Л.Өлзийсайхан: Иргэд төрдөө итгэдэггүй болчихвол ардчилал нуран унах эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

Л.Өлзийсайхан: Иргэд төрдөө итгэдэггүй болчихвол ардчилал нуран унах эрсдэлтэй

-“Парламентын боловсрол” хөтөлбөр ард түмэн “засаглах эрх”-ээ эдлэхэд тусална-

Энэ сарын 23-нд нээлтээ хийсэн “Парламентын боловсрол” хөтөлбөрийн талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхантай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. “Парламентын боловсрол” нэртэй хөтөлбөрийг танай Тамгын газраас хэрэгжүүлж эхлэх гэж байгаа талаар сонслоо. Ямар утга учиртай хөтөлбөр вэ?

-Танд болон танай уншигчдад сайн сайхныг хүсье. Парламентын боловсрол гэдэг бол энгийнээр хэлэхэд парламентат ёс, хууль тогтоох ёсны талаар мэдлэгтэй, зөв мэдээлэлтэй, энэ үйл ажиллагаанд оролцдог, хариуцлагатай, идэвхтэй, манлайлагч иргэдийг бэлтгэх сургалтын үйл явц юм. Өргөн утгаараа сонгодог ардчиллыг хамгаалах, төлөвшүүлэх, хөгжүүлэхэд иргэний оролцох оролцоо гэж хэлж болно. Эндээс ардчилал гэж чухам юу юм бэ гэсэн асуулт гарч таарна. Та жишээ нь, үүнийг юу гэж ойлгодог вэ?

-Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хангасан, шударга ёс, хариуцлагад суурилсан нийгмийн тогтолцоо гэж ойлгодог.

-Тийм ээ? Нийгмийн тогтолцоо талаасаа таны ойлголт зөв. Абрахам Линкольний нэг үг байдаг юм. “Ардчилал бол ард түмний засаглал юм. Ийм засаглал иргэдээрээ хянуулж, олонхын төлөө оршин тогтнодог” гэж. Ард түмэн засаглаж чадаж байгаа нийгэмд л ардчилал мөн чанараараа оршдог юм байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1 дэх заалтад “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.

Тиймээс Үндсэн хуулиар олгосон засаглах эрхээ эдлэхэд нь иргэддээ туслах зорилгоор манай Тамгын газраас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн бодлого шийдвэр гаргах, хууль тогтоох үйл явцад иргэд шууд оролцож, санал бодлоо илэрхийлдэг, хэлэлцэн мэтгэлцдэг, буруу зөрүү, амьдралд нийцэхгүй зүйл заалт байвал засуулдаг хасуулдаг, төрийн байгууллага, түүний дотор УИХ-ын болон гишүүдийн үйл ажиллагааг хянадаг, шүүмжилдэг, шаардлага тавьдаг идэвхтэй иргэдийг төлөвшүүлэх нь манай хөтөлбөрийн зорилго. Үүний тулд иргэддээ парламентат ёс болон эрх зүйн мэдлэг олгох зайлшгүй шаардлага байгаа юм.

-УИХ-ын гишүүд л хууль тогтоодог, өөрөөр хэлбэл хууль хэлэлцэх, батлах ажил тэдний үүрэг гэж хүмүүс ойлгодог л доо.

-Харин тийм. Гишүүд хууль тогтоогч мөн л дөө. Гэхдээ ард түмэн ч хууль тогтооход оролцох эрхтэй. Энэ эрхээ санал бодлоо илэрхийлэх хэлбэрээр шууд хэрэгжүүлж болно. Бас өөрийгөө төлөөлүүлж сонгосон гишүүнээрээ дамжуулан хэрэгжүүлэх өөр нэг хэлбэр байна. УИХ-ын 76 гишүүн бол Монгол Улсын 3.2 сая иргэний төлөөлөл. Гишүүн бүр өөрийн тойргийн иргэдээ төлөөлж УИХ-ын танхимд сууж байгаа. Жишээ нь, Архангайн 1-р тойрог 30.000 сонгогчтой гэвэл тэр хүмүүсийг нэг гишүүн төлөөлж байна гэсэн үг л дээ. Тэр 30.000-ын үзэл бодол, байр суурь, дуу хоолой хууль тогтоох үйл ажиллагаанд тусаж байх ёстой. УИХ-ыг “Их ард түмний төлөөлөл Бага ард түмэн” гэж ярьдгийн учир энэ.

-Ард түмэн засаглах эрхээ дутуу эдэлж байна, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоо дулимаг байна гэж Та бүхэн үзэж байгаа учраас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна гэж ойлгож болох уу?

-Ер нь бол тийм. Гэхдээ зөвхөн бид ч ингэж үзээд байгаа хэрэг биш, олон нийт ч ийм бодолтой явдаг. Судалгааны байгууллагууд ч тийм дүгнэлт хийдэг. Жишээ нь, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэний оролцох оролцоог зохицуулсан 181 хуулийн 860 заалт байгаагаас 36 орчим хувь нь хэсэгчлэн хэрэгждэг, 33 орчим хувь нь огт хэрэгждэггүй гэсэн судалгаа байна л даа.

Нөгөө талаар иргэдийн идэвх сул байгааг нуух хэрэггүй. Улс төрд оролцох, хууль тогтоох нь бидний хэрэг биш, оролцдог оролддог хүмүүс нь л хийдэг юм байгаа биз гэсэн үзэл бодол олонх хүмүүст байдаг. Уг нь өөрөө идэвхтэй оролцож, санал бодол, шүүмжлэлээ нүүрэн дээр нь ил хэлж, байр сууриа илэрхийлж, бусдынхыг сонсож, нэгдсэн нэг ойлголтод хүрч, түүний үндсэн дээр шийдвэр нь гарч байх ёстой юм л даа.

-Иргэдийн оролцоо хангалтгүй байгаагийн шалтгаан юунд байна вэ?

-Иргэдийн маань улс төрийн мэдлэг боловсрол дутуу дулим, бүрэн цэгцтэй биш байна гэсэн үг. Энэ бол ард олноо мэдлэг боловсролгүй гэж хэлж байгаа үг биш шүү. Хүмүүс өөрийнхөө улс төрийн оролцооны ач холбогдлыг бүрэн дүүрэн ойлгохгүй, идэвхгүй хандаж байна л гэсэн үг. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хороо болон Швейцарийн хөгжлийн агентлагаас гаргасан судалгаагаар манай ард иргэдийн 46 хувь нь Үндсэн хууль, парламент гэж юу болох талаар  бүрэн ойлголтгүй байна гэсэн дүгнэлт гарсан байсан шүү. Нийгмийн сүлжээгээр бусдын илэрхийлсэн үзэл бодлын цаад утга учир, бодит байдлыг ойлгож, нягтлахгүйгээр дагаж дарвих, юуг ч яаж ч шүүмжилж, буруутгах нь миний эрх гэсэн байдлаар хандах нь “засаглах эрх”-ээ эдэлж буй хэрэг биш. Бурууг засах, зөвийг дэмжих хандлагыг нь буруутгаж болохгүй ээ. Гэхдээ арга, зорилгын талаас нь аваад үзэх юм бол буруу зөрүү зүйл зөндөө байдаг.

Сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээнд манай иргэд маш идэвхтэй болж, байр сууриа чөлөөтэй илэрхийлдэг боллоо. Тэр нь нэг хүн, нэг байгууллагаас хальж, нийт төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаанд ч нөлөөлж байна. Ийм олон сайн жишиг, жишээг нэрлэж болно. Гэхдээ зөвийг буруутгасан, зориуд харлуулсан, олон түмнийг төөрөгдүүлсэн, буруу зүйлд уриалан турхирсан гэмээр зүйлүүд ч цөөнгүй гардаг. Хувь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хариуцлагатай иргэний “засаглах эрх” хоёр бол ондоо ойлголт.

“Засаглах эрх”-ээ зөв эдлэхэд нь бид туслах ёстой. Энэ бол бидний үүрэг. Үүний тулд иргэдээ зөв мэдээллээр хүртээмжтэй хангах, шинжлэх ухаанч, төлөвлөлттэй, цэгцтэй бодлого хөтөлбөрөөр дамжуулан мэдлэг олгох нь чухал гэж ганцхан бид ч биш, дэлхий нийт үзэж байгаа юм. Сүүлийн үед дэлхий дахинд парламентын засаглалын нэр хүнд өсөж, үүрэг, ач холбогдлыг нь чухалчилж, зөвхөн хууль тогтоох байгууллага гэдэг утгаар нь биш, бодлого боловсруулж, түүний хэрэгжилтийг манлайлах, нийгмийг удирдан хөтлөх чиг үүргийг нь тодотгож үзэх боллоо. Яагаад гэвэл парламент бол олуулаа засаглах хэлбэр юм. Ард олныхоо өргөн оролцоог хангаж, олуулаа зөвшилцөн шийдвэр гаргах нь тухайн шийдвэр зөв, хэрэгжих бүрэн боломжтой байх гол нөхцөл болдог.

-Сонгуульд оролцож саналаа өгөх, фэйсбүүк, твийтрээр үзэл бодлоо илэрхийлэхийг л бид улс төрд оролцож байна, дуу хоолойгоо хүргэж байна гэж ойлгодог нь үнэн л дээ. Тэр нь ч бас зөндөө буруу жишигтэй байдаг. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, төрд биднийг төлөөлж чадах хүн мөн үү, биш үү гэх мэт шалгуураас илүүтэй мөнгөний, танил талын хүчин зүйлс улс төрийн сонголтод илүү нөлөөлдөг нь бараг хэвшил болчихлоо. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Бид хоёрын яриа үндсэн сэдвээсээ жаахан хазайчих гээд байна. Сонголтын үнэ цэнэ, ач холбогдол, хор нөлөөний талаар би олон юм ярих хэрэггүй байх. Сонгууль бол бидний улс төрийн идэвхтэй, хариуцлагатай, оролцоотой иргэн байх үүргийн зөвхөн эхлэл бөгөөд саналаа өгснөөр бүх зүйл болчихож байгаа юм биш. Миний сонгосон гишүүн юу хийж байна, бидний санал бодлыг илэрхийлж, төлөөлж чадаж байна уу гэдгээс эхлээд ажил үүрэгтээ хэрхэн хандаж байна, ёс зүй сахилга нь ямар байна гэдгийг хүртэл хянаж, болохгүй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулах хүсэлт шаардлагаа илэрхийлэх гээд олон эрх, үүрэг иргэдэд бий. Та хэрвээ багш бол Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэгт оролцож, зөвийг нь дэмжиж, улам сайжруулах, эсвэл бурууг нь засах саналаа илэрхийлэх бүрэн эрхтэй. Заавал УИХ, Засгийн газарт хамаарах асуудлаар ч биш, сумынхаа, дүүргийнхээ, хорооныхоо асуудлаар тухайн нэгжийн засаг захиргаанд хандаж, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжтой. Энэ боломжоо эдэлдэг, эрхээ хэрэгжүүлдэг иргэдийг төлөвшүүлэх нь “Парламентын боловсрол” хөтөлбөрийн зорилго юм.

-Хөтөлбөрт бүх насныхан хамрагдах уу? Эсвэл тодорхой бүлэг, хэсэгт зориулагдаж байгаа юу?

-Насан туршийн боловсролыг эрхэмлэж байгаа эрин үед бид амьдарч байна. Тиймээс парламентын боловсрол насан туршийн боловсролын тогтолцооны нэг хэсэг байх ёстой. Гэхдээ эхний ээлжинд хүүхэд, залуус руугаа түлхүү анхаарал хандуулахаар төлөвлөж байгаа. Нийгмийн идэвхтэй, үүрэг хариуцлагаа ухамсарладаг, “засаглах эрх”-ээ эдэлдэг ирээдүйн иргэдийг одооноос бэлтгэж эхлэх нь зөв болов уу. Манай залуусын улс төрийн оролцоо санаа зовних түвшинд байгаа. Үүнийг залуу сонгогчдын сонгуулийн ирц жилээс жилд буурч байгаагаар жишээ болгож болно. Нийт сонгогчдын 45 хувийг бүрдүүлдэг 18-35 насныхны ердөө 17.5 хувь буюу тавны нэг нь л сонгуульд оролцож байна. Аймаг, орон нутгийн ИТХ-ын сонгуульд дөнгөж 5.6 хувь нь оролцдог байх жишээтэй. Сонгуульд оролцох нь ахмад, дунд үеийнхний ажил, би тэдний насанд хүрч байгаад л саналаа өгдөг болно доо гэж бодож сууж болохгүй биз дээ.

-Хүүхэд, залууст ямар арга, хэлбэрээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх вэ? Зөвхөн нийслэд хэрэгжих үү, эсвэл хөдөө орон нутгийг хамрах уу?

-Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн бүх дүүрэгт үе шаттай хэрэгжүүлнэ. Сургалт, сурталчилгаа гэсэн 2 хэлбэрээр явагдана гэж тооцож байна.

Нэгдүгээрт, ЕБС-ийн VII-XII ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутан залууст Үндсэн хууль, Монголын ардчилсан засаглалын тогтолцоо, үйл ажиллагаа, үнэ цэнийг ойлгуулахад чиглэсэн багшийн болон сурагчийн гарын авлага ном, цахим болон хэвлэмэл материалыг 12-14 нас, 15-17 нас гэсэн ангиллаар боловсруулсан. Сурах бичиг гэсэн үг л дээ. Сургагч багш нар бэлтгэж байна. Сургалтаа цахим хэлбэрээр, ТВ-ээр, анги танхимд гэх мэт боломжтой бүх арга хэрэгслийг ашиглаж явуулна гэж тооцож байгаа.

Хоёрдугаарт, үйл ажиллагаа нь олон хэлбэртэй байх болно. Эхнийх нь болох “Өсвөрийн парламент” хөтөлбөр аль хэдийнэ хэрэгжээд эхэлчихсэн.  УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар энэ намраас эхэлсэн хөтөлбөрт 21 аймаг, есөн дүүргийн 900 гаруй хүүхдээс 90 хүүхэд шалгарч хамрагдсан. Маш амжилттай болсон. Хүүхдүүд ямар сайхан санал, санаачилга гаргаж, нутаг орон, сургууль хамт олныхоо дотор бодит өөрчлөлт хийхээр эрмэлзэж байгааг хараад үнэхээр бахархах сэтгэл төрсөн шүү.

Цаашилбал УИХ-ын дэргэд “Парламентын сургалтын танхим” байгуулахаар төлөвлөж байгаа. Хүүхдүүд ангидаа суугаад хичээл заалгахаас бодит орчинд нь, УИХ дээр ирээд сургалтад хамрагдах нь илүү үр дүнтэй гэж бодож байна. Парламентын боловсролын тусгайлсан веб сайт ажиллуулна.

Гуравдугаарт, Хөтөлбөрийн зорилго, ач холбогдол болон энгийн ойлгомжтой, сонирхолтой байдлаар бэлтгэсэн контентуудаа цахим орчин, сургууль, боловсролын байгууллагуудаар түгээн сурталчлах болно. Виртуал орчин үүсгэх, анимэйшн дүрслэл ашиглах, энэ төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн гаргах гээд олон ажил бидний өмнө байна. Цаашдаа хөтөлбөрөө ЕБС болон их, дээд сургуулийн хөтөлбөрт хамруулах боломж гарахыг ч үгүйсгэх аргагүй.

-Ийм хөтөлбөр хэрэгжүүлдэг гаднын туршлага байдаг уу? Эсвэл манайх анх удаа хэрэгжүүлж байна уу?

-Туршлага, жишиг зөндөө бий. Их Британи, Австрали, БНСУ, ХБНГУ, Шинэ Зеланд зэрэг дэлхийн олон улс оронд парламентын боловсролыг хууль тогтоох эрх мэдлийн гол бүрэлдэхүүн, салшгүй нэгэн хэсэг хэмээн үзэж, хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон хөтөлбөрөөр ирээдүйн иргэдээ бэлдэж байна. Жишээ нь, Их Британийн парламентын ажлын албанд Парламентын боловсрол, иргэдийн оролцооны алба гэсэн бие даасан нэгж байдаг. Энэ нэгж парламентын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг мэдээллээр хангах, улс төрийн үйл явцыг энгийншүүлэх, тайлбарлах зэрэг ажлыг хийдэг юм билээ.

Тэр ч бүү хэл нэлээд хэдэн оронд парламентын боловсролыг хууль тогтоох үйл ажиллагааны салшгүй хэсэг гэж үзэж, сургалтын агуулга, хөтөлбөрийг нь хүртэл үйл ажиллагааны чиг үүрэгтээ багтаасан байдаг.

Бид УИХ-ын болон УИХ-ын Тамгын газрын 2024 он хүртэлх Стратеги төлөвлөгөөг 2019-2020 онд баталсан. Тэнд ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан залууст зориулсан “Парламентын боловсролын хөтөлбөр” боловсруулж, хэрэгжүүлэхээр тусгасны дагуу энэ ажил өрнөж байна

Парламентын үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байвал иргэдийн оролцоо идэвхждэг гэж үздэг. Тиймээс УИХ цахим парламент болох, ил тод байдлыг хангах олон ажил хийж байгаа. Хууль тогтоомжийг аль болох энгийнээр, сонирхолтой хэлбэрээр, хэнд ч ойлгомжтой байхуйц хэлбэрээр тусгай контент болгон түгээх нь илүү үр дүнтэй байна гэж бид үзсэн. Энэ чиглэлээр хийх ажил бидний дараагийн зорилт байх болно.

Эцэст нь улс төр судлаач Габриэль Алмондын “Хүний улс төрийн бололцоондоо итгэх итгэлийг байнга бэхжүүлж байхгүй бол тэр аяндаа алга болдог. Төр, иргэний итгэлцэл дээр л улс орон тогтох бөгөөд ийм хамтын ажиллагаагүйгээр ардчилсан улс төр оршин тогтнох бололцоогүй” гэсэн үгийг онцолъё. Төр нь иргэнийхээ “засаглах эрх”-ийг хангадаггүй, иргэд нь төрдөө итгэдэггүй болчихвол ардчилал нуран унах эрсдэлтэй гэдгийг бид ойлгох цаг болсон.

Үүнээс сэргийлэх нэг арга зам нь парламентын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, идэвхтэй, манлайлагч иргэдийг бэлтгэх “Парламентын боловсрол” хөтөлбөр байх болно.

-Танд баярлалаа.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж