“Банкуудыг шалгаж, төрийн байршуулсан мөнгөний хэмжээг тодорхой болгоно”

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

“Банкуудыг шалгаж, төрийн байршуулсан мөнгөний хэмжээг тодорхой болгоно”

“Банкуудыг шалгаж, төрийн байршуулсан мөнгөний хэмжээг тодорхой болгоно”

Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшинтэй Банкны тухай хуулийн хэрэгжилт болон үйл ажиллагаа нь доголдоод буй арилжааны банкуудтай холбоотой асуудлаар ярилцлаа.


-Чингис хаан, Ариг, Үндэсний хөрөнгө оруулалтын банк гээд үйл ажиллагаа нь доголдсон гэх нэр зүүх болсон банкуудад Монголбанк хяналт, шалгалт хийж эрсдэлээс хамгаалах арга хэмжээг авч чадаж байна уу. Эдгээр банкуудын үйл ажиллагаа яагаад доголдох болов. Та ямар мэдээлэлтэй байна вэ?  

-Ариг банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк гээд гурван банк асуудалтай байна. Үйл ажиллагаа нь хэвийн бус болчихлоо гэж байна. Шалтгаанууд нь өөр өөр байдаг. Ариг банкны хувьд хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүсээд тэрнээсээ болж засаглалын гацаанд орсон. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь хуралддаггүй. ТУЗ нь хуралдаж шийдвэр гаргаж чаддаггүй. Үндсэн зохистой харьцааг нь харахаар харьцангуй гайгүй банк байгаад байдаг. Банкыг эрсдэлд оруулдаг хүчин зүйлсийн нэг нь засаглал юм. Энэ бол Ариг банкны жишээ. Миний ойлгож байгаагаар Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк болохоор зээлийн багцын чанартай холбоотой асуудалтай. Өөрөөр хэлбэл хэт төвлөрсөн багцтай. Нэг салбарт хэт өндөр зээл өгөөд тэр нь эрсдэлд орсон. Банк бол зээл гаргаж, хүүнээс нь орлого олдог бизнес шүү дээ. Гаргасан зээл нь төлөгдөхөө байхаар эх үүсвэр нь гацна. Санхүүжилт талдаа хадгаламж эзэмшигч нар нь мөнгөө авах гээд шаардаад байдаг. Шаардаж байгаа мөнгийн өгье гээд өгч чаддаггүй. Капитал банкны жишээ бол тэр шүү дээ. Энэ дээр менежментийн ур чадвар, актив, пассивын зөв удирдлага, банкны зохистой харьцааг зөв удирдах гээд олон шалтгаанууд байгаа л даа. Миний харж байгаагаар Монголбанк энэ дээр  зөөлөн хандлагатай явж ирлээ. Шаардлага тавих, зарим банкууд дээр удирдлагын түвшинд хүмүүс томилох, хугацаатай үүрэг өгөх гэх мэт. Гэтэл энэ нь нөгөө талдаа сайн явж байгаа банкууддаа сөргөөр нөлөөлдөг. Аливаа нэг банк ганхаад муудаад ирэхээр бусад банкууд яаж байгаа бол гээд хадгаламж эзэмшигчид, ААН-үүд сандраад эхэлдэг. Тэгэхээр системдээ муугаар нөлөөлдөг. Миний бодлоор Монголбанк илүү хүчилж ажиллах ёстой. Шаардлага биелүүлж чадахгүй бол лицензийн цуцлах түвшинд очих ёстой. Банкны тухай хуульд тодорхой байгаа. Ямар арга хэмжээ, шат дараалалтай яаж авах вэ гээд. Бид нарын дурдаад байгаа банкууд их олон жил төлбөрийн чадваргүй шахуу яваад байна шүү дээ. Энэ асуудлыг хурдан цэгцлэх шаардлагатай. Ялангуяа 2021.01.29-нд Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Системийн 5 банк нээлттэй хувьцаат компани болох IPO хийх шаардлагатай бусад нь сонголтоор хувьцаат компани болох хэрэгтэй. Нээлттэй юм уу, хаалттай. Энэ том реформын өөрчлөлтийг хийхэд эдгээр муудсан банкуудын асуудал дарамттай байгаад байдаг. Тэгэхээр Монголбанк илүү зоригтой ажиллах шаардлагатай.

-Та сая Капитал банкийг жишээ болгож ярилаа. Капитал банкны үйл ажиллагаа гэнэтхэн доголдсон гэх тайлбарыг Монголбанкныхан хэлдэг. Төрийн их хэмжээний мөнгийг эрсдэлд оруулсан асуудал шүү дээ. Хяналт тавих ёстой Монголбанкныхантай яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ?

-Капитал банкны жишээ нь дээр би ярих боломжгүй байна л даа. Би тэр үед УИХ-ын гишүүн байгаагүй. Яг одоо Ч.Хүрэлбаатар гишүүний ахалж байгаа ажлын хэсэг, Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд Төрийн болон Төрийн өмчит компани, байгууллагуудын мөнгөний эх үүсвэр арилжааны банкууд дээр ямар хэмжээгээр байршсан байна. Капитал банк шиг нөхцөл байдал үүсэх үү, үгүй юу гэдгийг шалгана. Одоогоор ажлын хэсэг эхний байдлаар материалтай танилцаад Монголбанкынхантай уулзалт хийсэн байгаа. Цаашдаа илүү нарийн деталь руу нь ороод явна. 2022 оны хэний улиралдаа багтаад ажлын хэсэг тайлан, тогтоолууд, зөвлөмжүүд гаргахаар ажиллаж байна. Тэндээс илүү тодорхой болно байх. Өөрийн чинь хэлж байгаа зөв. Капитал банк нэг өдөр гэнэт муудсан банк биш. Арилжааны банкны захирал байхдаа энэ банк муудаж байна. Энэ банк нь дээр мөнгө байршуулж болохгүй юм байна. Нэг өдрөөр ч байршуулж болохгүй гэсэн бодлого баримталж байсан үе байсан. Тэгэхэд Монголбанк огт юу ч мэдээгүй. Гэнэт Капитал банканд дампуурал нүүрлэсэн гэдэгт ерөөсөө итгэхгүй байгаа. Тодорхой хэмжээний улс төрийн нөлөө байсан байх. Тодорхой хэмжээний хариуцлагагүй хандлага байсан байх Монголбанкны удирдлагын зүгээс. Миний хувьд Монголбанкны хяналт шалгалтад тодорхой хэмжээний дүн тавих шаардлагатай гэж бодож байгаа.

-Банкны салбар өөрөө маш эмзэг. Ямар нэгэн мэдээлэл гаргахдаа үндэслэлтэй гаргахгүй бол харилцагчдын итгэл алдарч улмаар банкны үйл ажиллагаа доголдох эрсдэл маш өндөр гэж ярьдаг. Хаан банкны 60-70 хувийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга,  Асашёорюү Д.Дагвадорж, Д.Эрдэнэбилэг нар худалдаж авсан гэх мэдээлэл яваад байна. Танд энэ талаар мэдээлэлтэй байна уу?

-Хаан банк бол манай улсын хамгийн том арилжааны банк. Дангаараа зах зээлийн 40 хувийг эзэлдэг. Тэр дотроо иргэдийн банкны үйлчилгээ нь дээр бараг 70 гаруй хувийг дангаараа эзэлдэг маш том системийн ач холбогдолтой банк. Энэ банкны тогтвортой байдал зөвхөн тэр банкны хувьцаа эзэмшигчдийн асуудал биш. Энэ бол системийн ач холбогдолтой асуудал. Энийг ерөөсөө чимээгүй өнгөрч болохгүй. Хэрвээ үнэхээр тийм магадлал байгаа юм бол нягталж, судлах хэрэгтэй. Яагаад гэвэл манай банкны системийн тогтвортой байдал Үндэсний аюулгүй байдлын түвшний асуудал юм. Яг одоогийн байдлаар манай банк, санхүүгийн зах зээлийн нийт активын 85 хувь нь арилжааны банкуудын актив байна. Дийлэнх иргэд, ААН-үүд банкаар дамжуулан гүйлгээ, санхүүжилт, төлбөр тооцоогоо хийдэг. Өөрөөр хэлбэл эдийн засаг банкны салбараас их хамааралтай. Нөгөө талаас бид нар чинь дөнгөж жил гаруйн өмнө саарал, хар жагсаалтаас гараад “Бид нар ахиж тэгэхгүй” гэж ам гарсан. Дахиад учир битүүлэг хувьцааны арилжаа явсан байх юм бол буцаад хар жагсаалт, саарал жагсаалт руу өнхрөөд орно. Ийм байдалд ерөөсөө орж болохгүй. Тэр тусмаа 2020, 2021 онд цар тахлын хүнд хэцүү үед эдийн засгаа арай гэж авч яваа цаг үед. Арилжааны банкуудыг аль болох нээлттэй зөв засаглалтай байлгах, Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу нээлттэй болгох үйл ажиллагааг дэмжээд явах ёстой. Энэ дээр ажлын хэсэг төвлөрч ажиллаж байна.

-Монголбанкны бодлогын хүү 6 хувь болсон. МАН мөрийн хөтөлбөртөө зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй байх амлалт өгсөн. Иргэд, ААН-үүдийн дунд зээлийн хүү хэзээ буурах бол гэсэн хүлээлт байна? 

-Монголбанкны статистик мэдээллийг харахаар дундаж зээлийн хүү 15 хувьтай буурсан харагдаж байна лээ. Ер нь бол зээлийн хүү буурахын хувьд буурч байгаа. 2020 онд зээлийн дундаж хүү 16.8 хувь байсан. Тэр түвшинтэй харьцуулахад жаахан буурсан байна. Банкууд шинэ зээл гаргахаас эмээгээд байх шиг байна. Бодлогын хүү 6 хувь боллоо гээд араас нь зээлийн хүү буудаг тогтолцоо манайд байхгүй. Учир нь манай банкуудын хэрэглээний зээл хувьсах хүүтэй биш тогтмол хүүтэй. Барууны орнуудад хувьсах хүүтэй байдаг. Бодлогын хүү нь буурахаар дагаад тухайн хэрэглээний зээлийн хүү буурдаг жишигтэй. Манайд бол тийм биш. Зээлийн хүүг ерөнхийд нь ярихад бодлогын хүү 6 хувь байна. Гэтэл нөгөө талаас инфляц бараг 10 хувь дөхөж байна. Тэгэхээр бодит хүү хасах руу орсон гэсэн үг шүү дээ. Цаашдаа зээлийн хүү ялангуяа бодлогын зээлийн хүү өсөх төлөвтэй байна гэж би таамаглаж байгаа. Ялангуяа 2022 онд. Инфляц бол зөвхөн Монголд бий болж байгаа нөхцөл байдал биш. Дэлхий даяар томоохон улс орнуудын төв банкууд бүгд бодлогын хүүг өсгөөд явж байна. Инфляцын хор нөлөөг жаахан сааруулахын тулд. Тэгэхээр бидний хувьд ч эрсдэл байна. Банкууд сайн харьцагчдаа өөрөөр хэлбэл зээлийн эргэн төлөлтөө хоцроодоггүй. Сахилга, баттай зээлийн төлбөрөө цагт нь хийдэг харьцагч нараа авч үлдэхийн тулд бага хүүтэй зээл санал болгодог. Илүү эрсдэлтэй харилцагч нартаа илүү өндөр хүүтэй зээл санал болгодог. Цалингийн зээл бол үндсэндээ барьцаагүй зээл. Бид ирээдүйд авах цалингаа гэрээ нь дээр барьцаална. Бодит биет барьцаа байдаггүй. Ипотекийн зээл бол өөр, худалдаж авч байгаа үл хөдлөх нь барьцаалагдсан байдаг. ААН-үүдийн зээл болохоор үл хөдлөх, машин, тоног төхөөрөмж хөрөнгийн барьцаалчихдаг болохоор илүү эрсдэл багатай гэж тооцдог. Эрсдэлийн ялгаа байдаг болохоор зээлийн хүүгийн ялгаа гараад байгаа юм.

-Оюутолгойн хэлэлцээ дээр УИХ-ын зорьж байгаа эцсийн зорилго юу вэ. Өнгөрсөн долоо хоногт хаалттай хэлэлцсэн?

-Өнгөрсөн 7 хоногийн чуулганаар Засгийн газраас өргөн барьсан Оюутолгойн тогтоол орж ирсэн. Гол агуулга нь юу вэ гэхээр манай улсын эзэмшиж байгаа 34 хувийн эзэмшилтэй холбоотой 2.3 тэрбум ам.долларын зээлийг тэглэх. 34 хувиа авахын тулд Рио Тинто компаниас мөнгө зээлсэн. Тэр зээл нь өндөр хүүтэй. Жил болгон хүү нь дээр хүү бодогдоод хуримтлагдаад явдаг. Хэрвээ энэ зээлээсээ эртхэн салахгүй бол 10 жилийн дараа 23 тэрбум ам.долларын өр зээлтэй байх төлөвтэй байгаа байхгүй юу. Номер нэгт энэ өрийг тэглэх юм. Хоёрдугаарт Дубайн гэрээг цуцлах, Гуравдугаарт Эрдэнэс Оюутолгой компанийн менежментийг сайжруулах зүйл заалттай. Дөрөвдүгээрт одоо хүртэл далд уурхайд хийсэн хөрөнгө оруулалтыг гадны нэр хүндтэй аудитын компаниар аудит хийлгээд яг үнэхээр Өмнөговьд хийгдэж байгаа төсөлд орсон байна уу, үгүй юу гэдгийг шалгах. Эцэст нь 2023 оны эхний хагас хүртэл далд уурхайн нэмэлт хөрөнгө оруулалтыг 66 хувийг эзэмшиж байгаа Рио Тинто компани хариуцна гэсэн үндсэн 5 гол агуулгатай тогтоол юм. Тогтоолыг эхний байдлаар хэлэлцэх эсэхийн дэмжсэн. Энэ 7 хоногт багтаж эцсийн байдлаар УИХ батална гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Х.Нямбаатар сайдын ахалж байгаа ажлын хэсгийн Рио Тинтотой хийх хэлэлцээр дөнгөж эхэлж байгаа. Хэлэлцээр явцад нөгөө талаас ирсэн санал нь энэ. Энэ саналыг УИХ дээр хэлэлцээд ерөнхийдөө болж байна. Энэ дагуу үргэлжлүүлээд ажил, дараагийн хэлэлцээрийн шатандаа ор гэдэг шийдвэрийг гаргах гээд байна шүү дээ. Тэрнээс биш одоо 2.3 тэрбум ам.долларыг тэглэсэн асуудал байхгүй. Хэлэлцээр үргэлжилж эцсийн байдлаар гэрээнийхээ бүх зүйл заалтыг тохирчхоод гарын үсэг зурж байж эхэлнэ. Янз бүрийн явган яриа гарч байна л даа. Тохирсон барьсан гээд… Тохироод байх юу байх вэ дээ. Миний бодлоор Оюутолгой бол цар тахлын үед манай эдийн засгийг авч яваа томоохон төслийн нэг шүү дээ. Нөгөөх нь нүүрсний төслүүд. Эдийн засгийн хувьд Оюутолгойн ач холбогдол маш өндөр. Рио Тинтогийн талд ч гэсэн Оюутолгой маш чухал төсөл. Яагаад гэвэл Рио Тинто 2025 он гэхэд татварын өмнөх ашгийнхаа 25 хувийг зэсийн үйл ажиллагаанаасаа олно гээд стратегийн зорилтоо баталсан. Тэр зорилтыг хэрэгжүүлэх арга нь Оюутолгойг ашиглалтад оруулах, Оюутолгойн далд уурхай бүрэн ашиглалтад ороод экспорт нь яваад эхэлбэл манай улсын ДНБ 40-60 хувиар шууд өсөхөөр байгаа. 3.3 сая Монголчуудын орлого, амьдралын нөхцөл, ажлын байр хадгалагдана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Оюутолгойг аль болох дэмжээд явах нь чухал. Эдийн засагч хүний нүдээр харахад бол энэ том төслийг аль болохоор хурдан эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал гэж үзэж байна.

-Ярилцсанд баярлалаа.        

А.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж