Төрийн үйлчилгээ авахын тулд Яармагт "хонох" нь

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

Төрийн үйлчилгээ авахын тулд Яармагт "хонох" нь

Төрийн үйлчилгээ авахын тулд Яармагт "хонох" нь

Сүхбаатарын талбайгаас Яармагийн дэнж хүртэл 11 км зайтай. Түгжрэл багатай үед хамгийн багадаа 30 минут зарцуулна. Өөрөөр хэлбэл дунджаар нэг цагийн дараа л хүрэх газраа очиж байна. Төрийн ордны зэргэлдээх Хангарьд ордон бууриа сэлгэж, шинэхэн байрандаа төвхнөж эхэлсэн мэдээллийн дагуу Яармагийг зорьсон юм. Нар жаргаж, ажил тарахаас урьтаж, 16:00 цагийн орчимд хотын төв цэгээс хөдөлсөн ч түгжрэлд гацсаар ажил тарахын өмнө буюу 18:00 цагтай уралдаж очив.

Гурван блок бүхий Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборын А блокын үүдээр орвол инженер, техникийн болон үйлчилгээний ажилчид толгой өндийх завгүй ажиллана. Эрчүүд том оврын буйдан, ширээ, сандлыг цахилгаан шатаар тасралтгүй зөөж, үйлчлэгч нар тавилгуудыг эмхэлж цэгцлэхийн зэрэгцээ цэвэрлэгээ хийнэ. Бүгд дор бүрнээ өөрсдийн хариуцсан ажлаа хийх нь шинэхэн нутагт дөнгөж нүүж ирсэн айл мэт. Хотын захиргааны шинэ байрны А блокт Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар гэсэн хоёр агентлаг байрлаж буй юм байна.

Хоёрдугаар давхарт Хот байгуулалтын хөгжлийн газар байрласан бол дөрөв болон тавдугаар давхарт Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар ажиллаж эхэлжээ. Хотын захиргааны зургаан агентлагийн 400 орчим албан хаагч энэхүү шинэ байр руу нүүх аж. Үүнд иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг Газрын алба болон Хот байгуулалт, хөгжлийн газар багтаж байна.

ИРГЭД ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ЯАРМАГ РУУ БИЕЧЛЭН ОЧНО

 Хот байгуулалт хөгжлийн газар гэхэд 22 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар зургаа нь цахимд шилжжээ. Тус газар нь 100 гаруй ажилтантай. Тиймээс аль болох онцын шаардлагагүй үед биечлэн очихоос илүү цахимаар авах боломжтой үйлчилгээг судлахыг Хот байгуулалт, хөгжлийн газрынхан зөвлөв. Гэсэн ч иргэдийн хувьд шаардлагатай тохиолдолд хотын төвөөс Яармагийг зорихоос өөр аргагүй болж байна.

Хот байгуулалт, хөгжлийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн хэлэхдээ “Иргэдийн хувьд биечлэн очсоноор төрийн үйлчилгээ авч, ажил бүтнэ гэх уламжлалт ойлголтоос салах хэрэгтэй.  Манай байгууллагын хувьд 22 төрлийн үйлчилгээ үзүүлдэг ч архитектортай уулзах, архивын лавлагаа авах тохиолдолд иргэд биечлэн ирэх шаардлага гарна. Тиймээс зургаан төрлийн үйлчилгээ цахимд шилжсэн. Хэдийгээр өнгөрсөн Бямба гаригаас шинэ байранд нүүж ирсэн ч иргэдэд үзүүлэх үйлчилгээг тасалдуулаагүй” гэлээ.

ТҮГЖРЭЛИЙГ ТҮГЖСЭН ЯАРМАГ

Төрийн албан хаагчдын ажил өглөө 08:00 цагт эхэлж, 17:00 цагт тардаг. Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор руу нүүсэн албан хаагчдын тухайд өглөө нь ажлаасаа хоцрохоос илүүтэй орой хэрхэн харих вэ гэдэг асуудал "толгойны өвчин" болжээ. Гэхдээ бүхэлдээ зогсоол болсон автозам дээр тэвчээрээ шалгахаас өөр аргагүй. Албан хаагчдын хэлснээр Яармагаас хотын төв хүртэл дунджаар 3-4 цаг зам дээр түгжирч байна. Зайсан, 21 дүгээр хороолол, Хайлааст орчимд амьдардаг иргэд 4-6 цаг зам дээр түгжирсний эцэст гэрийн бараа харах болжээ.

Хамгийн эртдээ 16:20 цагт ажлаасаа тарсан ч ялгаагүй олон цаг түгжирдгийг ажилтнууд хэлж байлаа. Сурагчдын хичээл түр завсарлаж, ачаалал буурсан үед ийм хугацааг зарцуулж байгаа юм. Ажилтнууд хоорондоо “Орой нь яаж гэртээ очиж хонох вэ гэдэг л жинхэнэ асуудал болсныг ярьж инээлдэх. Зарим нь цонхоор зам руу ширтэж, зам сийрэг болохыг хүлээх. Тэдний хувьд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхэд гэртээ хэзээ харих вэ гэдэг асуултын тэмдэг болжээ.

Түгжрэлийн оргил ачаалал эхэлж 18:00 цаг болжээ. Яармагийн дэнжээс хотын төв хүртэл дөрвөн цаг түгжрэв. Тэр дундаа Зайсан чиглэсэн уулын зам, Яармагийн гүүр орчимд “тэг” зогсов. Унтаад сэрсэн ч Яармагаасаа холдохгүй. Аргаа барсан хүмүүс автобус, машинаасаа бууж алхана. Машин дундуур сүлжих хүмүүс дайруулах вий гэж айх зүйлгүй, тайван. Орой 21:00 цагийн үед хотын төвийн бараа харлаа. Ямартай ч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхэд төрийн албан хаагчид түгжрэл эхлэхээс өмнө 16:00 цагт ажлаасаа тарсан ч зам дээр “хонох”-оос өөр сонголтгүй бололтой.

                   НИЙСЛЭЛИЙН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХЭД 500 САЯ  ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ

Засгийн газрын шийдвэрээр нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэхээр болсон. Тиймээс бичиг баримтаас эхлээд сандал ширээгээ зөөсөн ажилчид Хангарьд ордонд хөлхөлдөх болжээ. Төв талбайгаас тус байр руу ороход таван минут ч хүрэхгүй хугацаа зарцуулах бол Яармаг руу хамгийн багадаа л нэг цаг шаардлагатай.

Хангарьд ордонд Нийслэлийн ЗДТГ болон харъяа 16 агентлаг бий. Нийт 3000 ажилтантай. Тэдний цөөн хэсэг нь буюу зургаан агентлагийн 400 орчим албан хаагч Яармагийн шинэ хотын захиргаа руу нүүж эхэлсэн нь энэ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг нүүлгэхэд 1.2 тэрбум биш, 500 сая төгрөг зарцуулж байгаа аж. НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэлэхдээ “Нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахад 500 сая төгрөгийг нийслэлийн 2021 оны төсөвт тусгасан. Тиймээс 1.5 тэрбум төгрөг зарцуулаагүй. Нүүлгэлтийн ажил, тээвэрлэлтийн зардалд 90 сая төгрөг төсөвлөсөн бол бусад цэвэрлэгээ, үйлчилгээ, материалын зардал, цэвэрлэгээний багаж, тоног төхөөрөмжийн зардал, интернэт сүлжээ, сервер, дотоод сүлжээ, тоног төхөөрөмж, суурийн утасны шилжүүлгийн тохиргоо үйлчилгээ, тоног төхөөрөмжийн зардал орж байна.

Мөн нүүлгэлтийн ажил, тээвэрлэлтийн зардал, А корпусын зоогийн газарт шаардлагатай тоног төхөөрөмж, төрийн тусгай хамгаалалтын тоног төхөөрөмж, нэвтрэх болон олон нийтийн талбайд байрлуулах ариутгал халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжийн зардал зэрэг багтаж байна. Цар тахлын үе учраас нийслэлийн хувьд нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг аль болох бага зардлаар хийхээр төлөвлөж, энэ дагуу дотоод нөөц, бололцоогоо ашиглан ажлуудаа хийж байна” гэлээ.

Тэрбээр төрийн үйлчилгээг аль болох цахим руу шилжүүлж байгаа ч иргэд зарим тохиолдолд Яармаг дахь хотын захиргааны шинэ байр руу очих шаардлагатай болохыг хэллээ. Учир нь одоогоор төрийн бүх үйлчилгээ цахимд шилжээгүй.

                           ХОТЫН ДАРГА НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ?

Ийнхүү  97 тэрбумаар баригдсан Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны байр эзэнтэй болж эхэлж байна. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын хувьд УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, хотын дарга болсон бөгөөд Ерөнхий сайдын шийдвэрийг дагаж, хотын захиргааг нүүлгэхээр болсныг зөвшөөрч буйгаа мэдэгдэж байв.

Хотын дарга Яармаг руу нүүх эсэх асуудал олны анхаарлыг татаж буй. Энэ талаар хотын захиргааг шилжүүлэх ажлыг хариуцаж буй НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоос тодруулбал “Нийслэлийн харъяа агентлагуудыг үе шаттай нүүлгэнэ. Хотын дарга ч бас Яармаг руу нүүнэ” гэсэн юм. Гэсэн ч зарим эх сурвалжийн хэлж байгаагаар хотын дарга Д.Сумъяабазар нүүхгүй бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж