Төв банк Монгол Улсын 2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 4 хувьд хүрч саарна гэж үзэж байна. Энэ нь бусад байгууллагатай харьцуулахад хамгийн сул төлөв юм. Өсөлт саарахад мал аж ахуй, барилгын салбарын сааралт нөлөөлнө гэж үзжээ.
Олон Улсын байгууллагуудын хувьд эдийн засгийн өсөлтийн төлөвийг 4-6 хувь орчимд байна гэж таамаглаж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банк жил бүр эрхлэн гаргадаг эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн голлох тайландаа 2022 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрч нэмэгдэх төлөвтэй байгааг онцолсон билээ.
Тус банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг бусдаасаа хамгийн өндрөөр тооцоолсон. Үүний зэрэгцээ гол эрсдэлүүдийг тооцоолоход хүндрэлтэй байгаа ч Монголд ядуурал нэн тэргүүнд анхаарах асуудал болж байгааг онцлон анхааруулав. Харин эрдсийн үнэ өсч буй нь эдийн засгийн өсөлтийн төлөвт гол түлхэц болохыг тодотгожээ.
2022 онд Covid-19 цар тахлын эрсдэл буурах, вакцинжуулалтын эерэг нөлөө бий болох, экспортын үйл ажиллагаанд учирч буй тээвэр, логистикийн хүндрэл арилах, дотоодын эрэлт нэмэгдэх зэрэг эерэг хүлээлтэд үндэслэн эдийн засгийн өсөлт сайжрахаар төсөөлөгджээ.
Дэлхийн банк эдийн засгийн өсөлтийг 5.2 хувь болгож, өмнөх оны төлөвөөс бууруулсан байна. Үүнд хилийн боомт дахь гадаад худалдааны саатал хүчтэй нөлөөлж буйг анхааруулав. Тус банкны хувьд “Ирэх онд Монгол Улсын өсөлт саарна” гэж үзэж буй бол Азийн хөгжлийн банк болон Олон улсын валютын сан “Ирэх онд өсөлт эрчимжинэ” гэж таамаглаж буйгаа танилцуулсан.
Олон улсын валютын сан Монгол Улсын эдийн засгийн өсөлт 4.9 хувь болж, эрчимжинэ гэж үзсэн байна. Үнийн хөөрөгдөл, ялангуяа хүнс болон шатахууны үнийн өсөлт өсөлтийн төлөвт нөлөөлөхийг анхааруулжээ. Мөн вакцинжуулалт хязгаарлагдмал байгаа нь бага орлоготой орнуудад хүндээр тусахаар байгааг онцолсон байна.
Холбоотой мэдээ