчин Лорел Хаббард, Канадын нон-бинари хөлбөмбөгчин Квинн, скейтбордын тамирчин Алана Смит нар түүхэнд нэрээ үлдээсэн.

ХӨЛБӨМБӨГИЙН БУРХАН ТЭНГЭР ГЭЖ БАЙДАГ ЮМ БАЙНА

2021 онд гадаад болон дотоодын хөлбөмбөгийн ертөнцөд дуулиан шуугиан, баяр хөөр, уйтгар гуниг тохиов. Европын топ таван лигт фаворит багууд таамгалсан ёсоор түрүүлж, УЕФА Аваргуудын лигт үнсгэлжингийн үлгэр биеллээ олон Челси хоёр дахь түрүүгээ хүртсэн.

Зун нь Европын аварга эхэлж, буурал тив гэлтгүй дэлхий нийт хөлбөмбөгөөс дахин баяр баясал, таашаалыг мэдэрсэн. 24 баг гараанаас зэрэг гарч, долдугаар сарын 11-ний өдөр Лондон хотын Уэмблид болсон финалын тоглолтод Италийн шигшээ Английг талбайд нь хожиж, хоёр дахиа тивдээ тэргүүлэв.

Тэгвэл бөмбөрцгийн өмнөд хэсэгт Копа Америка болж, Лионель Мессигээр ахлуулсан Аргентины шигшээ эцэст нь зорилгодоо хүрч, тивийнхээ аваргаар тодорсон. Энэхүү амжилтаараа “нохой бөөс” долоо дахь алтан бөмбөгөө энэ оны төгсгөлд хүртсэн. Гэхдээ түүнийг тойрсон дуулиан шуугиан үүгээр дуусаагүй. Месси, Барселона хоёр тус тусынхаа зам мөрийг хөөж, Аргентин эр Парист газардав. Түүний дараахан Роналдо мөн буурь сэлгэх шийдвэрээ гаргаж, гэртээ Манчестер Юнайтедэд эргэн ирэв.

Европын шилдэг хөлбөмбөгчнөөр Челси болон Италийн шигшээн хагас хамгаалагч Жоржиньо тодорч, сүүлийн хоёр жил супер байсан Роберт Левандовски гар хоосон үлджээ.

Монголын хөлбөмбөгт ч энэ жил түүхэн үйл явдал тохиож, шигшээ багийн 100 дахь гоол оров. Тодруулбал, манай шигшээ “Катар – 2022” ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолтоо Киргизийн эсрэг хийж 1:0-ийн харьцаатай хожиход, О.Мижиддорж энэхүү түүхэн гоолыг оруулсан юм.

Ах нарынхаа адилаар 23 хүртэлх насны залуучуудын шигшээ баг Улаанбаатарт болсон U-23 Азийн цомын урьдчилсан шатанд давгүй тоглосон. Манай залуучууд Тайландтай тэнцэж, Малайз, Лаосын багуудад тахим буулгасан.

Шигшээ багийн тоглолтууд жигдрэхтэй зэрэгцэн дотоодын лигийн өрсөлдөөн ширүүсч, Атлетик-220 баг жил дараалан түрүүлэв. Энэхүү амжилтаараа тус багийн хагас хамгаалагч А.Тэмүүжин 2021 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин болсон юм.

Харамсалтай нь, оны адагт дэлхийн спортыг талын монголчуудад таниулсан хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч Э.Балжинням таалал төгсч, монголын хөлбөмбөг болон телевизийн салбарт нөхөж баршгүй орон зай үлдээв.

"Эрээн асрын өмнө зодог өмсөн дэвж

Эртэй, бяртай бөхчүүдтэй мөр зэрэгцэж яваагүй ч

Үе тэнгийн нөхөдтэйгөө шороон талбайд тоглож

Өвдөг, тохой хоёроо шалбалж явсан удаатай

Би хөлбөмбөгийн фанат аа” хэмээн орилох түүний сөөнгө хоолойг монголын ард түмэн үгүйлнэ.

СЕНСАЦИ ДҮҮРЭН БӨХИЙН ЕРТӨНЦ

Сүмо дахь монголын их аваргуудын буухиа тасарсангүй. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ оны зургаан башёгийн дөрөвт нь түрүүлж, 73 дахь ёкозүнагаар тодров. Түүх бүхэн өөрийн төгсгөлтэй байдгийн адил Какүрюү М.Ананд, Хакүхо М.Даваажаргал нар зодог тайлж, шинэ амьдралаа эхлүүлсэн. Аваргууд сүмогийн холбоондоо үлдэж, ордны хамгаалагчаас ажлын гараагаа эхлүүлэв.

Тэгвэл Монголын анхны олимпийн аварга Н.Түвшинбаяр олимпийн хорооны ерөнхийлөгчөөр удаан тогтсонгүй. Оюутан цагийн дотны анд, улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулан, иргэдийн эгдүүцлийг хүргэв. Найман сар амьдрахын төлөө тэмцсэн энэ цагийн манлай начин саяхан таалал төгссөн.

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн үндэсний их баяр наадам “No Naadam” жагсаалын өмнө хүчин мөхөсдөж, хойшлов. Үүнд уурссан уяачид, бөхчүүд, харваачид төв талбай дээр хуран чуулсан ч тусыг эс олов. Бөхийн холбоо бөхчүүдээ бодон 512 бөхийн барилдаан зохион байгуулсан ч допинггүй наадам байхаа больсон бололтой. Аймгийн цолтой гурван бөхөөс гадна улсын арслан Э.Оюунболд шинжилгээнд нь бүдрэв.

Аварга цолоо алдсан тэрбээр дахин найман жилээр барилдах эрхээ хасуулж, амар жимэр аж төрж байна. Харин допингийн гайгаар чимгээ алдсан Н.Батсуурь допингийн ачаар аварга цолоо “Даян” болгож, 2022 онд золгож байх шиг.

Үндэсний бөх тогоон дотроо допингтойгоо тэмцэж байх хойгуур жүдо, чөлөөт, самбо, жюү жицүгийн бөхчүүд тив дэлхийд эв хаваа гайхуулсаар. Осло-2021 чөлөөт бөхийн ДАШТ-ээс Т.Тулга, М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Э.Даваачимэг, Б.Шоовдор, Э.Гантуяа нар хүрэл медаль хүртэж, багийн дүнгээрээ гуравдугаарт оров.

Жүдочид ч Гранд Слам, Гранд При, мастерсийн тэмцээнүүдэд медалийн хур буулган, М.Уранцэцэг 2021 оны Монголын шилдэг тамирчин, Ц.Цогтбаатар оны шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар тодров.

Үндэсний бөхөөр барилдах эрхээ хасуулсан Н.Батсуурь болон манай самбо бөхийн тамирчид ДАШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бол үндэсний бөхөөсөө сүүлийн жилүүдэд хөндийрч, жюү жицү рүү урваад буй Г.Эрхэмбаяр аварга тэргүүтэй жюү жицүгийнхэн Лас Вегасаас олон медаль хүртжээ.

NBA-Д ТАВТАЙ МОРИЛ

Сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжсөний 130 жилийн ой, NBA байгуулагдсаны 75 жилийн ой 2021 онд тохиож байна. Энэ жилийн NBA-ийн аваргаар Яннис Антетокоунмпогоор толгойлуулсан Милвауки Бакс тодорч, 50 жил хүлээсэн алтан шаргал цомоо хүртсэн. Харин Монголын сагсан бөмбөгт Хасын Хүлэгүүд болон Алдар Танан Гарьд багуудын ривал үргэлжилж, Танан жил дараалан аварга болов.

Саяхан Монголын сагсан бөмбөгийн холбоод болон тамирчдын холбоод хэрүүл маргаанаа хойш тавин нэгдсэн Дээд лигээ хамтран зохион байгуулж эхэлсэн.

13 багтай эхлээд буй лигийн аварга баг ирэх онд тодорно. Дотооддоо ийн эв түнжингээ ололцож байх хойгуур хилийн чинад дахь авьяаслаг монгол хүүхдүүд сагсан бөмбөгт цахиур хагалж байна. Тодруулбал, гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NCAA буюу АНУ-ын үндэсний коллежийн спортын холбооны эрэгтэй сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизонд харьяалагддаг Дэйтон их сургуульд тэтгэлэгтэй суралцах болов. Түүнээс өмнө энэхүү амжилтад хүрч байсан монгол сагсан бөмбөгчин үгүй.

Ш.Энхийн-Одын одоо харьяалагдаж буй ISA академийн багт Б.Галдан, Г.Дөлгөөн тэргүүтэй залуус бэлтгэгдэж байна. Ирэх жилүүдэд бид NBA-д тоглож буй монгол тамирчинг харах бололтой.

РИНГЭН ДЭЭРХ БОЛОН КИБЕР ЕРТӨНЦ ДЭХ ТУЛААНЧИД

Монголоос үеийн үед холимог тулааны урлагийн шилдэг тамирчид төрөн гардаг. Тэдний залгамж халаа болсон Д.Батгэрэл, О.Пүрэв, З.Шинэчагтга, Д.Батсүмбэрэл, М.Нандин-Эрдэнэ, Б.Баттөр тэргүүтэй тулаанчид энэ онд рингэнээ олон удаа улсынхаа нэрийг зарлуулж, ялалт байгууллаа. Ялангуяа өдгөө мэргэжлийн холимог тулааны оргил болоод буй UFC холбоонд Д.Батгэрэл хоёр тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулжээ.

Кибер ертөнцийн тулаанчид маань ч монголчуудыг хоцрогдсон ойлголтоо хаях хэрэгтэйг ухааруулав. Саяхан багийн нэрээ “IHC Esports” болгон өөрчилсөн “Zeus Esports” баг энэ оны эхээр “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлж, 100 мянган ам.долларын эзэн болсон.

Бусад “CS:GO”, “Dota2”-ийн багууд чамгүй амжилт үзүүлэв. “CS:GO”-ийн “D13” баг Европ руу гарсан бол “Checkmate”, “Renewal” багууд бууриа сахиж үлдсэн. Харин “sk0R”, “erkaSt” нар Тайландын NKT багатй нэгдэж, хожим нь erkaSt “Valorant” руу орж байгаа мэдэгдэн Америкийн “Cloud9 Academy”-ийн гишүүн болжээ.

“Dota2” дээр “Lilgun” баг өөрсдийн Ази тив дэх аялалаа эхлүүлж байх хойгуур “Hustla” Филиппиний “OB Esports x Neon” багтай нэгдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж