Зэвсэгт Хүчний Жанжин Штабын 89 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Зэвсэгт Хүчний Жанжин Штабын 89 жилийн ой тохиож байна

Монгол Улсын зэвсэгт хүчин эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах чиглэлд хуулиар хүлээсэн чиг үүргүүдийг амжилттай биелүүлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. 89 жилийн ой нь тохиож буй  БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлигаар батлуулсан  “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах талаар онцгой анхаарлаа хандуулан зохих үр дүнд хүрсэн байна. Энэ талаар ЗХЖШ-ын Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Цэвээнсүрэнгээс дараах зүйлсийг тодруулсан юм.

-Зэвсэгт хүчний салбарын өөрчлөлт, шинэчлэлийн талаар болон 2015 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиг хандлагаас дурдвал?

 -ЗХЖШ-аас “Монгол Улсын аюулгүй байдал, цэрэг-стратегийн орчны үнэлгээ”, “Алсын хараа- 2025”, “Цэргийн мэргэжилийн удирдлагын байгууллагуудыг шинэчлэх бодлогын баримт бичиг”  зэрэг Зэвсэгт хүчний  стратегийн төлөвлөлтийн тулгуур баримт бичгүүдийг боловсруулж батлууллаа. Үүний зэрэгцээ “Зэвсэгт хүчний хөгжлийн сан” бий болгох хууль, эрх зүйн үндэс тавигдсан нь Зэвсэгт хүчний байгуулалтын цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах эхлэл болсон юм. Өнгөрсөн онд Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын 1400 гаруй цэргийн алба хаагч оролцсон Цэргийн ёслолын жагсаалыг “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн тангараг өргөх ёслол”, “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-өөр жанжин Д.Сүхбаатарын талбайд хоёр удаа, Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойн баяраар Дорнод аймгийн төвд тус тус зохион байгуулсан. Түүнчлэн Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Зэвсэгт хүчний “Тэргүүний дүрэмч, жагсаалч анги” шалгаруулах болзолт уралдааны дүнг гаргаж, Жанжин Д.Сүхбаатарын талбайд Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиуд “Дуутай жагсаалын үзүүлэх тоглолт” -ыг зохион байгуулсан нь ард иргэдээс өндөр үнэлэлт авсан. Энэ жил Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Тэргүүний тохижилттой анги” шалгаруулах уралдаан зарласан нь Зэвсэгт хүчний анги, байгууллагуудыг хүний хөгжлийн орчин болгоход ихээхэн түлхэц өгсөн.

-Цэргийн алба хаагчдын бэлтгэл сургалт, ахуйн нөхцөл байдал нь ямар төвшинд явагддаг вэ? Энэ талаар ямар төрлийн шинэлэг арга хэмжээ авсан бэ?

-Зэвсэгт хүчний  анги салбаруудын байлдааны болон олон талт үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийн төвшин, цэргийн бэлтгэл сургалтанд жилээс жилд ахиц гарч, өнгөрсөн оны мөн үеийнхээс сурлагын ерөнхий амжилт 0.4 хувиар өсч, мотобуудлага, танкны салбаруудын болон артиллерийн байлдааны буудлага “Үүрэг гүйцэтгэх боломжтой” , зенитийн байлдааны буудлага “Үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой” гэсэн  үнэлгээ авсан юм. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атрын гуравдугаар аян”-д оролцож, хувь нэмрээ оруулан 15 га талбайд чацаргана тариалсны зэрэгцээ Зэвсэгт хүчний нийт хэрэгцээт төмс, хүнсний ногооны 80 хувийг өөрсдөө тариалах боломж бүрдсэн. Түүнчлэн Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Орхон, Булган аймгуудад ургац хураах ажилд 2100 гаруй цэргийн алба хаагч оролцсон. Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн 92, Зэвсэгт хүчний 167, 256 дугаар ангиудад 58, нийт 150 хугацаат цэргийн алба хаагчийг барилгын засал чимэглэл, өрөгч угсрагч, мужааны мэргэжилд сургах сургалтыг зохион байгуулж, улсын мэргэжлийн зэрэг олгосон нь мэргэжилтэй ажилтан бэлтгэх уламжлалыг сэргээсэн шинэлэг ажил болсон юм.
Манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Сьерра Леон Улсад Тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах үүргээ амжилттай биелүүлж байгаагийн дээр төв Африкын Бүгд Найрамдах Улс, Чад улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд анх удаа мотобуудлагын батальон оролцуулаад байна. Мөн Афганистаны Үндэсний Армийг хөгжүүлэх  хөтөлбөрийн хүрээнд сургалтын хөдөлгөөнт багийг илгээсний дээр тус улсад явагдаж байгаа АНУ-ын тэргүүлсэн эвслийн хүчний “Тогтвортой эрх чөлөө”, “НАТО-ын тэргүүлсэн олон улсын хүчний ажиллагаанд анх удаа Монгол улсын Зэвсэгт хүчний цэргийн баг оролцож эхэллээ. 2002 оноос НҮБ-ын цэнхэр дуулгатны эгнээнд багтан Африкын Конго, Судан, Баруун Сахар, Этиоп, Эритри улсад НҮБ-ын цэргийн ажиглагч-офицерын нэн хариуцлагатай үүргийг бусад улс орны мэргэжилтнүүдтэй эн зэрэгцэн гүйцэтгэж байна. Гадаад орнуудад үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдын тоо давхардсан тоогоор 4000 гаруйд хүрч, Зэвсэгт хүчний алба хаагчдаас дэлдхийн 20 гаруй оронд 2000 гаруй хүн цэргийн академи, дээд сургууль, урт богино хугацааны сургалт, дамжааг төгссөн болон суралцаж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Монгол улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Дархан-2” сургалт дадлагын явцтай биечлэн танилцсан нь хоёр орны зэвсэгт хүчний хамтарсан ажиллагааг цаашид хөгжүүлэхэд ач холбогдолтой үйл ажиллагаа болсон. Мөн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг бүс нутгийн энхийг сахиулах ажиллагааны сургалтын төв болгох зорилт дэвшүүлэн, олон талт арга хэмжээг хэрэгжүүлсний зэрэгцээ “Хааны эрэлд 2009” олон улсын сургалт, дадлага, Монгол-Катарын хамтарсан “Төгс шийдвэр”, Монгол Улс, БНЭУ-ын хамтарсан “Нүүдэлчин заан” сургалтыг амжилттай зохион байгуулаад байна.

Б.Болор-Эрдэнэ      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж