Согтуугаар үйлдсэн зөрчил эрүүгийн хэрэгтэн болгож байна

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

Согтуугаар үйлдсэн зөрчил эрүүгийн хэрэгтэн болгож байна

Согтуугаар үйлдсэн зөрчил эрүүгийн хэрэгтэн болгож байна

Монголчуудад баяр тэмдэглэх шалтгаан мундахгүй. Түүнээс үүдэн архины хэрэглээ ч өсдөг. Архидалтаас болсон гэх ганц шалтгаан хамаг балгийн эхлэл болох нь ч бий. Хэтрүүлэн ууснаас болж эмнэлэг, цагдаагийн байгууллагыг үйлчилгээний байгууллага мэт зорьж очих хүн олон. Хэвтэрт ортлоо зодуулсан, хэнэггүй зангаасаа болж хүн цохисон, нохойд хазуулсан, хэрүүл, зодоон өдөөн хатгасан гээд түмэн шалтгаанаар Гэмтлийн эмнэлэг, эрүүлжүүлэх байр дүүрч, осгож эндэх асуудал өвлийн улиралд нэмэгдсээр ирсэн.

Архинаас үүдсэн эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт гарах сөрөг нөлөөг дурдаад байвал дундрахгүй. Монгол Улсад архидан согтуурахтай тэмцэх хуулийг 2000 онд батлан мөрдөгдөж буй бөгөөд бусад холбогдох хууль, журамд архины хэрэглээ, үйлдвэрлэлийг хязгаарлах, зохицуулах талаар тусгасан байдаг. Гэвч хүний хэрэглээний хязгаарыг хуулиар зохицуулах, тодорхойлох боломжгүй.

Согтууруулах ундааны хэрэглээ нь олон төрлийн өвчин эмгэг болон осол гэмтэл, хүчирхийлэл, гэмт хэрэг зэргийг өдөөх эрсдэлт хүчин зүйл болдог. Үүнийг хүн бүр мэддэг атлаа баяр ёслолыг архи уухгүй өнгөрүүлэх нь тун ховор. Шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлж буй иргэдийн хувьд гэмт хэрэг үйлдэх, хохирогч болох, санамсар болгоомжгүйгээр хүний амь нас, эрүүл мэндэд халдах, тээврийн хэрэгслээ согтуугаар жолоодож, амь насаа алдсаар байгаа тохиолдол энэ улиралд эрс нэмэгджээ. Цагдаагийн байгууллагад 2019 онд 31524 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2020 онд 23064 гэмт хэрэг бүртгэгдэж, согтуугаар үйлдэгдсэн 4855 гэмт хэргийг илрүүлсэн байна.

Зөвхөн өнгөрсөн оны мөн үед 17062 дуудлага цагдаад ирж байсан бол энэ жил 36 мянга 465 дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Энэ нь цар тахалтай жилийн хөл хориог сулласнаас хойш гэмт хэрэг, зөрчил 46 хувь буюу үндсэндээ хоёр дахин өссөн гэсэн үг. Харин согтуугаар үйлдсэн хэргийн тоо 54 хувиар өсчээ.

Харамсалтай хэдий ч тоо өсөхийн хэрээр түүнээс гарах сөрөг үр дагавар нэмэгдэнэ. Өөрийгөө хянах чадваргүйгээс бусдад их хэмжээний хохирол учруулсан хүмүүс дараа нь яаж ч харамсаад цаг хугацааг буцааж болохгүйд гэмшинэ. Хохирлыг нөхөн барагдуулахаас гадна цаг хугацаа ихээр алдах гээд уусны балаг их.

Арванхоёрдугаар сарын эхний байдлаар цагдаагийн байгууллагад 23348 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 14 мянга 920 буюу 70 хувь нь нийслэлд бүртгэгдсэн, үүнээс 1826 согтуугаар үйлдэгдсэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас 1507 хүний амь нас хохирсноос, 106 хүн осгож, 538 хүн архины хордлогоор нас барж, 5248 хүн бусдын биед гэмтэл учруулжээ.

Статистикаас харвал хоногт дөрвөн хүн сард 120-130 хүн архи хэтрүүлэн хэрэглэснээс нас барж байна.

Энэ нь Монгол Улс архи согтууруулах ундааны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэгийг харуулж буй юм. Нийгмийн амьдрал, хүмүүсийн боловсролын түвшин зэрэг олон хүчин зүйл архидалтад нөлөөлдөг. Харин Монголд ахуйн хүрээний архидалт, архины зохисгүй хэрэглээ, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэр бүлийн маргаан, хардалт зэргээс шалтгаалж хүний амь нас, эрүүл мэндэд хүнд болон хөнгөн гэмтэл санаатай учруулах, эд материалын хохиролд өртүүлэх зэргээр ноцтой гэмт хэргүүд удаа дараа үйлдэгдэж байна.

ХААНА ҮЙЛДВЭРЛЭСЭН НЬ ТОДОРХОЙГҮЙ АРХИ АВАХ, ЦАХИМ ХУУДСААР ДАМЖУУЛАН ШАГИЙН АРХИ ЗАХИАЛАХ НЬ НЭМЭГДЖЭЭ

Аж ахуйн нэгжүүдэд цагийн зохицуулалт үргэлжилж байна. Гэвч яагаад гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй байна вэ гэдэг анхаарал татаж байгаа юм. Түүний шалтгааныг ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсээс тодруулахад иргэдийн хувьд 00:00 цагаас хойш хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй архи авах, цахим хуудсаар дамжуулан шагийн архи захиалах асуудал нэмэгдсэн. Алба хаагчид тухай бүрд нь шалгаж илрүүлж байна" гэсэн юм. Гэмт хэрэг зөрчлийн сүүлийн долоо хоногийн статистик ч хоёр дахин өсчээ.

Арванхоёрдугаар сарын 10-наас хойш хоногт 90-100 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох болсон байна. Мөн энэ сарын 20-ноос 26-ны хооронд архинаас шалтгаалсан гэмт хэрэг гэхэд 4408 болж жирийн үеэс 35 хувиар өсчээ.

Согтуугаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, зөрчил гаргаснаас болж эрүүгийн хэрэгтэн болдог гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж