"Дуучин Сараатайгаа таксинд шинэ оноо угтсан мөчөө мартдаггүй"

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

"Дуучин Сараатайгаа таксинд шинэ оноо угтсан мөчөө мартдаггүй"

Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн шинэ он айсуй. Монголчууд шинэ жилийн баярыг сэтгэл догдлон, хамт олон, гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Хүн бүхэнд сэтгэлд хоногшсон шинэ жилийн баярын сайхан дурсамж бий. Тиймээс энэ удаа олны танил уран бүтээлч, тамирчдын төлөөлөлтэй холбогдож, шинэ жилийн баярын хөгжилтэй дурсамжаас нь хуваалцлаа.


Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ж.АЛТАНЦЭЦЭГ:

-Миний хувьд 1999 оны шинэ жилийн баяр хэзээ ч мартагддаггүй юм. Дуучин Б.Сарантуяатайгаа хамт Төв талбай дээр хоёулханаа шинэ оноо угтаж байлаа. Бид нэг байгууллагын шинэ жилийн баяр дээр дуулчихаад байж байтал нэг мэдсэн шөнийн 00:00 цаг болох гэж байсан. Бид хоёр сандарч гараад "Одоо яана аа. Таван минут үлдлээ. Тав, дөрөв, гурав, хоёр, нэг гээд хашгирсаар байгаад оргилуун дарсаа задалсан. Тухайн үед замын түгжрээнд, таксин дотор хоёулаа инээлдэж байснаа хэзээ ч мартдаггүй. Тэр үед шинэ жилийн баяраар урлагийнхан маш их тоглолттой байсан. Бараг өвлийн гутлаа тайлж амжихгүй баярт дуулдаг байлаа шүү дээ. Одоо бол харьцангуй гайгүй цэгцтэй болсон байна. Би сүүлийн найман жил эх орондоо шинэ оноо гаргаагүй. Энэ жил эх орондоо, найзуудтайгаа Тэрэлжид шинэ жилийн баяраа тэмдэглэх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ гэртээ шинэ оноо гаргана. Та бүхэн маань шинэ оноо амжилт бүтээл дүүрэн угтаж, сайхан баярлаарай.

Ардын жүжигчин Б.ЖАРГАЛСАЙХАН:

-Монголчууд цар тахалтай холбоотойгоор хоёр жилийн хугацаанд ямар нэгэн баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглээгүй. Энэ жил хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, хамт олноороо шинэ жилийн баяраа тэмдэглэж байна. Миний хувьд жил бүр өвлийн өвгөн болдог учраас шинэ жилийн баяраар хөгтэй, хөгжилтэй явдал их тохиолдоно. Нэг байгууллагын шинэ жилийн баяр дээр хөөрхөн цасан охидоо дагуулаад, шагналаа өгч, бүжгээ бүжиглээд, явах боллоо. Тэгээд би "Уулзах хүмүүс олон байна. Баяртай хүүхдүүдээ гэсэн чинь" хөтлөгч нь “Өвлийн өвгөн аавдаа баярлалаа. Баяртай. Манай энэ удаагийн өвлийн өвгөн аав Хасар Жагаа байлаа” гээд л зарласан. Тэнд байсан хүмүүс бүгд нирхийтэл инээсэн. Би чинь заалныхаа талд нь явж байсан, хөл гацаад зогсонгоо алдсан.

Бас нэг удаа Харшийн сүлд модны наадам дээр нэг жаал намайг сүрхий дагуулаад л хараад байсан. Би "Өвлийн өвөө нь гоё байна уу" гэж асуулаа. Тэгсэн ээж нь “Манай хүү огт юм хардаггүй байж байгаад хагалгаанд орж хардаг болсон" тухайгаа хэлэхэд нь сэтгэл их хөдөлж билээ. Манай гэр бүл шинэ жилийн баяраар жил бүр 100 хүүхдэд бэлэг өгдөг. Энэ уламжлалаа 2004 оноос эхлүүлсэн. Сүүлийн хоёр жил цар тахал гээд өнжсөн. Анхны жилдээ "Нарантуул" худалдааны төв дээр хөдөлмөр эрхэлдэг хүүхэд, багачуудад бэлэг тараасан. Тэр үед хүүхдүүд маань маш их баярлаж байсан нь сайхан санагдсан.

Монгол Улсын Гавьяат тамирчин Г.УГАЛЗЦЭЦЭГ:

-Ер нь л хүүхэд байхдаа нэг их бэлэг авч байгаагүй ээ. Намайг хүүхэд байхад одоогийнх нь шиг юм элбэг байсангүй. Хааяа шинэ жилийн баяраар онц сурсан гээд ганц нэг удаа л бэлэг авч байсан. Шинэ жилийн баяраар халуун ам бүлээрээ шинэ оноо угтдаг. Хамаатныхаа бүх хүүхдэд бэлэг өгдөг. Энэ жил ойролцоогоор 100 орчим бэлэг бэлдсэн. Шинэ жилийн баяраар хүүхдүүд баярлуулах мөч хамгийн сайхан санагддаг.

Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн гоё нь баярын даашинз өмсөх шүү дээ. Миний хувьд үргэлж спорт хувцастай байдаг учраас даашинз өмсөх боломж тэр бүр олддоггүй. Би жижиг биетэй учраас урт даашинз өмсдөггүй. Надад таарах даашинз ч ховор, таарсан ч тайл хэсгээрээ томддог. Тийм учраас даашинзаа худалдаж аваад, өөрөө янзалж өмсдөг. Ерөнхийдөө цор ганц даашинз өмсдөг гэж хэлж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж