Шинэ цагийн нүүдэлчдийн голомт Улаанбаатар дэлхийн том хотуудын эгнээнд бичигдээд бараг 20 жил болох гэж байна. Хүн амын тоо, хөрөнгө мөнгөний хэмжээ, улсын хөгжилд гүйцэтгэж буй үүрэг гээд олон үзүүлэлтээр Улаанбаатар хэдийн метрополис болсон. Гэвч ногоон байгууламж, нийтийн тээврийн хөгжил гээд нэрлэвэл нэлээд олон үзүүлэлтээр нийслэл маань мега хотуудаас сүүл мушгиж байна.
Сүүлийн 30 жилд энэ хотод оршин суудаг хүн амын тоо гурав дахин өссөн. Анх 500 мянган хүн амтай байхаар төлөвлөгдсөн ч өдгөө 1.5 саяыг давлаа. Бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн тоо ч үржихийн хүрдээр өссөөр эдүгээ 164 мянгад хүрчээ. Хотыг бүрдүүлж буй иргэд, аж ахуйн нэгжийн тоо хэд дахин нэмэгдэж, энэ хэрээр эдийн засгийн хэмжээ цараа нь үлэмж хэмжээгээр тэлсэн. Гэтэл хот өөрөө томорч, өсөн дэвжсэнгүй. Өнөөх л хэвээр, мөнөөх л янзаараа, бараг 100 жилийн өмнөх эсгий хотын модон жорлон, мухар гудамтайгаа шинэ зууныг туулж байна. Дээрээс нь хүн амын нүүдэл дагасан замын түгжрэл, орчны бохирдол, орон сууцны эрэлт гээд мянган зовлон метрополис хотод үүсээд байна.
Тиймээс иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больсон Улаанбаатар хотыг сууриар нь буюу эрх зүйн хувьд шинэчлэх шаардлага зүй ёсоор тулгарсан юм. Улаанбаатар энэ улсын цорын ганц нийслэлийн хувьд зөвхөн энэ хотод зориулсан эрх зүйн зохицуулалттай явж ирсэн. Анх 1994 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталжээ. Гэвч хотын хөгжлийн амин сүнс энэ хуульд салхи оруулалгүй 27 жил болсон байна. Харин энэ хугацаанд хотын хүн ам өсөж, нийгэм, эдийн засгийн харилцаа ч танигдахын аргагүй болтлоо хувьсан өөрчлөгдсөнөөр хуучин хууль үүргээ бүрэн гүйцэтгэхээ больсныг хотын удирдлагууд хүлээн зөвшөөрсөн.
Нийслэлийн эрх зүйн байдлын хуулийг шинэчлэхээр хотын үе үеийн удирдлагууд зорьж байсан ч УИХ-ын босгыг давалгүй энэ онтой золгосон. Хамгийн сүүлд гэхэд хотын өмнөх удирдлагууд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д зүтгүүлсэн ч дорвитой ахиагүй байна. Харин энэ удаагийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэлдэхүүн болон хотын удирдлагуудын хичээл зүтгэлийн үр дүнд их хот маань шинэ “Үндсэн хууль”-тай болов. УИХ-аас Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг энэ оны долдугаар сарын 7-нд шинэчлэн баталсан юм.
Нийслэл хотын “Үндсэн хууль” гэж хэлж болох энэхүү баримт бичгийг шинэчилсэн нь зөвхөн нийслэлийн удирдлагууд төдийгүй энэ хотын иргэн, бүхэнд хамаатай чухал үйл явдал. Энэхүү эргэлтийн цэгийг Ж.Батбаясгалангийн удирдсан 2020-2024 оны Нийслэлийн ИТХ-ын бүрэлдэхүүн амжилттай хатгалаа. Ингэснээр их хотын ирээдүйд эргэлт авчрах, зуу зуун жилийн дараах Улаанбаатарын өнгийг тодорхойлох эрх зүйн үндэс суурь тавигдлаа. Энэ бол яах аргагүй нийслэлийн удирдлагуудын түүхэн гавьяа болохыг хэлэх нь зүйтэй.
Тэгвэл нийслэл хотын “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр юу өөрчлөгдөх вэ, ямар шинэчлэлийг энэ хуульд шигтгэсэн бэ? Мэдээж, нийслэлийн эрх зүйл байдал цогцоороо өөрчлөгдсөн. Гэхдээ эдгээрээс хамгийн чухалд тооцогдох гол өөрчлөлтүүдийг багцлан хүргэе.
Бие даасан эдийн засагтай Улаанбаатар
Улаанбаатар бол энэ улсын эдийн засгийн зүрх. Энэ хот манай улсын ДНБ-ий талаас илүүг (65 хувь) дангаараа бүрдүүлж, худалдаа, эдийн засгийн бүхий л харилцааг зангидаж байна. Гэвч улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрдэг их хот маань эдийн засгийн хувьд бүрэн бие даагаагүй, төсвөөс мөнгө горьдож, Сангийн яамны үүдийг сахидаг субьект байсаар ирсэн. Аймаг, сум, баг гэсээр хэдэн тийш салж, хэд дахин хуваагддаг улсын төсвөөс нийслэлд илүүчилдэг жаахан мөнгө Улаанбаатарт ужгирсан түмэн асуудлын хаана ч хүрдэггүй.
Ганцхан жишээ дурдахад энэ онд Улаанбаатар хотод 44 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр хуваарилжээ. Гэтэл нийслэлийн зөвхөн газар чөлөөлөлтөд гэхэд энэ онд 64 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа аж. Цаашлаад газар чөлөөлөлтөөс гадна ногоон байгууламж, зам дэд бүтэц, гэрэлтүүлэг, нийтийн тээвэр, усан хангамж гээд дурдаад байвал дуусахгүй олон асуудал, дундаршгүй их хөрөнгө оруулалтын хэрэгцээ нийслэлд бий. Ингээд бодохоор төсвийн жаахан мөнгө нийслэлийн түмэн бэрхшээл хоёр тэнгэр, газар мэт.
Зөвхөн 2021 онд нийслэлд шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийхэд нэг их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоог хотын удирдлагууд гаргасан байна. Гэтэл санхүүгийн хувьд бүрэн бие даагаагүй, төсвөөс хараат хот маань том асуудлуудаа цогцоор нь шийдэж чадахгүй, энэ хэрээр хотын бэрхшээлүүд ч улам ужгирсаар. Мөнгөний мэдэлгүй, санхүүгийн чадалгүй үе үеийн хотын удирдлагууд хэчнээн зөв стратеги боловсруулаад, хэдий оновчтой бодлого хэрэгжүүлэх гэж хичээгээд хөрөнгө мөнгөний өмнө хүч мөхөсдөнө.
Тиймээс Улаанбаатар хотыг санхүүгийн хувьд бие даасан болгохын тулд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, олон жил дуншиж байгаа ч санхүүжилтийн улмаас шийдлээ олоогүй нийтийн тээвэр, дэд бүтэц, аж үйлдвэрийн парк зэрэг том төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг шинэ хуульд нэмж тусгасан байна. Энэ хүрээнд нийслэл хотыг үнэт цаас гаргах эрхийг хуулиар баталгаажуулжээ.
Мөн ирэх оноос улсын төсвөөс нийслэлийг чиглэх хөрөнгө оруулалт нэмэгдэхээр болов. Тухайлбал, ирэх оны улсын төсвөөс анх удаа Улаанбаатар хотын хамгийн том сорилтын нэг болох замын түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон юм.
Нью-Йорк, Лондон, Токио гээд дэлхийн хамгийн топ хотууд хүчирхэг эдийн засгийг цогцлоосны үр дүнд хөгжлийн оргилд хүрсэн байдаг. Хот өөрөө санхүүгийн эрх мэдэлтэй, хөрөнгийн олон эх үүсвэртэй байснаар хүчтэй эдийн засгийг бүтээсэн жишээ цөөнгүй. Тухайлбал, АНУ-ын нэрийн хуудас болдог Нью-Йорк хот гэхэд хөрөнгийн зах зээл дэх бондын хэмжээгээрээ Америкт дээгүүрт бичигддэг. Зөвхөн холын Америк гэлтгүй хаяанд байгаа Хятадын хотууд өдрөөс өдөрт сүндэрлэн босож буйн гол шалтгаан нь эдгээр хотын засаг захиргаанд төсвөөс хараат бус, бие даан хөгжих боломжийг нээж, бонд, хувьцаа зэрэг үнэт цаас босгох эрхийг олгосноос үүдэлтэй. Тэгвэл энэхүү боломжийг Улаанбаатар хотын засаг захиргаанд олгожээ.
Үүнээс гадна нийслэлийн албан татварыг улам тодорхой болгосон. Нийслэлтэй холбоотой татвар, хураамжийн хэмжээ тогтоох эрхийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон байна. Үнэт цаас, татвар, хураамж зэрэг эдгээр эх үүсвэрээр Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн парк, Улаанбаатар хотын ачаа тээврийн логистикийн төв зэрэг олон зангилаа төвийг байгуулах боломж бүрдэх аж.
Өөрийн дүрэмтэй Улаанбаатар
Дээр дурдсан дэлхийн том хотууд өөрийн дүрэмтэй байдаг. Үүнийг нь тус хотоор алхаж буй хүн бүр дагаж мөрддөг. Усыг нь уувал ёсыг нь дагах учиртай. Хязгаар нь үл үзэгдэх хээр талдаа дураараа амьдарч байсан нүүдэлчдийг суурин газарт амьдруулж, их хотод хэвшүүлэх амаргүй болох нь улам тодорхой болж байна. Тиймээс ч хотын соёл, иргэний хариуцлагын тухай энгийн иргэдээс эхлээд хотын удирдлагууд хүртэл хөндөх болов. Хотын дүрмийг бий болгох, түүнийг дагаж мөрдүүлэх нийгмийн шаардлага, олон нийтийн захиалга үүсээд буй нь энэ. Тэгвэл Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд хотыг дүрэмтэй болгох талаар тодорхой тусгасан бөгөөд уг дүрмийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар заажээ.
Дагуул хот, тусгай бүс
Дэлхийн хамгийн том хотуудын нэг Токио 2188 ам километр газар нутагтай. Энэ хотод 14 сая хүн ая тухтай, амар жимэр зэрэгцэн амьдарч байна. Гэтэл энэ хотоос хоёр дахин том газар нутагтай Улаанбаатарт тус хотынхоос ес дахин цөөн хүн оршин суудаг ч Токиод байхгүй замын түгжрэл, барилга байшингийн шигүү бөөгнөрлийг Монголын нийслэлээс төвөггүй харж болно. Энэ бол Улаанбаатарыг зохион байгуулалтгүй хөгжүүлснээс гадна дагуул хот, тусгай бүсүүдийг эрчтэй байгуулаагүйгээс үүдэлтэй гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Иймд нийслэлийн төвлөрлийг сааруулж, Улаанбаатарын ачааг үүрэлцэх дагуул хотыг бодит утгаар барьж байгуулахаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан байна.
Нийслэл хотын дагуул хот нь эдэлбэр газартай, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлсэн байх аж. Мөн газар зүйн байрлал болон нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар байхаар тодорхойлжээ.
Бүрэн мэдэлтэй Улаанбаатар
Хотын бонд, хотын дүрэм, дагуул хотын талаар олон жил ярьж байгаа. Гэхдээ эрх зүйн хувьд бүрэн тодорхойгүй, хэн хэрэгжүүлэх нь бүдэг байснаас үүдэн өнөө хэр ажил хэрэг болж чадаагүй. Тэгвэл нийслэлийн өмнө тулгараад байсан олон бэрхшээл, түмэн сорилтыг шийдэх эрх зүйн баримт бичгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэмжиж, УИХ баталлаа. Уг хуулийн төсөлд хотын гадаад хамтын ажиллагаа, нийслэлийн өдөр, тусгайлсан шагнал гээд Улаанбаатартай холбоотой, урьд өмнө нь шийдлээ хүлээж байсан олон зохицуулалтыг тодорхой болгожээ.
Нийслэлийн ирээдүйн хөгжлийг шинэ шатанд гаргах энэхүү баримт бичгийг энэ удаагийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өлгийдөн авлаа. Нийслэлийн эрх барих хамгийн том байгууллага болох Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нийслэлчүүдийн өмнө цаашлаад Монголын хөгжлийн өмнө түүхэн гавьяа байгууллаа. 1.5 сая нийслэлчүүдийн өмнөөс 27 жил хүлээлтийг эцэслэж, нийслэлчүүдийг шинэ хуультай болгосонд нь Ж.Батбаясгалан даргатай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд талархах нь зүйтэй.
Эцэст нь нийслэлийн иргэн танд ч бас баяр хүргэе. Таны амьдардаг хот нийслэлийн иргэн таны мэдэлд шилжлээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд хот өөрийн асуудлаа хот өөрөө шийддэг болох нь. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүдийн сонгодог Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсөв хөрөнгө, татвар хураамж гээд хотын хөгжлийн амин чухал асуудлаа бие даан шийдэх эрхтэй болжээ. Ингэснээр хот хотын иргэний мэдэлд ирлээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Холбоотой мэдээ