Дүүгээ авраад, амиа алдсан охиныг нэхэн шагналаа

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

Дүүгээ авраад, амиа алдсан охиныг нэхэн шагналаа

Дүүгээ авраад, амиа алдсан охиныг нэхэн шагналаа

Онцгой байдлын байгууллагаас 2021 оноос Онцгой байдлын албыг бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулсан иргэнд “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” шагнал олгож эхлээд байна.

Тус шагналаар Туул голын усанд живж байсан 13 настай охин С.Жаргалмаагийн амь насыг аварч, амь насаа алдсан Э.Эрдэнэжаргал агсанд, 2015 онд дүүгийнхээ амийг цасан шуурганаас хамгаалж, өөрөө эрсэдсэн С.Золжаргал агсан нарыг нэхэн шагналаа. Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас ар гэрийнхэнд нь таван ханатай өргөө цагаан гэрийг, иж бүрэн тавилга, гурван сая төгрөгийн хамт гардуулан өгөв.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар багийн иргэн Э.Эрдэнэжаргал нь 2020 оны долдугаар сарын 11-ний өдөр эхнэр Б.Цолмонгийн хамт Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг руу явах замдаа Төв аймгийн Лүн сумын нутаг Өгөөмөр 2 дугаар баг “Гүүрний ам” гэх газарт Туул голын усанд живж байсан 13 настай С.Жаргалмаа охины амь насыг аварч, өөрөө усанд живж, амь насаа алдсан юм.

Долоон жилийн өмнө буюу 2015 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт өвөлжиж байсан Ц.Сансарбаяр эхнэрийн хамт саахалт айлынхаа цагаан сарын буузыг хийхээр явахдаа хүүгээ аваад, 7, 5 настай хоёр охиноо гэртээ үлдээсэн байдаг. Тэр өдөр нүүр нүдгүй цасан шуурга шуурч, цаг агаар муу байсан тул хоёр охин нь гэртээ байхаас айж, аав, ээжийнхээ араас хувцсаа өмсөөд, гэрээсээ гарсан байна. Гурван километрын зайтай байрлах саахалт айлдаа очих замдаа хоёр охин төөрч, цасан шуурга сөрж, эцсээ хүртэл тэмцсээр эцэст нь эгч нь амиа алдаж, бага охин нь амьтай, голтой олдож, амь аврагдсан.

Долоохон настай охин дүүгээ аврахын тулд өмсөж явсан малгайгаа дүүдээ өмсгөж, ороолтоороо гарыг нь боож, гадуур хувцсаа хүртэл тайлж өгөн, салхинаас дүүгээ хамгаалан тэвэрч, өмссөн гутал, нимгэн өмд, цамцтайгаа цасан шуурган дунд тарчилж хоносон охины сүүлчийн хүсэл дүүгээ аврах байжээ. Аав, ээж, нутгийнхан нь хоёр охиныг тав, зургаан цаг хайж, арга мухардаад сумын төвд байх авга эгч Ц.Батцэцэг рүү нь хэл дуулгаж, Онцгой байдлын газарт хандсан байна.

Эрлийн багийнхан охидыг шөнөжин хайж, маргааш өглөө нь 07:00 цагийн орчимд автозамын хажуугаас олжээ. Амьсгалаа тасартал дүүгээ харж, хайрлаж, эцсийнхээ хүчээ шавхан авраад, өөрөө энэ ертөнцөөс бүрмөсөн одсон бяцхан зүрхтэй ч агуу зоригтой баатарлаг эгч болох С.Золжаргалыг “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” шагналаар шагналаа. Мөн “Монголын мицубиши пажеро клуб” ТББ-ын гишүүн У.Бямбадорж, Ж.Батсайхан нарыг “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” шагналаар шагнаж урамшуулаад байна.

У.Бямбадорж нь 2019 оноос хойш цасанд суусан, усанд боогдсон зэрэг байгаль, цаг агаарын хүнд нөхцөлд аюулд өртсөн 210 гаруй хүнд анхны тусламж үзүүлж, аврах ажиллагаа явуулсан бол Ж.Батсайхан нь 2000 оноос хойш цасан шуурганд төөрсөн, цасан болон голын усанд суусан автомашиныг татан гаргаж, иргэдэд сайн дураараа тусалж, 2018 оноос хойш 112 хүнд авран туслах үйлчилгээ үзүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж