“Apple” компани Нью-Йорк хотод байрлалтай 12 нэрийн дэлгүүрээ бүгдийг нь хаасан тухайгаа Даваа гаригт мэдэгдэв. Тус улсад Covid-19 цар тахлын шинэ омикрон хувилбарын тархалт ихэсч буйтай холбоотойгоор энэ шийдвэрээ гаргажээ. Хэрэглэгчдийн хувьд энэ хугацаанд цахим дэлгүүрээс бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.
“Apple”-ийн төлөөлөгч “Бид нөхцөл байдлыг тогтмол хянаж, үйлчлүүлэгчид болоод ажилчдынхаа төлөө эрүүл мэндийн арга хэмжээ, дэлгүүрийн үйлчилгээ аль алийг нь зохицуулж ажиллах болно” гэж мэдэгдэв.
АНУ болон Канадад арванхоёрдугаар сарын эхээр дэлгүүрийн ажилтнуудын дунд халдварын тохиолдол нэмэгдсэний улмаас “Apple” компани гурван салбараа түр хугацаанд хааж байсан. Үүнтэй холбоотойгоор бүх үйлчлүүлэгч болон ажилтандаа заавал амны хаалт зүүх шаардлага тавьсан. Цар тахлын тархалтаас шалтгаалан дэлхий дахины томоохон компаниуд ийнхүү дүрэм журмаа чангатгахад хүрч байна.
АНУ-ын шүүх энэ сарын эхээр Америкийн 80 сая гаруй иргэнд ажил олгож буй томоохон компаниудад “вакцин эсвэл шинжилгээ” гэсэн шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагыг эсэргүүцсэн иргэд, аж ахуйн нэгжүүд тогтоолыг хүчингүй болгох хүсэлтийг дээд шүүхэд гаргаад байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ