NEWS.MN: Дэлхий дахинд болсон онцлох 5 үйл явдлыг нэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

NEWS.MN: Дэлхий дахинд болсон онцлох 5 үйл явдлыг нэрлэж байна

NEWS.MN: Дэлхий дахинд болсон онцлох 5 үйл явдлыг нэрлэж байна

NEWS агентлаг улирч буй 2021 онд дэлхий нийтийн анхаарлыг татсан, онцлох үйл явдлуудыг нэрлэж байна. 


ДЭЛХИЙГ СӨХРҮҮЛСЭН ВИРУС

Сovid-19-ийн цар тахлын улмаас  дэлхий даяар нийт 5.4 сая орчим хүн нас баржээ.  Хэдийгээр дэлхий дахинаа бүтэн хоёр жил үргэлжилсэн цар тахлын хөл хорио, хязгаарлалт энэ зунаас суларч, олон улсын нислэгүүд дөнгөж сэргэж эхэлмэгц цар тахлын шинэ хувилбар хүн төрөлхтөнийг дахиад л ичээнд орууллаа.  Олон улсын эрдэмтэд цар тахлын вирусийн эсрэг вакцинуудыг богино хугацаанд гарган авснаар хэвийн амьдралдаа эргэн орохыг яаравчилсан дэлхийн улсууд дархлаажуулалтын идэвхтэй аян өрнүүлж эхэлсэн. Ийнхүү хүн амын 50-иас дээш хувийг вакцинд хамруулсан зарим оронд 5-аас дээш насны хүүхдүүддээ цар тахлын эсрэг вакцин тарьж, Монгол тэргүүтэй цөөн орон гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эхлүүлээд байна.

Гэсэн ч шинээр Сovid-19-ийн мутацилагдсан омикрон хувилбар өнөөдрийн байдлаар дэлхийн 20 орчим оронд бүртгэгджээ. Тодруулбал, Нидерланд, Дани, Австрали, Ботсвани, Их Британи, Итали, Герман, Бельги, Израйль, Хонгконг, Канад, Чех зэрэг орнуудад бүртгэгдээд байна.

Цар тахлын вирус Грек нэршлээр "альфа", "бетта", "гамма", "дельта" зэрэг хэд хэдэн хувилбарт орж,  сүүлд бүртгэгдсэн "омикрон" хувилбар нь Уханьд гарсан эх вирусээсээ огт өөр болтлоо хувьссан байна. Энэтхэгт энэ оны эхээр бүртгэгдсэн "дельта" хувилбар халдварлах, өвчнийг хүндрүүлж үхэлд хүргэх байдлаараа илүү байсан нь дэлхий дахиныг ийнхүү айдаст автуулсан. Гэхдээ шинэ хувилбарын халдвар нийт хүн амд тархсан нөхцөлд ямар хүндрэл үүсэхийг одоогоор тогтоосон эрдэмтэн байхгүй ч ажиллаж байна. Тиймээс олон улсын эрдэмтдийн зүгээс хүмүүсийг вакциндаа идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих зэрэг өнгөрсөн хоёр жилийн турш хэвшил болгосон урьдчилан сэргийлэх алхмуудаа сайтар сахихыг анхааруулж байна.

Covid-19-ийн шинэ “омикрон” хувилбар нь “дельта” хувилбараасаа илүү хурдацтай тархаж байна. Вакцин хийлгэсэн болон эдгэсэн хүмүүст ч халдварлаж байна” гэж ДЭМБ-ын тэргүүн анхааруулсан. Энэ хувилбар нь дархлааны хариу урвалаас хамаарч устах тохиолдол бий. Гэвч дэлхийн олон улсад эрчимжиж буй нэмэлт вакцинжуулалтын хөтөлбөр нь харьцангуй дархлаа сул хүмүүст чиглэж байгаа билээ. Ойрын өдрүүдэд баяр ёслолын арга хэмжээ олширсноор халдварын шинэ тохиолдол, нас баралт, эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна. “Амь амьдралаа золиослосноос нэг удаагийн арга хэмжээгээ золиослосон нь дээр” гэж ДЭМБ анхааруулсан.

ОРОС, БАРУУНЫ ЗӨРЧИЛ ХҮЙТЭН ДАЙНЫ ҮЕИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧ МУУДАВ

"Их-8" бүлгийн хүрээнд хамтран дэлхийн эдийн засаг, улс төрийн бодлогыг тодорхойлдог байсан АНУ, ОХУ-ын харилцаа “хүйтэн дайн”-ы үеийн хэмжээнд хүрч муудлаа.

"Их-8" бүлэг 1998 онд байгуулагдаж,  АНУ, Герман, Их Британи, Итали, Канад, ОХУ, Франц, Япон гэсэн бүрэлдэхүүнтэй байв. Гэвч Украины улс төрийн хямралаас үүдэн 2014 онд барууны орнуудын төрийн тэргүүн нар Сочид болох уулзалтад ирэхээс татгалзаж, Оросыг оролцуулалгүйгээр Брюссельд цуглаж уулзсанаас хойш "Их-7" бүлэг болж хувирсан юм.

Үүнээс хойш ОХУ-ыг буцаан бүлэгт нэгтгэх асуудлыг АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампын үед хэд хэдэн удаа тавьсан ч бусад гишүүд татгалзсан. Хоёр орны харилцаа муудахад Украины асуудал гол үүрэг гүйцэтгэсэн ч өөр олон асуудал АНУ, ОХУ-ыг "дайн"-ы ирмэгт хүргэжээ. Тодруулбал, Крымийн хойгийг "булаан авсан", АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн, хортой цахим халдлага хийсэн, Навальныйг хорьсонтой холбоотойгоор хүний эрхийг зөрчсөн зэрэг олон асуудалд Москваг буруутгаж байна.

Нөгөө талд АНУ-ын тэргүүлдэг Умард Атлантын цэргийн эвсэл NATO хүрээгээ тэлж, ОХУ-ын хилд тулж ирснийг Москва хүчтэй эсэргүүцэж байна. Улмаар АНУ-аас Украинтай хамтран ОХУ-ын хилийн ойролцоо цэргийн сургуулилалт хийсний хариуд Москва цэргээ хилийн бүсдээ төвлөрүүлээд байна. ОХУ-аас 175 мянган цэрэг, армийн техникээ Украины хилийн дагуу төвлөрүүлсэн нь ирэх 2022 оны эхээр дайралт хийхээр төлөвлөж байна гэж АНУ-ын тагнуулын агентлагаас мэдээлсэн. Кремлийн НАТО-д тавьсан шаардлагууд бүтэлгүйтсэний дараа Москва өнгөрсөн долоо хоногт АНУ-ын тухай мэдэгдэл гаргаж, олныг алмайруулав.

Тус мэдэгдэл нь АНУ-аас Украиньд хөлсний цэргүүдийг ашиглан "химийн зэвсгийн" довтолгоо, тодорхойгүй "цэрэг-техникийн" ажиллагаа явуулах аюул заналхийлж байна гэжээ.

АНУ нь Украин руу ОХУ-ыг дайрахаас сэрэмжлэн сүрдүүлэх зорилгоор 2014 оноос хойших илүү хүчтэй арга хэмжээ авахаа Москвад анхааруулсан. Тодруулбал, дэлхийн банкуудын хооронд мөнгөн гуйвуулга хийдэг, Бельгид төвтэй "SWIFT" гэх санхүүгийн төлбөрийн системээс ОХУ-ыг хориглохоор сүрдүүлсэн. АНУ өмнө нь Ираны банкуудыг "SWIFT" системээс амжилттайгаар хасч чадсан. Ингэснээр Тегеран газрын тосны орлогынхоо бараг тал хувийг алдсан. Ираны гадаад худалдааны 30 хувийг газрын тосны орлого бүрдүүлдэг. Тиймээс ОХУ-ын эсрэг энэ арга хэмжээ адилхан хохирол учруулна гэж үзэж буйгаа илэрхийлжээ. ОХУ нь газрын тос, байгалийн хийн экспортоос хараат, Холбооны орлогын гуравны нэгийг үүнээс бүрдүүлдэг ба төлбөр нь SWIFT" системээр хийгддэг байна.

ГЕРМАНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГЫГ 180 ГРАДУС ЭРГҮҮЛЖ БУЙ ШИНЭХЭН КАНЦЛЕР ОЛАФ ШОЛЬЦ

Германы төрийг бүтэн 16 жил жолоодсоны эцэст канцлер Ангела Меркел 2021 оны есдүгээр сард болох сонгуульд нэр дэвшихээс татгалзсан. Ийнхүү Меркел Германы түүхэнд өөрийн хүсэлтээр суудлаасаа бууж буй хамгийн анхны удирдагч болсон юм.

Түүний үлдээж буй асар том орон зайг нөхөж, залгамж халааг нь авах дараагийн канцлерыг сонгох сонгууль 2021 оны есдүгээр сарын 26-нд болсон. Сонгуулийн дүнгээр Социал демократ намын Олаф Шольц нийт 25.7 хувийн санал цуглуулсан бол түүний хамгийн том өрсөлдөгч, Ангела Меркелийн санал болгосон нэр дэвшигч Армин Лашет 24.1 хувиар удаалсан.

Ийнхүү Германы парламент 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд Олаф Шольцыг албан ёсоор дараагийн канцлераар томилсноор 16 жилийн турш тус улсыг удирдсан Меркелийн эрин дуусч, улс төрийн шинэ үе эхэлжээ.

Шольц 2018 оны гуравдугаар сарын 14-нд засгийн газрын бусад гишүүдийн хамт тангараг өргөж, Ангела Меркелийн удирдлага дор Германы дэд канцлераар томилогдсон. Албан тушаалд суусан эхний сарууддаа Шольц 50 хувийн үнэлгээ авч, Германы хамгийн алдартай улстөрчдийн нэг болсон байв. Тэрбээр канцлераар томилогдсоныхоо дараа Германы Социал демократ, Ногоон, Чөлөөт ардчилсан намуудыг нэгтгэн, эвслийн засгийн газар байгуулав. Дээрх гурван намын бэлгэдэл өнгүүд нь улаан, ногоон, шар учраас “Гэрлэн дохио” эвсэл ч гэж нэрлэгдээд байна. Гурван тал удаан хүлээлгэсний эцэст саяхан “Германы гадаад болон дотоод дахь байр суурийг шинээр тодорхойлсон” эвслийн гэрээгээ танилцуулсан байна.

Эвслийн гэрээнээс дүгнэхэд ирээдүйд Олаф Шольцын шинэ засгийн газар өмнөхөөсөө ялгаатай нь Хятадтай ил тод байдлаар сөргөлдөх нь ойлгомжтой болоод байна. Нэг талыг баримталсан, Хятадад ээлтэй бодлогын шийдвэрүүд нь одоо нэгэнт үеэ өнгөрөөжээ. Оронд нь Европын холбоотой ижил стратеги баримтлахаар шийдсэн байна.

ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ИРЭЭДҮЙ: ТЕХНОЛОГИ, САНСАР

“Metaverse” нь сүүлийн үед хүн болгоны ярианы сэдэв болж, ирээдүйн цахим сүлжээ, крипто валют зэрэг олон салбарт хүч түрэн гарч ирэх технологийн дараагийн түвшин боллоо. Чухам “Metaverse” нь юу болох, хэрхэн ашиглагдах, хэзээнээс биелэгдэх зэрэг асуултууд тодорч байна. Мөн үхэр жилд хийгдсэн сансар огторгуйн шинэ нээлтүүд хүн төрөлхтөний дэлхийгээс өөр гаригт амьдрал байж болох, үгүй эсэх эргэлзээг улам нэмэгдүүллээ. Ангараг гариг дээр ус байх боломжтойгоос эхлээд хэдэн сая, тэрбумаар үнэлэгдэх сансрын аялал энэ жил болж өнгөрлөө.

“Metaverse” бол бидний ирээдүй

Зохиолч Нил Стефинсон 1992 онд бичсэн “Snow Crash” шинжлэх ухааны зөгнөлт зохиолдоо бодит мэт 3D виртуал барилгууд болон амьд мэт аватаруудыг дүрсэлж өгсөн байдаг. Уг кино зохиолд “Metaverse” гэх нэр томъёо гаргаж, “Facebook” компани үүнээс сэдэвлэн нэрээ аравдугаар сард /2021.10.28/ сольж, дэлхийн дэвшилтэд технологийг хүн төрөлхтөний гар дээр авчрахыг зорьж байна. Түүнээс хойш янз бүрийн бүтээн байгуулалтууд “3D Metaverse” дээр бий болж, холограф орчин, хувь хүнийг төлөөлөх аватарууд, зураг бичлэгүүд бага багаар бодит мэт боллоо.

Гэхдээ 3D орчин ганц “Metaverse”-ээр эхэлж байгаа бус, “Fortnite, Minecraft, Roblox ,VR gaming” гэх мэт цахим сүлжээний тоглоомууд эхлэл нь байсан юм.

Учир нь эдгээр тоглоомууд өөрсдийн дүрээ аватар болгон ашигладаг 2D орчин үүсгэдэг ба үүний ахисан төвшин нь “Metaverse” билээ. Шинээр нэрлэгдсэн “Meta” /хуучин нэрээр Facebook/ компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг хэлэхдээ “Metaverse” гол программын шинж чанарууд бий болж ашиглагдах хүртэл 5-10 жил шаардлагатай гэв. Гэхдээ зарим программ, салбар нь ашиглагдахад бэлэн болсон ба нэг жишээ нь “NFT” ашиглан 3D орчинд газар худалдан авах, арилжих, виртуал ертөнцөд хөтлөгч шил, чихэвч зэрэг юм. “Metaverse” хөгжүүлэлт нь виртуал орчинд нэвтрэх боломж олгохын тулд 2014 оноос өдийг хүртэл ажиллажээ. Хамгийн анх “Oculus” технологи  “VR”  шил ашиглан виртуал орчинд тоглох цахим систем бий болж гарч ирсэн. Дараа нь “Facebook Horizon” виртуал тоглоом систем 2019 онд үүсчээ. Хүн төрөлхтөний виртуал ирээдүйд “Microsoft” компани мөн адил өрсөлдөж байна. Тус компани “VR” компаний “AltspaceVR”-ийг 2017 онд худалдаж авсан бөгөөд “Mетаverse” функцуудыг “Microsoft Teams”-д нэгтгэхээр төлөвлөж байна.

Сансар огторгуйн шинэ иргэд

Мөн энэ жил сансар огторгуйн аяллын хувьд томоохон амжилт дагуулсан мөчүүд олон байлаа. Эмират, Хятад, АНУ-ын Ангараг гаригийг судлах гурван хөтөлбөрийн дагуу сансрын хөлөг хоёрдугаар сард очсон бол NАSА-гийн “Perseverance” ровер 2021 оны хоёрдугаар  сарын 18-нд өөр гариг дээр аялал хийсэн анхны оюун ухаант ровер болж, түүхэнд бичигдлээ. Бас нэг том сансар огторгуйн үйл явдал болох “Жеймс Уэбб” телескоп хөөргөх мөч ойртож байна. “Virgin Galactic”, “Blue Origin” болон “SpaceX” зэрэг компаниуд янз бүрийн цар хүрээтэй сансрын аялал жуулчлалын ололт амжилтаар интернэтийг шуугиулсан.

Ингэхдээ зөвхөн “SpaceX” тойрог замд аялах санал тавьсан юм. “SpaceX” хоёрдугаар сарыг гайхалтай эхлүүлж, тойрог замд 60 шинэ “Starlink” интернет хиймэл дагуул хөөргөж, 850 сая ам.долларын гэрээг NАSА-тай хийсэн. NАSА-гийн сар руу буцах хүсэл эрмэлзэл нэмэгдэж, хувийн сансрын салбар урьд өмнөхөөсөө илүү хурдацтай хөгжиж байна.

“Аполлон”-ы залгамжлагч NАSА-гийн “Артемис” хөтөлбөр сар руу аялах богино хугацааны төлөвлөгөө байсангүй. “Артемис” нь хүмүүсийг саран дээр амьдрал цогцлоох зорилготой бөгөөд хувийн үйлдвэр, компаниуд  үүнд оролцохоор болов. NАSА-гийн Сарны худалдаа ачааны үйлчилгээ (CLPS) нь саран дээр бизнесээ эхлүүлэх сонирхолтой жижиг компаниудад шинэ сансрын хөлгөөр бага хэмжээний ачаа тээвэрлэх, нислэгийн шинэ технологиудыг турших боломжуудыг нээгээд байна. Үүнтэй зэрэгцэн Хятад өөрсдийн сансрын хөлгөө хөөргөсөн. Дэлхийн сансар судлал улам хүчирхэгжиж, сар болон ангараг гариг дээр амьдрах эхний нисгэгчдээ  бэлтгэв. Саран дээр амьдрах бүлэг хүмүүс 2024 он гэхэд ниссэн байх бөгөөд, дараа нь ангараг гаригт амьдрал бий болгохоор төлөвлөж байна. 

ДЭЛХИЙН УЛС ОРНУУДАД ГАРСАН ТОМООХОН ТӨРИЙН ЭРГЭЛТҮҮД

2021 онд тохиосон гол үйл явдлуудад төрийн эргэлт гарсан Афганистан, Мьянмарын асуудал багтаж байна. АНУ 20 жил их хэмжээний мөнгө зарж, олон хүний амь зольсны эцэст Афганистаны дайн дууссан ч төрийн эрх эргээд талибуудын гарт оров. Нөгөө талд ардчилал дөнгөж тогтож байсан Мьянмарт цэргийнхэн төрийн эргэлт хийж, засгийн эрхийг булаан авсан билээ.

Талибууд 20 жилийн дараа Афганистаны төрийн эрхийг дахин авав

Алан хядах "Аль-каида" бүлэглэлийн гишүүд 2001 оны есдүгээр сарын 11-нд дэлхийн худалдааны төвийн барилгыг онгоцоор мөргөн сүйрүүлсэн мөчөөс эхэлсэн Афганистаны дайн 2021 оны наймдугаар сарын 15-нд нэг мөр өндөрлөв. Нийт 19 жил, 10 сар, 25 хоног үргэлжилсэн дайны эцэст АНУ-ын цэрэг, дипломатч нар ум хумгүй зугтаж, нутаг буцахад ард нь Афганистан улс хөл толгой нь олдохгүй үймээн самуун болж үлдэв.

Талибаны ялалтаар өндөрлөсөн урт удаан дайны хохирлыг тоймловол:

  • 85 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг дайны олз болсон.
  • Дор хаяж 47 мянган энгийн номхон иргэн амь үрэгдэв.
  • Ойролцоогоор зургаан сая афган эх орноосоо зугтав.
  • АНУ-ын 2400 цэрэг хорвоог орхиж, 20 мянган цэрэг эрэмдэг зэрэмдэг болов.
  • Тоолж баршгүй олон тэсрэх бөмбөг хаяв.
  • Хэдэн зуун мянган тариан талбай устав.
  • Тооцох боломжгүй асар их хөрөнгө гарын салаагаар урсав.

Афганистаныг амжилттай гартаа оруулж эзэн суусан талибууд өөрсдийн гэсэн шинэ засгийн газраа албан ёсоор байгуулж, сайд нараа томилжээ. Гэтэл сайд болсон хүмүүсийн дунд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хоригт байгаа хүмүүс, тэр байтугай АНУ-аас таван сая ам.доллараар толгойг нь үнэлж эрэн сурвалжилж буй хүн ч багтжээ.

Талибууд Афганистаныг бүрэн эзэлж, эрх мэдлээ тогтоомогцоо улсын нэрийг “Исламын Эмират улс” гэж өөрчлөн тунхагласан билээ. Шинэ засгийн газар, түүний сайд нар бүгд сүүлийн 20 жилд АНУ-ын эсрэг халдлага зохион байгуулцгааж байснаараа зартай, НҮБ-аас хориг хүртсэн Талибаны ахмад зүтгэлтэн эрчүүдээс бүрдсэн явдал олон улсын анхаарлын төвд буй.

Ардчилсан тогтолцооноос дахин цэргийнхний гарт ороод буй Мьянмар 

Мьянмарын удирдагч, Ардчиллын төлөө үндэсний лиг намын дарга, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чиг 2021 оны хоёрдугаар сарын 1-нд тус улсын Зэвсэгт хүчнийхэн барьцаалсан билээ. Тус улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийн дараагаас нөхцөл байдал хурцадмал болж эхэлсэн ба эрх баригч Ардчиллын төлөө үндэсний лиг нам ялалт байгуулсан юм. Гэсэн ч олон жилийн турш тус улсад дэглэмээ тогтоосон зэвсэгт хүчнийхэн уг сонгуулийг будилаантай болсон гэж үзсэний улмаас төрийн эргэлт гарч болзошгүй байдалд хүрээд байсан ажээ.

Хатагтай Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч Вин Минт болон бусад удирдагчид, хотын дарга нарыг хүртэл баривчилсан. “BBC”-гийн мэдээлснээр улс төрийн 42 зүтгэлтэн, 16 иргэний нийгмийн идэвхтнүүдийг баривчилжээ.

Ан Сан Су Чиг баривчилсны дараа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон сонгуульд Аун Сан Су Чигийн нам луйвраар ялсан хэмээн мэдэгдээд, бүх эрх мэдлийг Мьянмарын цэргийн дээд командлагч, генерал Мин Аун Хлаингийн гарт шилжиж байгааг зарласан байна. Ийнхүү тус улсад төрийн эргэлт гарсан нь нэгэнт тодорхой болсон юм. Бараг 50 жилийг цэргийнхний хатуу дэглэмд өнгөрүүлсэн тус улс нь 2011 оноос ардчилсан тогтолцоонд шилжсэн ч ийнхүү дахин цэргийнхний гарт ороод байна. Генерал Мин Аун Хлайн тэргүүтэй зэвсэгт хүчний удирдагчид нэг жилийн хугацаатай цэргийн дэглэм тогтоосны дараа шударга сонгууль зохион байгуулж, ялсан улс төрийн хүчинд эрх мэдлээ шилжүүлнэ гэж амлаж байгаа ч иргэд үүнд итгэхгүй байгаа аж.

NEWS TEAM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж