"Санхүүгийн системийн эрсдэл, салбар хоорондын уялдааг том зургаар харахыг чухалчилдаг" | News.MN

"Санхүүгийн системийн эрсдэл, салбар хоорондын уялдааг том зургаар харахыг чухалчилдаг"

"Санхүүгийн системийн эрсдэл, салбар хоорондын уялдааг том зургаар харахыг чухалчилдаг"

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд гарч буй өсөлт, хөгжилтэй холбоотойгоор бодлого, зохицуулалтын арга хэмжээний үр дүн хийгээд, зах зээлийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар ярилцлаа.

Манай орны хөрөнгийн зах зээлд эерэг өөрчлөлтийг авчирсан бодлого, зохицуулалтын томоохон ажлуудын заримаас нь онцлохгүй юу?

Сүүлийн жил хагасын хугацаанд “COVID-19” цар тахлын нөлөөгөөр нийгэм, эдийн засаг, манай иргэдийн амьдралын хэв маягт олон өөрчлөлтүүд гарлаа. Санхүүгийн салбар ч томоохон сорилтуудтай тулгарсан. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд энэхүү өнгөрсөн хугацаанд системийн эрсдэлийг дахин үнэлэх, дунд, урт хугацааны бодлогоо шинэчлэх, магадгүй сорилтыг боломж болгох тал дээр бидний давуу болон сул тал юу байж болох вэ гэдгийг цэгнэж ажилласны үр дүнд нэлээдийг нь багцалж хэрэгжүүллээ. Цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн Хорооны үйл ажиллагааг цахимжуулах, харьцангуй удаашралтай хэрэгжиж байсан бүртгэл, зөвшөөрлийн программуудаа бүгдийг нь шинэчиллээ. Зохицуулалтын салбаруудад гарч болзошгүй эрсдэлүүдээ ч үнэллээ. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд бодлого, зохицуулалтын ямар шийдлүүдийг санхүүгийн зах зээлд хэрэгжүүлэх вэ гэдэгт онцгойлон анхаарч ажилласны үр дүнгүүд эхнээсээ гарч байна. Тухайлбал, Үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог T+2 буюу дараа төлбөрт горимд амжилттай шилжүүллээ. Ингэснээр үнэт цаасны арилжаа хийгдсэний дараа 48 цагийн дотор төлбөр тооцоо хийгдэх боломжтой болсон. Өмнө нь манай орон Их Британийн FTSE Russell-ээс гаргадаг “Хөгжиж буй зах зээл” ангиллын ажиглалтын жагсаалтад байснаа хасагдаж байсан бол энэхүү горимд шилжсэний үр дүнд уг жагсаалтад буцаад орлоо. Өөрөөр хэлбэл, цагийн ялгаатай бүсүүдэд амьдардаг бусад орнуудын хөрөнгө оруулагчдад Монголын хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүний арилжаанд оролцох боломжийг нээсэн.

Гадаад болон дотоодын арилжаа эрхлэх байгууллагад давхар бүртгүүлэх зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, хөрөнгө оруулагчдын эрхийг хангах зорилгоор Хороо давхар бүртгэлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулан баталлаа. Журам батлагдсантай холбоотойгоор бусад улс, орнуудын хөрөнгийн биржид бүртгүүлсэн манай орны ялангуяа, уул уурхайн компаниуд Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэгдэх боломжтой болсон. Бид  үүнийг ажил хэрэг болгоход зөвхөн журам батлах бус, дэд бүтцийн шийдлүүдийг нь давхар зохицуулж өгсөн. Ингэснээр анх удаагаа улс хоорондын биржид хувьцаа чөлөөтэй хөрвөдөг боллоо. Тухайлбал, Торонтогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ийн хувьцаа Монголын хөрөнгийн биржид мөн арилжаалагдаж, чөлөөтэй хөрвөдөг болсон гэсэн үг. Мөн бид Үнэт цаасны бүртгэлийн ерөнхий журмаа хувьцааны болон өрийн хэрэгслийн бүртгэл гэж хоёр ангилсан. Ингэснээр андеррайтерын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх замаар үнэт цаасны арилжааг идэвхжүүлэх томоохон зохицуулалт хийгдлээ. Түүнчлэн биржийн бус зах зээлийг зохицуулах холбогдох журмыг баталсан нь хөрөнгийн зах зээлийн түүхэнд бодлогын томоохон шийдвэр болсныг дурьдах нь зүйтэй. Ийнхүү биржийн бус зах зээлийг эхлүүлсэн эхний долоо хоногт 3 компанийн 5 төрлийн бондын арилжаагаар олон нийтээс санхүүжилтийг амжилттай татаж чадсан бол үүнээс хойш 8 компанийн бонд зах зээл дээр арилжаалагдаад байна.

Эдгээр нь биржийн бус зах зээлийн хэрэгцээ, шаардлага ямар их байсныг илэрхийлсэн үзүүлэлт юм. Биржийн бус зах зээл дээр бонд арилжаалах бодлогын шийдэл бүхий зохицуулалтын үр дүнд зардал багатай санхүүжилт татах, мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас харьцангуй бага хүүтэй эх үүсвэр татах нөхцөлийг бүрдүүлэх, ялангуяа гарааны компани үнэт цаасаа олон нийтэд санал болгох боломжийг бий болгосноороо онцлогтой.

Энэ оны хувьд хөрөнгийн зах зээлд онцлох ямар шинэ бүтээгдэхүүнүүд гарсан бэ?

УИХ-аас хөрөнгийн зах зээлд 3 чиглэлээр шинэчлэл хийх зорилтыг тавьсан. Энэ хүрээнд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон ба уг хуульд зааснаар банкууд 2022 оны зургадугаар сарын 30-ны дотор хувьцаат компани болох үүрэг хүлээсэн. Мөн Зээлийн хүүг бууруулах стратегийг УИХ-аас батлахдаа түүхэнд анх удаа хөрөнгийн зах зээлийг хамруулснаар тус зах зээл болон үүн дотор бондын зах зээлийг хөгжүүлэх ажлууд эрчимтэй явагдаж байна. Мэдээж, банкны салбартай өрсөлдөхүйц бүтээгдэхүүн байна гэдэг шийдвэр гаргалт хурдан, хөрөнгө оруулагчдад тавигдах шаардлагууд тодорхой байх ёстой. Шийдлүүд зөв хийгдсэн учраас хөрөнгийн зах зээл дээр зөвхөн энэ онд 17 бүтээгдэхүүн гараад байна. Үүний гурав нь цоо шинэ. Эхнийх нь анхны арилжааны шинжтэй нийтэд санал болгон гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас. Өмнө нь хөтөлбөрийн шинжтэй, хаалттай хүрээнд буюу Засгийн газраас хэрэгжүүлсэн орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийг дэмжих хүрээнд “МИК ОССК” компанийн үүсгэн байгуулсан тусгай зориулалтын компаниудаас гарч байсан бүтээгдэхүүн. Дараачийнх нь Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх буюу олон нийтэд чөлөөтэй арилжаалагддаг бүтээгдэхүүн гарсан явдал. Энэ чиглэлд өнгөрсөн онд “Ард менежмент ҮЦК” ХХК-аас “Үндэсний хувьчлалын сан” нэртэй анхны хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулж байсан бол энэ онд “Мандал ирээдүйн өсөлт сан” бий боллоо. Уг сан нь банкны IPO-д оролцох зорилгоор олон нийтээс 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК анх удаа төгрөг, ам.долларын хосолсон компанийн бонд гаргасан. Тус компани олон нийтээс 692.5 тэрбум төгрөг татсан нь түүхэндээ хамгийн өндөр дүнтэй санхүүжилт босгоод байна. Нөгөөтэйгүүр, банкны салбарын шинэчлэлийн хүрээнд Төв банкнаас бодлогын хүүг түүхэн доод хэмжээнд хүргэж бууруулсан. Ингэснээр банк, санхүүгийн байгууллагуудын жигнэсэн дундаж хүүгийн хэмжээ дагаж буурч, шинээр бүтээгдэхүүн, үйлчилгээ гарч байгаатай холбоотойгоор иргэдийн зүгээс хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах сонирхол нь ч нэмэгдсэн. Хамгийн сүүлд л гэхэд та бидний мэддэгээр CU дэлгүүр буюу “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК өндөр дүнтэй IPO хийж, “Мобифинанс ББСБ” ХХК-аас гаргасан “Монпэй бонд” амжилттай санхүүжилт босголоо. Мөн банкны реформын хүрээнд “Богд банк” ХХК  нь         хувьцаа гаргасан хамгийн анхны банк болж нийт хувьцааныхаа 20 хувийг олон нийтэд санал болгон гаргах замаар 31.75 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд байна.

Та дээр онцолсон бодлого, зохицуулалтуудтай холбоотой хөрөнгийн зах зээлд гарсан өсөлтийг харуулах бодит тоон мэдээллээс сонирхуулахгүй юү?

Зах зээлийн үнэлгээ энэ сарын 27-ны өдрийн байдлаар нйит 5.85 их наяд төгрөг болсон нь өнгөрсөн 30 жилийн түүхэн дэх хамгийн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Бидний авч хэрэгжүүлж буй бодлогын шийдэл, зохицуулалтын арга хэмжээ болон зах зээлийн нөхцөл байдлаас хамаараад зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 2 дахин өссөн. Энэ бол дан ганц Санхүүгийн зохицуулах хорооны оролцоо бус, төрийн болон зохицуулалтын бусад байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүн юм. Энэ оны 3 дугаар улиралд үнэт цаасны арилжаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 дахин өсөж, нийт 1.1 их наяд төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан бол үүнээс компанийн бондын арилжаа 156 дахин өссөн. Үүний тод илрэл нь бизнес болон санхүүгийн мэдээ мэдээллийн дэлхийн тэргүүлэгч болох Блумбергээс Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс ойролцоогоор 130 хувиар өсөж, дэлхийд тэргүүлж буй талаар мэдээлсэн явдал юм. Гэтэл дэлхийн тэргүүлэгч АНУ, Европын холбооны улсуудын хувьд дунджаар 10-30 хувийн өсөлттэй байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос цаашид нээлттэй компаниудын чанар, хариуцлагыг нь нэмэгдүүлэх, шинээр ХК болох компаниудыг хувьцаа эзэмшигчдэд ээлтэй болгох чиглэлд бодлогын ямар арга хэмжээ авах вэ?

Санхүүгийн зохицуулах хорооноос хоёр зүйлд онцгойлон анхаарна. Нэг нь компанийн засаглалын чанарын үнэлгээний асуудал. Учир нь, үнэлгээ бодит байх ёстой. Хоёр дахь нь компанийнхаа тавхан хувийг ч юм уу олон нийтэд санал болгоод ХК болдог байсныг өөрчилсөн. IPO гаргахдаа дор хаяж 20-оос багагүй хувийг олон нийтэд санал болгох гэсэн чиглэлд анхаарсан бодлого барьж байна. Түүнээс таван хувиа гаргачихаар компанийн хувьцааны төвлөрөл өндөр хэвээр, голлох шийдвэрүүд нь хуучин шигээ гардгаараа гараад, гүйцэтгэх удирдлага нь ч хэвээр, хувьцаат компани нэр зүүсэн төдий байж болохгүй. Нэг үеэ бодоход бид олон төрлийн бүтээгдэхүүнтэй болчихлоо. Харин одоо үнэ ханшийн савалгаа багатай, ялангуяа хувьцаа авсан иргэдэд өгөөжөө өгдөг, компанийн засаглал нь ил тод нээлттэй, олон улсын тогтвортой хөгжлийн болон ногоон санхүүжилтийн зарчмуудыг мөрдлөг болгож ажилладаг, дээр нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалдаг ХК-уудтай болохыг зорин ажиллаж байна.

Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр юу хийж байгаа вэ?

-Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд нэлээд ажил хийсэн. Тухайлбал, санал хураах кумулятив аргыг хэрэглэх журмыг шинэчилж баталсан. Энэ нь юу вэ гэхээр жижиг хувьцаа эзэмшигчид хоорондоо нэгдээд дундаасаа төлөөллөө гаргаж, компанийн ТУЗ-д сонгогдох боломжийг нээж өгч байгаа юм. Ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчид тухайн компанийн шийдвэр гаргалтад бодитойгоор оролцож, үйл ажиллагаанд нь хяналт тавих боломжтой болно. Ер нь иргэд ч тухайн компанийн IPO-д оролцохдоо шаардлагатай мэдээллүүдтэй нь танилцаж, сонголтоо зөв хийх шаардлагатай. Иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах чиглэлд үе шаттайгаар хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам, Боловсролын яам хамтран баталсан “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр” юм. Түүнчлэн цар тахлын үед олон нийт мэдээллийг цахим орчноос илүү авдаг байдлыг харгалзаж тухайн орчинд нь тохирсон мэдээ, мэдээллийг тогтмол өгч ажиллаж байна.

Санхүүгийн салбарын тулгын гурван чулуу гэгддэг банк, даатгал, хөрөнгийн захыг ижил түвшинд байлгах чиглэлд хэрхэн анхаарч байна. Ялангуяа даатгал, хөрөнгө оруулалтын сангуудыг хөхүүлэн дэмжих эдийн засгийн хөшүүрэг юу байх вэ?

Хөрөнгөө оруулсан иргэн өгөөжөө хүртдэг, засаглал сайтай үндэсний компаниуд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татдаг байх явдал чухал. Тэр хэрээр хөрөнгийн зах зээл өсөн дэвжиж, олон нийт баялгийн тэгш хуваарилалтыг хүртдэг болох нь чухал. Хөгжингүй орнуудад банк, хөрөнгийн зах зээлийн харьцаа 50:50, 60:40 байдаг. Манайд энэ үзүүлэлт эрс ялгаатай байсан бол сүүлийн үед энэ байдал өөрчлөгдөж байна. Үүний зэрэгцээ Санхүүгийн зохицуулах хорооны хувьд даатгалын салбартай холбоотой бодлогын нэг чухал шийдэл гаргасан. Энэ бол даатгалын компаниудын үндсэн үйл ажиллагааны нэг болох хөрөнгө оруулалтын удирдлагыг зөв зохистой, оновчтой хэлбэрээр хэрэгжүүлж олон улсын жишигт нийцүүлэх, хөрөнгийн зах зээлийг дэмжих, даатгагчийн хөрөнгийг олон талт хөрөнгө оруулалтад байршуулах, эрсдэлийг тархаах зорилгоор холбогдох журамд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ даатгалын компанийн нийт хөрөнгө, нөөц сангаас банкны харилцах, хадгаламжид байршуулах дээд хэмжээг 10 хувиар бууруулан, компанийн өрийн хэрэгсэл болон Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангиллын хувьцаа хэлбэрээр байршуулах хөрөнгийн дээд хэмжээг 10 хувиар нэмэгдүүлээд байна. Ингэснээр даатгалын компаниудад хөрөнгийн зах зээлд 200 орчим тэрбум төгрөг хүртэл хөрөнгийг байршуулах боломжийг бүрдүүлсэн. Банк, даатгал, хөрөнгийн зах зээлийг зөв гольдиролд оруулах боломжийг олгох, тоглоомын дүрмийг тодорхой болгох, хууль эрх зүйн хувьд либералчлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нөгөө талаас гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой. Төр хөрөнгийн зах зээлийг дэмжиж байгаа бол бусад механизмаараа мөн хөшүүрэгдэх шаардлагатай байна. Жишээлбэл, хөрөнгө оруулалтын сан татваргүй байсныг татвартай болгосон. Бидний хувьд эдийн засгийн хүндрэлтэй үед татварын хувь хэмжээг шууд буулгах гэхээсээ илүүтэйгээр татварын суурь баазыг өргөтгөх хэрэгтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тодорхой хөнгөлөлтүүд өгснөөр ирээдүйд орж ирэх татварын орлогыг нэмэгдүүлэх боломжууд гарна. Энэ чиглэлээр төрөөс тодорхой дэмжлэг зайлшгүй хэрэгтэй ба Санхүүгийн зохицуулах хороо холбогдох эрх бүхий байгууллагад тодорхой саналаа хүргүүлэн хамтран ажиллаж байна. Жишээлбэл, шинээр хувьцаат компани болоход тодорхой хугацаанд татварын хөнгөлөлт үзүүлбэл тухайн компанийн ашигт ажиллагаа нь сайжрахаас гадна нээлттэй, ил тод аж ахуйн нэгжүүд бий болно. Түүний дараа татвараа авбал илүү өгөөжтэй, хариуцлагатай татвар төлөгчдийг бий болгох зэрэг давуу талтай.

Төрийн өмчит компаниудыг олон нийтийн компани болгох тухай олон жил яригдаж байгаа ч байрнаасаа хөдөлдөггүй. Энэ тал дээр ойрын хугацаанд ямар ахиц гарах бол? Та Санхүүгийн зохицуулах хорооны даргын хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

Засгийн газраас төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг бүртгэлжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нь дээшлүүлэх чиглэлээр холбогдох ажлын хэсгүүдийг томилон ажиллаж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос эдгээр аж ахуйн нэгжүүдийг боломжтой бол олон нийтийн компани болоосой гэсэн саналтай байна. Мэдээж олон нийтийнх болсноор засаглал нь сайжирч, зардал буурах зэргээр ХК болсны давуу талууд үүсч, олон улсын жишиг рүү ойртоно. Манай хөрөнгийн зах зээлд ч 100 хувь төрийн өмчит дэд бүтцийн байгууллагууд байдаг. Монголын хөрөнгийн биржийг өөрийг нь олон нийтийн компани болгох ёстой. Магадгүй Засгийн газар тодорхой хувийг нь эзэмшиж байгаад урт хугацаандаа гарах шийдлийг ч хэрэгжүүлж болно. Бирж өөрөө үр ашигтай систем байх ёстой. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржид одоо 27 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Үүний 17 нь 100 хувь төрийн өмчит, 10 нь төрийн өмчийн оролцоотой, ашигт ажиллагааны түвшин муутай компани байх жишээтэй. Эдгээрийн өмчлөлийг харьяалах төрийн байгууллагууд нь хариуцдаг. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс холбогдох газруудад нь “Эдгээр компанийг энэ чигээр нь явуулж болохгүй тул бүртгэлээс хасуулах эсвэл бүтцийн өөрчлөлтийг яаралтай хийх хэрэгтэй” гэдэг санал өгсөн. Сангийн яамтай энэ чиглэлд хамтран ажиллаж байна. Засгийн газар ч онцгой анхаарч байгаа. Ойрын хугацаанд шийдвэртэй зүйлс хийгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж