Чуулган: Нэгдүгээр сарын сүүлээр омикрон хувилбарын давлагаа үүснэ

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Нэгдүгээр сарын сүүлээр омикрон хувилбарын давлагаа үүснэ

20 : 16
2021-12-28

"10 их наядаар дэлгүүрийн лангуу, худалдааг л дэмжсэн"

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Омикрон хувилбарын нөхцөл байдлыг сайн мэдэхгүй учир үүнээс болгоомжилж, урьдчилан тооцоолон, энэхүү хуулийг сунгах санал гаргаж байх шиг байна. Хууль хэрэгжүүлэх нөхцөл байдлыг сайн ойлгож байна. Өмнө нь дотооддоо халдвар алдаагүй болон вакцин ч сураггүй байхад энэхүү хуулийг гаргасан. Гэтэл өнөөдөр сунгая гэхэд хэд хэдэн асуудал бий. Бид халдвараа дотооддоо алдсан ч вакцинаа маш сайн хийсэн. Нийгмийн сэтгэлзүй ч хууль гарч байх үетэй харьцуулахад өөр болсон. Омикроны тархалт, эрсдэлийг бууруулах гэж л дэмжихгүй бол өөр шалтгаанаар дэмжихэд учир дутагдалтай. Иргэдийн сэтгэлзүй харьцангуй тайвширч, вакцинжуулалт сайн хийсэн байгаа үед хуулийг өмнөх шиг хатуу хэлбэрээр гаргаж болохгүй. Тиймээс хүний эрх, эрх чөлөөг хангасан нөхцөлийг буцаан сэргээх хэрэгтэй. Ямар нэгэн өөрчлөлт хийхээр төлөвлөж байна уу?

Шадар сайд С.Амарсайхан:

-Хүний эрхийг дээдлэх ч хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эмчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор энэхүү хуулийг сунгах шаардлагатай гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд алдаа дутагдлууд байсныг үгүйсгэхгүй. Цаашид Засгийн газар, УОК бүх асуудалд уян хатан, түргэн шуурхай, хүнлэг, энэрэнгүй, хэрэгцээг хангасан, ялангуяа амь настай холбоотой үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлнэ гэж заасан.

Гарцаагүй тохиолдолд буюу төсвийг холбогдох байгууллага, Засгийн газраар хэлэлцэх асуудал л энд яригдаж байгаа юм. Төлөвлөгөөгүй ажиллана гэж юу байх вэ дээ. Зарим тохиолдолд төлөвлөж, тодорхойлох боломжгүй хүнд цаг үед Монгол Улс төдийгүй дэлхий нийт ажиллалаа. Тусгаарлалт, эмнэлгийн ор, эмчилгээ оношилгоо, эм тариа, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тархалтыг багасгахын тулд мэргэжлийн байгууллагууд шат шатандаа л ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Надад дараах хэдэн асуулт байна. Эрсдэлт бүлэгт ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдын хэдэд нь түрээслээд өмчлөх орон сууц олгосон бэ? Цар тахлын эсрэг үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын цалин нэмнэ, урамшуулал олгоно гэж заасан. Яг үнэндээ эзэндээ хүрэхгүй байна гэдэг гомдол их ирж байна. Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон ААН-д дэмжлэг үзүүлнэ гэсэн. Хуулийг сунгахтай холбоотойгоор 2022 онд төлөвлөсөн төсөв юу байна вэ? 7.1.22-д хүүхэд, өндөр настан, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэжээ. Хэдэн төгрөг төсөвлөсөн бэ? Бид халамжаас хөдөлмөр рүү шилжинэ гээд байгаа. Гэтэл үргэлжлүүлээд халамжаа явуулбал хэлснээсээ ухарсан зүйл болохгүй юу?

Шадар сайд С.Амарсайхан:

-2020 оны хавар цар тахлын үед ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууцжуулахаар 1000 орчим хүнийг хөтөлбөрт хамруулсан. Цалин хөлстэй холбоотой асуудалд Сангийн сайд Б.Жавхлан хариулах байх. Илүү цагийн хөлс, урамшууллыг Засгийн газрын нөөц хөрөнгөөр шийдвэрлэсэн. Иргэн, ААН-ийн цахилгаан, дулаан, зээлийн хөнгөлөлтийг шийдсэн. Цар тахлын хуулийг сунгах байр суурь Засгийн газарт байгаагүй. Арваннэгдүгээр сарын сүүлээр омикрон дэлхий нийтээр тарж, манай улсад орж ирвэл нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй гэж үзэн, хуулийг сунгах шаардлага гарч ирсэн. Хэрэв цаг хугацаа хангалттай байгаад, сунгах шаардлагагүй байхад нь энэ асуудал яригдаагүй байсан.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа:

-Цар тахлын үед 4.3 их наяд төгрөг зарцуулсан. Тодруулбал, 63 мянган иргэнд олгодог сарын халамжийн тэтгэвэр 288 мянган төгрөг олгосон, мөн хүүхдийн мөнгө 100 мянга, иргэн бүрд 300, вакцин хийсэн хүн бүрд 50 мянга, хүнс тэжээлийн нэмэгдлийг хоёр дахин нэмэгдүүлсэн, мөн НДШ-ээс чөлөөлсөн. Нийт 38.9 мянган ААН, 579.9 даатгуулагчийн 873.8 тэрбум төгрөгийн шимтгэлийг чөлөөлсөн. Мөн ажилгүйдлийн даатгалын сангаас 44.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. Түүнээс гадна ард иргэдийн цахилгаан дулааны 1.1 их наяд төгрөгийг "Эрдэнэт үйлдвэр" төлсөн.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Цар тахлын тархалт болон эдийн засагт хэрхэн нөлөөлж буйд тохируулан арга хэмжээ авч ирсэн. Харин энэ нь эрүүл мэндийн салбарт учирч болзошгүй эрсдэл, санхүүжүүлэх боломжийг агуулж байгаа хууль юм. Харамсалтай нь 7.2 заалтыг хасчихаар нэлээн боломж нь хумигдаж байгаа юм. Энэхүү заалттай хуулийг үндсэн хуульд нийцүүлж, жил хагас гаруйн хугацаанд хэрэглэж ирсэн. Ирэх жилийн эхний хагаст шинэ хувилбараас сэргийлэх гэхээсээ гадна хил хаалттай байгаа байдал эдийн засагт том цохилт болж болзошгүй байдлыг харгалзаж байна. Тиймээс хавсарсан шок үүсгэхгүйн тулд ковидын хуулийг цааш зургаан сар үргэлжлүүлж өгөхийг хүсэн, УИХ-д өргөн барьсан.

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:

-Эдийн засгийн 10 их наяд төгрөгийн зарцуулалтыг хийсэн. Гэтэл ердөө дэлгүүрийн лангуу, худалдааг дэмжсэн. Хөдөө орон нутагт нөхцөл байдал хүндэрсэн. Тиймээс хуулийг дахин баталж, дахин хориглолтын хэв маягт шилжиж, эдийн засгаа хэвтүүлмээргүй байна. Энэ хууль хэрэгжихгүй байна. Эмч нарт нэг удаагийн урамшуулал олгох журам гарсан. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагч нар тэр урамшууллыг аваагүй байна. Тиймээс энэ хуулийг сунгахыг дэмжихгүй.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

18 : 52
2021-12-28

Нэгдүгээр сарын сүүлээр омикрон хувилбарын давлагаа үүснэ

УИХ үргэлжлүүлэн “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэж байна. 

Тус хуулийн хэрэгжилтийн хугацааг зургаан сараар сунгах өөрчлөлтийг тус тогтоолын төсөлд тусгаад байгаа юм.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Тус хуулийг зургаан сараар сунгахыг дэмжиж байна. Ирэх хавар байдал улам хүндэрнэ. Экспорт, импорт хаагдаж, орлого багасна. Инфляци маш хурдтай өсч байна. Цаашид барааны хомсдол бий болохыг ч үгүйсгэхгүй. Энэ үед Засгийн газарт тодорхой хэмжээний эрх байх ёстой. Тэрхүү эрх нь сайд нарын багц, төсвийг хооронд нь зохицуулах. Гэтэл Засгийн газрын энэ саналыг байнгын хороон дээр хассан. Уг нь ирэх хавар хийгдэх гол ажил энэ байсан. Covid-19-ийн хуулийг сунгаж байгаа үндсэн мөн чанар нь энэ байтал хамгийн чухал заалтыг нь хасчихаж байгаа юм. Энэ заалтыг хасах талаар Засгийн газартай ярилцсан юм уу?

Хоёрдугаарт, Шадар сайд С.Амарсайхан цахилгаан, дулааны хөнгөлөлтийг үргэлжлүүлнэ гэж ярьсан учраас иргэд их хүлээлттэй байна. Засгийн газар төрийн өмчит компаниудтай яриа хэлэлцээ хийж, энэ чиглэлээр ажиллаж байгаа гэж бодож байна. Энэ талаар товч мэдээлэл өгөөч.

Гуравдугаарт, төрийн албан хаагчийн томилгоотой холбоотой асуудал. Засгийн газар хууль бус томилгоо буюу төрийн албаны хууль зөрчсөн томилгоо хийхгүй байх хэрэгтэй. Өмнө нь хоёр жил үүнийг хийсэн учраас хэл ам ихтэй байна. Одоо зургаан сарын хугацаанд энэ томилгоонуудыг хийхгүй, үүрэг гүйцэтгэгч томилохгүй. Өмнө нь томилогдсон үүрэг гүйцэтгэгчээ жинхлэх талаар л ажилламаар байна.

Шадар сайд С.Амарсайхан:

Цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэх асуудал Засгийн газар дээр хэлэлцэгдэж байна. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн айл өрхүүдийн цахилгааны зардлыг хөнгөлөх асуудлыг үргэлжлүүлнэ. “Эрдэнэт үйлдвэр"-ийн төсөв санхүүтэй уялдуулж шийдвэрлэхээр ярьсан. Covid-19-ийн хууль УИХ-аар эцэслэгдэн сунгагдаж, нэмэлт өөрчлөлт орж батлагдсаны дараа Засгийн газар энэ асуудлыг нэгдүгээр сарын 1-нээс өмнө эцэслэнэ. Төрийн албаны томилгоог хуульд нийцүүлэх асуудалд Засгийн газар онцгой анхаарч байна. Энэ асуудлаар хэд хэдэн удаа ярилцсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт үүрэг даалгавар өгөгдсөн. Цаашид томилгоотой холбоотой айхтар асуудал гарахгүй байх.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Ард түмний амьжиргааг дээшлүүлэх, айдас хүйдсээс нь салгах чухал байна. Түүнээс биш вакцин хийлгэхгүй байгаа гаднын улсын асуудлыг өөрсдөдөө авчирч наагаад хэрэггүй. Европын асуудал чинь вакцин хийлгээгүйтэй л холбоотой шүү дээ. Вакцин болон бусад  асуудлыг эсэргүүцдэг 30-40 хувийн бүлэг тэр улсад байна. Үүнийг Монголтой холбож тайлбарлаад, жаахан хөдлөх гэж байгаа эдийн засгийг дахин боомилж байна. Би хувьдаа омикрон хувилбар Монголд айхтар нөлөөлөх эсэхийг хэлж мэдэхгүй байна. Хоёр жил хааж боолоо. Гэртээ байгаад байвал хэн мөнгө өгөх вэ дээ. Асуудлыг арай өөрөөр хармаар байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Бид хааж, боох бодлого барихгүй. Энэ оны зургадугаар сараас эхлэн ихэнх байгууллагуудын үйл ажиллагаа сэргэсэн. Иргэдийг аль болох вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж ирсэн. Covid-19 шинээр хувьсдаг, хурдан тархдаг. Тэр хэрээр бусад байгууллагуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Бид хөл хорио тогтооно гэж хэлээгүй шүү дээ. Омикрон хувилбар Монголд орж ирэх нь цаг хугацааны асуудал. Эхний ээлжид хилийн хяналт шалгалтыг маш сайн хийж байна. Омикрон хувилбарын нууц үеийн хугацаа 2.6 хоног байгаа учраас гадаадаас орж ирж байгаа хүмүүсийг гурав хоног тусгаарлаж байна. Урьдчилсан тооцооллоор нэгдүгээр сарын сүүл гэхэд дэлхий даяар омикрон хувилбарын давлагаанд өртөнө. Дельтагаас илүү том давлагаа үүснэ. Бид үүнд л бэлдэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Би эдийн засгийн асуудалд санаа зовж байна. Эрүүл мэндийн сайдтай маргах гээд байгаа зүйл алга. Асуудлаа олон талаас нь хараасай л гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвбаатар:

Сонгон шалгаруулалтгүй, төрийн албаны шалгалт өгөөгүй 2000-аад хүн албан тушаалд очсонд л гол асуудал байгаа юм. Ямар ч мэдлэг, чадваргүй хүмүүс төрд байна. Юу ч мэдэхгүй, сонгуулиар хэсэг дагаж явсан залуус одоо “Ах аа, эгч ээ, энийг яаж хийдэг юм бэ?” гээд сууж байх жишээний. Бүх арга хэмжээгээ нээчихээд, төрийн албаны шалгалтыг ядаж цахимаар авдаг болчихгүй дээ. Төрийн албанд олон жил ажилласан хүн тушаал ахих байх гэж найдлага тавьж байтал нэг даргын хүн ирээд, шууд дээгүүр албан тушаалд томилогдож байна.

Төрийн албаны зарчим бүр алдагдсан. Засгийн газар энэ заалтаа хасч оруулж ирэхгүй яасан юм бэ. Ямар мэдрэмжгүй юм бэ? Хуулийн 3.2 сонгон шалгаруулалтгүйгээр томилно гэх заалтыг хаслаа гэхэд хууль буцаж үйлчлэхгүй. Нэмэлт өөрчлөлтүүд дотор энэ асуудал багтаагүй учраас хэлэлцэж байгаа асуудалтай хамаарахгүй болчихоод байна.

Төрөөс шүүгчийн их хурал, хуульчдын холбооны их хурлыг хийсэн. Маш олон арга хэмжээг нээлттэй хийсэн мөртлөө төрийн албаны шалгалтыг ядаж цахимаар авчихаж болохгүй байгаа юм уу. Төрийн албаны шалгалтыг явуулахгүй байх нь өөрсдийн хүмүүсээ авах л арга юм байлгүй. Энэ асуудал дээр зарчмын зөрүүтэй санал хурааж болдоггүй, яасан хэцүү юм бэ дээ. Засгийн газар хууль өөрчилж оруулж ирэхдээ олон заалт бус 1-2 заалт оруулж ирдэг. Хуулиа байнга өөрчилж, УИХ-ын бүрэн эрхэд халддаг.

Хөндөөгүй сэдвээр асуулт асууж, үг хэлж, өөрчлөх боломжгүй болчхоод байна. Тиймээс Дэгийн тухай хуульд Засгийн газар иргэдийн дэмжлэгийг аваагүй зүйл заалтыг хасалгүй оруулаад ирэх юм бол УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой санал оруулж шийддэг болмоор байна. Энэ хуулийг үргэлжлүүлэхийг дэмжихгүй.

18 : 15
2021-12-28

"Өрийн асуудал "Туркойз Хилл Ресурс" компанийн баланс дээр тэглэгдэнэ"

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Бид хоорондоо ойлголцож байж энэ гэрээ цаашдаа амжилттай явна. Ажлын хэсэг, Засгийн газар, УИХ хоорондоо талцах юм бол дуусна. Бидэнд тийм гашуун туршлага бий шүү. Бид 2-3 өдөр энэ асуудлыг яах гэж хаалттайгаар ярьсан юм бэ. Ойлголцох гэж л ярилцсан биз дээ. Чуулган дээр хэн нэгэн рүүгээ буруу чихээд хэрэггүй. Монгол л хожих ёстой шүү. Би тогтоолын төсөл орж ирэхэд анхнаасаа эргэлзэж байсан. Гэхдээ түр хороо, Засгийн газар хоорондоо тохироод яваасай л гэж хүссэн. Түүнээс биш энд орж ирээд маргаад байх шаардлагагүй. 2.3 тэрбум ам.долларын өрийг яг хэзээ тэглэх юм бэ.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо:

-2.3 тэрбум ам.долларын өр бол “Эрдэнэс Оюутолгой” ХХК "Оюутолгой"-д эзэмшиж байгаа 34 хувьтай хувь тэнцүүлж, хөрөнгө оруулалт хийхдээ "Туркойз Хилл Ресурс" компаниас авсан зээл. Анх авсан үндсэн зээл болон хуримтлагдсан хүү тооцогдоод, өнөөдрийн байдлаар 2.3 тэрбум ам.долларт хүрсэн. Өрийн асуудал "Туркойз Хилл Ресурс" компанийн баланс дээр тэглэгдэнэ. Манайхаас авлагаа авахгүй. "Рио Тинто" болон “Туркойз Хилл Ресурс" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэж батлах ёстой. Ингэхдээ заавал хувь нийлүүлэгчдийн гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээнд заавал өөрчлөлт оруулах шаардлагагүй. Тогтоолын төсөл батлагдсанаар яриа хэлэлцээ дууслаа гэсэн үг биш. Үргэлжлүүлээд асуудлуудаа ярилцана. Ялангуяа татварын маргаантай холбоотой асуудал байгаа. Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээний зарим зүйл заалтыг хэрхэн тайлбарлах вэ гэдгээс үүссэн маргаан юм. “Эрдэнэс Оюутолгой” ХХК өргүй болсноор гадаадын хөрөнгө оруулагч талтай адил түвшинд ижил нөхцөлөөр ногдол ашиг авах боломж бүрдэнэ. 34 хувь дээрээ өртэй байхад ирээдүйд авах ногдол ашгаасаа энэ их өрийг төлөх ёстой болсон. Гадаадын хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” ногдол ашиг авахад манай өр төлөгдөх ёстой учраас ногдол ашиг авах хугацаа хойшилж бараг авахааргүй байсан.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Дубайн гэрээг өөрчилснөөр ямар өөрчлөлт гарах талаар иргэд их  сонирхож байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тэдэнд хэрэгтэй байна. Эдийн засгийн өсөлттэй байх таатай нөхцөл бүрдүүлснийг ард иргэдэд ойлгуулах нь зөв. Далд уурхай ашиглалтад орвол төсөвт орох орлого хэрхэн нэмэгдэх вэ?

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Дубайн зээлийн асуудлыг хөндлөнгийн аудит оруулж шийдвэрлэх шаардлагатай. Хэрэв хасагдахаар болвол ногдол ашиг 2037 оноос наашилна. Дахин нэмэлт зээл авбал иргэдийн хүлээгээд байгаа хүлээлт байхгүй болно. Хожим хэн энэ зээлийг авсан бэ гэж л яригдана. 2.3 тэрбум ам.долларын зээл тэглээд, 4.3 тэрбум ам.долларын зээл авах гээд байна.

Хоёр дахин их зээл нэмж авчихаад 2.3 тэрбумын өр тэглэсэн гээд сууж байж болохгүй. Ингэвэл жинхэнэ мулгуу болно. Хувьцааны санхүүжилтээ хийгээд, хөрөнгө оруулагч тал 100 хувь үүргээ л гүйцэтгэх ёстой. Хэрэв тэд зээлд зуучлах байсан бол бид оператор компанийн тусламжтайгаар авчих л байсан. Харин хөрөнгө оруулагчийнхаа үүргийг хүлээх ёстой. Энэ бол сайн, ашигтай төсөл. Монголыг өрийн схемд оруулж өр, зээлийн хүүгээр үндсэн төлбөрөөр ашгаа авдаг байдлаас татгалзах ёстой. Би тэгнэ гэж найдаж байна. Тиймдээ ч энэ саналыг хүлээж авсан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-"Оюутолгой"-н үйлдвэрийн хүчин чадал нь олборлосон хүдрийн хэмжээгээр биш, баяжмалын хэмжээгээр хязгаарлагдаж байдаг. Өнөөдөр 40 сая тонн хүдэр баяжуулж байгаа ч гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг. Сүүлд 2019-2020 онд 1.4 тэрбумын ам.долларын борлуулалтын орлоготой байсан бол энэ нь гурав дахин нэмэгдэж, 5 тэрбум ам.доллар болно гэсэн тооцоо байна. Гүний уурхайн ордын нөөц харьцангуй сайн судлагдсан учир энэ нь бүрэн боломжтой гэсэн хүлээлттэй байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Долоо хоногийн өмнө та нар хэвлэлийн хурал хийгээд, “Бид нэг талдаа байна” гэж зарлаад байсан шүү. Би ч ажлын хэсэгт ороод ажилласан. Нууцын гэрээнд гарын үсэг зурсан учраас ам нээхгүй л яваа. Өнөөг хүртэл бид ямар нэгэн байдлаар улстөржүүлэхгүй, нэг байр суурьтай байгаа юм. Ажлын хэсэг ч сайн ажилласан гэсэн дүгнэлт хийж байна. Гэхдээ иргэд буруу мэдээлэлтэй болох вий. Ердөө хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд "Гүний уурхайн хөрөнгө оруулалт 80 гаруй хувьтай байна.

Нэмэлт эх үүсвэрт 1.3-1.4 тэрбум ам.доллар шаардлагатай" гэж хэлсэн. Одоо харин 4.3 тэрбум гэсэн тоо яригдаж байна. Үүнд бодитой мэдээлэл өгнө үү. Хоёрдугаарт, 2037 он хүртэл нэмэлт эх үүсвэр авахад 2050 он хүртэл үргэлжилнэ гэж байна. Үүнд тооцоо судалгаа бий юу.

Энэ төслийн онцлог нь гүний уурхайн хөрөнгө оруулалтын эхний хэсэг өндөр ч урсгал нь бага байдаг. Тиймээс цаашдаа их хэмжээний зардал, хөрөнгө оруулалт гарахгүй, гарах байсан ч Монголын талд өр болж үлдэхгүй гэсэн ойлголттой байна. 1940-1950 онд хийсэн усан цахилгаан станц өдгөө ч ажиллаж байдаг. Энэ талаар уул уурхайн сайд иргэддээ нэгдсэн ойлголт өгмөөр байна.  

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-"Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захиралтай хийсэн уулзалтаар 4.6 тэрбум ам.доллар шаардлагатай. Үүнээс 300 сая нь дансанд байгаа ба 4.3 тэрбум шаардлагатай гэж танилцуулж байсан. Тэгэхээр энэ нь албан ёсны дүн юм. Хэрэв бид 2.3 тэрбум ам.долларыг ном журмынх нь дагуу хааж, өргүй болох юм бол 100 хувь тэглэгдэх нөхцөл бүрдэнэ. Харин дээрээс нь дахиад зээл авахгүй байх зүйлийг л бидэнд хэлж байгаа юм. Тэдний албан бичигт "Бид гүний уурхай ашиглалтад ортол нэмэлт санхүүжилтийг 100 хувь хариуцна" гэж илэрхийлсэн. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Далд уурхайг дуусгахын тулд хөрөнгө оруулагч тал өөрсдөө санхүүжилтээ босгоно. Харин Түр хорооны гишүүдийнхээр, хэлэлцээнд “Эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр хөрөнгөө босго” гэсэн заалт нэмчихвэл хэлэлцээ цааш яаж үргэлжлүүлэхийг мэдэхгүй байна. Х.Болорчулуун гишүүн жишээ нь шууд хувийн дайралт хийж байна.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.

“Оюутолгой" ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Түр хороонд шилжүүлэв.

17 : 40
2021-12-28

"Оюутолгой" компани дээр өр үүсгэвэл 2050 он хүртэл ногдол ашиг авахгүй"

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Засгийн газар гүний уурхайн бүтээн байгуулалтыг маш хурдан дуусгаад, олборлолт эхлүүлэхийг зорьж байна. Үлэмж хэмжээгээр зардал нь ихэсч буй энэ төсөлд хяналт тавьж, төсвийн зарцуулалтыг зориулалтын бусаар ашигласан бол түүнийг нэхэмжлэх хэлбэрээр хэлэлцээрүүд явагдсан. Би өөрөө ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэх ажлыг хариуцсан хүний хувьд түр хорооны гишүүдээс тэр дундаа  Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн нараас 2-3 асуулт асууя.

Төслийн санхүүжилтийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх гэж байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл, далд уурхайн  санхүүжилт тодорхойгүй байна. Оюутолгой хариуцахгүй  юм бол төслийг дуусгах зардлыг хэн хариуцах юм бэ. Хэрэв үйл ажиллагаа нь зогсвол үр дагаврыг нь хэн хариуцах вэ. "Эрдэнэс Оюутолгой" ХХК хариуцахгүй нь ойлгомжтой. Бид хэлэлцээрийн явцад төслийн зээлийн санхүүжилтийг хувьцааны санхүүжилт болгох санал тавьсан. Энэ нь хувьцаагаа зарж, тодорхой хэмжээнд мөнгө босгох боломжтой болно гэсэн үг. Үйл ажиллагааны зардал буюу олсон орлогоороо цааш санхүүжилт хийж явах нь зөв гэхийг хэд хэдэн гишүүдээс сонсч байсан.

"Оюутолгой"-н борлуулалтаас их хэмжээний хуримтлал үүсч, далд уурхайг бүхэлд нь санхүүжүүлэх боломжтой гэж үү. Би хэлэлцээрийн явцад түр хорооны гишүүдээс тавьсан бүх саналыг айлын талд тавьсан. "Оюутолгой"-н өрийн дарамтыг бууруулахын тулд зарим хувь нийлүүлэгчдийн зээл, төслийн санхүүжилтийн зээлийг хувьцааны санхүүжилт рүү шилжүүлэх санал хүртэл тавьсан.

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Тогтоолын төсөлд хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна гэж заасан. Далд уурхай ашиглалтад орох хүртэлх бүх зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцна. Хөрөнгө оруулагч тал гэдэг нь "Оюутолгой" биш. “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй. "Оюутолгой" компани дээр өр үүсгэчих вий гэж болгоомжлоод, тогтоолын төсөлд "Оюутолгой" гэж нэмсэн. Хэрэв тус компанид өр үүсвэл Дубай 2 болно шүү.

Дубайн зээлийн асуудал шийдэгдэхгүй бол 2037 оноос нааш ногдол ашиг авахгүй. "Оюутолгой" компани дээр өр үүсчихвэл 2050 он хүртэл ногдол ашиг авахгүй. Тиймээс өр үүсгэхгүйн тулд хувьцааны санхүүжилтээр хөрөнгө оруулалтаа хийгээд яваа л гэж байна. Хөрөнгө оруулагч тал өөрсдөө хөрөнгө оруулалт хийе л гэсэн шүү дээ. Хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна гэж байхад бид энд санаа зовоод байх шаардлагагүй.

2020 онд "Оюутолгой" компани 1.1 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. 2021 онд үнийн зөрүүгээс 2.1 тэрбум ам.долларын борлуулалт орж ирсэн. 1 тэрбум ам.доллар үнийн зөрүүгээс орж ирж байна шүү, Х.Нямбаатар аа. Далд уурхайд шаардлагатай санхүүжилт нь 1.4 тэрбум ам.доллар.

"Оюутолгой" компанийн дансанд 300 сая ам.доллар байгаа гэж захирал нь бидэнд хэлсэн. “4.3 тэрбумын 300 сая нь бидэнд байна. Бусдыг нь бид өөрсдөө босгоно” гэж хэлсэн. Нэн шаардлагатай 1.4 тэрбум ам.долларыг босгох нь асуудалгүй гэж бодож байна.

Далд уурхайн санхүүжилтээ ашигла гэж хэлэх нь зөв. "Оюутолгой" компани дээр өр үүсгээд явах юм бол 2037 битгий хэл, 2050 он хүртэл ногдол ашиг авахгүй. Тэр утгаараа Дубай-2 болгохгүйн тулд болгоомжилж, "Оюутолгой", “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн аль алинд нь нэмэлт өр үүсгэхгүйгээр хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна. Угаасаа "Оюутолгой" компанийн хувьцааг зардаггүй. "Туркойз Хилл Ресурс" хувьцаагаа зарж ирсэн. Хувьцааны санхүүжилт хийх боломж нь тэдэнд байгаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Засгийн газар хэлэлцээрийг өнөөдрийн түвшинд авчирсан. Үүнээс хойших нь УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал. Шийдвэрийн дараах үр дагавраас шалтгаалж үүсэх хариуцлагыг зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүд хариуцах ёстой шүү. Түүнээс биш камер хараад “Би эх оронч, чи биш“ гэдэг хандлагаар асуудалд битгий хандаасай.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-"Оюутолгой" бол том төсөл. Ямар нэгэн алдаа гаргах эрх бидэнд байхгүй. Монголын талын эрх ашгийг хангуулах арга хэмжээг хуулийн хүрээнд авах ёстой. Гүний уурхай ашиглалтад орж олборлолт хийж эхлэх хугацаа нь 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, "Эрдэнэс Оюутолгой" ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх асуудлыг бид тавьсан. Энэ бол зөвхөн өр тэглэх асуудал биш. Нэг талдаа Монголын тал ирээдүйд татвар болон ногдол ашгаар үр өгөөжийг нь хүртэх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Оюутолгой"-н гүний усны ашиглалт хэлэлцээнд хөндөгдөж буй эсэхийг тодруулав.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бид хөрөнгө оруулагч талаас ирсэн саналыг хэлэлцэж байна. Саналд хэрхэн хариулахаа ярьж байгаа гэж ойлгож болно. Үүнд, байгаль орчны асуудлаар хамтраад явъя гэдэг санал тавьсан байна. Эдгээрт усны ашиглалтын асуудал голчилж тавигдсан. Түр хороо үүн дээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна” гэв.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Оюутолгойн хэлэлцээнд яг ус ашиглалтын чиглэлээр тодорхой заалт нэмүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, ус ашиглаж, бохирдуулсны төлбөр төлдөг болгох, таван жил тутам усны нөөцийг батлуулах чиглэлд ажиллаж байна. Усны асуудлын хүрээнд гурван үндсэн томъёоллоор чиглэл оруулна” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Хэдийгээр 2.3 тэрбум ам.долларын өр тэглэж байгаа боловч дахиад зээл авах нүхэнд уначихлаа. Сая Х.Нямбаатар сайд маш хариуцлагагүй асуулт асууж байна. “Төсөл гацвал Түр хорооны гишүүд хариуцах юм уу” ч гэх шиг. Ч.Сайханбилэг зургаан жилийн өмнө яг ийм үг хэлж байсан. Биднийг төслийг гацаагч, попрогчид гэж байсан. Эрх мэдэлд хүрэхээрээ яагаад ард түмний эрх ашгийн эсрэг зүйл ярьж байдаг юм бэ. Хэрэв дахиж зээл аваад хэзээ ч Монголын тал ашиг хүртэхгүй бол Х.Нямбаатар та өөрөө хариуцах юм уу. Та хариуцаж чадахгүй шүү дээ. Та нар эрх мэдэлд хүрэхээрээ битгий ийм зан гаргаж бай. 70 хувийг нь тэглэе гэж байхад хүлээж авах гэж байсан биз дээ. Ц.Нямдорж та хоёр дажгүй санал байна гээд ярьж байсан шүү. 2.3 тэрбумын ам.долларын зээлийг хүчингүй болгочхоод дахин 4.3 тэрбум ам.долларын зээл авна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Үүнийг зөвшөөрч болохгүй.

16 : 41
2021-12-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, хөрөнгө оруулагч талаас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн саналыг харгалзаж, дараах арга хэмжээг авах талаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Үүнд:

  • "Оюутолгой" төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх,
  • 2015 оны "Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон "Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах, дуусгавар болгох,
  • "Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн  аудит оруулах
  • "Оюутолгой" төслийн гүний уурхай ашиглалтад орж ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртлэх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, "Эрдэнэс Оюутолгой" ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх,
  • “Оюутолгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг арга хэмжээ авах талаар тогтоолын төсөлд тусгасан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж