Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ долоо хоногт эрх баригч намын хурлыг нээж үг хэлжээ. Тодруулбал, өнгөрсөн Даваа гаригт БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын наймдугаар төв хорооны IV их хурал болсон байна.
Цөмийн зэвсгийн хөтөлбөр, байгалийн гамшигтай холбоотой олон улсын хориг арга хэмжээ болон цар тахлын эсрэг хөл хорионоос үүдэлтэйгээр эдийн засаг хөл толгойгоо олохгүй байгаа энэ үед тус улсын нам, төрийн албан хаагчид ийнхүү чуулжээ. Нөгөөтэйгүүр энэ удаагийн хурал нь Ким Жон Уны цэргийн дээд коммандлагч болсны 10 жилийн ойг онцолсон үйл ажиллагаа болсон байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021 онд нам, төрөөс баримталсан үндсэн бодлогын хэрэгжилтийг дүгнэхийн сацуу ирэх оны бодлогоо тодорхойлжээ. Түүнчлэн социалист бүтээн байгуулалтын хөгжлийн шинэ үеэс ялалтын дараагийн үеийг эхлүүлэхийн төлөөх нам, ард түмний тэмцлийг динамикаар удирдан чиглүүлэх стратеги, тактикийн бодлого, бодит алхмуудыг хэлэлцсэн аж.
Шинэ оны босгон дээр зохион байгуулдаг намын хурлынхаа үеэр Ким Жон Ун ихэвчлэн бодлогын шинж чанартай томоохон мэдэгдлүүд хийдэг. Жишээлбэл, 2018 онд Өмнөд Солонгосын өвлийн олимпод оролцох төлөөлөгчөө зарласан бол 2019 онд АНУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа зарлаж байв. Эндээс дүгнэхэд Ким Жон Ун жил бүрийн ээлжит хурлынхаа үеэр АНУ, Өмнөд Солонгост найрсаг үг дайхын сацуу цөмийн зэвсгийн бүтээн байгуулалт болон бусад цэргийн төлөвлөгөөг илчлэх зорилготой мэдэгдэл хийдэг байжээ.
Хойд Солонгос 2022 онд олон улсын хамтын нийгэмлэгтэй нээлттэй яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагаагаа нэг шат ахиулна гэж найдаж буйг Өмнөд Солонгосын Нэгдлийн яамнаас мэдэгдлээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ