О.Батсайхан: Ардын хувьсгал бол бидний тэмдэглэх учиргүй өдөр

Хуучирсан мэдээ: 2021.12.29-нд нийтлэгдсэн

О.Батсайхан: Ардын хувьсгал бол бидний тэмдэглэх учиргүй өдөр

О.Батсайхан: Ардын хувьсгал бол бидний тэмдэглэх учиргүй өдөр

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын өчигдрөөс эхлэн Урианхай сурын харваагаар эхэлсэн.

Баяо наадмын уур амьсгал орсон энэ үед 1911 оны хувьсгалын 110 жилийн ойгоор  1911 оны хийгээд 1921 оны хувсгалын талаар Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Оохнойн Батсайхантай ярилцсан ярилцлагыг та бүрэн дахин хүргэж байна.  Өнгөрсөн нийгмийн зохиомол түүхэнд өнөө хэр нь итгэсээр байхуйд судлаачдын судалгаа, баримт нотолгоог ямар нэгэн “изм”-гүй хүргэх зорилготой энэхүү ярилцлагын онцлох эшлэлүүдийг хүргэж байна. Хэн нэгэн улстөрч бус түүхч, нууцаас ил гарсан баримтуудын талаар ийн өгүүлэв.


-1917 оны Октябрын хувьсгалын дараа цагаантнуудад хөөгдсөн болшвекууд Монголд нууцаар дүрвэн орж ирсэн. Харин Монголд сууж байсан Хаант Оросын консул А.Орлов зөвлөлт засгийг хүлээн зөвшөөрдөггүй хүн байсан бөгөөд 1920 он хүртэл Монголд амьдарсан. Энэ хүн хаанаа үгүй хийсэн засгийг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Түүнээс гадна Хүрээнд байсан цагаан оросууд улаантнуудыг “битгий оруул” гэж Богдын засгийн газарт бичиг өгсөн байдаг.  Хиагтад байсан цагаан оросуудыг улаантнууд тонон, дээрэмдэж барьж хориход монгол цэргүүд очиж суллаж өгсөн байдгаас гадна мөн өөрсдөө аюулаас сэргийлэхийн тулд харуул хамгаалалтаа нэмэгдүүлсэн нь бий.

-Дахин шүтэгдсэн хаант засагтай оронд үгээгүй ядуучууд хувьсгал хийх боломж байх уу? 1911 оны хувьсгалыг аваад үзэхэд хутагт хувилгаад, тайж, ноёд хийсэн. Гэтэл гол зогоох хоолгүй, өлсгөлөн ардууд хувьсгал хийгээд үүнийг өөрчлөх боломж хэр байх вэ гээд харвал феодалууд гээд бичиж ирсэн хүмүүс хэн байж вэ гэдэг нь харагдана.

-Улаантнууд анх Монголд орж ирэхдээ хэрэглэгчдийн холбоо маягийн байгууллагын шугамаар мах худалдаж авахаар орж ирсэн. Харин Богд хааны Засгийн газар “Малчид малаа зарах эрхтэй” гээд оруулсан. Гэтэл тэдний оруулж ирсэн байгууллага 330 төлөөний газартай, мянга гаруй хүнтэй, маш том сүлжээний газар. Энэ байгууллага коммунист үзэл суртлыг дэлгэрүүлэх ажлыг хийсэн баримт байна. Тэд 60 мянга бод, 100 мянга гаруй бог худалдаж аваад Ар Байгальд байрлаж байсан улаантнуудад хүнс болгоно өгсөн. Энэ бол 1918-1920 оны үйл явдал.

-1920 оны гуравдугаар сард Зөвлөлтөөс төлөөлөгчөө Монголд илгээсэн ч хилээр монголчууд оруулаагүй. Энэ хүн наймдугаар сар хүртэл Хиагтад суусан. Энэ хүнийг явуулсан зорилго нь Монголд оруулж, дотор нь ухуулан нам байгуулах байв. Оросын Коммунист болшвекуудын нам /ОК(б)Н/ намын Төв хороо Москвад, Сибирийн товчоо Омскт, Сибирийн товчооны салбар Сибирийн товчооны Дорно дахины ард түмний секц Эрхүүд байлаа. Энэ секц дотор манайхныг аваачсаны даваа Монгол, Түвдийн хэлтэс байгуулжээ. Эдний зорилго юу гэхээр Монгол, Хятад, Түвд, Солонгост коммунист нам байгуулах зорилготой. Хамтарсан хурлаараа батласан зарчимдаа үүнийгээ маш тодорхой тусгасан. Ингэхдээ тухайн орноос хүмүүсийг авчирч сурган, буцаан аваачиж нам байгууах зорилготой. 1920 оны наймдугаар сард Эрхүүд байгуулсан Монгол, Түвдийн хэлтэсийн үйл ажиллагааны зарчим гэх баримт бичигт Монгол ардын хувсгалт нам, МАХН-ын баг хурал гээд нэр бий. “Монголын үнэн” сонин ч энэ хэлтэсийн сонин. Эднийхээр болсон бол энэ үед л МАХН-ыг байгуулах зорилготой байв. Гэвч бүтэлгүйтсэн учраас Эрхүүд байгуулж, бага хурлыг нь хойшлуулжээ. Энэ хооронд Борисовоос эхлээд олон хүн удаа дараалан Монголд нууцаар ирж, Орос руу хүмүүсийг аваачих ажлыг хийсэн. Энэ бүхний үр дүнд хилийн цаана МАХН байгуулагдсан. Гэтэл бид С.Данзан, Д.Бодоо, Д.Сүхбаатар байгуулсан гээд л явж ирсэн. Үнэндээ баримт өөрийг өгүүлж байна. Дээр нь энэ байгууллагын дотор Монгол товчоон гэж байгууллага байгаа юм. Маш том эрх мэдэлтэй. Тамгатай, бичигтэй. Ингэхдээ хүмүүсийг хил давуулах ажлын зохион байгуулж, тэдгээр хүмүүсийг шалгаж болохгүй, хэнтэй ч юм яриулахгүй гээд их олон зүйлийг тусгасан байдаг. Энийг цааш судлах хэрэгтэй.

-Анхны долоо тусламж гуйхаар хил давсан гэдэг. Гэтэл яг үнэндээ дээр дурдсанчлан Борисовоос эхлээд оросууд зохион байгуулжээ. Хамгийн түрүүнд С.Данзан, Х.Чойбалсан очсон. Энэ хоёрыг очмогц нь битүү газарт хийж цоожилсон. Итгэхгүй шалгаж үзсэн болов уу. Ингээд сар гаруйн дараа “Богдын бичиг авчир” гээд Да лам Пунцагдоржоор дамжуулан бичиг авсан. Богд ч тусгаар тогтнолоо олж байвал гээд бичиг явуулж. С.Данзан, Х.Чойбалсан хоёр ч манайхныг араас ирүүлж байгаа юм байна гэсэн бичиг ч байна. Тодорхой зохион байгуулалттай асуудал. Ингээд манайнхныг очингуут нэг хэсгийг нь цааш нь харуулж, нөгөө хэсгийг нь Эрхүүд үлдээгээд, үлдсэнийг нь элсүүлсэн. Тухайлбал, Х.Чойбалсанг элсүүлж авсан. Ингээд МАХН-ыг байгуулахаар болсон.

-Хилийн цаана байгуулагдсан МАХН-д Хүрээний нөхдөөс гээд бичиг явуулсан байдаг. Ингэхдээ та нарын зорилго биш байна. Буруу, зөрүү хүмүүстэй нийлээд байна. Буцаж ирцгээ гэсэн утгатай бичиг л дээ. Хилийн цаана байсан намынхан тунхаг бичиг гаргасны хариуд Богд хааны Засгийн газраас хариу бичиг гаргасан. Энэ бичигт “Элдэв анги нам байгуулж, Богд эзэн хааны заавар, зөвшөөрөлгүйгээр тунхаг зарлал гаргах нь олныг нэгтгэн, Монгол улс байгуулах их хэрэгт хортой. Даруй цаазалбал зохино. Ардын намаас Монголд тунхагласан зарлал болбоос Оросоо хуурсан лугаа адил Монголыг хуурахыг хичээж буй улаан намын заавраар бичсэн утга учиргүй хортой хэрэг болно” гэж бичсэн. Улаантнууд хэн байсныг маш тодорхой мэдэж байжээ. “Улаан нам болбоос олон ардад жаргалан үзүүлнэ гэж олныг хуурч, эрх мэдлийг гартаа аваад эцэст нь тариачин, худалдаачин, тайж язгууртнуудыг дээрэмдэж, сүм хийд, шашин орныг сүйтгээд олон түмэн хүнийг алжээ. Хаад ба түүний албат нарын олон зуун жилийн турш байгуулсан бүхнийг дээрэмдэн сөнөөж, энэ хэрээр тэд өөрсдөө баяжин, орос ардыг хоосруулан, өлсгөлөнгөөр үхэхэд хүргэсэн байна” дүгнээд “Ертөнцөд бурхангүй байж болохгүй. Гэр өрхөд эзэнгүй байж болохгүй. Ард түмэн хаадгүй байж болохгүй. Хятад, Орос улс хаад нь байхгүй болсноос хойш ямар болсоныг мэдэхгүй юу та нар” гэж коммунист үзэл суртлыг ямар аюултайг “Энэхүү бошгыг халах суртал болвоос дэлхий дахины бүх улсын дайсан болох улааны суртал болно” гээд гүн Билэгсайхан, Д.Сүхбаатар нарын тунхаг зарлал бичиг гаргахад оролцсон хүмүүсийг нэн яаралтай Хүрээнд ирж Богдод бараалхахыг даалгасан байх жишээтэй.

– ОК(б)Н Хятадыг өөрийн болгохыг зорьж байсан. Үүний тулд Монголыг хөзөр болгосон. МАХН-ыг байгуулсаны дараа түр засгийн газар байгуулсан. Энэ засгийн газар Зөвлөлтийн цэргийг оруулахаар урих ёстой байсан. Ингэхдээ Монгол дахь Хятадын эрх ашгийг хөндөхгүй гэдгээ бичсэн баримт бий. Монголд цэрэг оруулахдаа Хятадын засгийн газарт нот бичгээр мэдэгдэнэ гэдгээ илэрхийлсэн. Хиагтад байсан Хятадын 10 мянган цэргийг манай 400 цэрэг бут цохидог гээд л итгээд байдаг биз дээ. Гэтэл дээд Үдээр буцаана гэдгээ бичсэн байгаа юм. Энийг манайхан мэдээгүй.

-1921 онд Оросын цэрэг орж ирэхдээ долдугаар сарын 6-наас эхлээд Богдын Засгийн газрын гишүүдээс баривчилсан. Өөрсдийн дэглэмийг тогтоосон. Тэдэнд орос болон монголчуудыг барьж өгсөн хүний тоонд Д.Сүхбаатар жанжины нэр байна. Ингэхдээ барууны талыг баримлагч гэж сэжиглэсэн, Богдын засгийн газрын Цэвээн, Тогтох тайжаас эхлээд хүмүүсийг барьсан.

-1921-1924 онд үндэсний эвсэлийн Засгийн газар байсан гэж бичдэг, боддог байлаа. Гэтэл Монголд байгуулах Засгийн газарт нэр хүндтэй, нөлөө бүхий хүмүүс, Богдыг нь хүртэл оруулна гэж 1920 онд биччихсэн байна. Тэгэхээр бид тоглоом болж байжээ.

-Улаан арми Монголд орж ирээд сүйдэлсэн. Аргаа барсан Д.Бодоо 1921 оны сүүлчээр Ерөнхий сайдаасаа болих өргөдөл өгсөн. Удалгүй Чагдаржав нарын хамт цаазлуулсан. Намын дарга С.Данзан бас цаазлуулсан. КГБ-ийн ил болсон баримтаар 1922 оны гуравдугаар сард Д.Сүхбаатар жанжин албан ёсоор Хүрээнд байгаа Орос цэргүүдийг гарга гэж шаардлага тавьсан. Энүүний хариу 1923 оны хоёрдугаар сард ирж, таалал төгссөн. Дараа нь их дагина өнгөрсөн. Энэ бол Богдод өгөх сүүлчийн сануулга байсан төдийгүй өөрөө ч таалал болсноор шулуудах замдаа орсон. Оросууд орж ирсэн цагаасаа л баривчлахыг нь барьж, хороохыг нь хороосон. Тийм болохоор Ардын хувьсгал бол Октябрын хувьсгалыг Монголд хийсэн экспорт гэж би үздэг. Бидний тэмдэглэх учиргүй өдөр. Оросууд өөрсдөө ч Октябрынхаа хувьсгалыг тэмдэглэж жагсахаа больсон. 1995 он хүртэл тэмдэглэж байгаад хуулиасаа ч авч хаясан. Гэтэл бид тэмдэглээд байна.

-Монголчууд “Хүний хуучин, дээлийн шинэ” гэж ярьдаг. Оросын коммунист үзлийг мэдээд эсэргүүцсэн хүмүүсийн эсрэг юу ч мэдэхгүй залуусыг нь турхирч эвлэл байгуулаад намынх нь эсрэг тавьсан байх жишээтэй.

-1924 оны Үндсэн хууль бол Оросоос орчуулсан хууль. Богд таалал болонгуут Рескулов маш тодорхой хэлсэн байдаг. Хаант засаг байхгүй шүү. Бүгд найрамдах улс болно гэдгийг Засгийн газрын хурал дээр хэлсэн байдаг. Ер нь харахад, Зөвлөлт хэрхэн байгуулагдсан, яг түүн шиг үйл явдлыг Монголд хийсэн.

-Октябрын хувьсгал гэдэг чинь аравдугаар сарын 25. Грегорийн он тооллоор бол арваннэгдүгээр сарын 7. Энэ тоог буцаагаад тавьбал долдугаар сарын 15 болчихдог. Тэмдэглэхдээ хүртэл яагаад долдугаар сарын 11-нд тамга тэмдэгээ авав. Зүгээр нэг тоо биш байх. Харин 1911 оны арванхоёрдугаар сарын 29 бол монголчууд дотроо хуваагдаагүй, бие даасан тусгаар улсаа дахин байгуулсан өдөр.

-Монголчуудыг ХХ зуунд нэгтгэсэн хоёр том хувьсгал бол 1911, 1990 оны хувьсгал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1323
ТэнэглэлТэнэглэл
88
ЗөвЗөв
15
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж